”Түмэн газрын цайны зам” уулзалт болов

Хятад, Монгол, Оросын ”Түмэн газрын цайны зам” уулзалт болов.

"Түмэн газрын цайны зам" сэдэвт хотын дарга нарын V уулзалт 5 дугаар сарын 16-ны өдөр буюу өнөөдөр Хятад улсын Шаньши мужийн Жиньжүн хотын Пин-Яод болж өнгөрөв. Чуулга уулзалтад Хятад, Монгол, Орос гурван орны "цайны зам" дагуу 80 гаруй хотын төлөөлөгчид, олон улсын 10 гаруй байгууллагын судлаачид, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид "цайны зам"-ыг сэргээх, хот хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцав.

"Түмэн газрын цайны зам" нь Торгоны замын дараа орох олон улсыг холбосон худалдааны зам байсан юм. Хятад улс "Цайны зам"-ын соёлыг судалж, зам дагуу хотуудын хөгжил, аялал жуулчлал, эдийн засаг, худалдааны салбарын цэцэглэл хөгжлийг дэмжих зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

2012 оноос эхлэн уг арга хэмжээг ӨМӨЗО-ны Эрээн хот, Фүжянь мужийн Ү Ишань хот, Жянши мужийн Чяньшань сянь зэрэг хотууд зохион байгуулж байжээ. Энэ удаад "Цайны зам"-ын чухал өртөө болох Жиньжүн хотод зохион байгуулж байна.

Уулзалтын үеэр "Түмэн газрын цайны зам"-ын форум, хотын аялал жуулчлалын холбооны хурал, аялал жуулчлалын танилцуулах хурал болон орон нутгийн онцлог бүхий бүтээгдэхүүний үзэсгэлэн яармаг зэрэг үйл ажиллагаа болох юм.

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:ХОУР
Мэдээ үзсэн:253
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой