Танил дотно Өвөр Монгол - 9

Өвөр Монголчууд бол “Өөрийн минь ахан дүүс”

       Намрын намуухан салхи навчит моддоос эхлээд орчлон даяныг илбэн наадсан налгар сайхан өдрүүдэд ӨМӨЗО байгуулагдсаны далан жилийн ой ид тохиож, Өвөр Монголын зон олон түүхт далан жилийн амжилт бүтээлээ тэмдэглэж буй их баярын үеэр бид нэгэн уянгалаг сайхан уран бүтээлчийг хүндэт зочноороо урьсан юм.  

        Хөххот бидэн хоёр уйлж л сууна

        Хүсэл хяслын заагт сэтгэл дэнсэлнэ ээ

        Хүршгүй оргилоос дулаахан сайхныг нэхэх нь

        Хэзээний үйл вэ дээ

        Өө, намар аа... Хөххотын намар

        Ээ, намар аа... Энхрий ялдамхан ... хэмээн цаанаа л нэг бодол төрүүлэм сайхан дуу сонор мялааж, сонссон бүхний сэтгэлийн чавхдсыг эрхгүй хөндөнө. Өвөр Монголын дуу хөгжмийн цоморлиг бүхий Эгшиг сайтад нийтлэгдсэн энэ бүтээл БНХАУ-ын 26 дахь удаагийн “Алтан тахиа” кино наадмын “Өнөр цэцэг” шагналт Киноны гол дуу шалгаруулах уралдаанаас тэргүүн шагнал хүртсэн билээ. Хятад улсын хамгийн том хэмжээний энэхүү Кино наадмын Хөххот дахь шагнал гардуулах ёслол 08-р сарын 22-нд болсон юм. Ийм нэр хүндтэй наадмаас анх удаа Монгол Улсын хөгжмийн зохиолч шагнал хүртлээ гэсэн мэдээлэл Солонго сайтаар цацагдахад уншигчид баярлан бахархаж буйгаа илэрхийлж байлаа. Сэтгэл гэгэлзүүлж, нэгийг бодогдуулсан олон сайхан бүтээлээрээ та бидний хэзээний танил болсон тэр л сайхан уран бүтээлч бол МУСТА, дуучин, хөгжмийн зохиолч Б.Мөнхжаргал. Түүнийг “Танил дотно Өвөр Монгол” буландаа уриад удаагүй байтал энэ сайхан мэдээг сонссон сэтгүүлч миний бие бахархан тэмдэглэхгүй өнгөрч яахин чадах.

 

         Улаанмөчрүүд хоорондоо хоёр жилд нэг удаа уран бүтээлийн уулзалт хийдэг. Энэ удаад Шилийнхотын Урлагийн бүлгэмийн урилгаар тэдний найруулан тавьсан жүжгийн хөгжмийн найруулгын ажлаа дуусгаад Хөххотод дөнгөж ирээд байхад нь бид уулзсан юм. Хүндэт зочин маань уран бүтээлийн үүцээ задалж, ӨМӨЗО-ны 70 жилийн ойд зориулсан шинэхэн бүтээлээ танилцууллаа. Б.Мөнхжаргал:

- Өвөр Монголд ирж ажиллаад дөрвөн жил болж байна. Монголын болон Өвөр Монгол уран бүтээлчидтэйгээ хамтарч олон бүтээл хийлээ. Дөнгөж саяхан ӨМӨЗО-ны 70 жилийн ойд зориулсан нэгэн сайхан шинэ дуу төрсөн. Дууны шүлэг надад хүнээр дамжиж ирсэн л дээ. Их сонин түүхтэй. Миний дотроо бодож явсан, сэтгэлээ илэрхийлэх юмсан гэсэн тийм нэг гоё санаа тэр шүлгэнд байсан юм. Тиймээс нэлээн хэдэн шүлгээс сонгоод нэг сайхан аялгуу хийсэн гэж шинэхэн бүтээлээ танилцуулж байлаа. Улмаар Өвөр Монголчууд гэдэг түүний сэтгэл зүрхэнд “Өөрийн минь ахан дүүс” юм шүү гэдгээ илэрхийлж байсан юм. Хөгжмийн найруулгын хувьд маш сонирхолтой бөгөөд Монгол Улсын авьяаслаг гоцлол хөгжимчин П.Энхтайван хуучир хөгжмөөр хөгжимджээ.

        Энэ л ховорхон уран бүтээлчтэй хөөрөлдөн суухад өөрийн эрхгүй бодол төрж байсныг нуух юун. Аливаа бүхнийг гүн сэтгэж бодлогоширно. Тэгсэн хэрнээ санаашралын айзмаас хөвөлзөх долгио шиг үе үе нөхөрсөг наргиагаар чимэх хөгжилтэй зан нь уран бүтээлч хүний тийм нэгэн өвөрмөц чанар гэлтэй. Энэ дөрвөн жилийн хугацаанд тэрээр Өвөр Монголын маш олон уран бүтээлчидтэй хамтран ажиллажээ. Тэр дундаа дуучин Улаансарнай, Мандалт, өөрийнх нь шавь болох Са.Уянга, Шилийнголын дуучин Урьхан, ялангуяа, яруу найрагч, алдарт хөтлөгч Насантай хамтран бүр найман дуу бүтээж амжсан гэх. Эгэл даруухан түүнээс уран бүтээлчийн нүдээр Өвөр Монгол орны өөрчлөлт хөгжил хэрхэн харагддаг тухай сонирхлоо. Б.Мөнхжаргал:

- Нэг үеэ бодвол залуучууд Монгол Улсад очиж бүх төрлийн мэргэжлээр суралцаж байна. Монгол хүнд нэг онцлог бий. Цаанаасаа төрөлхийн авьяастай. Авьяасыг нь нээгээд, задлаад сайхан зааж зөвлөөд явахад хүүхдүүд аяндаа дуугаа сайхан дуулдаг болоод, хөгжмөө зохиодог болоод ирдэг. Хөгжмийн найруулга, дуулах, үг хэлэх талаасаа гээд бүх зүйл нь маш амжилттай, хурдацтай хөгжиж байгаа нь ажиглагдаж байна гэж сайшаан ярьлаа.

Түүний нэгэн мөрөөдөл бол Өвөр Монголын бүх аймгаар очих. Нөр их ажилдаа уягддаг учир одоогоор ердөө Шилийнгол, Баяннуур, Жирэм гэсэн гурван аймгаар очоод байгаа аж. Цаашдаа бүх аймаг, хошуудаар нь очиж ардын дууг нь судлах хүсэлтэй гэнэ. Ерөөс уран бүтээлч хүний уран бүтээлийнх нь эх ундарга бол ардын язгуур урлаг байдагтай уншигч та санал нийлэх биз ээ. Энэ ч утгаараа уран бүтээлийн олз хайж, ямагт эрэлхийлэл хийж байдаг нь мэдээж. Тэрхүү явцдаа өөрийгөө дахин цэнэглэх, өөрийн үндэс угсааны хүмүүсийнхээ соёлыг сурч, басхүү уран бүтээлдээ шингээдэг нь лавтай. Саяхан Баяннуур ардын “Амрыг асууя” нэртэй дуугаар төгөлдөр хуур, хуучир, хуурын трио бичсэн байна.

Б.Мөнхжаргал:

- Би бүр 1990-ээд оноос хойш дунд сургуулиа төгсөөд дөнгөж оюутан болж байсан тэр үед хүмүүс Өвөр Монгол руу яваад байна гэхээр маш их сонирхдог байсан. Ямар хүмүүс байдаг юм бол, монгол хэлээрээ ярьдаг болов уу, сүү саалиа зэхэж байдаг юм болов уу, мал сүргээ хариулдаг болов уу гэх зэргээр миний хувьд бөөн том асуулт байсан л даа. Тэр үеэс л их сонирхож, бүр очиж үзэх юмсан гэсэн зорилго тавьсан. Энэ зорилгодоо хүрээд энд ирсэн. Яагаад ч юм мэдэхгүй, зүрх сэтгэл наашаа татагдсан. Ирээд л дасчихсан. Тэр цагаас хойш дандаа л ирдэг болчихсон юм. Анх шууд Тамчийн талд нэгэн настан ээжийн насны ойн баярт тоглолтоор ирж байсан. Би унаган хотын хүүхэд. Харин адуу малаа хариулсан жинхэнэ хөдөөний монгол айлд буугаад маш их гайхаж байсан. Их азтай. Тиймээс жинхэнэ сайхан монголоороо байдаг юм байна гэдгийг нь мэдээд өөрийн эрхгүй сэтгэл зүрх татагдсан л даа. Ингээд л маш олон сайхан найз нөхөдтэй болсон. Та бүхний “Танил дотно Өвөр Монгол” гэдэг нэр яг л надад зориулсан юм шиг санагдаж байна. Яах аргагүй танил дотно. Бүр дотносочихсон, найз нөхөд, нутаг ус, бүх зүйл нь маш дотно сайхан санагддаг юмаа гэж сэтгэлийн гүн дэх үгсээ дэлгэж байлаа. Цаг хугацаатай өрсөлдөн хөдөлмөрлөгч, ямагт шинийг бүтээгч түүнд цомгийн ажлуудаас эхлээд төлөвлөсөн ажил олон байх нь мэдээж. Басхүү дөнгөж шинээр дуулж сурч байгаа хүүхдүүд ч гэсэн зөвлөгөө авъя, суръя гэж хандах нь зөндөө. Энэ он түүний хувьд маш урамтай, эрчтэй, ажил уран бүтээлийн арвин ургацтай жил болж буй аж. Цаашдаа хийх зүйл маш их бий гэдгээ ч дурдаж байлаа. Мэдээж, уран бүтээлч хүн аль ч бүтээлдээ хайртай байх нь дамжиггүй. Гэвч онцолбол алийг нь онцлох вэ гэсэн сэтгүүлчийн асуултад олон сайхан бүтээлүүд дундаасаа сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр ид цацагдаж байгаа “Сэтгэлийн өргөл” дуугаа онцолсон билээ.

Б.Мөнхжаргал:

- Монгол Улсын яруу найрагч А.Лхагва ах шүлгийг нь хоёр газраас бие биесээ санаж, хайрлаж, хүндэлж яваарай гэсэн утгатай бичсэн юм. Миний найз Өвөр Монголын авьяаслаг уран бүтээлч Улаансарнай дуулсан маш гоё дуу бий. Ар, Өвөр Монгол уран бүтээлчдийн хамтарсан сэтгэлийн илэрхийлэл болсон тийм гоё уран бүтээл болж чадсан болохоор түүнийгээ нэрлэнэ дээ. Ер нь би боддог юм. “Яагаад Өвөр Монгол руу ийм их яваад байгаа юм бэ” гэж заримдаа өөрөөсөө асуудаг. Угтаа бол Монголдоо зөндөө ажил байгаа шүү дээ. Естой л дотно болчихоод татагдаад байх шиг. Дээр нь юм суръя гэсэн хүүхдүүд маш олон байна. Тиймээс өөрийнхөө өчүүхэн хувь нэмрийг эд нартайгаа хуваалцъя, өөрийнхөө чаддаг мэддэг бүхнээ зориулъя гэж бодож тухайн үед нь чадах л юм байвал хэлээд өгдөг. Жишээ нь, хүүхдүүд бичлэгт орох гэж ирэхдээ ч юм уу, уулзаж байхад тодорхой хугацаанд зааж зөвлөх нь олон бий гэж сонирхуулахын ялдамд цаашдаа Өвөр Монголдоо байнга ирж ажиллана гэдгээ дотночлон ярьлаа. Өвөр Монголын залуус дуулаачаар, жүжигчнээр гэх зэрэг урлагийн олон төрлөөр монголын багш нараас суралцдаг болсон боловч хөгжмийн зохиолч гэдэг энэ онцгой мэргэжлээр харьцангуй цөөн хүн байдаг байна.

Ийнхүү түүнтэй хэсэгхэн зуур ярилцахад Өвөр Монголын ахан дүүсээ хэрхэн хайрлаж, чин сэтгэлийнхээ гүнээс ямар их хүндэтгэн талархаж явдаг болох нь мэдрэгдэж байсан юм. Б.Мөнхжаргал:

- ӨМӨЗО-ны 70 жилийн ой яг энэ үед тохиож байна. Миний сэтгэл ч гэсэн маш өндөр, баяр хөөртэй байна. Өдий олон жил ер нь хэл соёлоо урлаг, утга зохиол зэрэг бүхий л тал дээр хайрлаад аваад явж байгаа энэ хүмүүст би чин сэтгэлээсээ баярладаг. Гайхамшигтай. Биширдэг. Бидэнд тэднээс сурч ойлгох, бас цааш нь дамжуулах зүйл маш их байна. Өвөр Монголчуудаараа бахархдаг. Яахын аргагүй цус нэгтэй, элэг нэгтэй. Зүгээр захын хүнтэй уулзахад л түүх яриад сууж байдаг. Маш гоё. Эх орон, түүхээ маш их хайрлана гэдэг бол “би хэн бэ” гэдгээ мэддэг агуу чанар. Ингээд яривал олон зүйл бий л дээ. Маш их бахархдаг гэдгээ л хэлэх байна гэж илэрхийлсэн юм.

Яруу эгшиглэнгээр түмнийхээ сэтгэлийг уярааж, аялгуу сайхан бүтээлээрээ алтан дэлхийг аргадаж яваа Монгол Улсын сор болсон өвөрмөц нэгэн уран бүтээлч Б.Мөнхжаргал ийнхүү бидэнтэй үнэтэй цагаа хуваалцахдаа ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярыг тохиолдуулан бүх Өвөр Монголчууддаа төдийгүй зон олондоо эрүүл энх, сайн сайхан, аз жаргалын дээдийг ерөөснийг уншигч танаа уламжилъя. Моддоосоо салж ядан эрхэлж буй шаргалхан навчсыг аргадсан тийм нэгэн аясын намуун салхитай Хөххотын үзэсгэлэнт намар эгшиг аялгуутай айзам нийлүүлэн хүн бүрийн сэтгэлийг хөгжимлөг сайхнаар хөглөсөөр...

                                                                                Э.ҮРЖИНХАНД

Найруулагч:Солонго мэдээллийн төв
Эх сурвалж:Солонго Мэдээллийн Төв
Мэдээ үзсэн:629
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой