Монгол дижитал номын сан ашиглалтад орлоо

Өнөөдөр буюу 5 дугаар сарын 17-ны өдөр Өвөр Монголын Их Сургуулийн Монгол дижитал номын сангийн нээлтийн ажиллагаа болон Бугат хоттой хамтран ажиллах төслийн нээлтийн ёслол ӨМИС-д боллоо.

ӨМИС-ийн Монгол дижитал номын сан ашиглалтад орсон явдал нь Хятадын үндэстний цөөнхийн сурвалж бичгийг дижиталжуулах ажилд жишээ үзүүлэх болон удирдан дагуулах ач холбогдолтой аж. Уг төсөл нь монгол ном, сэтгүүл, эртний сурвалж бичиг зэргийг тоон хэлбэрт шилжүүлэн шууд унших боломжийг бий болгож, монгол эрдэм шинжилгээний нийтлэлийн сүлжээний хайлтын системийг бүтээн байгуулж, Монгол судлал болон Угсаатны зүйн судалгааны мэдээллийн “Интернэт+” өндөр түвшний мэдээллийн үйлчилгээг хангах зэрэг боломжуудыг бий болгосон билээ. Энэ нь үндэстний цөөнхийн үсэг бичиг, сурвалж бичгийг ашиглан хэрэглэх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулсан юм. Мөн Монгол үндэстний уламжлалт соёлыг түгээн дэлгэрүүлэх болон өвлөн уламжлах арга хэлбэрийг өөрчилсөн явдал болжээ.

Үүнээс гадна ӨМИС-ийн Монгол дижитал номын сан нь Бугат хотын номын сан болон Бугат хотын 3 их сургууль, 3 мэргэжлийн коллежийн номын санд дэмжлэг үзүүлэн, тухайн сургуулиудын номын сангийн монгол ном бичиг, сурвалж бичгүүдийн дижиталжуулах ажлын тал дээр хамтран ажиллахаар болжээ. Бугат хотын холбогдол бүхий сургууль болон судалгааны газар ӨМИС-ийн Монгол дижитал номын санг шууд ашиглах боломжтой болсон байна.

Нээлтийн ёслолын үеэр Бугат хот ӨМИС-ийн номын санд “Мэргэн хийдийн судрын чуулган”-г бэлэглэсэн байна. Өвөр Монголын Мин Хуа эрчим хүчний ХХК, Өвөр Монголын Лүө Түө архины ХХК, Бугат хотын банк ӨМИС-ийн монгол сурвалж бичгийн дижитал бүтээн байгуулалтын төсөлд 2 сая юань хандивласан байна. 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:www.northnews.cn
Мэдээ үзсэн:170
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой