Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Өөрчлөлт шинэчлэлтийн сайхныг Өвөр Монголоосоо харлаа

”Өөрчлөлт шинэчлэлт 40 жил-Бүс ба зам Хятад улс дахь аялал” хамтарсан сурвалжлагаар Хятад, Монголын 40 сэтгүүлч хоёр баг болон 06-р сарын 07-ноос 13-ны өдрүүдэд Өвөр Монголын Хөххот, Баяннуур, Ордос, Улаанцав, Шилийнгол, Хэбэй мужийн Жанчхүүгээр долоо хоногийн хугацаатай аяны дөрөө харшуулан мэдээллийн эрэлд аяллаа. Сэтгүүлч миний бие баруун шугамд хуваагдсан юм. Аяллынхаа сонин сайхнаас эрхэм уншигч та бүхэнтэй хуваалцахад татай байна.

Түүх соёлын хот-Хөххотын өнөөдөр

Зургаагугаар сарын 07-нд аяллын нээлтийн ёслолын дараа Өвөр Монголын Радио телевиз хорооны ажил байдал, Хөххотын нийтийн бие засах газрын бүтээн байгуулалт, орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлж байгаа байдал, ногооруулалт, хот тохижуулалт, Хөххотын зам тээврийн байгуулалтын нэг болох метро тавигдаж буй ажил байдалтай тус тус танилцав.

ӨМӨЗО-ы төв Хөххот нь хөхрөн сүндэрлэх Далан хар уулыг түшиж, халгилан урсах их бага түргэн голоор эмжээрлүүлсэн Түмэдийн их талын 7224 ам дөрвөлжин километр бүхий өргөн уудам, өн шимтэй нутагт сүндэрлэн байнам. Он сарын орчилт, цаг төрийн хувьсал өөрчлөлт дунд Хөххот адил бусын өнгө төрх, нэр нэрийдлээр түүхэн үед гялалзаж байсан. Тэдгээр цаг үе, төр гүрний хүн ард Хөххотоор ул мөрөө үлдээн, соёл иргэншлээ бүтээж явсан нь судар түүхээс уншигдаж, хууч дурсгалаараа харуулсаар...

Өнөөдрийн Хөххот нь Сайхан Юй Чуань, Хотон, Шинэ хот хэмээх дөрвөн дүүрэгтэй. Түмэд зүүн хошуу, Ү Чуан, Хорин гэр, Чин Шүйхэ, Тогтох гэх таван хошуу шянь, гурван сая гаруй хүн амтай.

Хөххотын метро таван шугамаас бүрдэнэ. 1, 2-р чиглэл нь яг одоо тавигдаж байгаа аж. Нэгдүгээр шугамын метро нь 2016 оны 04-р сараас эхлэн хэрэгжин, 2019 оны сүүлээр ашиглалтад орох юм байна. Хоёрдугаар шугамын метроны хувьд 2016 оны 08-р сараас эхлэн, 2020 оны 06-р сарын 30-нд нээлтээ хийхээр төлөвлөж байгаа бол энэхүү хоёр шугамын бүтээн байгуулалтад нийт 37 гаруй тэрбум юанийн хөрөнгө оруулжээ.

Хөххот нь 2017 оноос эхлэн хотын орчин нөхцөлийг сайжруулах зорилготой хотын зам дагуу 350 метр бүрд нэг суурь олон нийтийн бие засах газрыг байгуулж, өнөөг болтол Хөххотод 260 гаруй нийтийн бие засах газрыг байгуулаад байна. Хотын шинэ өнгө төрхөд нөлөөлж байгаа нийтийн бие засах газар нь зөвхөн бие засах газар биш, номын сан, дэлгүүр, хотын иргэд кофе, ундаа ууж амрах өрөө зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлж байгаагаараа аялал жуулчлалын орчинг сайжруулахтай холбогдохоор барахгүй, иргэдийн ажиллаж амьдрах орчин нөхцөл, иргэдийн соёл боловсрол, нийгмийн соёл иргэншлийг дээшлүүлэхтэй шууд холбогдох зүйл юм.

Энэ оны 10 дугаар сарыг дуустал Хятад улсад нийт 60.8 мянган нийтийн бие засах газар барьсан байна. Энэхүү "Нийтийн бие засах газар"-ыг аялал жуучлалын цар хүрээнээс тэлж, хот суурин, хөдөө орон нутагт хүртэл нэмж барьснаар хотын иргэдэд таатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгч байна.

Хөххот нь хот тохижуулалтын бас нэгэн арга бодлого хэрэгжүүлсэн нь хотын дунд цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил байгаа юм. Хөххотын цэцэрлэгийн газраас шинжлэх ухаанчаар бүтээн байгуулалт хийж, олон хэсэг өөр өөрийн хэв намба бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулжээ.

Цэцэрлэгийн газраас 2016-2017 оны хооронд хотын тойрог зам дагуух 19 шар шороон овоолгыг өөрчлөн 140 га бүхий 9 цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулав. Энэ ажилд нийт 160 сая юанийн хөрөнгө оруулахаар төлөвлөж, одоогоор 95 сая юанийн хөрөнгө зарцуулаад байна. Нэг төрлийн чих модны суулгацыг 153 мянгыг тарьж, 29 мянган метр хэлбэржүүлсэн чимэглэлийн суулгац, 1.13 сая шоо метр шороог шилжүүлэн тохижуулжээ.

Одоогоор 80 га талбай бүхий 5 цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтыг дуусгаж, 4.6 сая квадрат метр шороог шилжүүлэн тохижуулжээ. Бусад 4 цэцэрлэгт хүрээлэнгийн зүлэгжүүлэх ажил үндсэндээ дуусаж, дагалдах үйлчилгээний ажил болон амралтын үзмэрийн тохижилтыг дуусгах шатандаа ороод байна. Нийт эзлэх талбай 60 га, 3.4 сая квадрат метр шороог шилжүүлжээ.

 

Дэлхийн сүүн бүтээгдэхүүний 8 хүчирхэг компанийн нэг И Ли

Бидний баг 06-р сарын 08-нд дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний 8 хүчирхэг компанийн нэг Өвөр Монголын И Ли групп болон музейтэй нь танилцлаа.

И Ли групп 1957 онд хоршоо хэлбэрээр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлаа эхлүүлж байсан бол өнөөдөр болоход Хятад улсын сүүн бүтээгдэхүүний аж ахуйн тэргүүлэгч нэгжийн нэг төдийгүй Ази тивээс дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний 8 хүчирхэг компанийн нэгд жагссан цорын ганц аж ахуйн нэгж болжээ. Тус группийн 2017 оны нийт орлого 68 тэрбум 58 сая юаньд хүрч, Хятад улсын дотоодын аж үйлдвэрийн тэргүүлэх байранд жагсав. 2018 оны эхний улирлын үйл ажиллагааны орлого 19 тэрбум 753 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.1 хувиар нэмэгджээ.

Өнөөгийн байдлаар шингэн сүүн бүтээгдэхүүний үйлдвэр ашиглалтад ороод 10 гаруй жил болж байна. Орчин үеийн дэвшилтэт технологиор тэргүүлэх хэмжээнд хүрчээ. Тус үйлдвэрт 18 машин зэрэг ажиллаж байгаа бөгөөд ихэнхдээ автоматаар ажилладаг. И Ли групп Хятадын баруун хойд бүс нутаг, умард бүс нутаг, зүүн хойдын бүс нутгийг хамруулсан хамгийн том сүү, сүүн бүтээгдэхүүний суурин. Түүнчлэн Европ, арлын орнууд, Америк тив зэрэгтэй хамтран ажилладаг бөгөөд хэрэглэгчдийг чанартай сайн сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангаж байна.

И Ли групп 1000 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж, Хятадын 600 гаруй хотод 5 сая гаруй борлуулалтын цэгтэй. Бүтээгдэхүүн нь сүү, тараг, хуурай сүү, сүүн ундаа, зайрмаг гэсэн төрлөөр голлодог.

Тус групп дэлхийн олон улс орнуудтай сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтын ажиллагааны гэрээ байгуулж, улсын дотоод, гадаадын нөөц баялгийг ашиглан сүү, сүүн бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ байгуулжээ.

Мөн хүн төрөлхтний эрүүл энхийн төлөө зүтгэдэг И Ли групп дэлхийн улс оронд хараагаа тэлж, Нидерланд, Шинэ-Зеланд, Итали, Англи, Америк зэрэг улсуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.

И Ли группийн хөгжил нь Хятадын сүү, сүүн бүтээгдэхүүний хөгжилд шинэчлэлт авч ирэн, дэлхийн хэмжээнд өрсөлдөх хүчин чадлыг нэмэгдүүллээ. Дэлхийн хэмжээнд дэлхий нийтийн сүүний нөөц баялгийг Хятадын зах зээлтэй, дэлхийн оюун ухааныг Хятадын туршлагатай, дэлхийн дүрмийг Хятадын санаачилгатай нэгтгэн хөгжүүлж, олон улсын сүү, сүүн бүтээгдэхүүний аж ахуйн нэгжийн хөгжилд шинэ боломж олгосон байна.

И Ли групп Хятадын 13 чухал муж, хотуудад борлуулалтын салбар компанитай бөгөөд Америк, Монгол Улсад өөрийн төлөөлөгчийн газраа байгуулсан байна.

 

Хатан голоос ундалсан Бортохойн хөдөө аж ахуй

Баяннуур хотын Үюань шяний Бор Тохойн "Тариалах соёлын үзэсгэлэнгийн хүрээлэн", Бү Чуань бордооны компани, орчин үеийн махны чиглэлийн хонины тэжээн үржүүлэх бааз зэрэг хөдөө аж ахуйн байгуулалт, хүн ардын амьдрал ахуйтай бид 06-р сарын 09-ний өдөр танилцлаа.

Баяннуур хот нь Өвөр Монголын баруун хойд хэсэгт 64413 км2 газар нутгийг эзлэн оршдог аймгийн түвшний хот. Умард хэсгээрээ Монгол Улсын Өмнөговь, Дорноговь аймагтай хиллэж, дорнод хэсгээрээ Бугат хот, өмнөдөө Хатан голоор зааглагдаж Ордос хот, өрнөдөө Алшаа аймаг гэсэн өөртөө засах орныхоо гурван нутгаар хүрээлэгдэнэ. Өмнө нь Баяннуур аймаг гэгдэж байгаад 2003 оноос хойш аймгийн түвшний хот болжээ.

Хатан гол Баяннуурын хилээр 345 километр урсан өнгөрч, Бортохойн үр тарианы орны амин тэжээл нь болж, өвөрмөц онцлог бүхий Баяннуурын тариан газрын өнгө төрхийг бүтээв.

Гамшиг тарьдаг Хатан гол ганц Бортохойг ундалж байдаг гэдэг. Эрт үеэс Бортохойн орон бол түүний онцгой газар зүйн байршил, өн шимээр хүн ардын  амьдран суух сайхан нутаг болсоор иржээ. Өнөөдөр хэдэн үеийн хүмүүсийн хүчин зүтгэлээр энэ нутгийн өнгө төрх, усны үзэмж зэрэг байгалийн бүтээгдэхүүнээрээ нэр алдар нь түгэв. Ингэж ээж голоосоо унд авсан Баяннуур хот нь Хятадын хамгийн том наранцэцгийн тариалангийн төв болон хөгжив.

Сэтгүүлч бидний очсон Бортохойн “Тариалах соёлын үзэсгэлэнгийн хүрээлэн” нь Бортохойн Баруун Хан улсын үеэс хойших 2400 жилийн түүхийн улбаа, түүхэн хүмүүс болон Бортохойн тариалах соёл, шинжлэх ухаан, боловсролын сонирхолтой шинжүүдийг агуулжээ. 2015 оны 04-р сард "Хятад улсын торгоны зам"-ын соёлын төрөл зүйлд хамрагджээ.

Тариалах соёлын үзэсгэлэнгийн хүрээлэн, хөдөө орон нутгийн аж ахуйг нийлүүлэн хөгжүүлэх жишээч хүрээлэн зэрэг нь Засгийн газраас нь хөрөнгө оруулж байгуулсан, компани аж ахуйн нэгжээс хүрээлэн, хүлэмжийнхээ загварыг төлөвлөн гаргаж, тариалангийн хэрэгсэл, тариан эм, мэргэжлийн үйлчилгээ үнэгүй ханган өгч байна.

Ингэж дэвшилтэт техник мэргэжлээр тарьж ургуулсан тариалангийн эко бүтээгдэхүүнээ хуваан ангилан, боож, онлайн дэлгүүрээр зах зээлд гаргаж, хэрэглэгчдийн алган дээр хүргэх нэгэн хэлхээ загварыг бүгдийг энд хийдгээрээ онцлог болж байна.

Орон нутгийн тариачин, нутаг буцсан төгсөгчид нь энд ирж ажиллан, орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж өгсөн байна. Эндээс орон нутгийн онцлогтой хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн улсын дотоодын муж хотуудад онлайн дэлгүүрээр дамжин хүрч, Баяннуур хотын эдийн засгийг хөдөө аж ахуйн хөгжлөөр сайжруулж байна. Үүний зэрэгцээ өмнөх хүрээлэн суурин газруудаар нь жуулчид олноор ирж аялал жуучлалыг ч хөгжүүлж байна.

Фүчуань компани 1999 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, Өвөр Монгол, Баяннуур хотын хөдөө аж ахуйн, цогц тэжээлийн үйлдвэр болон хөгжжээ. Орон нутгийн үржил шимт өвс ургамлаар боловсруулсан тэжээл бордоог шинжлэх ухааны шинжилгээ судалгаанд үндэслэн, малд нэн хэрэгцээтэй бордоо үйлдвэрлэж байна. Орон нутгийн уур амьсгал, хөрс, өвс ургамлын онцлогт тохирсон судалгааг үндэслэн гаргасан бордоо тэжээлээр хонио тэжээж, хамгийн сайн чанарын эрүүл махаар хангах эрэлт хэрэгцээний дагуу Бээжин, Шанхай зэрэг олон хот суурингаас захиалга авах болсон нь тус фермийн ололт амжилтын баталгаа юм. Тус компани үйлдвэрлэх, борлуулах, технологио илүү дэлгэрүүлэх зэрэг дээд технологийн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, Хятадын хөдөө аж ахуйн тэргүүлэх компани, нэр алдартай брэнд болтлоо өсөн дэвжжээ.

Фүчуань компани Хятадын тэжээл бордоо үйлдвэрлэх хамгийн том ферм бөгөөд Монгол Улсад тэжээл бордоогоо экспортоор гаргадаг. Тус компани нийт 120 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, “Орчин үеийн эдийн засаг технологийн үлгэр жишээ бүс” байгуулан, хонь, гахай, үхэр, тахиа, загас, туулайн үүлдэр сайжруулах дээд технологийн тэжээл бордоо үйлдвэрлэж, жилдээ 250 сая юанийн борлуулалт хийж, бүтээгдэхүүнээ Хятадын олон мужид борлуулж байна.

Тус компани хөдөө аж ахуйн үр ашгаар холбоос болгож, шинэ брэнд бий болгосон, бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ байгуулж, ойр орчмын малчин тариачдын орлогыг нэмэгдүүлсэн юм. Мөн мах махан бүтээгдэхүүнийг хөгжүүлэх индрийг ашиглан, малчин тариачдад тус болж байна.

Баяннуур хот нь Монгол Улстай 369 километрээр хиллэдэг. Ганц мод боомт зэрэг холбогдох хилийн боомтоор нэвтэрдэг Хятад, Монголын хамтын ажиллагааны чухал цэг. Баяннуур хот өөрийн байршлын онцгой давуу талаа түшиглэн Монголын талтай харилцан ашигтай хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж, хоёр улсын ард иргэдийн найрсаг харилцааг гүнзгийрүүлж байна.

Өөрчлөлт шинэчлэлтийн 40 жилийг хөл хүрсэн нутаг усны иргэдийн амьдрал, орон нутгийн бүтээн байгуулалт, эдийн засаг нийгмийн хөгжлийн шинэ амжилтаас нь харж бахархаж, гайхаж биширч явлаа.

Бидний аялал үргэлжилсээр...

Элсийг эрдэнэ болгосон Хөвчийнхөн

Ордос хотын Хангин хошууны Дуут нуур хөвчийн цөлжилтийг сааруулсан ногоон байгууламжтай 06-р сарын 10-нд танилцаж, цөлжилтийг сааруулсан үр дүнгээр амьдрал нь сайжирсан малчин айлын төлөөлөгч Чин Нямбуугийнд хүрлээ.

Хөвчийн элсний гүнд байрлах Дуут нуурын аялал жуулчлалын бааз нь дэлхийд нэртэй. Или уул уурхайн корпорац 30 жилийн турш байгаль орчныг хамгаалан, элс манхныг ойжуулсны үр дүнд бүтээн байгуулсан Хятадын 4А зэрэглэлийн байгалийн аялал жуулчлалын бааз болжээ.

2011 онд НҮБ-аас Дуут нуурын аялал жуулчлалын баазыг “Хөвч олон улсын элсний аялал жуулчлалын чуулга уулзалтын үндсэн суурин болгосон. Тус аялал жуулчлалын бааз нь 10315 га талбайтай. Үүнээс нуурын талбай нь 114 га, нуга газрын талбай нь 40 га, тал газрын талбай нь 380 га, элс манхан бүхий талбай нь 383 га, ойжуулалт хийсэн талбай нь 9396 га юм байна. 

2015 онд Хятадын Ой шугуйн яамнаас 33 элс манхны цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг зөвшөөрсний нэг нь Хөвчийн элсний цэцэрлэгт хүрээлэн болно. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь домог шиг долоон нууртай. Байгалийн бүхий л бүс бүслүүр нэг дор цогцолсон болохоор амрах, эрүүл мэнддээ анхаарах, зугаалах, хурал цуглаан хийх бүхий л боломжоор хангагдсан байна.

Чин Нямбуу нь Хангин хошууны Дугуй тал сууринд амьдардаг далан насыг шүргэж яваа настай буурай юм. Хоёр хүү, хоёр охинтой. Эднийх 8 га бэлчээр, 6 га орчим тариан талбай, 2 га усалгаатай тариалангийн талбайтай. Энэ гэр бүл тэнгэрийн царай харан аж төрж, хаяа хязгааргүй цэлийсэн элсэн цөлөөсөө залхахдаа хаашаа ч хамаагүй нүүмээр санагдах үетэй нэг бус тохиолдож байсан гэдэг. Гэвч нутгаа орхин нүүж чадсангүй.

Харин энэ үеэр Или уул уурхайн корпорац Хөвчийн элсийг ойжуулах ажлаа эхлүүлэн зам засан мод тарьснаас Чин Нямбуу болон нутагтаа үлдсэн айл өрхүүд мод тарьсны үр ашгаараа хэдэн жилийн дараа шинэ гэртэй болцгоожээ.

Ажилч хөдөлмөрч Чин Нямбуу мод болон тариа тарих ажлаа орхигдуулсангүй. Жилдээ мод тарьсан орлого нь 70 гаруй мянган юань, тариалангаасаа 40 гаруй мянган юанийн орлого олж, басхүү тэжээсэн малын тоо толгой нь ч хэдэн арваасаа хэдэн зуу болон өссөн байна. 2013 онд Чин Нямбуу ойжуулаагүй элсэрхэг газраа Или корпорацад түрээслүүлэн 600 гаруй мянган юань олжээ. Санаанд ч оромгүй үйлсийн ард нутгаа сахин хамгаалж, амьдралаа дээшлүүлсэн Чин Нямбуу тэргүүтэй малчин өрхүүд олширчээ. Цөлжилтийн эсрэг энэ нутгийн Засгийн газар, аж ахуйн нэгж компаниуд, иргэд хүч нэгтгэн ногоон байгальтай болох нэгэн мөрөөдлийн зүг хүч тавин зүтгэж байна.

 Эзэн Чингисийн гэгээн сүнсэнд

Бидний аялал 06-р сарын 11-нд ӨМӨЗО-ы Ордос хотын Эзэн хороо хошуунд байрлах Чингисийн онгон цогцолбортой танилцлаа.Чингисийн онгон цогцолбор нь Ордос хотоос зүүн урагш 70 километрт Гандирын шил гэсэн сайхан нутагт сүндэрлэж байдаг.

Онгоны цогцолборын нийт талбай нь 10 кв километр, эргэн тойрны нийт талбай  нь 80 кв километр. 2006 онд Хятадын анхны улсын зэрэглэлийн цогцолбор болж, Биет бус соёлын өвд бүртгүүлжээ. Мөн Хятадын 5A зэрэглэлийн аялал жуулчлалын газар болно. Чингис хааны онгоны гол бүтэц нь Чингис хааны найман цагаан орд өргөө юм. Энэ нь Чингис хаан болон түүний хатдын сүнс, шүтээний зүйлсийг тайж тахидаг найман цомцог орд юм.

1227 онд Чингис хаан Тангад улсыг мөхөөгөөд тэр жилийнхээ долоодугаар сард Түрэмгий сууринд дагаж явсан үр хүүхэд, жанжин сайд нь бөөгийн ёсоор цагаан тэмээний магнайн ноосыг Чингис хааны аманд тавьж сүнсийг нь шингээж аваад түүний хөрөг буюу хэрэглэж байсан эд хэрэгслийг цагаан цомцог ордонд оршуулан тахисан билээ.   
   Чингис хааныг тахисан Цагаан ордыг эхэндээ Хамаг Монголын “Ерөнхий шүтээн” хэмээн нэрлэдэг байжээ. Чингис хааны хатдыг нас барахад тайлгын цомцог орд нь нэмэгджээ. Одоо тайж байгаа найман цагаан ордныг тодруулбал, Чингис хаан болон Бүртгэлжин хатны цагаан орд, Хулан хатны цагаан орд, Зүүн гар эзний цагаан орд, Өндгөн цагаан морин шүтээн, Бор өндрийн цагаан орд, Хур саадгийн цагаан орд, Жолоогийн цагаан орд, Шангийн өргөөний цагаан орд зэрэг болно.


    Чингис хааны Цагаан орд хамгийн эртдээ Ордос болон Монголын өндөрлөгт байрлаж, Юань улсын үед Хубилай цэцэн хаанаас Чингис хааны дөрвөн цагийн их хуримыг хууль ёсоор баталжээ. Энэ нь хаврын цагаан сүргийн тахилга, зуны нуурын тахилга, намрын шөрөгийн тахилга, өвлийн дасмын тахилга болно.
    Цаг төрийн үймээнээс болж, Чингис хааны онгоныг тайж тахиж ирсэн Ордос аймаг ба шар Дархадууд Чингисийн онгоныг залан баруунш Алтай нуруу хүртэл нүүж байсан боловч эцэстээ Монь уулын энгэр Бортохойд ирж нутаглан Ордост анх байгуулсан ордууд нийлснээс найман цагаан орд гэх болжээ. Үүнээс хойш Ордост тахидаг болжээ.

Шинэ Хятад улс байгуулагдсаны 1949 онд Чингис хааны онгон шүтээнийг Хөхнуурын Гүмбэн хийдэд шилжүүлэн тахиж байснаа 1954 онд Эзэн хороо хошуунд залан авч ирэн, тайлга хийж, тухайн үеийн ӨМӨЗО-ы тэргүүлэгч Улаанхүү зэрэг нам засгийн удирдлагууд оролцжээ.
Одоогийн шинэ онгоныг 1956 онд байгуулжээ. Дашрамд дуулгахад Чингисийн онгон цогцолборыг дэлхийн Биет бус соёлын өвд бүртгүүлэхээр ажиллаж байгаа аж.

Орон нутгийн бизнесийн хөгжил

Бид 06-р сарын 12-нд буюу аяллын хамгийн сүүлийн өдөр Шилийнгол аймгийн Сөнид баруун хошууны ноолууран нэхмэлийн үйлдвэрийн эдийн засгийн бүс, Сөнид баруун хошууны Улаанмөчир чуулгатай танилцлаа.


    Шилийнгол аймаг Сөнид баруун хошууны бодит байдалд тулгуурлан мал аж ахуйн бүтээгдэхүүн болох “Мах ноолуур” боловсруулах, сэргээгдэх эрчим хүч, биологийн мэргэжлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн бүс бий болгосон байна. Эдийн засгийн бүс 3.5 кв/м талбайтай бөгөөд нийтдээ 480 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ.
    Эдийн засгийн бүсийн орчны ойжуулалт 500 мянган кв/м хүрч, өдөр бүр 10 тонн дахин боловсруулсан усыг ашиглаж, ус цахилгаан, зам тээвэр, ногоон байгууламж, мэдээлэл холбоо зэргийг үндсэндээ бүрдүүлсэн орчин үеийн иж бүрэн эдийн засгийн бүс болсон байна. Энэхүү бүсийн 60 аж ахуйн нэгжийн 33 нь ноос ноолуурын чиглэлийнх бөгөөд жил бүр 15 мянган тонн цэвэр ноолуур, 5000 тонн хонины ноос, 7000 тонн ямааны ноолуур боловсруулдаг. Ийнхүү 1 сая ширхэг хувцас үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд угаах, самнах, будах, ээрэх, нэхэх гээд бүх дамжлага цогцолжээ.

    2017 онд  25 сая юанийн татвар улсад төлж, 1602 хүнийг ажлын байраар хангажээ. “Бүс ба зам” төслийн хүрээнд Монгол Улстай хамтран “Тал нутгийн зам”-ын хамтын ажиллагааг идэвхжүүлж, зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэн, Монгол Улстай урт хугацааны турш хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.

 Хятад улсын ууган Улаанмөчир

Сөнид баруун хошууны Улаанмөчир нь 1957 оны 06-р сарын 17-нд анх үүсгэн байгуулагдсан байна. Байгуулагдсан цагаас хойш 60 жилийн турш нам төрийн уран сайхны чиглэл, үндэсний төрийн бодлогын дагуу хөдөө орон нутагт хандаж тоглолт хийх, ухуулах зэрэг хэлбэрээр үндэсний эв нэгдэл, бүс нутгийн соёлын хөгжил, цэрэг цагдаа иргэдийн найрсаг харилцаа, эдийн засгийн бүтээн байгуулалт зэрэгт чухал нөлөө үзүүлсэн юм.

    Одоогоор Улаанмөчир нь 37 монгол үндэстэн, 9 хятад үндэстэн, 1 хотон үндэстэн гээд нийт 47 уран бүтээлчтэйгээр дуу бүжиг, хөгжим, тоглолтын арын алба гэсэн хэсэгт хуваагддаг. Нэг жилийн хугацаанд 100 гаруй тоглолтод оролцож, хөдөө орон нутагт соёлын үрийг тарьж, язгуур соёлоо уудалсаар иржээ.

1984 оны 10-р сард ӨМӨЗО-ыг төлөөлөн Бээжинд Улс байгуулагдсан 35 жилийн ойд оролцож, нам төрийн удирдлагатай уулзжээ. 1982 онд найруулсан “Монгол хүүхэлдэй” жүжиг нь ӨМӨЗО-ы соёлын товчоо, Монгол хэл бичгийн ажлын зөвлөлийн шагналыг хүртсэн аж. 1987 онд ӨМӨЗО байгуулагдсаны 40 жилийн ой болон Улаанмөчир байгуулагдсаны 30 жилийн ойн баярт оролцож, тухайн үед ӨМӨЗО-ы тэргүүлэгч байсан Бөхөө “Онцгой байр”-ын шагнал гардуулсан байна. 1997 онд ӨМӨЗО-ы “Арван шилдэг Улаанмөчир” хэмээгдсэн юм. 2002-2009 онд дараалан ӨМӨЗО-ы нэгдүгээр зэрэглэлийн Улаанмөчир болов.  
2007 онд ӨМӨЗО байгуулагдсаны 60 жилийн ой болон Улаанмөчир байгуулагдсаны 50 жилийн ойн баяр тохиож, ӨЗО-ы 4 дэх удаагийн Улаанмөчирийн урлагийн наадамд “Алт”, “Нэгд мэргэшиж олонд гарамгайлсан хамт олон”, “Арван шилдэг Улаанмөчир”, “Нэгдүгээр зэрэглэлийн Улаанмөчир” болсон байна. 2008 оны 11-р сард Бээжингийн Чинхуа Их Сургууль, Төвийн Үндэсний Их Сургуулийн бүжгийн дээд сургуульд соёлын солилцооны тоглолт зохион байгуулж байжээ.


2010 онд болсон ӨМӨЗО-ы Улаанмөчирийн хамтарсан тоглолтын “Алтан шагнал”, “Хөдөө орон нутаг, ард иргэдэд үйлчилсэн Улаанмөчирийн шагнал хүртсэн байна. 2012 онд Америкийн Лос-Анжелес, Лас-Вегас зэрэг хотоор аялан тоглолтоо хийжээ. 2016 оны 07-р сард Монгол Улсын Соёлын Яамны урилгаар Улаанбаатар хотод “Бүжгийн  тоглолтод оролцсон бөгөөд Монгол Улсын Төрийн Их Баяр Наадамд оролцсон байна.

60 жилийн турш үндэсний уламжлалт соёлыг дээдлэн, зоригтойгоор шинийг санаачлан, цаг үетэйгээ зохицуулан 2400 гаруй уран бүтээл туурвиж, үүний дундаас 600 гаруй бүтээл нь шагнал хүртсэн билээ. Төлөөлөгч бүтээлд “Мөнгөн буйлтай цагаан тэмээ”, “Монгол шатар”, “Малчны хайр”, “Эсгий ширдэг” зэрэг дуу бүжиг, дуурийн бүтээл болон “Амьдралын мод”, “Тал нутгийн гэрэлт сувд–Сайхантал”, “Сөнид ардын дууны эмхтгэл” зэрэг уран бүтээлүүд бий. Ийнхүү тус Улаанмөчир нь ӨЗО-ы хэмжээнд XIX их хурлын зорилго зорилтыг хэрэгжүүлэх, Ши Жиньпин даргын захидалд хандуулан, ард олондоо үйлчилж, шилдэг бүтээл туурвил гаргаж, өнө үүрд “Тал нутгийн урлагийн морьт цэрэг” болохоор хичээж байна.

Долоохон хоног гэж чамлахаар аяллын турш хөтөлбөрийн дагуу ийнхүү бид Өвөр Монголын баруун хэсгийн аймаг хотуудаар явж, амьдрал ахуй, эдийн засаг, хөгжил цэцэглэлттэй нь танилцаж, нүд нээж явлаа. Аялалд хамрагдсан Хятад, Монголын 20 гаруй сэтгүүлч сайхан найз нөхөд болж, дотно яриа өрнүүлж хөгжилдөн, аяллын сонин сайхнаа хуваалцан, нэг нэгдээ зориулж шүлэг дуу хүртэл зохиож явлаа.

Аялал бүр өөр өөрийн өнгө, дүр төрхтэй байдаг. Энэ удаагийн аялалд хоёр орны сэтгүүлч оролцсон болохоор бие биенээсээ сурах зүйл их байсан. Бас нэг зүйл нь энэ сурвалжлагын аяллын хөтөлбөр өөрчлөлт шинэчлэлтийг гүн гүнзгий мэдрүүлсэн. Секундээр тоологдон босох цөлийн ногоон байгууламж, нэг ч хүний хүч хөдөлмөр оролгүй хэрэглэгчдийн алганд хүрэх сүү сүүн бүтээгдэхүүн, ус шороо хэрэглэхгүй агаараар чийгээр ургуулах органик хүнсний ногоо гээд тэнд аргагүй л техник мэргэжил, хөгжил, автомат гэдэг зүйл бүр бэлтгэгдсэн байлаа.

Зохиогч: Ц.Урантунгалаг
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:472
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой