Ролмаа гуайн тэжээвэр ямаанууд

Хуатолгой уулын баруун доор говийн дэнж дагасан айлууд дэрсний захаар уулын сарнай шиг энд тэнд улалзан, үзэсгэлэнтэй харагдана.

Говь дагасан айлын хамгийн өмнөх айлын гадна таван тэжээвэр ямааны тэргүүнд арагшаа ургасан эвэртэй цагаан ямааны зөв талын хөл нь доголж явахад амаргүй боловч ихэр хоёр ишиг нь эхийгээ тойрон тоглоно. Энэ бол Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын Баянцагаан багийн Ролмаа гуайн тэжээвэр ямаа болно.

Дал гарсан Ролмаа гуай насаараа малын бараа харан баясаж явахдаа олон өнчин өрөөсөн ишиг хургыг угжиж бойжуулж мал болгосон юм. Одоо буурал хот орж суурьшсан боловч хэзээд хэдэн малдаа санаа зовж, хөдөө амьдрахыг илүүд үздэг. Ролмаа гуайн малыг бага охин нь өөрийн малтайгаа нийлүүлэн малладаг болохоор энэ хэдэн ямаанууд нь бууралд хань болж хараа сонорыг нь баясгах аж.

Есөн жилийн өмнө Ролмаа гуай хотоос хөдөө байгаа том охиныхоо гэрт очиход төл тосож байв. Буурал нялх төлийн майлах дуу, нарны илчинд соёолох ногоо, тоглон гүйлдэх хурга ишгийг хараад хөдөөний сайхан амьдралдаа татагдаж хот буцах дургүй байв. Хоноод явах өглөө нь шүдлэн ишиглэж амь муутай номой ишиг гарчээ.

- Энэ ишиг бараг мал болж чадахгүй байх гэж том охин нь гэхэд Ролмаа гуай,

- Амь голтой амьтан хөөрхий! Би аваад харъя гээд хошуундаа авч ирэн сүү худалдан авч угжиж байгаад мал болгож авсан гэдэг. Ийнхүү хаягдах байсан доголон ишиг Ролмаа гуайн тэжээвэр ишиг болж торниж билээ. Зун нь хөдөө гэртээ аваачиж сүрэгтээ нийлүүлжээ. Намар ишиг худалдах үед тэрхүү доголон ишгийг худалдах эсэхийг буурлаас асуухад:

- Миний муу доголон ишиг та нарт тээр болохгүй гэж загнаад наймаачинд өгөөгүй гэдэг.

- Ямаа гэдэг хөөрхий амьтан! Яарвал ямаа малла гэдгээр гурван жил дараалан ихэрлэсэн бөгөөд энэ хэдэн жилийн турш гуч гаруй болон өсч үржлээ. Муу доголон ямаа минь идэш голохгүй, юуг ч хамаагүй иднэ. Тэжээвэр авахдаа сайн, өлсөж цангахыг тэвчиж чадна. Зуд шуурганд хонио дагуулаад гэр зүгээ ирдэг сэргэлэн амьтан шүү хэмээн доголон ямааныхаа тухай ярьж, өнөөдөр хүүхдүүд хөдөө мал маллах нь ховор болж, ахмадууд нь цалинтай болж, нутаг нь нөхвөртэй болж, жилээс жилд нэмэгдэж байна. Малын үнэ бууж өвсний үнэ нэмэгдэж, нутаг гандаад хэцүү болж байна. Нам засгаас нөхвөр олгож ядуурлаас ангижруулахаар хичээн ажиллаж байна. Харин малчид өөрсдөө сайн ажиллахгүй бусдын царайг харж амьдрах нь бас хэцүү хэмээн Ролмаа гуай өөрийнхөө бодлоо хуваалцсан билээ.

Зохиогч:А•ТҮМЭННАСТ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:43
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой