100 сая юанийн “үнэтэй” жүжигчин бүсгүй

Хятадын алдарт жүжигчин бүсгүй Сүнь Ли: 1982 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Шанхай хотод төржээ. 2001 онд Сингапурт болсон бүжгийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, урлагийн гараагаа анх эхлүүлсэн бол 2004 онд 22 дахь удаагийн Алтан Бүргэд кино наадмаас хамгийн шилдэг эмэгтэй жүжигчний өргөмжлөл хүртсэнээр түүний кино урлагийн алтан зам тавигдаж эхэлсэн аж.

Хятадын алдарт жүжигчин Сүнь Ли

“Хатан” Сүнь Ли хэмээн Хятадын кино урлагийн тавцанд сүүлийн жилүүдэд алдарших болсон энэхүү бүсгүйн тоглосон 74 ангит “Цэцэгс дэлгэрч, сар тэргэлшсэн тэр жил” киног саяхан нэвтрүүлж дууссан билээ.

Албаны бус мэдээллийг үндэслэвэл Сүнь Ли уг киноны анги бүрээс 1,2 сая юанийн харамж авсан гэжээ.

Сүнь Ли

Энэхүү бүсгүй 2012 онд “Жэнь Хуань хатны намтар” нэртэй 76 ангит кинонд амжилттай дүр бүтээснээр Хятадын кино урлагийн тавцанд алдар нэр нь мандсан бөгөөд уг киноны анги бүрээс 300 мянган юань авч байсан бол 2015 онд 81 ангитай “Ми Юе хатны намтар” кинонд тоглоход үнэ нь өсөж, анги бүрд 700 мянган юань болжээ. Ийнхүү гурван удаагийн олон ангит киноноос нийт 170 сая юань авсан гэдгээрээ Хятадын кино урлагийн салбарт шуугиан тарьсан аж. Хэдий тийм боловч түүний тоглох ур чадвар, кино урлагийн төлөөх чин үнэнч үзэл баримтлал нь энэхүү үнэ өртөгтэй тэнцэж чадна гэдгийг кино урлагийн салбарынхан мөн санал нэгтэй баталж байгаа юм байна.

“Жэнь Хуань хатны намтар” кино

Жэнь Хуань хатны дүрд тоглосон Сүнь Ли

“Жэнь Хуань хатны намтар” кинонд Манж Чин гүрний үеийн хатдын хоорондох зөрчил мөргөлдөөнийг бичсэн бол Сүнь Ли тус киноны гол дүрд тоглож, Жэнь Хуань хэмээгчийн хааны татвар болж ордонд орсноос эхэлж, алхам алхмаар байр сууриа дээшлүүлж, бусдад хорлогдож, бусдыг хорлож эцэстээ хүүгээ хаан болгосон бүхий л амьдралынх нь ер бусын түүхийг харуулсан байдаг.

“Ми Юе хатны намтар” кино

Ми Юе хатны дүрд тоглогч Сүнь Ли

“Ми Юе хатны намтар” кинонд Байлдаант төрийн Чинь, Чү хоёр улсын үеийн түүхийг бичжээ. Чинь гүрний хүчирхэгжин мандсан түүхэнд Ми овогтой нэгэн хатан маш их хувь нэмэр үзүүлсэн бодит түүхээс сэдэвлэж энэхүү киног бүтээсэн бол жүжигчин Сүнь Ли киноны гол дүрд тоглож, Ми Юе хатны гайхалтай, аугаа нэг насыг амжилттай тодруулан харуулсан байдаг.

 “Цэцэгс дэлгэрч, сар тэргэлшсэн тэр жил” киноны гол дүр Жөү Иний дүрд 

Хамгийн сүүлд тоглосон “Цэцэгс дэлгэрч, сар тэргэлшсэн тэр жил” кинонд Манж Чин гүрний эцэс, Иргэн улсын эхний үеийн Шанши мужийн Ү овогтой баян худалдаачин айлын мандаж доройтсон түүхийг бичжээ. Эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурь доор байсан тухайн нийгэмд Жөү Ин хэмээгч гол дүрийн бүсгүй нөхөр болон хадам аавынхаа хилсийг цагаатгаж, Ү овогт айлыг авран тэтгэхийн тулд зовлон зүдүүрийг туулан, хичээн зүтгэж, эцэстээ Шанши мужийн хамгийн баян, хамгийн том худалдааны “Эзэнт гүрэн”-г байгуулсан түүхийг бичжээ.  

Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:437
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой