Х.Хишигбат: - Мөрөөдөлтэй уран бүтээлч байхын жаргалыг мэдэрч явна

Мөнгөөр хэмжигдэхгүй үнэ цэнийг уран бүтээлчид бий болгодог гэж нэгэн хүний хэлсэн үг байдаг. Хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч, даралтат хөгжимчин Хангаравжавийн Хишигбат гэх энэ эрхэм бол Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн соёл урлагийн талын Хятадын хэрэг эрхлэгч, Өвөр Монголын Соёл эрдэнэ соёл урлагийн хөгжүүлэлтийн компанийн захирал юм. Шилийнгол аймгийн Хөвөөт шар хошууны хүн.

Хөгжимчин болох уу. Ардын багш болох уу гэсэн сонголт тулгарах тэр мөчид

     Х.Хишигбатын бага нас радио болон ээж, аавтай нь салшгүй холбоотой. 1980-аад оны үед радиогоор Өвөр Монгол болон Монгол Улсын ардын дууг ард түмэнд хүргэдэг байсан. Х.Хишигбат радиогоор тавих дууг алдахгүй сонсдог байснаас өөрийн гэсэн нэг хөгжимтэй болох юм сан гэж дурлаж хүсдэг байжээ. Түүний 11 настай байхад нь аав, ээжийнх нь авч өгсөн гитар маш их урам хайрласан гэдэг. Тэр цагаас хөгжмийн урлагт хөл тавьсан түүхтэй. 1987 оноос баян хуур тоглож эхэлсэн байна. 1990-1994 оны хооронд Шилийнгол аймгийн Монгол Багшийн Сургуульд багшийн мэргэжлээр суралцахын зэрэгцээ хөгжмийн ном уншиж, өөрөө төгөлдөр хуур, даралтат хөгжим тоглож сурчээ. Сургуулиа дүүргээд Шилийнгол аймгийн Монгол хүүхдийн цэцэрлэгт 3 жил багшилсан байна. Гэвч багш болох биш харин хөгжимчин л болох мөрөөдлөө өвөрлөсөөр 1998 онд Хөх хээр хамтлагт даралтат хөгжимчнөөр 3 жил ажиллав. Түүний сурлагын зам үргэлжилсээр 2001 онд Монгол Улсын хөгжмийн зохиолч Г.Энхбаярт хадаг барин гарын шавиар орж хөгжмийн найруулга болон гармон сурсан бол 2005 онд Монгол Улсын Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын шавь болжээ. Мөн тэрээр 1994 онд Хархорин хамтлагийг үүсгэн байгуулсан билээ.

Миний уран бүтээл бор зурагтай адилхан

- “Галууд ирдэг хавар” миний хамгийн анхны уран бүтээлийн цомог. Энэ цомогт “Адуучин богд овоо”, “Домогт хөдөө” зэрэг 9 дуу бий. Дөрвөн эстрад дуу, 5 мэргэжлийн дуу орсон. Монгол Улсын Д.Жаргалсайхан, Б.Сарантуяа, Б.Дашдондог зэрэг дуучид дуулсан байдаг хэмээн Хишигбат анхны цомгоо бидэнд танилцуулсан юм.

Түүний хамгийн анхны уран бүтээл “Галуу ирдэг хавар” нь 1998 онд мэндэлсэн ба Ар, Өвөр Монголын монголчуудын хуучин танил болсон. Энэхүү дуу Хөх хээр хамтлагийн Баясаа хамгийн анх дуулж байсан билээ. Дараа нь МУГЖ Д.Жаргалсайхан дуулж дахин амилуулсан байдаг. 2015 онд энэ дуугаараа гарчигласан цомог гаргасан.

- Хөгжмийн зохиолч гэдэг ганц аялгуу бичдэг биш, олон мөрт хөгжим бичдэг. Иймээс уран бүтээлч гэдэг. Симфони гэдэг бол хөгжмийн зохиолчийн мэргэжлийг харуулсан төрөл. Миний уран бүтээл уран зургаар жишээлж ярих юм бол бор зурагтай адил. Хөдөө нутаг, аав ээжийгээ бичсэн монгол аялгуу сэтгэлгээтэй байдаг. Мөн үүгээрээ онцлог. Одоо миний өөрийн бүтээл 20 гаруй дуутай, 6 морин хуурын хөгжим бий. “Даатгал”, “Нутаг”, “Ээж” зэрэг симфони хөгжмийн бүтээлтэй.

Мөрөөдөлтэй уран бүтээлч байхын жаргалыг мэдэрч явна

Улиран өнгөрсөн 2016 он түүний хувьд мөн амжилт бүтээл дүүрэн гялалзсан жил байлаа. Айлчлан ирсэн ондоо ч амжилтаас амжилтад өртөөлөн ихийг хийж бүтээнэ гэдэгтээ ч тэрээр итгэлтэй байна.

- Өнгөрсөн онд “Бурхан долоон эгшиг” нэртэй клиптэй уран бүтээл хийсэн. Дууны үгийг Хятадын Ардын Их Сургуулийн докторын удирдагч Мянгад Эрдэмт бичиж, МУСТА, жүжигчин дуучин Д.Отгонжаргал болон МУСТА Увертюра хамтлагийн дөрвөн дуучин хамтран дуулсан. Өвөр Монголын Монгол Одон телевизийн Тансаг аялгуу нэвтрүүлгээр тус клипийг найруулж, Хятадын баримтат киноны найруулагч клипний зураг авалтыг нь хийж өгсөн. Энэ дуунуудад маань хоолойн чадал их шаардагдана. Гүн утга агуулгатай, эстрад, рок поп дуу хийгээгүй нэлээд хэдэн жил болж байна. Миний “Галууд ирдэг хавар” бол рок дуу, Өвөр Монголд рок попын шилдэг сайн дуучид ч байна. Рок попын дуучид, хөгжимчидтэй хамтарч рок попын цомог хийнэ. Өвөр Монголд рок попын урсгал 90-ээд оноос эхэлсэн байх. Хархорин, Хүрд, Хошууч хамтлаг, мөн Увертюра, М6 зэрэг олон хамтлаг, дуучдын дуулах хэв маягаас шалтгаалж өөр өөрийн гэсэн өнгө аястай, тухайн үеийн хүмүүсийн өөр өөрийн гэсэн дуу бий. Эдгээр дуунуудыг цуглуулан 90-ээд оны рок хэв маягийг хадгалсан дуунуудыг дахин ард түмэндээ хүргэнэ. 

Х.Хишигбат Өвөр Монголын Монгол үндэстний симфони хөгжмийн Уран бүтээх төвийг үүсгэн байгуулсан хүний нэг. Одоогоор 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

- Уран бүтээх төв байгуулагдсанаас хойш бид морин хуурын хөгжим бичсэн. Энэ жил Уран бүтээх төвөөс санаачилсан Өвөр Монголын Өөртөө Засах Орон байгуулагдсаны 70 жилийн ойд зориулж тоглолт зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Тус тоглолтод шинэ уран бүтээл багтсаны дээр 30 жилийн өмнөх хэсэг бүтээлийг дахин шинээр тоглож сонирхуулна.  2017 онд Хятад, Монгол хоёр орны хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн хамтарсан тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд мөн хоёр орны хөгжмийн зохиолчдын судалгаа хийх талаар ч ярилцаж байна. Улмаар Монголын талаас Өвөр Монголд ирж ажиллах, Өвөр Монголоос Монголд очиж ажиллах солилцооны ажлаа ч илүү сайн хийнэ гэдгээ сонирхуулсан юм.

Зохиогч:Х.АРВИНТАЛ
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:110
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой