МУИС-д Монгол Ганжуур, Данжуурын бүрэн ботийг хандивлав

БНХАУ-ын ЭСЯ-наас өнөөдөр МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимд “Монгол Ганжуур, Данжуур” буддын судар номын цоморлигийг хандивлах ёслолын үйл ажиллагаа тус сургуулийн Эрдмийн танхимд болов.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Оны бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хэлэхдээ, “МУИС бол манай ЭСЯ-ны хувьд хөрш байгууллага юм. Манай хоёр талын хоорондын хамтын ажиллагаа маш амжилттай хөгжиж байна. Өнөөдөр ЭСЯ-ны зүгээс МУИС-ийн цаашдын хөгжилд тодорхой хувь нэмэр дэмжлэг үзүүлэн, Ганжуур, Данжуур судар бичиг 410 ширхэгийг хандивлаж байна. Энэ нь зөвхөн бурханы судар ном төдийгүй шашин, соёл, гүн ухаан зэрэг салбарыг хамарсан маш том судар юм. Үүгээр дамжуулан МУИС-ийн эрдэмтэн мэргэд ,оюутан залууст бурханы шашин, соёл түүхийн талаарх судалгаа хийхэд тус дөхөм оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Ганжуур, Данжуур бол бурхан багшийн сургаал болоод түүний дараа гарсан эрдэмтдийн тайлбар бүтээлүүдийн эмхэтгэл юм. Монголчууд эх хэлээрээ бурханы шашны мэдлэг, ойлголттой болох, түүх соёлоо мэдэх, шашин соёлоо ухаарах, уламжилж ирсэн мэдлэг ухаанаа хойч үедээ өвлүүлэхэд хамгийн чухал судалгааны үндэс тавигдаж байна” хэмээн МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор Т.Булган тодотгов.

Энэ үеэр МУИС-иас тус сургуулийн сургалт, судалгааг хөгжүүлэхэд оруулсан энэхүү хувь нэмрийг нь үнэлэн БНХАУ-ын ЭСЯ-нд талархлын өргөмжлөл гардуулсан юм.

Найруулагч:Б.Сүлдээ
Эх сурвалж:"Монцамэ" агентлаг
Мэдээ үзсэн:4529
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой