Монгол анагаах ухааны хөгжлийн шинэ туурвил “Эрүүлийн үндэс Хүсэхүй”

Хүсэхүй эмнэлгийн хороо: Өвөр Монголын хувийн хэвшлийн анхны монгол эмнэлэг юм. 2016 оны 3 дугаар сард албан ёсоор ашиглалтад орсон. ӨМӨЗО-ы төв Хөххотын Сайхан дүүргийн Хянган урьд гудамжинд байрладаг, 3000 метр квадрат бүхий талбайтай энэхүү эмнэлэг нь эрүүл мэндийн шинжилгээний төв болон монгол анагаах ухааны төв гэх хоёр хэсгээс бүрдсэн. Ван Шөүдун, Ли Юйтан, Бао Хайшань, Ерэнтэй, Шинжилхүү, Ван Нинбө, Бао Чиншань, Чулуу, Буяндалай зэрэг монгол анагаах ухааны нэр хүндтэй мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж байгаа залуухан боловч чанарлаг эмнэлэг юм.

    Эмнэлэг гэхээр та бүхэн яаж төсөөлдөг вэ? Эм үнэртсэн, энд тэндгүй цагаан халаадтай эмч сувилагчид сүлжилдсэн, хаалга бүрийн хажууд байрлуулсан хатуу сандал дээр хаширсан царайтай хүмүүс сууж, хаа нэгтээ хана хэрэм дээр наасан харахаас нүд алдам зургийг сонирхсон тийм л дүр төрх төсөөлөгдөнө биз? Тэгвэл та хоцрогдсон. Эзэн Чингис хааны билэг сургаалын эрүүл биеийг дээдлэх ур ухааныг шингээсэн “Эрүүлийн үндэс Хүсэхүй” хэмээх нэгэн монгол эмнэлэг Хөххотноо үүдээ сөхөж, өрхөө татаад байна. Эмнэлэг эмнэлгийн дундаас өөр гэгдэх энэхүү эмнэлэг чухам юугаараа өөр болохыг та бүхэндээ танилцуулъя.

Хүсэхүй Монгол эмнэлэг

“Хүсэхүй”-н мэндэлсэн түүх

“Бүгдээрээ зөвлөвөл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэг. Найзууд хоорондоо ярьж хөөрч суухдаа нэгнийхээ саналыг дэмжиж, зөвлөх явцдаа чанаржуулсаар их үйлийг шийдэх тохиолдол зөндөө байдаг. Хүсэхүй эмнэлэг яг л ингэж мэндэлсэн аж.

Өвөр Монголын Хүсэхүй Монгол эмнэлэг

- Би урьд нь Эрүүл мэндийн шинжилгээний төв ажиллуулдаг байлаа. 2015 онд төвийн маань 10 жилийн ойн баяр тохиож, 2 дугаар сарын 8-ны өдөр зохиогдсон тэмдэглэх арга хэмжээний үеэр энэхүү төвөө монгол эмнэлгийн хороо болгон өргөтгөх саналаа найзууддаа ярихад бүгд их л дэмжсэн. Тэгээд ямар нэр өгөх тухай ярьж суутал Төрбаяр ах маань “Хүсэхүй” гэж нэрлэх санал тавьсан юм гэж Хүсэхүй монгол эмнэлгийг үүсгэн байгуулагч, Өвөр Монголын залуу үеийн бизнес эрхлэгчдийн холбооны ТУЗ-ын дарга Бөхсод ярив.

Эмнэлэг ажиллуулна гэдэг тийм ч хялбар ажил биш аж. Тэр тусмаа албаны том том эмнэлэгтэй зэрэгцүүлэн хувиараа эрхэлнэ гэдэг бүр ч хэцүү. Хэдий тийм боловч монгол соёлын нандин өв уламжлал болсон анагаах ухаанаа хөгжүүлэх, малчин монгол түмнийхээ архаг ужиг өвчнийг эмнэхэд дэм тус болох бодолдоо хөтлөгдөн Бөхсод шинэ үйлсийн гараагаа эхлүүлсэн байна.

- Хүсэхүй хэмээх нэрэнд гурван санааг агуулсан байгаа. Нэгдүгээрт, мэдээж Юань улсын үеийн Монгол хаадын идээ, ундаа, шим тэжээлийг хариуцдаг дотоод эмч, түшмэл Хүсэхүй хэмээгчийн суу ухаан болон түүний найруулсан аугаа бүтээл “Идээ ундааны жинхэнэ товч” номд бичиж үлдээсэн эрүүл мэндийн тухай үнэт зүйлсийг өвлөж явахын бэлгэдэл болгож энэ нэрийг санал болгосон. Хоёрдугаарт, Хүсэхүй гэдэг үгийн хувьд “хүс, хүсэх” язгууртай байдгаараа мөн хүсэл эрмэлзэл, итгэл шаардлагын төлөөлөл болдог. Улмаар эрүүл мэнд, энх сайхан бие сэтгэлийн төлөө хүсэл тэмүүллээр өөрсдийнхөө хийж байгаа үйлсийн зорилт зорилго болгох санаагаа бэлгэдэн энэхүү нэрийг хайрласан билээ. Гуравдугаарт, зөвхөн монголчууд төдий л биш, дэлхий нийтийн олон улс үндэстний ард түмэн бүгд бие махбод эрүүл, билэг ухаан саруул байхыг эрхэмлэн дээдлээсэй гэх нандин хүслийг өвөрлөж Хүсэхүй хэмээх нэрийг хайрласан гэж энэхүү монгол эмнэлгийн маркетингийн менежер Төрбаяр бидэнд танилцуулсан юм.

Эмнэлгийн орчин 

XIV зуунд Монголын уламжлалт хүнсний хэрэглээ, түүнийг зохистой, зохицуулан хэрэглэх мэдлэг, ухаан улам баяжин хөгжсөний нэгэн гэрч бол Хүсэхүйн найруулсан "Идээ ундааны жинхэнэ товч" зохиол билээ. Энэхүү бүтээлийг 1314-1320 оны хооронд хятад хэлээр найруулан бичиж, 1330 онд дуусгасан гэдэг. "Идээ ундааны жинхэнэ товч"-д Монгол үндэстний идээ, ундаа, шимжүүлэн засах аргын талаар баялаг туршлагууд орсон байдаг. Хүсэхүй монгол эмнэлэг суу билэгт дээдсийнхээ энэхүү нандин өв соёлыг малчин монгол түмэндээ түгээн дэлгэрүүлж, эрүүл бие, саруул ухаантай байлгах их үйлд хувь нэмэр оруулахаар хичээн зүтгэж байгаа аж.

Шинэ, хуучныг уялдуулан шилдэг үйлийг бүтээнэм

Хүсэхүй монгол эмнэлгийн орчин нөхцөл маш өвөрмөц. Эзэн богд Чингис хааны билэг сургаал, бие махбод, байгаль орчлонгийн эв зохицлыг тайлбарласан зураг, Оточ бурхны хөрөг гэх зэргээр харааны таашаал, сэтгэлийн гэгээрэл болохуйц зүйлсээр хана хийгээд орчин тойрныг чимсэн нь өвдөж шаналсан хүний сэтгэл ч тайвширна.

Бүтээлч санаа бүхий эмнэлгийн орчин 

- Монгол анагаах ухаанд байгаль ертөнцийг шороо, ус, гал, хий, огторгуй гэсэн таван махбодоос бүрдсэн гэж үздэг ба хүн бол байгалиас ирсэн учраас хүний биеийг ч байгальтай адил үздэг. Шороо бол үндсэн махбод, мөн хүн бүрэлдэхийн үндэс юм. Огторгуй бол хүний оршин амьдрахын нөхцөл. Хий, гал, ус бол хүний амь нас, эрүүл мэндийг захирдаг. Энэ гурван махбод тэнцвэртэй бол хүн эрүүл саруул байж чадна. Эсрэгээрээ энэ гурван махбод тэнцвэрээ алдвал өвчин болдог. Энэ бол үндсэн онол, монгол эм эмнэлэг ирээдүйд ч гэсэн энэхүү онолоороо хөгжих болно гэж Хүсэхүй монгол эмнэлгийн захирал Бао Хайшань ярьж байлаа.

Хүсэхүй монгол эмнэлгийн захирал Бао Хайшань оношилгоо хийж буй нь 

Хүсэхүй монгол эмнэлгийн хороог үүсгэн байгуулагч Бөхсод таван махбодын зургийг тайлбарлан ярьж буй нь 

Хүсэхүй монгол эмнэлэг судас барих, илж нухлах, халуун жин тавих, зүү төөнүүр, зэс соруул, гал засал, цайны засал зэрэг уламжлалт анагаах ухааны арга барилаар архаг өвчнүүдийг засдаг бөгөөд хамгийн шинэ үеийн техник мэргэжлийг ашиглан өвчин оношилж байна.

- Монгол анагаах ухааныг орчин үеийн шинэ мэргэжилтэй уялдуулбал өвчин эмнэхэд маш сайн үр дүн гаргаж чадна. Жишээ нь, монгол эмээр хорт хавдрыг эмчилж болно. Сайн эмнэдэг л бол хорт хавдар гэдэг аймшигтай өвчин биш. Огтолж хагалахгүйгээр эмчилж эдгээж болно. Энэ бол монгол эм эмнэлгийн давуу тал. Гэхдээ оношилж, өвчний үүслийг тогтоох тал дээр орчин үеийн техник мэргэжлийг ашиглах нь тэргүүн дээд сонголт гэж миний хувьд үзэж байна хэмээн Монгол анагаах ухааны нэр хүндэт эмч, Хятад улсын үндэстний уламжлалт анагаах ухааны холбооны дарга, Хүсэхүй монгол эмнэлгийн эрхлэгч эмч Ерөнтэй гуай ярьсан юм.

Эмнэлгийн дотоод орчин 

Хүсэхүй монгол эмнэлэг алс хол хөдөө орон нутгийн малчдад тус дэм болох үүднээс алсаас оношлох техник, мэргэжлийг ашиглаж байна. Тухайлбал, зүрхний бичлэгийг алсаас хянах аргыг ашиглан оношилгоо хийх болжээ.

- Зүрхний архаг гэдэг энгийн үед зүрхний бичлэгээр оношлогдохгүй тохиолдол байдаг. Харин өвчин нь хөдлөх үед бичлэгээр мэдэгддэг учир байнгын шинжтэй эмнэлэгт хандах боломжгүй хүмүүст зориулан энэхүү үйлчилгээг нээсэн. Зүрхний бичлэгийг хийж байгаа хүний мэдээллийг бид эндээс харж, дахин нарийн мэргэжлийн эмч нараар оношлуулж, өвчтөнд санал зөвлөгөө өгдөг гэж Бөхсод танилцуулж байв.

2017 онд Хүсэхүй монгол эмнэлэг “Монгол анагаах ухааны үүлэн тавцан”-г албан ёсоор эхлүүлж, “Монгол анагаах ухааны туршлагын шинжлэх ухаан + Орчин үеийн техник мэргэжлээр эрүүл мэндийг удирдах + Интернэт сүлжээ + алсаас эмчлэх”-ээр гол цогц болгож, Вичат тавцанг ашиглан монгол анагаах ухааны мэргэжилтэн болон өвчтөн үйлчлүүлэгчдийг холбосон үйлчилгээний тавцанг бүтээсэн байна. Уйгагүй хичээл зүтгэл, хүч ухааных нь хариуд “Монгол анагаах ухааны үүлэн тавцан” төсөл нь Хятад улсын хэмжээний “Шинийг санаачилж, шилдгийг бүтээх тэмцээн”-ий олон даваатай шалгаруулалтыг даван, ерөнхий шигшээ тэмцээнд нэр дэвшсэн билээ.

Хятад улсын хэмжээний “Шинийг санаачилж, шилдгийг бүтээх тэмцээн”-ий өргөмжлөл 

Малчин түмэндээ ээлтэй "монгол эмнэлэг"

“999 юанийн үнэтэй эрүүл мэндийн шинжилгээг 999 малчинд үнэ төлбөргүй хийнэ”. Энэ нэр төдий уриа биш. Хүсэхүй монгол эмнэлэг энэхүү арга хэмжээг энэ оны 3 дугаар сараас хэрэгжүүлж эхлээд тодорхой амжилтад хүрээд байна.

- Малчид хөл дээрээ тогтож чадаж л байвал их хотын эмнэлэгт ханддаггүй. Учир нь, таньж мэдэхгүй газар хэл ойлголцохгүйгээс санаа зовно. Хоёр, асар их үнэ төлбөрийг нь төлөхөд хэцүүхэн байдаг зэргийг бодож бид 999 малчинд 999 юанийн үнэтэй эрүүл мэндийн шинжилгээг үнэ төлбөргүй хийх үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Өнөөдрийг болтол үргэлжилсээр байгаа гэв.

"999" арга хэмжээнд хамрагдсан малчид 

- Манай эмнэлэгт ирж шинжилгээ өгсөн малчдыг бид баг багаар нь хувааж Вичатын групп байгуулдаг. Тэгээд хүн тус бүрийх нь өвчний түүхэд хандуулж, эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг. Гэхдээ зөвхөн шинжилгээ өгч байсан гэлтгүй, хүссэн бүх хүмүүс манай эмнэлгийн эмч нарын Вичат группд хандаж болно. Бид эрүүл мэндийн зөвлөгөөгөө үнэ төлбөргүй өгөхөд бэлэн. Шаардлагатай үед мөн орон нутгаар явж эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг гэж Хүсэхүй монгол эмнэлгийнзахирлын туслах, монгол анагаах ухааны мэргэжилтэн Бао Чиншань танилцуулсан юм.

Хүсэхүй монгол эмнэлэг эрүүл мэндийн шинжилгээний тал дээр малчдад хөнгөлөлт үзүүлдгээр барахгүй өвчний оношилгоо, эмчилгээний тал дээр ч малчдын сэтгэлд хүрч байгаа юм.

- Эхнэрийн хамт ирсэн. Бид үе мөчний архаг өвчтэй. Хөл их өвддөг. Олон ч эмнэлэгт хандаад сайн болоогүй. Хүсэхүй монгол эмнэлэг монгол уламжлалт аргаар бариа засал хийдэг гэж сонсоод ирсэн. Ирээд хоёр долоо хонож байна. Эмнэлгийн орчин нөхцөл, үйлчилгээ, бүх зүйл маш таалагдаж байна. Хүмүүс хотын эмнэлэгт хандахдаа таних хүнгүй гэж санаа зовдог. Хүсэхүй эмнэлгийн хамгийн давуу тал нь эндээ байна гэж бодож байна. Эмч сувилагчдын ихэнх нь монгол учир хэлгүй гэж санаа зоволтгүй. Миний хувьд мөнгөн зүү, гал засал хийгээд үр дүн сайтай байна. Одоогийн байдлаар эмчилгээгээ зогсоогоод эм ууж эхэлсэн хэмээн Шилийнгол аймгийн Хөвөөтшар хошууны малчин Гэрэл олзуурхан ярьж байлаа.

Уламжлалт аргаар эмчилгээ хийж буй нь

2017 оны 8 дугаар сард Шилийнгол аймгийн Сөнид Баруун хошуу Өвөр Монголын Эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгуулсан “Хөдөө орон нутагт үйлчилгээ үзүүлэх, эрүүл мэндээр ядуурлыг бууруулах” арга хэмжээг туршилтаар хэрэгжүүлэх бүс нутгаар сонгогдсон байна. Тус хошууны Эмэгтэйчүүдийн холбоо зэрэг холбогдох байгууллага нэгж энэхүү алтан боломжийг идэвхтэй хүлээн авч, малчдыг удирдан Өвөр Монголын Хүсэхүй эмнэлэгт хандан, үнэ төлбөргүй эрүүл мэндийн шинжилгээ хийх болжээ. Хоёрхон сарын хугацаанд 600 гаруй малчин арга хэмжээнд хамрагдсан байна. Хүсэхүй эмнэлэг мөн мэргэжил сайтай эмчийн багаар Сөнид Баруун хошуунд 4 удаа бууж, малчдад эрүүл мэндийн зөвлөгөө өгч, “Эрүүл мэндийн хичээл” зааж, өвчнөөс хэрхэн сэргийлэх, эсэргүүцэх, эмчлэх зэрэг мэдлэгийг уламжилсан байна. Энэ бүх үйлчилгээ малчдын сэтгэлд хүрсэн байна.

Малчдын өндөр үнэлгээг хүртлээ

Монгол анагаах ухааны үнэт өвийг уламжлан хөгжүүлж, түүнд нуугдсан суу ухааныг түгээн дэлгэрүүлэхээр хичээн зүтгэж яваа Хүсэхүй монгол эмнэлгийн ирээдүй гэгээн саруул байх болтугай. Монгол түмэнд маань эрүүл бие, саруул ухаан орших болтугай.

Хүсэхүй эмнэлгийн хамт олон 

Зохиогч:Нийтлэл: С.Урьхан
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго сайт
Мэдээ үзсэн:321
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой