Банкны картын клирингийн үйлчилгээг нээлттэй болгоно

Хятадын банкны картын клирингийн үйлчилгээний зах зээлийг нээлттэй болгох үйл явцад чухал ахиц гарч байна.

      Олон  улсад хэрэглэгддэг нэр нөлөө бүхий Visa картны байгууллага саяхан Хятадын төв  банкинд хандан Хятад улсын дотоодод банкны картын клирингийн тооцооны  байгууллага байгуулах өргөдлөө өгчээ. Банкны картын клирингийн тооцооны зах  зээлийг улам нээлттэй болгох нь юань олон улсын валют болоход тустай гэж  мэргэжилтнүүд үзэж байна. Ингээд энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Вэй Юйчэний  ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Банкны картын  клирингийн үйлчилгээ гэдэг нь банкны карт эзэмшигч картаа хэрэглэх, төлбөр  тооцоо хийх зэрэг гүйлгээ хийсний дараа банкууд хооронд, банк болон картыг  хүлээн зохицуулагч бизнес нэгж хоорондын хөрөнгө мөнгийг тооцоолох, шилжүүлэх  үйл явцыг хэлнэ. Олон улсад нэр нөлөө бүхий Visa картын байгууллага саяхан Хятадын Ардын Банканд хандан дотоодод банкны картын клирингийн тооцооны  байгууллага байгуулах өргөдөл гаргаж, энэ төрлөөр өргөдөл гаргасан хилийн  чанадын картын анхны байгууллага болов. Энэ тухай Хятадын Нийгмийн Шинжлэх  Ухааны Академийн Банк санхүүгийн судалгааны газрын Төлбөр тооцоо, клирингийн  тооцоо судлах төвийн судлаач Жао Ио: Энэ бол угаасаа төсөөлөлд байсан явдал  гэв.

"Нийт зах зээл,  үүний дотор Засгийн газар, хяналт удирдлагын байгууллага Visa карт Хятадын  банкны картын клирингийн тооцооны зах зээлд орох бэлтгэлтэй гэдгийг төсөөлөн  мэдэж байсан юм. Зах зээлд орох тогтоолыг мөрдөн холбогдох бичиг баримтаа  ирүүлж, зах зээлд орох өргөдлөө өгсөн байна. Visa картын байгууллага өргөдөл  гаргасан явдал нь манай орны банкны картын клирингийн тооцооны зах зээл, банк  санхүүгийн бусад салбар илүү зах зээлжсэн, нээлттэй, өрсөлдөөний эрин үед орсныг  харуулж байна.”

2015 онд Хятадын Төрийн  зөвлөл банкны картын клирингийн үйлчилгээний зах зээлийг нээлттэй болгохоор  шийдвэрлэснээс хойш гол хариуцсан байгууллага холбогдох ажлыг ахиулсаар иржээ. Ноднин 6-р сард Хятадын Ардын Банк, Банкны Зохицуулах Хороо “Банкны картын  клирингийн тооцооны байгууллагад тавих хяналт удирдлагын аргачлал”-ыг нийтэлж,  банкны картын клирингийн үйлчилгээний байгууллага зах зээлд ороход тавих хяналт  удирдлагын нөхцөлийг тодорхой болгосон байна. Нэг жил алгассаны дараа Хятадын  Ардын Банк “Банкны картын клирингийн тооцооны байгууллага зах зээлд орох  үйлчилгээний журам”-ыг нийтэлж, зөвшөөрөл олгох үндэслэл, хүлээн авах  байгууллага, шийдвэрлэх байгууллага, өргөдөл гаргах, хяналт зөвшөөрлийн бодит  үйл явцуудыг улам тодорхой болгов. Банкны картын клирингийн үйлчилгээний зах  зээлийг улам нээлттэй болгох тухайд Жао Ио: Энэ арга зам юанийн олон улс дахь  байр суурийг дээшлүүлэхэд тустай гэж үзлээ.

"Юанийг хилийн чанадад хэрэглэх, жишээлбэл Америк, Европын  зэрэг оронд хэрэглэгчид юань хэрэглэхэд улам дөхөм болох юм. Хэрэглээний төлбөр  тооцооны салбарын хувьд, юань хилийн чанадад хэрэглэгдэх, гадаадын иргэдэд  хүлээн зөвшөөрөгдөхөд амархан болно. Visa, Master картын байгууллага хэрэв  зөвшөөрөл авбал, эдгээр картыг эзэмшигчид бүгд гадаадын иргэд учраас Visa,  Master картын үйлчилгээний орчинд юанийн хилийн чанад дахь хэрэглээ, төлбөр  үйлчилгээг илүү өргөн хэрэглэхийг харуулж байна.”

Үүнээс  гадна, Хятадын дотоодын хэрэглэгчдийн хувьд, банкны картын клирингийн тооцооны  зах зээлийг нээлттэй болгосноор илүү олон сонголт бий болох бөгөөд Visa карт зах  зээлд орсны дараах тус салбарын өрсөлдөөн хэрэглэгчдэд ашигтай болно. Хятадын  Худалдааны яамны судалгааны газрын Хэрэглээний эдийн засаг судлах хэлтсийн дэд  дарга Жао Пин энэ тухай ийн ярьж байна.

“Клирингийн  үйлчилгээний зах зээлийг нээлттэй болгосноор клирингийн тооцооны өрсөлдөөнийг  бий болгох юм. Энэ нь банкуудын хураамж гүйцэтгэлийн зардлыг дунджаар зохих  хэмжээгээр бууруулж, карт хэрэглэх зардал ерөнхийдөө багасах болно. Бизнес нэгж,  жижиглэн борлуулалтын компани, эсвэл гуанз ресторан, зочид буудал зэрэг  үйлчилгээний компани нэгжийн картаар тооцоо авах зардал магадгүй ерөнхийдөө  багасах юм. Бараа бүтээгдэхүүний борлуулалтын зардлыг хэмнэхэд ашигтай байх нь  хэрэглэгчдийн хувьд дам ашиг тус хүртэх болно.”

Олон  улсад өргөн хэрэглэгддэг бас нэгэн банкны картын байгууллага MasterCard өдгөө  өргөдөл гаргах бичиг материалаа бэлтгэж байгаа талаар эх сурвалжид мэдээлжээ.  Америкийн Express компани: Гадаадын картын байгууллагууд Хятадын банкны картын  клирингийн үйлчилгээний зөвшөөрөл авах өргөдөл гаргах боломжтой болсонд баяртай  байна. Тохиромжтой үед компанийхаа өргөдлийг өгнө” гэж мэдэгджээ.

Найруулагч:Б.БОЛОР
Эх сурвалж:http://mongol.cri.cn/
Мэдээ үзсэн:152
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой