Тохилог бууцтай талын монгол айл

Нэгдүгээр сарын 17-ны өдөр Үзэмчин нутгийн уул тал нүд гялбам мөнгөн нөмрөгөөр хучигдсан ч зээрийн шаргал бэлчээр нь хээрийн салхинд үелзэн, өлзийт өвлийн өнгө төрх төгс бүрдсэн гэмээр.

Цэцэнтийн гэргий Мөнгөнцэцэг гэрээ цэмцийлгэнэ

        Нэгдүгээр сарын 17-ны өдөр Үзэмчин нутгийн уул тал нүд гялбам мөнгөн нөмрөгөөр хучигдсан ч зээрийн шаргал бэлчээр нь хээрийн салхинд үелзэн, өлзийт өвлийн өнгө төрх төгс бүрдсэн гэмээр. Ийнхүү тансаг нутгийн өвлийг бахархаж явсан сэтгүүлч Баруун Үзэмчин хошууны Жирийн гол суурингийн Дөрвөлж багийн малчин Цэцэнтийнд хүрэхэд Цэцэнт хониндоо явсан байлаа. Тохилог тавлаг бууцтай малчин айл гэвэл энэ айлыг хэлэх учиртай. Эвтэй тухтай засаж чимсэн гэр нь гял цаль байхыг харахад цэвэр цэмцгэр ажилч айл гэдэг нь яахын аргагүй харагдана.

Цэцэнтийн суурин

         Цэцэнтийх өөрийн хувьчлагдсан 397 га нутаг бэлчээр дээрээ нэмээд 301 га нутаг түрээслэж байна. Хонь маллахад тохирсон шил, дэрс голтой нутагтай эднийх 500 хонь, 30-аад адуу маллаж байна. Хавартаа төлөө тосож дуусаад 5 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл түрээслэж байгаа нутагтаа оторт явдаг аж.

        -  Манай ойр хавьд нутаг түрээслэхэд үнэтэй. Хадлан гардаг нутаг нь нэг мү нь 20 юань ч хүрнэ. Тиймээс манайх өөр газраас 1 мү (1 га=15 мү)-г нь 12 юаниар түрээслэн зусланд гардаг. Ингэж нутаг сэлбэж маллах нь бэлчээртээ тустай. Мөн нутгаа сэргээх боломжтой болдог болохоор намартаа хадлангаа нутаг дээрээсээ авчихдаг гэмээн малчин Цэцэнт ярьж байлаа.

        2014 онд төслийн хэрэгжилтээр орон сууц, хашаа хороо, өвс хадгалах саравч, хонь угаах онгоц зэргийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг иж бүрнээр шийдэхэд өөрөөсөө 300 гаруй мянган юанийн хөрөнгө зарцуулжээ. Мөн гэр зуур хэрэглэдэг шороо түлхдэг машинтай болсноор өвлийн цас зуднаар зам хаагдахаас айх аюулгүй. Малынхаа хишгийг түшиж амьдардаг малчдын хувьд хөдөө нутагтаа дэд бүтцийн бүтээн байгуулалтыг сайн хийж, тохилог орон сууцтай суурьших нь хотод орж байшинд суухаас илүү байна гэхээс дутах зүйлгүй бөгөөд ёстой шинэ цагийн жаргалтай амьдралыг ийнхүү эдлэх аж.

Цэцэнтийн шороо түлхдэг машин

        “Чамлахаар чанга атга” гэдэгчлэн хэмжээтэй нутагтаа малыг дагнан маллах нь хялбар байдаг бөгөөд хөдөлмөр хүчийг ч хэмнэх болно. Малчин Цэцэнтийнх өөрийн нутаг бэлчээртээ тохируулан малынхаа тоо толгойг хөөцөлдөхгүй, чанар чансааг батлахаар зорилго болгож хонь голтой малласаар ирэв. Мөн өвөл хавар тарга хүчийг нь сайн хамгаалан маллахыг баримталж, жил бүр 12 дугаар сарын эхнээс хонио тэжээж эхэлдэг байна. Тэжээхдээ өдөр бүр нэг хонинд дунджаар 150 гр бордоо өгч, тарга хүчийг нь хамгаалан хавар болоход бордоогоо нэмж өгдөг болохоор төллөх мал нь тарга хүч, дэлэн сүү сайтай. Ингэж үржих төлөө хохиролгүй сайхан бойжуулдаг гэнэ.

Цэцэнтийн хадаж хураасан өвс тэжээл

        - Тэжээл бордооны шим тэжээл ашиг тус их. Тарга хүчийг нь батлахад тустай байдаг. Зардал мөнгөнд ч хэмнэлттэй. 500 гр өвсний үнээр бордоо авахад 1500 гр өвсөөр тэжээсэнтэй адилхан үр ашиг гардаг хэмээн туршлагаа хуваалцлаа.

        Цэцэнтийх өнгөрсөн намар нутгаасаа 75 мянган кг өвс хадаж хураасан бөгөөд 15 мянган кг бордоо худалдан авсан байна. Өнгөрсөн намар мөн дунджаар 640 юаниар 300 хурга зарж, дунджаар 1000 юаниар50-иад хөгшин эм хонь заржээ. Энэ нь нутаг бэлчээрээ тэнцвэржүүлэх үр дүнтэй арга болжээ.

Цэцэнт хонин сүргийнхээ дэргэд

Тэрээр: - 2014 оноос хойш орон сууц, хашаа хорооны бүтээн байгуулалтыг хийж нэлээд хөрөнгө мөнгө зарцуулсан. Малын үнэ ханш тогтворгүй болсноос сүүлийн хэдэн жил орлого их тааруу байлаа. Харин энэ жил малын ханш боломжийн байгаа болохоор цэвэр оролготой болж байна хэмээн сэтгэл хангалуун байв.

Зохиогч:Цэцэг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж: Шилийнголын өдрийн сонин
Мэдээ үзсэн:978
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой