Сөнидийн талыг сэтгэлээрээ анирлахуй

Сөнидийн талыг сэтгэлээрээ анирлахуй


Эх байгалийн эчнээ нууцлаг бүхнийг хурц ухаан сэргэг мэдрэмжээр танин, тал нутгийн өвс ургамлыг ч аминчлан үзэж, нэг насныхаа цуглуулсан бүхнээ ном судар болгон тэмдэглэж, үр хойчдоо өвлүүлэн үлдээхийг зорьдог буянтай хүмүүсийн нэг Ван Чанрүн байлаа.


Сөнид зүүн хошуунд ургамлын музей нээгдлээ гэж сонсоод сурвалжлахаар очсон юм. Уг музейд Сөнид нутагт ургадаг бүх төрлийн ургамлыг өрөөний хаяаг дагасан шилэн лангуунд хийж өлгөн дээр нь монгол, хятад, англиар нэрийг нь хадсан байв.
- Энд 500 гаруй төрлийн ургамлын загвар бий гэж музейн дарга танилцууллаа.
- Ёстой шинэлэг зүйл бүтээсэн байна. Анх хэн санаачилсан бэ?
- Манай хошуунд Ван Чанрүн хэмээх ахмад байсан. Ван Чанрүн гуай насаараа цуглуулсан бүхнээ үнэ төлбөргүй бидэнд өгснөөр энэ музей байгуулагдсан.
Ийм их хөдөлмөр гаргаж нэг насаараа цуглуулсан зүйлээ үнэ төлбөргүй хандивласан тэр их уужим сэтгэлтэй хүнтэй уулзахаар бид Шилийнхотод хүрлээ.
Бид Шилийнхотын нэг жижигхэн цайны газар Ван Чанрүн гуайтай уулзлаа. Ван Чанрүн 1946 онд Хэбэй мужид төржээ. 1971 онд Өвөр Монголын Тариалангийн Их Сургуулийг дүүргээд Сөнид зүүн хошуунд ажиллах болжээ.


70-аад оны Сөнид зүүн хошуу ядуу буурай, эдийн засаг хөгжөөгүй, тог цахилгаан нэвтрээгүй болохоор хамт ажиллахаар ирсэн хүмүүс нь тун удахгүй буцсан гэдэг. Гэтэл Ван Чанрүн хатуу бэрх орчинд халширч цөхрөлгүй, сумын энгийн ажилтнаас хошууны шинжлэх ухаан мэргэжлийн зөвлөх болж дэвштэлээ хичээн ажилласаар 2006 онд гавьяаныхаа амралтад гарчээ.
Өөрийн сурсан мэргэжлээр ажиллаагүйдээ харамсаж явдаг ч Сөнид нутгийн өвс ургамалд аль эртнээс анхаарал тавьсаар ирсэн биана. Түүний бодлоор энгийн нэгэн өвс ургамал нүүдэлчин үндэсний түүхийг өгүүлж, тал нутгийн соёл иргэншлийг харуулсан байдаг гэнэ.


“Дурд шаргүй” гэдгээр Ван Чанрүн баярын өдөр, амралтын өдрүүдээр хээр хөдөө явдаг болж, олон төрлийн өвс ургамал түүж авч ирэн хатааж хадгалдаг болжээ. Мөн ном судар эргүүлэн судалгаа хийнэ. Гэргий нь “Гэрт хог новш цуглуулж байх юм. Тусгай мэргэжилтэн хийх ажлыг чи хийж чадах уу?” гэж узаарлана. “Сөнидийн талын өвс ургамал үснээс олон, хэрэггүй зүйлд цагаа үрж байх юм” хэмээн ажлынхан нь ундууцна. “Аав ургамал ургамал гээд амьдралаа ойшоохгүй болж байна” гэж хүүхдүүд нь гоморхоно.
Тэрээр 30 гаруй жилийн хугацаанд 500 гаруй ургамлыг цуглуулан, Сөнид нутгийн хаана нь ямар ургамал ургадгийг алганы хээ шигээ мэддэг болжээ. Ургамлын ухаан гэдэг энгийн хүний хэлдэг шиг хэдэн өвс ургамлын нэрийг мэдээд болох биш. Харин энэ ургамал ямар язгуурын, ямар төрлийн, ямар шинж чанартай болохыг тодорхойлох хэрэгтэй. Иймээс өдөр бүр ажил тарсны дараа ургамлын толь бичиг эргүүлж, веб сайтаас нарийн судалгаа хийдэг байжээ. Мөн тусгай мэргэжилтнүүдтэй санал бодлоо солилцон, түүж цуглуулсан ургамлын нэр, шинж чанарт баттай дүгнэлт хийнэ.


Хичээл зүтгэл хүнийг амжилтруу хөтөлдөг. Ван Чанрүн 30 гаруй жилийн хөдөлмөрийн амжилтын үр дүнгээ хүртэж явна. Түүний “Сөнид зүүн хошууны эмийн ургамлын эрдэс баялаг”, “Сөнид зүүн хошууны хээрийн зэрлэг ургамлын эрдэс баялгийн судалгаа” зэрэг бүтээл нь ӨМӨЗО-ы шинжлэх ухааны үр дүнгийн жагсаалт багтаж, Шилийнгол аймгийн мэргэжлийн зэргийн шагналын гуравдугаар байрын эзэн болжээ.
“Сөнид зүүн хошууны хээрийн зэрлэг ургамлын эрдэс баялаг” хэмээх бүтээл нь 150 мянган үсэгтэй бөгөөд энэхүү бүтээлдээ 67 язгуурын 240 төрлийн ургамал, 245 төрлийн эмийн ургамлыг тэмдэглэн оруулжээ. Цуглуулсан 500 гаруй ургамлын загварыг 2009 онд Сөнид зүүн хошууны музейд үнэ төлбөргүй хандивласан байна.


Ололт амжилтандаа сэтгэл ханахгүй урагш тэмүүлдэг нь ажилч хөдөлмөрч хүний нийтлэг зан. Тэрээр 40 гаруй жилийн турш Сөнид нутгийн өөрчлөлтийг өөрийн биеэр өнгөрүүлж, байгаль орчны хувьсал өөрчлөлтөд сэтгэл уягдаж ирсэн юм. Далан насны босгон дээр байгаа ахмад буурай маань 2015 онд “Цэцэгсийн далай Сөнид” гэх гэрэл зургийн номоо хэвлүүлжээ.

 

Зохиогч: Наранхүү, Гэгээнтуяа
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:"Солонго" мэдээллийн төв
Мэдээ үзсэн:611
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой