Хятад, Европын дээд хэмжээний стратегийн хэлэлцээр боллоо

Хятад, Европын стратегийн дээд хэмжээний Долоо дахь удаагийн хэлэлцээр энэ сарын 19-нд Бээжин хотноо боллоо.

    Хятадын Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жечи Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүйн бодлого хариуцсан дээд төлөөлөгч, Европын холбооны даргын орлогч Федерика Могеринитэй хамт хурлыг хөтөллөө. Ян Жечи:

- Хятад, Европын удирдагчид Хятад, Европын энх тайван, хөгжил, өөрчлөлт, соёл зэрэг дөрвөн том түншлэлээр стратегийн хамтын ойлголцолд хүрч чадсан нь бодитой бөгөөд алс хэтийн ач холбогдолтой юм. Хоёр тал хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь нийтлэг ашиг сонирхлын хувьд ч, олон улсын улс төрийн эдийн засгийн харилцааны хөгжилд ч чухал ач холбогдолтой гэж хэллээ.

Федерика Могерини:

- Европ, Хятадын харилцаа идэвхтэй, төлөвшсөн, эрчимтэй байж, дэлхийн тогтвортой хөгжлийг ахиулах чухал хүчин зүйл болж байна. Хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр талд төдийгүй дэлхийн сайн сайхан ирээдүйд ашигтай юм. Европын холбоо харилцан ойлголцох, харилцан хүндэтгэх зарчмаар Хятадын талтай стратегийн зөвшилцлөө гүнзгийрүүлж, иж бүрэн хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг хүсэж байна гэж хэлэв.

Европын тал Хятадын талаас зохион байгуулж байгаа "Торгоны замын бүс нутгийн хамтын хөгжил" олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалтыг дэмжиж, идэвхтэй оролцох болно. Хоёр тал бүтээлч хандлагаар хичээн ажиллаж, Хятад-Европын холбооны удирдагчдын XIX уулзалт амжилттай болохыг баталгаажуулах болно гэсэн байна.

    Хоёр тал мөн дэлхийн чанартай асуудлаар ойлголцлоо нэмэгдүүлж, дэлхийн засаглалыг улам төгөлдөржүүлэхэд тус дөхөм үзүүлэх, багтаамжтай, тэнцвэртэй, тогтвортой хөгжлийн төлөө хичээн ажиллах болно гэдгээ илэрхийллээ. Хоёр тал хамт хичээн зүтгэж, өнгөрсөн жил Ханжөү хотод болсон Их хорийн удирдагчдын дээд уулзалтаар бий болгосон шинэ ахицаа эрчимжүүлэхийг хүсэж байна. Цаг агаарын өөрчлөлтийн тухай "Парисын тунхаг"-ийг хэрэгжүүлэхэд хоёр тал хамт хүчин зүтгэл гаргаж, 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн, аюулгүйн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ гэж хэлсэн байна.

Найруулагч:С.ОЮУНСОД
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:113
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой