Төл сайтай хар нүдэн хонь

Түмэн бодис амилан сэргэж, төлийн дуу дэлхийг баясгасан, урьхан хаврын гуравдугаар сарын эхээр Баруун Үзэмчин хошууны Улаанхаалга сумын Эрэгтовоо багийн малчин С.Далайгийнд хүрэхэд төл тосож байлаа.

Цай ууж, төл мал, өвс бордоо гэхчлэн яриа дэлгэж суух зуур хонио эргэхээр гарсан Мөнгөнхуар (Далайн гэргий): “Хөгшин хар нүдэн хонь минь бас ихэрлэчихлээ” гэж баярлан ярьсаар орж ирлээ. Ингээд л төл сайтай хар нүдэн хонины түүх дэлгэгдэж билээ.

Арван хоёр хүрч байгаа энэ Үзэмчин үүлдрийн хар нүдэн хонь нь төлгөөнөөсөө эхлэн жил дараалан хургалж, нэг жил хээл хаясныг эс тооцвол арван жил хургалж, тав удаа ихэрлэж эзнийхээ сүрэгт арван таван хурга нэмжээ.

- Хөөрхий хар нүдэн хонь арван хоёр хүрч өвс бордоо ч сайн зажилж чадахгүй болсон мөртөө бас л ихэрлэчихлээ, арван жилийн турш 15 төл өглөө. Төлийн төл гээд бодвол бараг зуу гарсан байна. Төл нь ч удамлаж ихэр төллөлдөг. Үзэмчин үүлдрийн хонь бол байгаль орчиндоо зохцсон, гамшиг зудад даац сайтай хурдан өсөлттэй шилдэг үүлдрийн хонь гэж малчин С.Далай ярьж билээ.

Зохиогч:Төмөрбагана
Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:Шилийнгол өдрийн сонин
Мэдээ үзсэн:150
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой