Малчин залуус вичатыг ашиглан оюуны тэмцээн зохион байгуулав

Цагийн хөгжлийг дагаад интернэт холбоо, мэдээ мэдээлэл ч сүүлийн жилүүдэд ихээхэн хөгжлөө олсон байна.

Mанай малчид ч гар утсаа ашиглан олон вичатын тавцан, холбоо цугларал байгуулан, мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүлээн авч үйлдвэрлэл амьдралдаа үйлчлүүлж байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд Авга хошууны Хонгоргол суурингийн Ихбулаг багийн малчин залуу, алдарт хөтлөгч С.Эрдэнэчулуун, Ганганшил багийн хамгийн олон ном уншсан малчин залуу Г.Билигбаяр нар Хануул нутгийн 180 гаруй малчдыг оролцуулсан вичат групп байгуулж, ӨМӨЗО-ны 70 жилийн ойг тэмдэглэх оюуны тэмцээнийг зохион байгуулсан байна. Энэ удаад 22 оролцогчийг шигшин үлдээж, 3 дугаар сарын 24-нөөс 26-ны өдөр хүртэл гурван үдэш “Үдшийн чөлөө” шууд нэвтрүүлэг хийж, есийн даваа өгсүүлэн уралдуулж, оюуны тэмцээн амжилт дүүрэн өндөрлөсөн байна.

Оюуны тэмцээн нь тус нутгийн буурал Гомбосүрэн гуайн бичсэн “Хүйтэншилийн Хан уул” гэсэн ном зэрэг Авга нутгийн хүмүүсийн бичсэн ном бичгүүдээс мэдлэгийг нь шүүж, өсөж төрсөн нутгийнхаа газар усны тухай, зан заншлын тухай, алдарт хүмүүсийн тухай асууж шалгасан байна. Машбат, Балган, Т.Хурцбаатар зэрэг Авга нутгийн алдарт уран бүтээлчдийн бүтээл болон Монгол Улсын дуу болон урлаг соёлын агуулгаар шалгажээ. Үүнээс гадна “Тунгалаг тамир” романы хэсэг агуулга, оньсого, зүйр цэцэн үг болон Монгол түүхийн мэдлэг зэргийг уялдуулснаар сэдвийн агуулга өргөн цар хүрээг хамарч чаджээ.

Тэмцээний дүнд Авга хошууны Хонгоргол суурингийн Саруулшил багийн малчин Цэцэнтуяа тэргүүн байранд орж, 180 юанийн “Чингис хааны товчоон” (дээд, доод) номоор шагнуулав. Ганганшил багийн малчин Хөгжилбаяр хоёрдугаарт орж, 86 юанийн “Тунгалаг тамир” романы шинэ хэвлэлээр шагнагдав. Гуравдугаарт М.Соёлт орсон бол 50 юанийн “Авга зан үйл” гэсэн номоор шагнуулсан байна.

Зохиогч:Т.ТҮМЭНБАЯР
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:98
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой