Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав

Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспоны хэвлэлийн бага хурал 8 дугаар сарын 1-ний өдөр Бээжин хотод хуралдав.

БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин, Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч Ай Лихуа нар хуралд оролцож, экспо арга хэмжээний талаар танилцуулав. Бага хурлыг Хятадын Худалдааны яамны Тамгын газрын орлогч дарга Гао Фэн хөтлөв. Хэвлэлийн бага хурлаар Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо 2017 оны 9 сарын 26-наас 30-ны өдрүүдэд Өвөр Монголын Хөххотод зохион байгуулагдах болсныг албан ёсоор мэдэгдэв.

Хэвлэлийн бага хурлын танхимд

 

БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин:

Монгол, Хятад хоёр улс уул, усаараа холбогдон, эдийн засгийн харилцааны хувьд харилцан бие биенээ нөхөх онцлогтой, хамтран ажиллах асар их боломжуудтай найрсаг хөрш юм. Сүүлийн жилүүдэд харилцан хүндэтгэсэн, эрх тэгш, харилцан ашигтай зарчмын дагуу хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа ихээхэн ахиц дэвшил гарч хөгжиж байгаа нь хоёр орны төр засаг болон ард иргэдэд бодит ашиг тусаа өгч байна.

Нэгдүгээрт: Хоёр талын худалдааны нийт дүн тасралтгүй өргөжиж байна.

Хятад улс арав гаруй жилийн турш Монгол улсын хамгийн том худалдааны түншийн байр суурийг хадгалсаар ирсэн бөгөөд 2016 онд хоёр талын худалдааны эргэлтийн нийт хэмжээ нь 4.61 тэрбум ам.долларт хүрч, Монгол улсын гадаад худалдааны нийт хэмжээний 60 хувийг эзэлж байна. Ялангуяа энэ оны эхний хагас жилээс хоёр талын худалдааны эргэлтийн хэмжээ 3.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оныхоос 44.2 хувиар өссөн байна.

Хоёрдугаарт: Хятад улсаас Монгол улсад оруулж буй хөрөнгө оруулалтын нийт хэмжээ тогтвортой өссөн.

2017 оны 6 дугаар сарын байдлаар, Хятад улсаас Монгол улсад оруулж буй санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 4.1 тэрбум ам.долларт хүрч,Монгол улсын гадаад хөрөнгө оруулалтын нийт хэмжээний 30 хувийг эзэлж байгаагаараа Хятад улс нь Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын хоёрдогч том улсын нэг болгожээ.

Гуравдугаарт: Эдийн засаг, технологийн хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрэв.

Олон жилийн турш Хятад улс дэд бүтэц, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх болон үйлдвэрлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсад боломжоороо тусламж үзүүлж, мөн нэлээд олон  салбарын нийт 3600 гаруй хүнийг сургалтад хамруулсан зэргээр Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлсээр ирсэн.

Дөрөвдүгээрт: Хоёр талын хамтын ажиллагааны механизмыг тасралтгүй шинэчлэх.

Талууд Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн комиссын үүргийг идэвхтэй гүйцэтгэн, хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагаа ба хамтын ажиллагааны томоохон төслүүдийг зохицуулах, түлхэц үзүүлэхийн зэрэгцээ Эрээн - Замын Үүдийн Хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, Монгол, Хятадын худалдааны чөлөөт бүсийн хамтарсан техник, эдийн засгийн судалгааны ажлыг удахгүй эхлүүлэх талаар хэлэлцэж байна.

 

БНХАУ-ын Худалдааны яамны дэд сайд Чянь Кэмин(баруун) 

Одоогийн байдлаар Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал тогтворгүй хэцүү байгаа нь хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд боломж болон сорилтыг давхар авчирсан байна. Хятад улс илүү дотно, үнэнч, хүртээмжтэй дипломат үзэл баримтлалыг хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол улстай хамтран Хятадын “Нэг бүс Нэг зам” санаачилгыг Монголын “Хөгжлийн зам” стратегийн бодлоготой холбож, өөр өөрийн давуу талаа ашиглан, дэд бүтэц, хөдөө аж ахуй, ашигт малтмалын нөөц баялаг, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зэрэг салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэн, хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар ажиллах болно.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны 8 дугаар сард Монгол Улсад айлчлах үеэр Монгол Улсын удирдлагуудтай Монгол-Хятадын экспо арга хэмжээг зохион байгуулах талаар зөвшилцөлд хүрсэн. Энэ нь Хятадын Засгийн газраас Хятад, Монгол хоёр орон, түүнчлэн Зүүн хойд Азийн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцооны хүрээнд нэгэн чухал тавцан бий болгохыг дэмжиж байгаа явдал юм. 2015 онд Монгол-Хятадын анхдугаар экспо Өвөр Монголын Хөххотод амжилттай зохион байгуулагдсан нь ихээхэн үр дүнд хүрч, Монгол, Хятад хоёр улс болон “Торгоны зам” эдийн засгийн бүс дагуух бусад худалдаа, эдийн засгийн түнш улсуудын сайшаалыг хүртсэн юм. 

Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо нь “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, даяаршилд чиглэн амжилттай хамтран ажиллая” сэдвийн дор 2017 оны 9 дүгээр сарын 26-наас 30-ны өдрүүдэд Өвөр Монголын Хөххотод зохион байгуулагдахаар болсон бөгөөд экспоны үеэр үзэсгэлэн худалдаа, хурал форум, хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээр зэрэг олон арга хэмжээ төлөвлөсөн нь хуралд оролцогч, төлөөлөгч талуудын харилцаа холбооны тавцанг бий болгоход оршино.

БНХАУ-ын Худалдааны Яам нь Монгол-Хятадын экспоны Ерөнхий зохион байгуулагчийн нэг юм. Бид экспог зохион байгуулж буй бүх байгууллагатай идэвхтэй хамтран ажиллаж, хамтын ажиллагааны үр бүтээл ба ололт амжилтаа харилцан хуваалцах болно. Бид бүх талуудтай идэвх чармайлт гарган хамтран ажиллаж, энэхүү Олон улсын нээлттэй тавцан болох Монгол-Хятадын экспог ашиглан, “Нэг бүс Нэг зам” санаачилга, “Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах”  зэрэг сэдвийн хүрээнд шинэ санаа, соргог ухаанаар хамтын ажиллагааг өргөжүүлж, Монгол, Хятад хоёр улс болон Зүүн хойд Азийн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах болно. 

Тус экспо арга хэмжээ болон холбогдох форумд улс орнууд дээд түвшний төлөөлөгчдийн багийг томилон оролцуулахыг бид халуун дотноор угтаж, хүлээн авах ба бизнес эрхлэгчдийг үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцохыг урьж байна.

 

Хэвлэлийн бага хурлын танхимд

Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн Яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга:

Өнөөдөр миний бие Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Бээжин хотод болж байгаа Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний Хэвлэлийн бага хуралд оролцож байгаадаа маш их баяртай байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 оны 8 дугаар сард Монгол улсад төрийн айлчлал хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой “БНХАУ ба Монгол Улс хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа байгуулах тухай хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурсан.

Хамтарсан тунхаглалын дагуу 2015 онд Хятад улсын ӨМӨЗО-ны Хөххотод Монгол-Хятадын анхдугаар экспог амжилттай зохион байгуулж, найрсаг хөршийн харилцааг бататган, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжиж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго тавьсан нь хүссэн үр дүнд хүрсэн билээ. Экспоны дараа Монгол Улс болон Өвөр Монголын Шилийнгол аймаг, Хянган аймаг, Бугат хот, Манжуур хот, Хөххот хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцооны цар хүрээ хурдацтай хөгжсөн юм.

БНХАУ-ын зах зээл дэхь Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалт өсөж, соёл, урлагын солилцоо хурдацтай тархан хөгжсөн байна. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд төрийн дээд хэмжээний айлчлал, уулзалт тасралтгүй өрнөж байгаа нь хоёр талын хамтын ажиллагааны бат бэх суурийг тавьж байна. "Дэлхийн эдийн засгийн хөгжилд найрал дуу шаардлагатай " үзэл санааны дагуу БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилгаар “Нэг бүс Нэг зам” Олон улсын форум зохион байгуулагдаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан төлөөлөгчид хуралд оролцон билээ.

 

Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга

Монгол Улсын Засгийн газраас БНХАУ-ын дарга Ши Жиньпиний баярын мэндчилгээнд дурдсан “Монгол, Хятад хоёр улсын Засгийн газраас даяарчлалд хандсан олон улсын экспог хамтран зохион байгуулъя” гэсэн уриаг идэвхтэй дэмжин, хоёр орны газар зүйн давуу талд тулгуурлаж, хоёр улсын хооронд байгуулсан олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагаанд түшиглэж, “Нэг бүс Нэг зам” санаачилгатай уялдуулан, “Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, дэлхийн улс орнуудтай эдийн засаг, худалдааны харилцаа холбоогоо тасралтгүй хөгжүүлэн ажиллаж байна. Дээрхи зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол-Хятадын экспо арга хэмжээ чухал ач холбогдолтой юм. Монгол-Хятадын анхдугаар экспоны үеэр нийт 2000 гаруй аж ахуйн нэгж оролцож, 10000 гаруй зочид, төлөөлөгчдийг хүлээн авч,  эдийн засгийн хамтын ажиллагааны 166 гэрээнд гарын үсэг зурсан нь өндөр үр дүнд хүргэсэн. Тус удаагийн экспо нь хоёр орны бүх талын хамтын ажиллагааг бэхжүүлж, ард иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлж, хоёр орны хоорондын бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлж, хөрөнгийн урсгалыг хурдасгаж, худалдааны хамтын ажиллагааг сайжруулах зэрэг олон талын үйл ажиллагааг идэвхтэй дэмжих үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улс “Нэг бүс Нэг зам”-ын бүс дагуух улс орнуудтай ногоон хүнсний худалдаа хийх, хүнсний аюулгүй байдлын урт хугацааны хамтын ажиллагааны механизм бий болгож ажиллах тал дээр анхаарал хандуулж байна. 

Монгол Улсын “Хөгжлийн зам”, Хятад улсын “Торгоны зам” болон ОХУ-ын “Евро Азийн эдийн засгийн холбоо”-г харилцан уялдуулж, гурван улс хамтран “Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридорын хөгжлийн төлөвлөгөө”-г боловсруулан баталсан. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээнд ОХУ болон бусад 30 гаруй орны зочид төлөөлөгчдийг урьж оролцуулж байгаа нь тус удаагийн экспог илүү өргөн цар хүрээтэй, өвөрмөц онцлогтой болгож байгаа юм. 

Бид ӨМӨЗО-ны Ардын Засгийн газартай хамтран "Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо" арга хэмжээг өндөр түвшинд, амжилттай зохион байгуулахын тулд 4 үндсэн арга хэмжээний хүрээнд 22 сэдэвт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үзэсгэлэнд оролцож буй аж ахуй нэгжүүд болон үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдалд өндөр шаардлага тавьж ажиллана. Үүний зэрэгцээ экспо арга хэмжээний үеэр үндэсний соёл, урлагийг сурталчлах соёлын арга хэмжээнүүд, залуучуудын спортын тэмцээн, уралдаан зэрэг олон төрлийн арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Энэ удаагийн экспо нь тус арга хэмжээнд оролцогч талуудад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гүүр болж, хоёр орны хөгжилд хувь нэмэр оруулах хамтын ажиллагааны томоохон төслүүд хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна.

ӨМӨЗО-ны Дэд тэргүүлэгч Ай Лихуа:

Монгол-Хятадын экспо арга хэмжээг зохион байгуулж байгаа нь 2014 онд байгуулсан “Монгол, Хятад хоёр улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал"-ын нэг чухал агуулгыг хэрэгжүүлж байгаа явдал юм. 2015 оны 10 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Хөххотод Монгол-Хятадын анхдугаар экспог амжилттай зохион байгуулсан. Тус арга хэмжээний үеэр Хятад улсын Худалдааны яам болон Монгол улсын Аж үйлдвэрийн яам “Монгол-Хятадын экспог хамтран зохион байгуулах ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм. Талууд 2015 оноос эхлэн ӨМӨЗО-ны Хөх хотод хоёр жилд нэг удаа "Монгол-Хятадын экспо" арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэж, энэхүү арга хэмжээг Монгол, Хятад болон зүүн хойд Азийн бүс нутгуудын худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёлын солилцооны хамтын ажиллагааг шинэ тавцанд хүргэн ажиллахаар зорьсон юм. Одоогийн байдлаар Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний ерөнхий бэлтгэл ажил эрчимтэй, эмх цэгцтэй явагдаж байна.

ӨМӨЗО-ны Дэд тэргүүлэгч Ай Лихуа

Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо нь гадаад, дотоодын төр засаг болон бизнес эрхлэгчдийн анхаарлыг татаж байгаа бөгөөд Хятадын Худалдааны яамны дэмжлэг, удирдлагын дор зохион байгуулагдаж байна. Одоогийн байдлаар Ерөнхий зохион байгуулах хэлтсийн мэдээлж байгаагаар арга хэмжээнд оролцогч гол зочид, төлөөлөгчид нийт 2000 гаруй хүн бүртгэгдсэн байна. Үүнд: Гадаадын улс төрчид, олон улсын байгууллагын албан тушаалтнууд, олон улсын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид, үндэстэн дамнасан аж ахуй нэгжийн удирдлагууд, гадаадад суугаа бизнесийн холбоо, Хонконг, Макао, Тайваний нэрт бизнесийн төлөөлөгчид болон Хятадын холбогдох төрийн яам, хороо, муж, орон нутгийн удирдагчид, төрийн өмчит аж ахуйн нэгж, нэрт хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ба санхүүгийн байгууллагуудын хариуцсан дарга нар болон тамирчид, утга зохиол, урлагийн төлөөлөгчид оролцоно. Мөн ОХУ, “Нэг бүс Нэг зам”-ын дагуух бүс нутгийн улс орон болон ӨМӨЗО-той худалдааны харилцаа холбоотой орнуудын Засгийн газрын яамд, Хятадад суугаа элчин сайдын яамны албан тушаалтнууд оролцох болно. 

Бид энэхүү улсын зэргийн арга хэмжээний тавцанд түшиглэн, талуудтай харилцаа холбоогоо бэхжүүлэх, төсөл, хөрөнгө оруулалт, технологи, боловсон хүчин зэрэг хүрээнд харилцан зөвшилцөж, цуврал практик хамтын ажиллагаа өрнүүлэхээр хичээн ажиллах болно. 

Тус экспо арга хэмжээг БНХАУ-ын Худалдааны яамны удирдлага дор, Монгол Улсын Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж, нарийвчилсан төлөвлөгөөний дагуу үр дүнг чухалчлан, өвөрмөц онцлогтой байх зарчмаар Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспог үндсэн 4 хэсэг арга хэмжээний хүрээнд, 22 сэдэвт үйл ажиллагааг зохион байгуулна. 

Нэгдүгээр хэсэг арга хэмжээ: Хөрөнгө оруулалтын хэлэлцээр, нийт 5 сэдвээс бүрдэнэ.

Үүнд: Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын орчин болон томоохон төсөл танилцуулах хурал; Монгол, Хятадын ХАА-н салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл, боловсруулалт болон хамтын ажиллагааны хурал; Монгол, Хятад, Оросын Ашигт малтмалын нөөц ашиглалтын тухай чуулга уулзалт; Өвөр Монголын Аялал жуулчлал болон олон улсын аялал жуулчлалын “Түмэн газрын цайны зам” сэдэвт танилцуулга уулзалт; Өвөр Монгол-Хонконгийн Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хурал.

Хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээрийн гол агуулга нь шинэчлэл, инновацийн бизнес эрхлэх, хөрөнгө оруулалтын сан зэрэг сэдвийн хүрээнд хэлэлцэгдэх бөгөөд техник, эдийн засгийн чадамжтай, хамтын ажиллагааны тооцоолол сайтай, давуулаг аж үйлдвэрлэлийн төслүүдийг бий болгон, талуудад хөрөнгө нийлүүлэх, хөрөнгө оруулахад харилцаа холбооны тавцанг бий болгоход чиглэгдэж байгаа юм.

Хоёрдугаар хэсэг арга хэмжээ: Хурал, форум, 8 сэдвээс бүрдэнэ. 

Үүнд: Нээлтийн ёслол болон Монгол, Хятад, Оросын хамтын ажиллагааны дээд хэмжээний форум; Төв Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны форум; Олон улсын Монгол эм, эмнэлгийн эрдэм шинжилгээний хурал; Монгол, Хятад, Оросын Худалдаа, аж үйлдвэрийн салбарын чуулга уулзалт; Боловсролын хамтын ажиллагаа, хөгжлийн тухай Гадаад дотоодын их, дээд сургуулийн захирлуудын форум; Шинжлэх Ухаан, техникийн хамтын ажиллагаа болон үйлдвэрлэлийн салбарын форум; Чөлөөт хөгжил, чөлөөт харилцаа: Соёлын солилцоо болон “Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридор”-ын бүтээн байгуулалтын форум; 2017-Олон улсын Өвсний аж ахуйн инновацийн холбооны дээд хэмжээний форум. 

Гол сэдэвт чуулга уулзалт ба нээлтийн ёслол нь “Монгол, Хятад, Оросын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж, даяаршилд чиглэн амжилттай хамтран ажиллая” сэдвийн хүрээнд явагдах ба чуулга уулзалтад улсын төр, захиргааны байгууллагын удирдагчид, гадаадын улс төрчид, худалдааны яамны дарга нар, муж, орон нутгийн удирдагчид, олон улсын байгууллагын албан тушаалтнууд болон үндэстэн дамнасан аж ахуй нэгжийн удирдлагуудыг урьж оролцуулах бөгөөд Монгол, Хятад улсын төрийн удирдлагууд үг хэлнэ.

Гуравдугаар хэсэг арга хэмжээ: Үзэсгэлэнгийн арга хэмжээ, 6 сэдвээс бүрдэнэ. 

Үүнд: Олон улсын болон дотоодын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн; Олон улсын Морины аж ахуйн үзэсгэлэн; Олон улсын Монгол эм, эмнэлгийн үзэсгэлэн; Монгол, Хятадын Боловсрол, ШУ, техникийн үзэсгэлэн; “Нэг бүс Нэг зам”-ынсоёлын үзэсгэлэн; Ноос ноолууран бүтээгдэхүүн+цахим худалдааны цогц үзэсгэлэнгүүд. 

Арга хэмжээг Үзэсгэлэнгийн төвд зохион байгуулах ба үзэсгэлэнгийн нийт талбай 50,000 м.кв. Нэгдсэн үзэсгэлэн, тусгай сэдэвт  үзэсгэлэн, туршлага солилцох үзэсгэлэн болон бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гэсэн 4 том төрөлтэй. Одоогийн байдлаар Ерөнхий зохион байгуулалтын хорооноос дотоодын болон дэлхийн улс орны худлдан авагчдыг үзэсгэлэнд оролцохыг урьж байна.

Дөрөвдүгээр хэсэг арга хэмжээ: Монгол, Хятадын Олон улсын соёлын долоо хоног аян, 3 сэдвээс бүрдэнэ.

Үүнд: Монгол, Хятадын олон улсын соёлын долоо хоногийн нээлтийн үдэшлэг; Монгол-Хятадын экспо·Олон улсын наадам- “Торгоны зам цом” Олон улсын оюутны хөл бөмбөгийн тэмцээн; Анхдугаар удаагийн Олон улсын өсвөрийн дугуйчдын тэмцээн болон Монгол, Хятад, Оросын дугуйн аяллын нөхөрсөг арга хэмжээ зэрэг болно. Одоогийн байдлаар, бүх төрлийн бэлтгэл ажил эмх цэгцтэй явагдаж байна.

Тус удаагийн экспо арга хэмжээний үйлчилгээний байдлын талаар: ӨМӨЗО Ерөнхий зохион байгуулагчийн хувьд ӨЗО-ны Намын хороо, Засгийн газраас маш их ач холбогдол хандуулж байгаа ба Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспог амжилттай зохион байгуулах нь БНХАУ-ын дарга Ши Жиньпиний хэлсэн гол үзэл санааг гүн гүнзгий хэрэгжүүлж, онцгойлон Өвөр Монголд ажиллах үеэр хийсэн чухал ярианы үзэл санааг тодорхой ажил хэрэг болгоход оршиж байгаа юм.Энэхүү экспо нь Өвөр Монголын гадаадад нээлттэй ажиллах бодлогын хэрэгжилтийн явцыг урагшлуулах боломжийн нэг болж байгаагийн хувьд өөртөө засах орны хэмжээнд хүчин чармайлт гарган, бүх талуудын санал бодлыг нэгтгэн, харилцаа холбоог нягт уялдуулан, нарийвчилсан зохион байгуулалттай төлөвлөж, төлөвлөгөөг бодит байдалд хэрэгжүүлж, хурлын бэлтгэл ажил болон аюулгүй байдлыг хангаж ажиллах болно.

Бид “Зочдод найрсаг, боловсон хандах, шилдэг үйлчилгээ үзүүлэх, аюулгүй бөгөөд амар хялбар байлгах” зарчмыг баримтлан ажиллаж, тус арга хэмжээг амжилттай зохион байгуулж ажиллах болно.

Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:Хятад-Монголын Экспо удирдах зөвлөл
Мэдээ үзсэн:135
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой