Худалдаж, зарахад ч өөрийн гэсэн арга ухаан бий

- Адуучин Бөх-Эрдэнэ гуайн адуугаа худалдсан туухай хөөрөлдөөд

Хол ойрдоо нэртэй адуучин хэмээгдсэн аавтайгаа адил адуучин болох хүсэл мөрөөдөл өвөрлөн, амин хайртай монгол адуугаа өсгөж үржүүлэхээр хичээж яваа энэ хүн бол Зүүн Үзэмчин хошууны Улиастай суурингийн Давшилт багийн хашир адуучин Бөх-Эрдэнэ болно. Саяхан түүнтэй утсаар ярихад нэг хэсэг адуугаа зах дээр зараад үлдсэн адуугаа авч Баянхөөвөр сумаар оторт явж байв. Бид түүнтэй энэ жилийн адууны үнэ ханш, хэдэн адуу зарж худалдсан талаар нь ярилцсан юм.

Малчид мал сүргээсээ жилдээ зохих хэсгийг нь зарж борлуулан үйлдвэрлэл амьдралдаа зарцуулдаг. Гэхдээ зарж борлуулахдаа дур таваараа зарах бус, харин өөрийн гэсэн ёс байдаг ажээ. Бөх-Эрдэнэ энэ жил 100 гаруй адуу зарж, 300 гаруй адуу өвөлжүүлж байгаа аж. Ярианы дунд энэ жилийн адууны үнэ ханш хэр зэрэг байгаа тухай асуухад, “Энэ жилийн адууны үнэ ханш нэлээд сайн байна. Манайх нэг унагыг 3000 юаниар борлуулсан. Бүдүүн морины үнэ ч 6000-7000 мянган юаньд хүрч байсан. Манайх 7000 юаниар нэг хэсэг бүдүүн морь зарлаа. Энэ жил адууны үнэ ханш өнгөрсөн хоёр жилтэй харьцуулахад гайгүй сайн байсан болохоор илүү хэдэн адуу зарсан. Гэвч малын үнэ өндөр байна гээд бүгдийг зарж болохгүй болохоор үлдээхийг нь үлдээнэ” гэлээ. 

Гучаад жил адуу маллаж яваа хашир адуучны хувьд тэрээр адуугаа зарахдаа жилийн өнгө, бэлчээр усны байдал, зах зээлийн үнэ ханшны талаар нарийн боддог. Адууны үнэ ханш бага үед бэлчээр ус сайтай байвал нэлээд хэдэн адуу өвөлжүүлэхэд асуудалгүй болохоор цөөн хэдийг зардаг. Жилийн өнгө тааруу, бэлчээр дутмаг болох үе буюу зах зээл дээр адууны үнэ ханш өндөр үед олноор нь зардаг. Ингэж жилийн өнгө, бэлчээр ус, зах зээлийн байдал зэргийг харгалзан зарах нь адууны тогтвортой өсөлтийг байнга баталгаажуулж, хэт өсөлт хэт бууралтаас сэргийлж, адуу маллах аж ахуйн тогтвортой хөгжлийг баталгаажуулж чаддаг. Үүний улмаас адууны аж ахуйг хөгжүүлэхэд суурь болдог байна.

Адуугаа худалдан борлуулахад зах зээл, нутаг бэлчээр, жилийн өнгө зэргийг харж, хэдэн адуу худалдан борлуулах зэргийг тогтоодог бол жилдээ ямар насны адууг зарах зэргээ нарийн тогтоож, адуун сүргээ сайжруулдаг нь Бөх-Эрдэнэ гуайн баримталдаг бас нэг арга ухаан гэхэд болно. Энэ жил малчин Бөх-Эрдэнэ 100-аад адуу зарахдаа унага болон хөгшин хижээл насны адууг илүү ихээр зарсан байна. Монголчууд ер нь мал унаагаа зарахдаа хөгшин хижээлээс нь илүү зардаг. Хөгшин хижээл насны адуу мал өвлийн хүйтэн, зуд зурханд үхэж үрэгдэхээс сэргийлсэн ухаантай. Мөн хөгшин буурайгаасаа зарж борлуулан, нас залуу, бие чийрэг адуу мал үлдээх нь сүргийн бүтцийг сайжруулж, адуун сүргийн өсөлтөд ашигтай юм. Сүүлийн жилүүдэд унаганаас зохих хэмжээгээр зарах болсон нь адууны зах зээлийн өөрчлөлтөөс болсон гэхэд болно. 80-аад оны үеийн зах зээлийн байдлаас үзвэл, агт морь худалдан авах нь илүү байсан бөгөөд агт хүлгийн үнэ ч өндөр байсан тул малчид агт хүлэг голлон зардаг. 90 он болоход унагатай гүү өндөр үнэ хүрэх болсон ба сүүлийн жилүүдэд унаганы зах зээл өрнөх болсон зэрэг өөрчлөлт нь малчдад шинээр зохицуулалт хийхэд хүргэжээ.

Адуучин Бөх-Эрдэнэ жилийн өнгө, бэлчээр ус, зах зээлийн үнэ ханш, адуун сүргийн бүтэц зэргээ үндэслэн энэ жилийн хувьд унага, хөгшин хижээл насны морьдоосоо голлон зарж, орлогынхоо нэг хэсгээр нутаг бэлчээр түрээслэн үлдсэн адуугаа мэнд өвөлжүүлэхээр ирэх жилийн таван сар хүртэл отроор явна. Адуугаа яаж зарах нь маллах ухааны салшгүй нэг хэсэг гэж болох юм.

 

 

Зохиогч:Нийтлэл: Сараанаа
Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ШИЛИЙНГЛЫН ӨДРИЙН СОНИН
Мэдээ үзсэн:1050
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой