Манай гэрийн хар халзан эр үхэр

Намайг арваад настай байхад манайд нэг хар халзан эр үхэр байсан юм. Энэ үхрийг гуна байхад нь ээж минь түүнийг давсны аяны тэргэнд хөтлүүлж явуулаад хөлбөрт сургаснаас манайх нэг сайн гарын үхэртэй болж билээ.

        Тэгээд ээж минь зуслан өвөлжөөнд нүүдэл хийх, түлээ бургас тээх, түүсэн дүлээгээ тээж буцан, Долоннуур зэрэг газарт хүрч, түлээгээрээ амуу будаа солих зэрэгт хар халзан үхрээ гарлан явдаг байлаа.

Намайг сургуульд орсон тэр жил манай нутагт хоршоожил байгуулж, малчдын олонх мал сүргээрээ бүгд нэгдэлд хөрөнгө оруулсон ба хувьдаа үлдээсэн цөөвөр малын олонх нь эх мал болсон бөгөөд хөлбөрийн үхэр бүгд хамтын болж, нэгдэлтэй аян зөөвөрт явах болсноос манай хар халзан үхэр ч гэсэн хамтын мал болж билээ. Анх сургуульд сууж байгаа би гэрээ санах болгондоо:

- Одоо хар халзан үхэр минь хамтын мал болж, ээж минь унаагүй болсон болохоор намайг эргэхээр ирж чадахгүй сууж байгаа даа гэж боддог. Ингээд нэг удаа ээж намайг эргэхээр морьтой ирсэнд би ээжээсээ:

- Хар халзан үхэр байхгүй болохоор ээж морьтой ирээ юү,  өвлийн амралт болбол миний хөнжил дэвсгэрийг үхэр тэрэггүйгээр яаж авч явах вэ? гэж асуусанд ээж минь инээсээр: 

- Манай хар халзан үхэр хамтын мал болсон ч мөн манай сүрэгт байна. Хөлбөрт зарах хэрэгтэй бол хот дугуйлангийн даргад хэлэхэд л болно шүү гэж хэлж билээ. Хэдийгээр ийм ч гэсэн бас хүнд гуйж зөвшөөрүүлэх нь надад их яршигтай юм шиг санагдсан боловч юу ч гэсэн намайг тосож хүргэхэд ээж минь хар халзан үхрээ хөтлөөд явахад асуудалгүй болжээ гээд баярласан.

Түүнээс хойш намайг бага сургуулиас авахуулаад дунд сургууль төгстөл ээж минь хичнээн удаа хар халзан үхрээ хөтлөөд хүү намайгаа хүргэснийг бүү мэд. 1965 оны намар намайг Өвөр Монголын Монгол хэл бичгийн тусгай мэргэжлийн сургуульд элсүүлэн Хөххотод явахад ээж минь мөн л хар халзан үхрээ хөллөөд намайг Сангийн далай өртөөнд хүргэж машин тэргэнд гаргасан тэр нэг удааг би ер мартдаггүй юм. Манайд зуслангаас Сангийн далайд хүрэх 30 – 40 километрийн зам явахад ээж минь захиад барахгүй үгээ ярьсаар л явна. Арга ч үгүй дээ, анх удаа тийм хол явах гэж байгаа хүүгийнхээ хойноос ээжийн сэтгэл хэрхэн алгасахгүй байж чадах билээ ⁈ Хар халзан үхэр ч эзнийхээ санааг мэдсэн юм шиг хөөж шалуулалгүйгээр өндөр хоёр эврээ данхалзуулан нэг л хөгөөр алхална. “Хөөгөөд гүйцэхгүй хүлээгээд ирэхгүй” гэж оньсгонд хэлдэг шиг үхэр тэрэг ч мөн аян тээвэрт явахад очих газраа хүрээд олз тээштэй буцаад ирдэг даамгай хөсөг шүү.

Ээжийн хүсэл, хар халзан үхрийнхээ уйгагүй алхаагаар би сургууль соёлын мөрийг хөөж явсан. Мөн ээжийн сургаал, үхэр тэрэгний жимээс амьдрал аянд ёс учрыг таниж явсан. Амьдрал таниулсан үхэр тэргээ бодохоор манай хар халзан үхэр минь хэзээд дурсагдах юм даа.

 

Зохиогч:Д.СОДСЭЦЭН
Найруулагч:М.БАНДИ
Эх сурвалж:Шилийнголын Өдрийн сонин
Мэдээ үзсэн:71
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой