Малчин Ц.Уртнастын тэмээ өсгөсөн үлгэр

Малчин Ц.Уртнастын тэмээ өсгөсөн үлгэр

Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын Баянцагаан гацааны Ц.Уртнаст гэдэг малчин ганц тэмээгээ өсгөөд арваад болгон малжиж байгаа гэдгийг сонсоод сурвалжилсан юм.

Шилэрхүү 200 гаруй га нутагтай энэ айл таван хошуу малаа тэгш байлгах хэмээн бэлчээрийн даацдаа тохируулан цөөн тоогоор маллаж байдаг. Тэгвэл тэмээний бараагүй хэмээр энэ нутагт энэ хүн тэмээгээ яаж өсгөсөн бол ? Үлгэр үнэн нь ийм байв.

Уртнасан тэмээтэй болсон нь 2000 оны учир юмсан. Харгантад байдаг нэг садан ах нь хүүд нь нэг ингэ зааж өгснийг нь нутагтаа авчирч маллажээ. Бусад мал нь чөтгөр үзсэн гэмээр үргэж цочих ийм нэгэн амьтныг нутагтаа дасгаж маллахын төлөө Уртнаст өөр айлын хоёр ингэ, нэг буурыг авчран ижилшүүлэн маллав. Тэгж өөрийн тэмээ нь өсөөд гурав дөрөв болоход айлын тэмээг буцааж, өөрөө нэг буур худалдаж авснаар энэ айл бууртай тэмээтэй болсон юм. Ганцаар ирсэн тэмээ нь энэ айлд өсөж үржихийн тавилантай байжээ. Эдгээр жилд дандаа охин голтой ботго баснаас өнөө 15 тэмээнийх 12 нь охин тором, гунж, ингэ байлаа. Тэгээд ер унаж эдэлдэггүй ч жил болгон ботгоо сар шахам уяж номхруулдаг нь нас бие гүйцсэн ч барьж тавих, ноослож зогпдорлоход дөхмийг бодсон гэрэг байв.

Тэмээ маллахад хужир нь тэнцүүлэх шаардлага гардаг. Уртнаст тэмээний энэ талыг анхаарахын тулд говь шүүтэй нутагт тэмээгээ оруулах буюу заримдаа Ээж нуураас давс тээж тэмээндээ өгдөг. Ингэж арчилж хайрлаж малласны сайнаар тэмээ нь сайхан өсөж байсан ч 2013 онд нэг удаа тэмээний өвчин гарч 13 тэмээнээс нь 9 нь чацга алдаж балагдуулсан юм. Тэр аргаа барахдаа цус болон баасыг нь аймагт авчран шалгуулсны дүнд хаяатри гэдэг өвчин хүрсэн байлаа.Тэгээд эмчийн сануулаагаар түргэн эмнэсэн боловч 3 тэмээгээ хохироож, 6000 төгрөгийн эмнэлгийн зардал зарцуулав. “Ахмадын хэлэхээр тэмээ хэрвээ ийм өвчинд нэрвэгдвэл нутаг бэлчээрээ сэлгэж байгаад өвчнөө дуучихдаг гэнэ. Одоо тийм бэлчээр усны нөхцөлгүй болсон болохоор тэмээд минь хөөрхий өөрийн өвчнөө өөрөө тууж арилгаж чадсангүй байх” гэж Уртнаст харамсан ярьж байв.

Эднийх тэмээдээ зуны улиралд ч өөр бэлчээрт шилжүүлэлгүй өөрийн бэлчээртээ байлгадагаас одоо тэмээд нь энэ нутагтаа дасчхжээ. “ Одоо цагт ямар ч малыг маллахад хүчир бол яриангүй тулгарна, гэхдээ тэмээнд минь энэ тэр элдэв гэнэтийн өвчин зовлон тусахгүй л бол бэлчээр нутаг хүрэлцэхгүй зэрэг ауудал тулгарах нь миний хувьд хүнд зүйл биш санагддаг, өвөл хаврын хатуу цагт нь яг болохгүй бол хөгшин буурайтай нь тэжээл өгдөг. Тэмээ ердөө бүдүүлэг идэштэй амьтан болохоор ямар аанай жил ч гэсэн хүнээр учиргүй гар хүргэлгүй онд ордог” гэж Уртнаст тэмээгээрээ бахархан ярина.

Түүний ганц тэмээгээ ингэж чармайн өсгөж, таван хошуу малыг тэгш бүрэн маллаж байгаагийн бас нэг зорилго нь таван хошуу малын соёлыг үр хойчдоо мэдүүлж таниулах, таван хошуу малыг яаж малладагийг тэдэндээ ойлгуулах учиртай гэж байв.

Уртнастынд арваад жил үр дөлөө өгсөн хамаг анхны ингэ нь одоо нэгэнт хорин тав зургаа нас хүрчээ. Бүх нь навтайж, дүүрэн тарга авч чадахаа больсон ч Уртнастын хамгийн хайрлаж хамгаалах ёстой малын тоонд энэ ингэ зүй ёсоор багддаг нь маргашгүй. /Бэлтгэсэн нь  Содбилэг / 

Найруулагч:Bandi
Эх сурвалж:Шилийнголын өдрийн сонин
Мэдээ үзсэн:54
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой