Удам залгасан малчин, ухаан тэнцсэн хоёр

Өөрийн ой ухаандаа түшиглэж, холын бодол өвөрлөн урагшлан ажилладаг хүн бусдын ард орохгүй цагтай хамт явж чаддаг аж.

Баруун Үзэмчин хошууны Улаанхаалга сумын Саруул багийн малчин Эрхэмбат, Сараана нар яг ингэж өөрийн ой ухаан, холын бодол, дээдсээс уламжилсан малчин заяандаа түшиглэж, хөдөө нутагтаа өөрийн гэсэн сайн сайхан амьдрал үйлсээ цогцлоож яваа хос юм.

Эрхэмбат ах дүү арван нэгэн хүүхдийн дөрөв дэх нь болж төржээ. Ээж нь өвчин хуучтай байсан бөгөөд хүн ам олонтой гэр бүлд төрж өссөн болохоор тэрээр багаасаа амьдралын бэрхийг ухаарч, бага сургуулиа арайхийн төгсөөд ар гэртээ буцаж ажил хөдөлмөрт оролцон, айл гэртээ дэмжлэг болж явсан юм. Ийнхүү түүний ой ухаанд арга бүхнийг хайж, ажил амьдралаа заавал сайн сайхан болгож, бусдаас дутуугүй баяр жаргалтай амьдарна гэсэн зориг бодол хослон ургажээ.

Түүний эхнэр Сараана гурван ойтойгоо ээжээсээ өнчин хоцорч, арван дөрөвтэй аавыгаа алдаж, эгч хүргэн ахынхаа гар дээр хүний зэрэгт хүрчээ. Санаа заяа таарсан энэ хоёр айл болон сууж, аж амьдралаа өөд татахаар юуны урьд ажилч арвич байхыг хичээж, өдөр шөнө өвөл зунгүй зүтгэн ажилласан байна. Үүний хариуд 156 га бэлчээрээсээ гадна 333 га нутаг түрээсэлж, 600 гаруй хонь, 50 үхэр, 15 адуу, 10 тэмээ, 10 ямаа гээд тоо толгой цөөн ч таван хошуу мал бүрэн маллаж явна. Гурван өрөөтэй цэвэр тохилог байшинд сууж, малын 12 хашаа хороо, автомат худаг, авто машин, мотоцикл зэрэг унаа хэрэгсэл бүгд бүрэн, бага сургуульд суралцаж буй хүүгийн хамт 3 ам бүл баян чинээлэг амьдарч явна билээ.

- 2016 онд манай жилийн орлого 250 мянга гаруй юаньд хүрсэн. Гэсэн хэдий ч малын үнэ ханш буурснаас өнгөрсөн хэдэн жилийг хүрэхгүй. Өнгөрсөн намар 90 тонн өвс аваад 130 мянган юань, бордоо аваад 60 мянган юань, машинмотоциклын бензинд 20 мянган юань зарцуулсан, гурван хүний амьдрал хамгийн багадаа 30 мянган юань хэрэглэнэ. Ингэж бодвол орлого зарлага дөнгөж тэнцэж байна гэж Эрхэмбөт ярьж байлаа.

Зохиогч: А.ЭРХЭМБАТ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:64
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой