Шинэ зууны сайн малчин

Хаврын урин цаг Tамчийн талд аль хэдийнээ саатаж, Мандалт хэмээх говийн жижигхэн суурингийн аж амьдрал эндээ л бужигнана.

                             Цэцэнт /дунд/

Энэ сууринг зорьж сурвалжилга хийж яваа бид Сөнинд зүүн хошууны Сайхан-Говь сумын Баян-Дүүрэн багийн малчин Цэцэнтийнд саатсан юм. Түүний эгэл жирийн малчны амьдралаас зах зээлтэй ойртож, шинэ зууны малчин + бизнесмен болсон түүхтэй нь танилцаж ярилцлага өрнүүллээ. 40 гарч яваа Цэцэнтийн хувьд багаасаа сайн малчин эцэг эхийн дэргэд өсөж, малын буян түшиж, малчин болсон нэгэн. “Мал маллах сайхан”, монгол хүн малчин заяандаа ижилсэх нь удмын ёс гэлтэй. Өнөөдрийн ширүүн өрсөлдөөнтэй зах зээлд малчин хүн хэрхэн малын ашиг шимээ үнэ хүргэж, зах зээлтэй хэрхэн алхаагаа нэгтгэх зэрэг олон олон асуудал шинэ зууны малчин хүн бүрд тулгараад байгаа билээ. Энд бидний ярьж буй малчин Цэцэнт яг эдгээр асуудлыг өөрийн биеэр туулан өнгөрүүлж, шинэ эринд зохицсон шилдэг малчин, сайн бизнесмен болсон юм. Ийнхүү та бүхэнд Цэцэнттэй хийсэн ярилцлагаа хүргэж байна.  

- Сайн байна уу? Хаваржаа сайхан уу? Бизнесээ эхлүүлж байсан түүхээс тань яриагаа эхлүүлье гэж бодож байна?

Анх эхэлж байхад малчид аж үйлдвэрт ороогүй байсан. Зах зээлийг хөөцөлдөх бодлого муу, ихэнх нь завсрын наймаачинд малаа зардаг байлаа. Ер нь л янз янзын шалтгаан байсан. Нутаг бэлчээр, байгаль орчиндоо зохицуулж малын тэнцвэрийг хамгаалах, малыг дураараа өсгөж болохгүй гэх мэт маш олон шалгаан бий. Тиймээс малынхаа үнэ өртгийг нэмэгдүүлэхээр зорьж, яагаад бидний олох мөнгийг завсрын наймаачин олох ёстой гэж гэсэн бодол төрсөн. Иймээс 2014 онд анх гар дүрж туршилтын шугамаар зах зээлд гаргаж үзсэн юм.  

- Анх ямар ажлаас эхэлж байсан бэ?

Хамгийн анх малаа нядалгааны газар хүргэж нядлуулж, хэсэглэж жижиглээд боодоллож савлаад зарж эхэлсэн.

- Нядалгаагаа хаана хийдэг вэ?

Эрээн хотын нядалгааны газарт нядлуулж, жижиглэж байсан. Одоо энэ компанитайгаа хамтран ажиллаж байгаа.  

- Бэлэн бүтээгдэхүүн болгоод яаж хаагуур борлуулж байсан бэ?

Мэдээж найз нөхөд танилын хүрээнд танилцуулж, реклам явуулаад худалдаалж байлаа. 2015 онд хөрөнгө оруулалтын хоёр компанитай хамтран өөрсдийн гэсэн тусгай борлуулалтын “Жинин хотын Ховор тариалан мал аж ахуйн” компаниа Жинин хотод байгуулсан. Эрээн хотод бүх бэлтгэл ажил явагдаад Жинин хотын компани дээр борлуулалтын шат дамжлага явагдаж байгаа.

- Жинин хотыг сонгосон шалтгаан нь?

Маш олон шалтгаан байлаа. Нэгдүгээрт хөрөнгө оруулалт хэрэгтэй байсан. Мөн Жинин хот нь Өвөр Монголын ариун цэврийн хотоор сонгогдож байсан. Хурдны авто зам, хурдны төмөр зам болон агаарын тээврийн зам зэрэг зам харилцаа маш сайн хөгжсөн зам харилцааны уулзвар болсон газар. Умард, зүүн хойд болон баруун хойдыг холбосон хүний хөл олон газар юм. Иймээс Жинин хотыг сонгож борлуулалтын үйлдвэрээ нээсэн.

Хоёрдугаарт Зүүн Сөнид буюу нутагтаа хийхэд ямар ч зах зээл байхгүй байсан. Малчид бүгд л хонь үхрийн махаа зарж байна. Малчдын хонины мах нь зах зээл дээр 20 юань гэж байхад манай компанийн жижиглэн савлаж бэлтгэсэн мах зах зээл дээр 45 юаниар зарагдаж байна. Гол нь ингэж жижиглэж борлуулахдаа маш олон зүйлийг бодож хийсэн. Учир нь Сөнид хонины мах нь нутгийн гэсэн нэр таваарын тэмдэгтэй. Энэхүү орон нутгийн таваарын тэмдгийг түшиглэжСөнид хонины махаа зах зээлд гаргана гэсэн бодлоор өөрийн гэсэн таваарын тэмдгийг гаргасан.  

- Энэ ажлыг сэдэж хийхэд ямар хүндрэл бэрхшээл тулгарч байв?

Маш их бэрхшээл тулгарч байсан. Хаанаас нь эхлэхээ мэдэхгүй их сандарч байлаа. Сав баглаа боодлоос аваад бүх зүйлд санаа зовно. Зах зээл дээр жижиглэж боодоллосон байдлаар мах гараагүй байсан үе. Өвөр Монголын хэд хэдэн том хотуудаар явж судалгаа хийж танилцаж, сав баглаа боодол, үнэ ханш гээд бүгдийг л бодож үзэх боллоо. Анх ямар ч юмны үнэ ханшийг мэдэхгүй сохроор хийж явлаа. Олон хүнтэй харьцаж, ажлаа явуулах тусам л учраа олох болсон. Махаа жижиглэж савлачхаад хаашаа яаж зарахаа ч мэддэггүй байв. 2015 оноос манай цагаан идээ мөн зах зээлд гарсан. Ингээд цагаан идээ болон мах махан бүтээгдэхүүн бүгд сав баглаа боодолтой зах зээлд гарсан.

- Өнөөдрийг болтол нийт хөрөнгө оруулалтыг сонирхвол?

Одоогийн байдлаар цагаан идээ болон мах махан бүтээгдэхүүний нийт хөрөнгө оруулалт 3 сая юаньд хүрээд байна.

- Бараа бүтээгдэхүүнээ ямар зам шугамаар ямар ямар газруудаар борлуулж байна вэ?

Бараг л интернэт сүлжээ, вичат тавцангаар борлуулж байна. Уг нь манай өөрийн интернэт сүлжээ байсан. Өнгөрсөн жил Таобао дээр гаргаж байгаад больсон. Учир нь бид нэрт тэмдэгтэй зүйл хийж байна. Таобао дээр янз янзын баталгаатай баталгаагүй зүйлс гараад бид гэрээгээ цуцалсан. Энэ жилээс энэ чиглэлийн тусгай мэргэжлийн компанитай хамтрахаар төлөвлөж байна.

Борлуулж байгаа газрын хувьд бараг Хятад улсын бүх газраар байгаа. Бидний бараа бүтээгдэхүүн 24 цагийн дотор хүрэх газраа хүрдэг. 2014 оноос SF express-тэй хамтарч эхэлсэн. Хэрэглэгчид захиалга өгөхөд бид SF express-ээр дамжуулаад явуулдаг. Тухайн үед мах махан бүтээгдэхүүнийг явуулах эрхтэй хамгийн том хүчтэй нь SF express байсан юм. 2016 оны 8 дугаар сарын 15-нд SF express-ийн хамгийн том компанитай хэлэлцээр хийгээд хөнгөлөлтийн чанартай мах махан бүтээгдэхүүнээ гадагшаа явуулахаар болоод байгаа. Бидний махан бүтээгдэхүүнийг бөөнөөр зарна гэсэн ойлголт байхгүй. Нэг хоёроор нь боодоллож, эсвэл баяр ёслол цагаан сараар бэлэгний хайрцагтай худалдаалдаг.

- Таны удирдлагаар хэдэн хүн ажиллаж байна вэ?

Эрээний нядалгааны газар болон Жинин хотын борлуулалтын газарт нийт 20-иод хүн ажиллаж байна.

- Танай хоршоо хэдэн онд байгуулагдсан бэ? Одоо хэдэн өрх айлтай,  малын махаа зөвхөн хоршооноосоо хангаж байна уу?

Манай “Ховор” мал аж ахуйн хоршоо нь 2012 онд анх байгуулагдаж, одоог болтол нийт 10 өрх 42 гишүүнтэй. Мал хүрэлцээгүй үед өөр хоршооноос авах тохиолдол ч бий. Сүүлийн хэдэн жилд эр хонь их цөөрч байгаа. Эр хонь зах зээлд хэрэгтэй болбол тусгай эр хонь маллаж байгаа хоршооноос авдаг. Гол төлөв өөрийн хоршооныхоо малыг авч байгаа. Цаашид хоршоогоо илүү өргөтгөхөөр ажиллаж байна.

- Жилд хэчнээн тонн мах бэлтгэн борлуулж байна вэ?

Анх эхэлсэн 2015 онд 18 тонн мах жижиглэж борлуулсан. 2014 онд туршилтын маягтай 400 мал нядлаад жижиглэж борлуулж байсан. 2016 онд 26 орчим тонн мах бэлтгэсэн байгаа. Одоо борлуулж дуусаагүй байна.

- Малын хоёрдугаар бүтээгдэхүүнийг яаж шийдвэрлэж байна вэ?

Гэдэс дотор, толгой шийрийг мөн л боловсруулаад жижиглэж боож савлаад борлуулна. Арьсны хувьд хүнтэй хэлэлцэж тохироод өгч байгаа. Сүүлийн хоёр жил арьсыг хог шиг үзэж байгаа. Тиймээс алсдаа өөрсдийн гэсэн арьс элддэг, цус болон баас шээсийг хүртэл хаяхгүйгээр боловсруулах бодолтой байгаа. Түүхий эдийг боловсруулж ямар ч хаягдал гаргахгүй гэсэн үг юм.

Малаа хэдийд нядалгаанд оруулдаг вэ? Энгийн байдлаар зарж борлуулах болон Эрээн хотод нядлан савлаж боогоод Жинин хотод хүргэнэ гээд их ажил болж байна. Ингэж зарахад ашгийн хувьд ямар байна вэ?

Малаа намар 8 дугаар сарын 15-наас хойш нядалгаанд оруулаад 11 сар бараг хүрч дуусдаг. 2012 онд завсрын наймаачинд зарсан болон тэр үед зарсан ашиг яг адилхан байсан. Учир нь тухайн үед малын үнэ ханш буусан байсан. Эхний жилд нэг хониноос бараг 200 юанийн ашиг гарсан. Ингээд бодоход тодорхой хэмжээний ашиг олсон. Анх удаа ийм зүйл сэдэж хийгээд ашиг гарсанд урамтай байсан.

Хөрөнгө мөнгө гэх мэт олон шалтгаанаас болоод их хэмжээгээр бэлтгэж чадахгүй байна. Их хэмжээгээр хийвэл ашиг сайн байх нь харагдаж байна.

- Цаашид компаниа зах зээлд яаж илүү таниулах бодолтой байна вэ? Ирээдүйн төлөвлөгөө тань?

Мал аж ахуйн талыг илүү чухалчлах бодолтой байна. Учир нь бид эрт дээрээсээ малаа маллаад ирсэн. Харин бүтээгдэхүүн болгож үнэ өртөгт хүргэж байгаагүй. Гэхдээ нэг хэсэг малчид бас ухамсарлаж бүтээгдэхүүн болгоод зарж борлуулж байгаа ч олон шалтгаанаас болоод хэрэглэгчдийн шаардлагад хүрч чадахгүй байна. Мөн орчин нөхцөл, амьдралын дадал зурчилд нь хүргэж чадахгүй байгаа. Жишээ нь гаднын зах зээлд гаргаж чадахгүй байгаад бас байгаа юм. Иймээс малынхаа ашиг шимийг бүтээгдэхүүн болгож гадагшаа явуулах болон зарлагын талыг их бодож үзэж байгаа.

Манай нутагт бэлчээр муу байдгаас өвс бордоо их ордог. Жилд ган гачиг, зуд болоход өвс бордоо нь тэнгэрт тултал үнэтэй болно. Малчид жилийн орлого зарлагаа бодож чаддагүйд бас том учир байна. Малын мах энэ жил тийм ханштай байгаа, би хонины махаа тэр хэмжээнд хүргэнэ гэсэн тоо баримжаа байдаггүй. Энэ жилийн өвс бордооны үнэ ханшийг уридчилан мэдэх ч аргагүй байдаг. Иймээс малчид орлого зарлагынхаа тодорхой дансыг гаргаж чадахгүй. Энэ талыг чухалчилж үзээд алсдаа малын махыг зах зээлд тогтсон үнэ ханштай болгох, өвс бордоог хэдээс хэдийн хооронд байна гэсэн тогтсон үнэтэй болговол малчид жилийн орлого зарлагаа бодоход арай хялбар болох болов уу гэж бодож явдаг. Тиймээс энэ талын ажлыг бодож явна. Ирээдүйд Сөнид хонины махаа зах зээлд илүү ихээр гаргана гэдэг нь тодорхой юм.

- Цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын төлөвлөсөн ажил тань сэтгэлчлэн бүтэх болтугай.

Та бүхэнд маш их баярлалаа. Ажлын амжилт хүсье!                                                                               

Найруулагч:Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:1669
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой