Үзэмчин малчид “үнэ ханш”-д эзэн болох боллоо

Хөрөнгө нийлүүлэн компани байгуулж, малын худалдааны зах нээсэн Үзэмчин малчид үхэр хонины “үнэ ханш”-д эзэн болох боллоо.

Өвлийн эхэн сард Зүүн Үзэмчин хошуугаар сурвалжилга хийлээ. Худалдах малаа бүгдийг борлуулж дуусаад, өвлийн идшээ төхөөрөөд малчдын царайд жаргалын инээд дүүрэн байгааг олж харлаа. Малын үнэ хэдэн жил дараалан унасан бол энэ оноос малчид хөрөнгө нийлүүлэн компани байгуулж, малын худалдааны зах нээх зэрэг бүтээлч арга барилаар дамжин, үхэр хонины “үнэ ханш”-д эзэн болж эхэлсэн байна.

- Өнгөрсөн жилүүдэд бид малаа гаднын худалдаачдад зардаг байсан. Үнэ ханш, жиндээ багагүй л алддаг байсан. Сүүлийн жилүүдэд хошууны төвд хөлдөөх агуулах ажиллуулах болж, малын үнэ бага зэрэг нэмэгдсэн хэдий ч хүн ихтэй тул хөлдөөх агуулахын гадна гурав, дөрвөн хоног хүлээх тохиолдол ч гардаг байсан гэж Зүүн Үзэмчин хошууны Хатавч суурингийн Шархад багийн малчин Цэцэнбилэг ярилаа.

Өнгөрсөн намар эднийх малчдын хамтарсан компаниар дамжин  дунджаар 662 юаниар 400 хурга зарсан нь зах зээлийн үнээс хурга бүр дунджаар 100 юанийн илүү үнэтэй байлаа. Цэцэнбилэгийн ярьж буй малчдын компани гэдэг нь энэ оны 5 дугаар сард байгуулагдсан Зүүн Үзэмчин хошууны Монгол Нутаг хөдөө аж ахуйн ХК болно. Ийнхүү бид Зүүн Үзэмчин хошууны төв Улиастай сууринд байрлах тус компанид хүрч компанийн захирал, Зүүн Үзэмчин хошууны Ээжнуур суурингийн Хараат багийн малчин Буян-Арвижихтай уулзаж ярилцсан юм.

- Малчид маань өмнө нь хоршиж хамтрахыг мэдэхгүй их л хохирдог байж. Саахалт айл нь малаа ямар үнээр зарсныг ч мэдэхгүй тохиолдол бий. Ийнхүү бид малчдаа уриалан, хөрөнгө нийлүүлэх хэлбэрээр компани байгуулсан. Хөлдөөх агуулахууд урьд нь хамтран малын үнэ дардаг байсныг бид өөрчлөх болно гэж Буян-Арвижих ярилаа.

Тус компанийг Зүүн Үзэмчин хошууны 9 сумын 200 өрх хамтран байгуулж, одоогийн байдлаар борлуулах, тээвэрлэх, боловсруулах болон өвс тэжээл хангах ажлыг амжилттай уялдуулсан байна. Мөн Зүүн Үзэмчин хошууны Ли Минь хөлдөөх агуулахтай хамтран ажиллаж, Эрдэнэ махны бүтээгдэхүүний компанитай гэрээ байгуулан, борлуулалтын завсрын гогцоог бууруулсан байна.

- Малчид манай компаниар дамжин хонь зарвал 80-180 юаниар илүү үнэтэй борлуулах боломжтой. Энэ оны байдлаар манай компани нийт 100 мянга орчим хонь борлуулсан бол малчдад дор хаяж 10 сая гаруй юанийн ашиг хүртээсэн. Үүгээр ч барахгүй хувь эзэмшигч 200 гаруй өрхдөө мөн хөрөнгө оруулсан хэмжээгээр нь ашиг хуваах болно гэж Буян-Арвижих танилцууллаа. Малчин Цэцэнбилэг тус компанид 20 мянган юанийн хөрөнгө оруулсан учир энэ жил бараг 4000 юанийн хувь хүртэх жишээтэй.

- Би ашиг харахыг л зорьсон бус. Малчид өөрийн компанитай болсноор наймаачин, хөлдөөх агуулах зэргийг царайчлахгүй больсон. Энэ нь сайн үйл гэж Цэцэнбилэг ярьж байв.

- Малчид хонио зарахаар бидэнтэй холбоо барихад бид ачааны машин томилж, хонийг нь тээж өгдөг гэж компанийн тээвэрчин, малчин залуу Өлзиймэнд танилцуулав. Тэрээр энэ оны мал зарах 3-хан сарын хугацаанд 40 мянган юанийн орлого олсон аж. Одоогийн байдлаар Монгол Нутаг компанид Өлзиймэнд шиг тээвэрчин 10 гаруй байгаа бөгөөд малчдад тусламж үзүүлэн, компанидаа ашиг олгохын зэрэгцээ өөрөө ч орлого олдог аж.

Малчдын хөрөнгө нийлүүлж байгуулсан Монгол Нутаг хөдөө аж ахуйн ХК-тай танилцаад бид Ээжнуур суурингийн Талын арилжааны захад хүрсэн юм. Тус захыг малчин Мөнхбат ганцаараа ажиллуулдаг юм байна. Биднийг очиход Зүүн Үзэмчин хошууны Дуутнуур суурингийн Найрамдал багийн малчин Соёл дунджаар 6900 юаниар 11 тугал зараад олз омогтой зогсож байлаа.

- Үхрээ энд борлуулахад дор хаяж 500 юаниар илүү авдаг гэж байв.

- Миний энэ захад малчид гаднын наймаачидтай шууд үнэ тохиролцох боломжтой учраас өмнөхтэй харьцуулахад үхэр дунджаар 500-1000 юань, хонь дунджаар 20-40 юаниар нэмэгддэг гэж Мөнхбат танилцууллаа. Долоо хоног бүрийн баасан гарагт ажилладаг тус зах нь энэ оны 7 дугаар сард ашиглалтад орсноос хойш нийт 14 мянга гаруй үхэр, 26 мянга гаруй хонины арилжааг хийжээ.

- ХКН-ын XIX хурлын илтгэлд “Орчин үеийн хөдөө аж ахуйн системийг байгуулан, хөдөө аж ахуйн үйл ажиллагааны шинэ хэлбэрийг бүтээнэ” гэж дурдсан байдаг. Манай малчид компани, малын арилжааны зах зэргийг ажиллуулж, зах зээлийн өрсөлдөөнийг хамтын хүчээр давах болсон нь үүнтэй нийцэж байна. Дараагийн алхамд бид энэ талд илүү дэмжлэг үзүүлж, малчдад ашиг хүртээх болно гэж Зүүн Үзэмчин хошууны Хөдөө аж ахуйн товчооны дарга Дайчин ярив.

Зохиогч:Журамт, Хайчюань, Өргөн
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Шилийнгол сонин
Мэдээ үзсэн:802
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой