Угсраа эрдмийг улирлуулан хийдэг Банзар

Угсраа эрдмийг улирлуулан хийдэг Банзар

Үзэмчин нутгийн нэгэн үеийн алдарт бөх, ес ес наян нэгийн шанг хүртэж байсан Алхын Банзар нь угийн Ээжнуур нэгдлийн улс хувь хоршсон Харганат (Эхбулаг талбай) малжлын талбайн харъяат малчин Боржгин овогт Борсын адуучин Алх болон ээж Сулийн хөвгүүн болж, 1958 оны шар нохой жил Шар нохойтын Боролж хэмээх газар төржээ. Тэрээр багаасаа бөх барилдах дуртай бөгөөд нутгийн буурлууд нь түүний бие цогц дорвилог, чадал ихтэйгээр гадарласан ч бол уу, юу ч гэсэн түүнд барилдах арга мэх харамгүй зааж өгдөг байжээ. “Нагац Най.Чимд (Үзэмчний нэрт бөх) болон Түмэнбаярынх манайхантай үргэлж айл саахалт явдаг байсан. Би Түмэнбаяр аавын хүү Мандартай нэг үеийн хүүхэд байж, үргэлж барилдаж зуурч явдаг болохоор Түмэнбаяр аав хамаг анх надад хомноо хийх үндсэн мэхийг зааж өгсөн юм. Бөх хүн болно гэж манай үеийн хэдэн нөхөд хоорондоо цугларвал сартай шөнийн сэлүүнд нэгнээ цувуулах гэж чармайн,бөхийн боловсрол мэргэжлийг эзэмшихээр шөнөжин нолцолддог байсан. Тэр үеийн бөхийн сорио хийх тусгай талбар гэж байсангүй” гэж Банзар гуай амьд сэрүүн байхдаа ярьж байсан билээ.

Банзарын хамгийн анх наадамд зудагласан нь 1974 онд Баруун Үзэмчин хошууны Цог-Уул талбайн зуны эхээр хийсэн наадам юм. Арван зургаатай тэр хүүхдийн бөхөд орохоор бүртгүүлэхэд оруулсангүй болохоор томчуудын бөхөд барилдсан байжээ. Эхний нугалаанд Хосбаяр гэх хүнийг хаяж анхны барилдаанаа эхлүүлсэн тэрээр тухайн наадамд шөвгийн наймд тодорч наадмын шангаар мялаалгасан гэдэг. Тэр хошуу аймгийн бөхийн боловсролд олон удаа оролцон эрдэм мэргэжлээ дээшлүүлж явахдаа улсын ууган аварга Содном болон аварга Найдангаар багш барин, мэх мэргэжил хийх ба хийсэн мэх мэргэжлээ урвуулах олон зүйлийн ур мэргэжлийг сурч авжээ. Үзэмчний алдарт бөх Эрхэмбат түүний хэд удаагийн барилдааныг үзээд: “Хожим уран мэх хийж барилдахдаа хөнгөн хүнийг дарж хий, хүнд хүнийг цочоож хий! ” гэж захилаа гэдэг. Ер хүрсэн хүүхэн бичээч их настан Банзарыг : “ Олон мэх хийцтэй ургаа бөх юм” гэж хэлсэн байдаг. Нутгийн буурлуудын ерөөл хайр шингэж, түүний барилдаанд урам өгдөг байснаас болдог Банзар хорь гаруй жилийн турш их бага наадамд маш олон алдартай бөхийг босоо эрийг хаяж, наадмын дэвжээг хотолзуулж явсан удаатай юм.

Банзар ямар ч барьцанд тохирсон мэхийг хийхэд сурамгай, мэх үлэмж, улируулахдаа дадамгай, нүд хярхай хөдөлгөөн хурдан, гар хөлийн чадал тэнцүү байдгаар мэхийг угсруулан хийдэг өвөрмөц онцлогтой. Тиймээс “Банзарын угсраа эрдэм” гэж алдаршсан. Түүний хэлэхээр, бөх хүний гарын мэдрэмж онцгой хурц байдаг. Иймээр нөгөө этгээдийн хөлийн байцыг ажиглах нь зангилаа болж нүд анихгүй л хичээдэг. Тэр ер нь наадам үзэхдээ буюу барилдахдаа алдартай бөх болон гаднаас ирсэн бөхчүүдийн ямар мэх гол хийж байх, аль талтай зэргийг тогтоож авдаг ба түүний өөтэй талыг марталгүй цээжилж байдаг болохоор хэрвээ түүнд тааралдвал тэр мэхийг нь хийлгэснээ хялбархан урвуулан хаядаг. Тэр  хоёр талын цохио, татаа, элгэн татаа, хөнтрөө дэгээ , өсгий цохио, ачаа зэрэг олон эрдэм мэхийг улируулан хийдэг. Тэр : “Ачаа мэхийг би дэмий хийдэггүй, хүн гэмтээх аюултай байдаг, яг мухардсан үед хийдэг шүү” гэж ярьж байсан аж.

Түүний ярих нь тун зөв санагдлаа.Үзэмчин бөхийн мэх мэргэжилд бас бусдын эрүүл мэндийг бодох үүднээс цээртэй мэх (гар ачаа зэрэг) байдгаар барахгүй бөхчүүд нь бусдын бие цогцыг харгалзан, аль мэх мэргэжил нь өөрийн хийцэд нь тохирох эсэхийг үзэн тогтоодог нь хичнээн боловсон ёс суртахуун болох аж. /Бэлтгэсэн нь Урьхан / 

Найруулагч:Bandi
Эх сурвалж:Шилийнголын Өдрийн сонин
Мэдээ үзсэн:86
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой