Эмч хүний алдар мөнх

Эрхэм хүндэт уншигч танд Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн Бамбай булчирхай буюу бахуу өвчний салбарын эмч Сугартай хийсэн ярилцлагаа хүргэж байна.

- Анагаах ухааны салбарт хөл тавьсан түүхээсээ манай уншигчидтай хуваалцаач?

- Миний бие Өвөр Монголын Шилийнгол аймгийн Зүүн Үзэмчин хошууны уугуул. Анх эмч болоход нутгийнхаа Адьяа хэмээх нэртэй лам эмчид шавь орж, дараа нь монгол анагаах ухааны бамбай булчирхайн алдарт эрдэмтэн С.Үсрэлт багшид шавь орсон. 13 жилийн турш багшийгаа насан өөд болтол нь суралцаж дагасан. Хожим нь Өвөр Монголын Анагаахын дээд сургуулийг төгсөж, Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлэгт бахуу өвчний салбарын голлох эмчээр ажиллаж байна.

- Анх эмч болохдоо хөдөөний лам эмчээс сурч байсан гэлээ. Энэ тухайд?

- Анх эмч болох замд ороход Адьяа хэмээх лам эмчээс Монгол анагаах ухааны тухай сурч байсан юм. Манай монгол анагаах ухааны эртний лам эмчүүд сайн байсан. Тэд тухайн үед өөрсдийн эмийн найрлагаа өөрсдөө хийдэг. Харин одоогийн анагаах ухааны сургалтад бол 3-4 жил суралцаад ганц хоёр удаа л ууланд гарч эмийн ургамал түүдэг. Лам эм нар маань  өвөл, зун хаанаас түүхээ ч мэддэг. Одон зурхай, огторгуй, мал, дом гэх мэтээс эхлээд бүгдийг гүйцэтгэж чаддаг эрдэмтэй болохоор миний хувьд бишрэн хүндэтгэдэг.

- Таны ачит багш, монгол анагаах ухааны алдарт эрдэмтэн С.Үсрэлт багшийг бидэнтэй танилцуулна уу?

- Үсрэлт багш Өвөр Монголын Алшаа аймгийн уугуул, Монгол анагаах ухааны бахуу өвчний тусгай салбарын үүсгэн байгуулагч юм. “Монгол анагаах ухааны бахуу өвчнийг эмнэн засах онолын систем”-ийг үүсгэн байгуулагч билээ. Тэрээр 40-өөд жилийн хүчин зүтгэлээрээ 20 гаруй судалгааны нэртэй бүтээлээ туурвиж, Хятад улсын дотоод гадаадад 40 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл нийтэлж, Хятад улсын төрийн зөвлөлөөс олгосон нөхөн олговор хүртсэн мэргэжилтэн бөгөөд Хятад улсын  “Тав нэгийн хөдөлмөр”-ийн шагналыг хүртсэн. Мөн монгол анагаах ухааны салбарын цорын ганц “Эрүүл хамгааллын шинжлэх ухааны онцгой хувь нэмэр оруулсан шагнал”-ын нэгдүгээр зэрэглэлийн шагналыг хүртэн Хятад улсын үндэстний цөөнхийн анагаах ухааны мэргэжилтэн юм. Мөн “Дэлхийн уламжлалт анагаах ухааны насан туршийн ололт амжилтын шагнал”-ыг хүртсэн алдарт эрхэм билээ.   

- Бамбай булчирхай өвчний тухай?  

- Бамбай булчирхай өвчин их түгээмэл байдаг. Дэлхийн чанартай нэгэн төрлийн үргэлж тохиолддог өвчин. Ялангуяа бамбай булчирхайн өвчин хөнгөн өвчин биш. Хүний тархины хөгжилд хүнд ноцтой нөлөөлж, хойч үеийн өсөлт, бойжилт, оюун ухаанд нөлөөлөх хортой нөлөөтэй тул үндэстний, нийгмийн хөгжилтэй холбогдох олон нийтийн эрүүл мэндийн хүнд ноцтой асуудал болоод байгаа болохоор нийгэм, олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.

Бамбай буюу бахуу өвчний судалгаа нь шинэ мөртөө маш их хөгжиж байгаа шинжилгээ судалгаа юм. Бамбай булчирхай өвчний судалгаа нь 1909, 1977 онуудад хоёр удаа нобелийн шагналыг хүртэж байсан яруу алдартай. Нэгэн шинжилгээ судалгаа нь 68 жилийн хугацаанд нобелийн шагналыг хоёр удаа хүртсэн нь дэлхийд бамбай булчирхай өвчний шинжилгээнээс гадна бусад шинжилгээнд одоог хүртэл тохиож байгаагүй юм.

- Бамбай булчирхай өвчний талаар Монгол анагаах ухааны хөгжил ямар шатанд байна вэ?

- Манай монгол анагаах ухаан бамбай булчирхай өвчнийг нотолж эмчилсэн 400 гаруй жилийн урт удаан түүхтэй гэж судлаачид санал нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Энэхүү 400 гаруй жилийн хугацаанд монгол анагаах ухаан бамбай булчирхай өвчнийг эмчлэх талаар маш баялаг туршлага хуримтлуулж, хөгжүүлж, нарийвчлан судалж байна. Сурвалж бичиг, баримтаас үндэслэхэд, одоогийн байдлаар Хятад улсын Мин гүрний үеийн эцсээр зохиогдсон Ойрд монгол анагаах ухаанч Алтай эмч 1612 онд зохиосон “Рашааны шим найман гишүүнт нууц үбидашагийн үндэсний далд утгын тайлбар” гэдэг зохиол нь монгол анагаах ухааны хамгийн эртний цорын ганц сурвалж бичиг болж ашиглагдаж байгаа болохоор уг номд “Бахуу өвчин” хэмээн анх удаа тэмдэглэсэн байдаг. Мөн эдүгээгээс 187 жилийн өмнө Ли гэдэг эрдэмтэн уршигт бахууг монгол эмээр эмчилж байв. Европ анагаах ухаанд Ишбалжир 191 жилийн дараа хүхэрт хүчилтөрөгч пиримидинаар уршигт бахууг эмчлэх болов. Иймээс монгол анагаах ухааны уршигт бахууг таньсан ба эмчилсэн түүх нь европ анагаах ухаанаас эрт байгаа нь монгол анагаах ухааны нэг давуу тал болно.

Бамбай булчирхайг бахуу өвчин, ашиг өвчин гэж олон төрлөөр нэрлэдэг. Ийм өвчин угаас байсан ч тусгай салбар болгож чадаагүй байсан юм. Уг нь эмчилгээнд бахуу өвчний салбар гэж байгаагүй. Харин одоо бол бамбайн салбартай болсон. Насан өөд болж, бурхан болсон ачит багш С.Үсрэлт тус өвчний тухай 40-өөд жил судлаад, монгол анагаах ухааныг тусгай ийм нэгэн бамбай өвчний салбартай болгож хөгжүүлсэн. Мөн тус өвчний салбарыг европ анагаах ухаанд ч ийм нарийн ангилж чадаагүй билээ. Харин манай С.Үсрэлт багш бол уршигт бахуу нь ямар ямар байдаг хэмээн нарийн ангилж дүрэмжүүлсэн.

- Ашиг өвчний тухай нарийн ойлголт өгнө үү?

- Ашиг өвчин гэдэг нь мөн бамбай булчирхайг хэлж байна. Энэ нь хүний биеийн нэг хэсэгт өвчний урвалаас шалтгаалж мах хуримтлагдан илүүдэж, өсдөг нэг төрлийн өвчин бөгөөд өсөн нэмэгдэх нь адил бус байдаг. Эхэндээ өвчний илрэлгүйгээр үүсч нэлээд томорч байж биед нь мэдэгдэх шинж илрэх болно. Ялангуяа хорго ашиг нь насанд хүрсэн хүний  биед нэг их харшлахгүй мөртөө тийм хүнд шинж тэмдэг илэрдэггүй. Тиймээс зарим хүмүүс хэдэн арван жингийн ашгийг биедээ тээж ажил хөдөлмөрийг эрхэлж чадаж байгаа учир нь үүнд байна. Ашиг өвчин бол ердөө толгой, хүзүү, эгэмний ар, дал мөр, дөрвөн мөч, сүүж, үе мөч чихний ар орчим, цаашилбал биеийн дотор гадна гэж ялгахгүй гардаг боловч толгой хүзүү, чихний ар орчмоор гарах нь олон байдаг. Хурц, халуун, исгэлэн идээ ундаа (архи, тамхи, халуун ногоо, сонгино, сармис, таана)-ыг хэтрүүлэн хэрэглэсэн, сэтгэл санаа тогтворгүй тайван бус байх, ядаргаа ихтэй буюу үргэлж гуньж гутрах, уурлаж бухимдах нь тус өвчнийг үүсгэх нөхцөл болно.

- Гаднынхан танай эмчилгээнд яаж ханддаг вэ? Танаас үргэлж эм залдаг уу? 

- Монгол эм бол нэгдүгээрт уухад амар, авч явахад хялбар байдаг. Эм тохирвол тэр дор нь өвчнийг анагаадаг. Мөн өвчин эмгэгийн үндэс суурь, хорыг сайн арилгаж чаддагаараа онцлогтой. Тэр тусам үнэ ханшны хувьд ч хямд байдаг. Мөн бамбай булчирхай бол дотоод шүүрлийн өвчний нэг салбар юм. Өвөр Монголын өөр эмнэлгүүдэд олон байдаггүй. Өвөр Монголын бусад орон нутгуудаар бол Шилийнхотын монгол эмнэлэг зэрэг хэдхэн эмнэлгүүдээр л байдаг ховорхон салбар юм. Эдгээр олон шалтгааны улмаас надаас эм залж байгаа гадаад дотоодын хүмүүс олон байна гэж бодож байна.

- Зарим өвчтөн гормон ууж өвчнөө намдаадаг гэж сонслоо. Таны бодлоор?

- Европ анагаах ухаанд гормон байнга хэрэглэдэг. Бид эмчлэхдээ гормон уусан хүмүүсийн гормоныг нь шууд зогсоодоггүй. Энэ нь маш эрсдэлтэй байдаг. Харин уужуу тайван эмчилж байгаад гормоны хэрэглээг нь багасгасаар зогсоодог. Энгийн тохиолдолд гормон уух нь хүний биед маш хортой. Одоогийн байдлаар европ эмнэлэгтэй монгол эмнэлгийг хослуулан эмчилж байгаа эмч нар бас гарч байна.

- Цаг зав гарган бидэнд үнэтэй зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Ажлын өндөр амжилт хүсэж байна.

- Та бүхэнд маш их баярлалаа.

Зохиогч:Ярилцсан: Т.БУЯНХИШИГ
Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:135
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой