Ши Жиньпин дарга: - Шинэ эрин үед Хятад, Францын харилцаа ихээхэн ирээдүйтэй

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг даваа гарагийн орой буюу өчигдөр орой Бээжин хот дахь “Дяоюйтайн төрийн зочдын өргөө” хэмээх түүхэн зочид буудалд хүлээн авч уулзлаа.


 


   Дарга Ши Жиньпин:

- Ноён Э.Макрон Францын төрийн тэргүүний хувиар Азид хийж буй анхны айлчлалаа Хятад улсаар эхлүүлж буй нь Хятад-Францын харилцаанд ихээхэн ач холбогдол өгч буйн илрэл юм гэсэн байна. Франц улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон Барууны анхны улс билээ.
Хятадын улсын дарга Ши Жиньпин мөн:

- Мао Зэдүн дарга, Францын генерал Шарль де Голль нар 1964 онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоох түүхэн шийдвэр гаргасан. Тэдний энэ шийдвэр нь тухайн үеийн дэлхийн хэв маягийг өөрчлөөд зогсохгүй дэлхийн өнөөгийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн. Шинэ эринд бид Хятад-Францын харилцааны гэрэлт ирээдүйн төлөө түүхэн харилцаагаа эрхэмлэж, зөв замаар явах хэрэгтэй” гэж хэллээ. Мөн “Бүс ба Зам” санаачлагын хүрээнд Франц улстай хамтын ажиллагаагаа улам бүр бэхжүүлэхэд Хятад улс хэзээд бэлэн байна" гэж Ши Жиньпин дарга цохон тэмдэглэсэн байна.


    Харин Францын Ерөнхийлөгч Э.Макрон “Бүс ба Зам” санаачлагын хүрээн дэх төслүүдийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлэхийн сацуу “Олон улсын өмнө тулгамдсан асуудлууд, тухайлбал уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд манай хоёр улс хамтран ажиллах нь чухал гэж хэлсэн юм.
Тэрбээр  цааш үргэлжлүүлэн: 

- Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх асуудлаарх Парисын хэлэлцээрээс АНУ гарсан. Хэрвээ Хятад улс мөн АНУ-тай адилхан шийдвэр гаргавал энэ хэлэлцээр цааш явахгүй. Франц болон Хятад улс энэ дэлхийг дахин гэгээлэг, аугаа болгож чадна гэдэгт би итгэлтэй байна гэсэн байна.
Хятад улсын тэргүүн хатагтай Пэн Лиюань, Францын тэргүүн хатагтай Брижит Макрон нар тус уулзалтад оролцов.
Францын Ерөнхийлөгч Э.Макрон нь гурван өдрийн төрийн айлчлалаар Хятад улсад энэ сарын 08-ны өдөр хүрэлцэн ирсэн юм. Тэрбээр Хятадын баруун хойд нутгийн Шаань Ши мужийн төв Ши-Ань хотод хагас өдөр саатсаныхаа дараа өчигдөр үдээс хойш Бээжин хотноо хүрэлцэн очсон байна.

Найруулагч:Б.СҮЛДЭЭ
Эх сурвалж:Синьхуа Агентлаг
Мэдээ үзсэн:431
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой