“Хөг аялгуу”-аар хүүхдийн хорвоо уянгална

Сү.Хөгжилтийн “Хөг аялгуу” цомгийн нээлт саяхан боллоо.

Сү.Хөгжилт ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Шулуун хөвөөт цагаан хошууны Баянбулаг суурингийн хүн. Одоо Шилийн хотын Монгол бага сургуулийн дууны багшаар ажиллаж байна.

“Модон хуур”-аар хүүхэд нас уянгална 

Мөнгөн шөнийг чимсэн одод шингэрч үүр хаяарлаа. Модон авдар дээр радиогоор дуу сонстож, нэг жаал хүү түүний дэргэд уяатай байлаа. Энэ хүү бол бидэнд аль хэдийн танил болсон Сү.Хөгжилт болно.

80-аад оны эхээр бүх юм ховор байсан он цаг билээ. Сү.Хөгжилт бага наснаасаа дуу хөгжимд дуртай. Тоглох хөгжимгүй, сонсох дуугүй байсан тэр үед радигоор тавих дууг хурдан гэгч сонсож аваад цээжлэх нь хүүхдийн хамгийн том аз жаргал байсан юм.

- Биднийг бага байхад дууны цомог байгаагүй. Зөвхөн радиогоор тавих дууг сонсоод сурдаг байсан. Радио нь дахин тавих боломжгүй учир хурдан цээжлэх хэрэгтэй байдаг хэмээн Сү.Хөгжилт бага насаа дурслаа.

Шанхай хийцтэй бандууди

Шагналд ирсэн бэлэг дээ хө

Шаламгай сайн ажил хийлээ гээд

Шагнуулж ирсэн бэлэг дээ хө...

Дархан дуучин Лаажав гуайн “Шанхай хийцтэй бандууди” хэмээх дуу энэ өглөө радиогоор дуулагдаж байна. Түүнээс хойш “Шанхай хийцтэй бандууди” дуу Сү.Хөгжилт нар унаган найз бололцжээ.

Нар баруунаа ташиж, “гал шарга” (модон морь)-тай хүү гэр зүгээ сийлбэрлэж айсуй. Хоёр хөл нь салхи мэт хийсэж, амандаа дуугаа аялна.

- Хүү минь “Шанхай хийцтэй бандууди”-г сайхан дуулдаг болсон байна шүү.

- Харин тийм ээ, одоо ч манай хүний нар гарах байх аа гээд Сү.Хөгжилтийн аав ээж нь ярих зуураа “модон хуур”-аа гаргаж тавилаа. Энэ бол түүний нагац аавын хийж өгсөн “модон хуур” болно.

- Тэр “Модон хуур” хоёр утастай байсан. Би жиг жуг гээд л нэг ая гаргаад хөгжимддөг байсан гэлээ. “Модон хуур” бол түүний анхны хөгжим юм. Сү.Хөгжилтийг дунд сургуулийн ахлах ангид ороход аав ээж нь бэлэг болгож хоёр дахь хөгжмийг авч өгчээ.

- Аав ээж минь арваад хонь ямаагаа худалдаж байгаад надад нэг электрон хөгжим авч өгсөн шүү. Би түүнээ үүрээд л уран бүтээлийн аянд мордсон гэж ярих үгнээс аав ээжийнхээ хүүдээ ивлэсэн хайр сүүний үнэртэй байлаа.

“Хөг аялгуу”-гаар хүүхдийн хорвоо уянгална

“Модон хуур”-аа хуурдаж байсан хүү өнөөдөр ардын багш болж, хүүхдүүдэд дууны буяныг дэлгэрүүлж явна. “Хөг аялгуу” бол хүүхдэд барьсан нандин бэлгийн нэг болно.

- Хорин хэдэн жилийн турш бага сургуулийн дуу хөгжмийн сургалтын үр дүнгээс гарсан цомог юм. Тус цомогт нийт 19 дуу орж, сурагчдын бодол сэтгэхүй, зан ааш, сонирхолд тохирсон эх байгалийг хайрлаж хамгаалах, монгол үндэстний зан заншлаа өвлөж эрхэмлэх, аав ээж, багш ахмад настнуудаа хүндэтгэх, найз нөхдийн хайр, эв найрамдлыг эрхэмлэх зэрэг агуулга бүхий гоцлол дуу, хослол дуу, гурвал дуу, дөрвөл дуу, найрал дууны бүтээл болно. Бяцхан дуучдыг Өвөр Монголын хэмжээнд уралдаан зарлан элсүүлж авсан.

- Хүүхдийн дуу хийнэ гэдэг маш нарийн мэдрэмжтэй ажил юм. Хэлэхэд амархан ч хийхэд хүнд байдаг. Нэгдүгээр ангийн хүүхэд үсэг бичиг танихгүй болохоор шүлгийн хувьд авсаархан, хоолойн өнгө өндөр байж болохгүй, ая нь богино байдаг. Зургаадугаар ангийн хүүхэд бол хүмүүжлийн талаар мэдүүлж эхлэхийг зорьдог хэмээн хорин хэдэн жил туулж ирсэн зам мөрөөсөө хуучлав.

Тэнгэрлэг богд Чингисээ хайрлая

Дэлхийд ганцхан хөх Монголоо хайрлая...

“Хайрлая” хэмээх дуу бол Сү.Хөгжилтийн үг аяар бүтсэн ууган бүтээл болно.

- Би дууны шүлгийг харж байж ая бичдэг. “Хандгайн жавхаа” хэмээх дуу бий. Энэ дууг би хүүхдүүд хөл бөмбөг тоглож байхад хажууд нь харж байгаад бичсэн юм. “Хайрлая” дууг анх удаа би өөрөө үгийг нь бичсэн. Хүүхдэд үндэстний зан үйлээ хайрлах хүмүүжил хүртээх зорилготой гэв.

19 дуу 19 агуулгатай, 19 дууг хүүхдэд хайрласан ухаан нь тэр холынх байлаа. “Төрсөн өдрийн дуу” бол түүний оюутан байхдаа зохиосон дуу юм. Тухайн үед анд найзууд нь төрсөн өдөр болох бүрд харь гүрний төрсөн өдрийн дууг дуулдаг. Тэгээд монгол төрсөн өдрийн дуутай болно хэмээн ангийн анд Б.Тогтомжтой хамтран энэхүү дууг зохиож дуулагдаад 20 жилийн нүүрийг үзжээ.

- Энэ цомгийнхоо “Шаазгай”, “Миний ангийн найзууд”, “Өвөг эмээдээ очъё” гэсэн 3 дууны үгийг бичсэн. Хүүхдүүд тайзан дээр миний дууг дуулахад маш жаргалтай санагддаг. Сү.Хөгжилтийн уран бүтээл нь хүүхдэд маш их хүрдэг хэмээн Д.Бөхжаргал ярьж байлаа.

- Хүүхдийн дуу олон олноор гарах шаардлагатай. Миний хувьд хүүхдийн уран бүтээлийн ажил “Хөг аялгуу”-аар үргэлжлэх болно. Үндэстний онцлогоо хадгалахын зэрэгцээ дэлхийн хүүхдийн дууны онцлогт ойрдуулан хөгжүүлэх нь манай хүүхдийн дууны хөгжлийн зам хэмээн Сү.Хөгжилт ярьж байв.

 

Хүүхэд бүхэн дууллаа

“Хөг аялгуу” уянгаллаа

Хүж дэлхий уярлаа

Зохиогч:Нийтлэл: Х.Арвинтал
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:469
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой