“Удамт хэлхээ” морин хуурын тоглолт

Өвөр Монголын Багачуудын найрал дууны бүлгэм 5-р сарын 15-ны үдэш Өвөр Монголын Урлагийн Дээд сургуулийн Дуу хөгжмийн бага танхимд “Удамт хэлхээ” морин хуурын тусгай тоглолтоо хийлээ.

          Тоглолтыг энэхүү Өсвөрийн найрал дууны чуулгыг анх үүсгэн бий болгосон санаачлагч Өвөр Монголын Урлагийн Дээд сургуульд Монгол Улсаас уригдан гурав дахь жилдээ багшилж байгаа МУСТА, морин хуурч Б.Баттулга зохион байгуулсан бөгөөд түүний шавь нар болох 29 сурагч оролцсон юм. Үүнд, есөн морин хуурчид, бусад ардын болон европ хөгжмийн чиглэлээр суралцаж буй сурагчид “Тунгалаг тамир”, “Үүлэн бор”, “Ану хатан”, “Халх Жонон” зэрэг олон сайхан морин хуурын татлага, мөн та бидний сэтгэлд хоногшсон нийт 11 аялгуугаар үзэгч олны сэтгэлийг хөглөлөө. “Удамт хэлхээ” тоглолтод Өвөр Монголын Урлагийн дээд сургуулийн хамт олон, МУСГЗ, хөгжмийн зохиолч Р.Ганбат, Монгол Улсын хөгжим судлаач, багш Д.Энхтунгалаг нарын уран бүтээлч, багш нар оролцсон байна. Түүнчлэн Өвөр Монголын Урлагийн Их Сургуулийн дэд профессор, доктор Ж.Бүрэнбаяр, Өвөр Монгол дахь Монгол Улсын Иргэдийн Нийгэмлэг болон бусад хүндэт зочид, эцэг эхчүүд баяр хүргэлээ. Энэхүү тоглолтоор дамжуулан Өвөр Монголын өсвөрийн авьяастнуудыг бэлтгэн тэдэнд урам зориг өгч, ур чадварыг улам өнгөлж буйгаараа онцлог ач холбогдолтой бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм байна.

 

      

       

      

       

                                                  

  

                                                    Э.ҮРЖИНХАНД

Найруулагч:Солонго мэдээллийн төв
Эх сурвалж:Солонго Мэдээллийн Төв
Мэдээ үзсэн:315
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой