Та бидний хайртай “Тансаг ламын үлгэр” дахин мэндлэхгүй

“Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” хэмээх Хятадын олон ангит киноны найруулагч Ян Же насан өөд боллоо.

     “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” буюу Монголоор “Тансаг ламын үлгэр” хэмээн алдаршсан Хятадын олон ангит киноны найруулагч, 88 настай Хятадын алдарт кино найруулагч бүсгүй Ян Же 4 дүгээр сарын 15-ний өдөр өвчнөөр насан өөд болсон гэх мэдээ сүүлийн өдрүүдэд Хятадын холбогдох интернэт сайтуудаар цацагджээ. Мөн тус киноны гол дүр буюу Тансаг ламын дүрд тоглогч Чы Чүнрүй болон Ян Же гуайн охиноос энэхүү мэдээ үнэн болохыг олонд зарласан байна.

Хятадын алдарт кино найруулагч бүсгүй Ян Же

     Ян Же бол Хятадын кино урлагийн салхийг хагалагч найруулагчдын нэг. Мөн кино урлагийн түүхэн дэх анхны үеийн эмэгтэй уран бүтээлчдийн нэг. Тэрээр 1929 онд Хятадын Хубэй мужийн Ма Чэн хотод мэндэлжээ. 1958 онд Төвийн Ардын Радио Хорооны томилолтоор Бээжингийн Телевиз Хороонд хүрч ажилласан ба 1980 оноос 25 ангит “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” киногоо эхлэн хийсэн бөгөөд энэхүү киног хийж дуустал зургаан жилийн хугацааг зарцуулсан байна. 1986 онд тус кино нь Хятадын ард түмэнтэй золгосон бол үүнээс хойш 30-аад жилийн турш энэхүү уран бүтээл үе үеийн хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн амжилттай уран бүтээлийн нэг болсоор ирсэн ба улмаар киноны найруулагч Ян Же гуай Хятадын Шинэ эриний /1978-1987/ кино урлагийн арван шилдэг кино найруулагчийн Манлайлагч өргөмжлөлийг хүртсэн байдаг.

Кино хийгдэх үеэр 

“Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” нь XVI зуун буюу Мин улсын үед амьдарч байсан бичгийн их хүн Ү Чэн-Энь гуайн нэрт уран бүтээл. Хятадын “Алдарт дөрвөн зохиол”-ын нэг хэмээгдсэн энэхүү романд Тансаг /Тансан/ лам, Сүнь Үкүн /бичин/, Жү Баже /гахай/, Ша Сэн /шороо/ зэрэг дүрүүд гардаг.

“Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” киноны гол дүрүүд найруулагчийн хамт

“Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” роман нь дэлхийн олон хэлэнд орчуулагдсан байдаг ба монгол хэлэнд 1721 оны орчим Шиньжянд сууж байсан манжцэргийн нэгэн цахар жанжин Арана шүлэглэсэн хэсгийг нь хасаж, утгачлах маягаар анх орчуулсан байна. 1976 онд Өвөр Монголын их сургуулиас эмхлэн засаж дахин хэвлүүлсэн ч жинхэнэ бүрэн гүйцэд орчуулгыг Өвөр Монголын Ардын хэвлэлийн хорооноос дөрвөн ботиор хэвлүүлжээ.

Монголын кирил үсэгт 1996 онд УБИС-ийн багш доктор С.Хөвсгөл, Д.Ариунцэцэг нар буулгаж "Тансан ламын баруун этгээдэд зорчсон түүх" нэртэйгээр хэвлүүлсэн байна.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:2000
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой