Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

“Хаан хөгжим”-гийн гайхамшгаар Өрнө дахиныг шуугиулсан найрал хөгжмийн чуулга

Хөшиг нээгдэж, тайзны гэрэл асав.

Нисе дуу хөгжмийн дээд сургуулийн тоглолтын их танхимд хөх бас ногоон нүдтэй, улбар шаргал үстэй, өндөр хамартай, үнэртэй ус сэнгэнүүлсэн үзэгчид пиг дүүртэл суусан байлаа.

Хөх өнгийн костюмоор гоёсон хөгжмийн найруулагч тайзны төвөөс мэхийн ёслон, эргэхтэй зэрэг эгнээ жигдрэн суусан цагаан өнгийн монгол дээлтэй хөгжимчдийн зүг дохио өглөө.

нэг их удалгүй морин хуур, модон цоор, хөөмий, эмээлийн хэнгэрэг, саалийн хэнгэрэг зэрэг хөгжмийн нүргэлсэн хөг айзмын дунд “Хийморь” хэмээх морин хуурын найрал хөгжим эгшиглэж, хүлэг морьд үүрсэв үү ч гэмээр, хөвч хангайд дуурсах ч гэмээр хүчтэй, яруу тансаг аялгуунд хүмүүс аль хэдий нь бие сэтгэлээрээ уусан, алс дорнодын уудам талаар, уул толгодыг нь туулж, ус мөрөнд нь шумбах шиг догдлон байлаа.

Тоглолт үргэлжилсээр …

Тэнгэр аргадан бороолоод байдаг, тэмээ уяруулан буйлаад байдаг хоёрхон чавхдастай морин хуураар сүр жавхлантай атал уянгалаг хөгтэй дэлхийн алдартай аялгуу “Цардас бүжгийн аялгуу”-г сэтгэлд шингэтэл эгшиглүүлэхэд танхим дүүрэн үзэгчдийг алмайруулж, хийл хөгжмөөр энэхүү аялгууг дэлхийн сонорт хүргэж байсан бол өнөөдөр морин хуураар ч энэ мэт утга төгөлдөр тоглож болохыг анх харсандаа алмайран, бишрэл хүндэтгэлийн харцаар өөрийн эрхгүй харилцан “OK” гэж толгой тохино.

Дэлгэр зуны тэргүүн сараар залуу морин хуурч Мөнх хэлэхдээ, жархан хоногийн өмнө “Хятад улсын ӨМӨЗО-ы Үүшин морин хуурын симфони найрал хөгжмийн бүлгэм”-ийнхэнтэй хамт соёл урлагийн гайхамшгийг бүтээсэн Францын Нисе хотод урилгаар хүрч, Хятад улсын Соёлын яамны хүсэлтээр улсаа төлөөлөн, морин хуурын симфони найрал хөгжмийн тоглолтоо Европын тайзнаа анх удаа эгшиглүүлсэндээ одоо ч гэсэн сэтгэл өндөр байна гэжээ.

Энэ удаагийн айлчлалын анхны ээлжийн тоглолт Нисе хотын нэгэн шашны дуганд зохион байгуулагдана. Европын барилгын ид шидийг гайхуулсан сүрлэг эрхэмсэг дуганд морин хуурын яруу эгшиг уянгалан, морин хуурын тоглолтыг анх удаа үзсэн францууд алс дорноос ирсэн морин хуурчдын гайхалтай тоглолтыг сэтгэл бахдан үзжээ. Хоёрдугаар ээлжийн тоглолт нь Европын нэр хүнд бүхий дуу хөгжмийн дээд сургууль болох Францын Нисе дуу хөгжмийн дээд сургуулийн их танхимд болж, тоглолтыг сонирхохоор Нисе хотын дарга, Нисе дуу хөгжмийн дээд сургуулийн дарга нарыг багтаасан 500 гаруй үзэгчид театрыг пиг дүүргэж, “Хаан хөгжим”-ийн яруу эгшиглэнт аялгуунд аль хэдий бие сэтгэлээрээ уусан, дахин дахин босож суун уухайлан байлаа.

Тоглолт үргэлжилж, залуу морин хуурч Мөнх Европоос гаралтай дэлхийн сонгодог аяын нэг “Цардас бүжгийн аялгуу”, “Кеман оршил аялгуу”-г морин хуураар гоцлон тоглоход үзэгчид гайхшралыг төрүүлж, тоглолтыг оргилд нь тулгасан байлаа. Тоглолт өндөрлөхөд үзэгчид бүгд босож зогсон, дахин тоглохыг хүсэн, “Морин хуурын симфони найрал хөгжмийн бүлгэм”-ийнхэн үзэгчдийн хүсэлтээр дахин хэдэн тоглолтыг нэмэн тоглосон гэдэг.

Тоглолтын дараа Нисе хотын дарга “Хятад улсын ӨМӨЗО-ы Үүшин морин хуурын симфони найрал хөгжмийн бүлгэм”-ийн хамт олонтой гар барин мэндчилж : - Ийм гайхалтай тоглолтыг огт үзэж байгаагүй. Ялангуяа хоёрхон чавхдастай морин хуураар дэлхийн сонгодог аяыг тоглохыг хараад үнэхээр гайхшрал төрлөө. Энэ удаагийн тоглолт Францад яг л газар хөдөлсөн мэт их донслолтыг авчирлаа хэмээн сэтгэл догдлон өндөр үнэлгээ өгчээ.

-  Хүмүүс нь онцын халуун дотноор хүлээн авсан гэж морин хуурын симфони найрал хөгжмийн бүлгэмийн дарга Ялалт тухайн үеэ эргэцүүлэн ярьж билээ.

Францын Нисе хот дахь тоглолт нь Үүшин морин хуурын симфони найрал хөгжмийн бүлгэмийнхний гурав дахь удаагаа гадаад улсад зохион байгуулсан тоглолт болно. Өмнө нь 2014 онд Монгол Улсад, 2016 онд Өмнөд Солонгост хийж байсан удаатай. Хятад улсын морин хуурын соёлыг өвлөн хамгаалах суурин газар болсон Ордос хотын Үүшин хошууны хувьд үндэстний соёлыг хөгжүүлж хамгаалах ажлыг эрчимжүүлэн, 2009 оноос эхлэн Морин хуурын сургууль, Морин хуурын бүлгэм ар араасаа бий болж, “Хятадын морин хуурын соёлыг өвлөн хамгаалах суурин газар”, “Хятадын морин хуурын соёлыг судлах төв”, “Хятад улсын морин хуурын музей” зэрэг нэр хүндийг хүртэж, одоо 7000 гаруй морин хуурчийг сургажээ. Үүнд: “Хятад улсын Үүшин морин хуурын симфони найрал хөгжмийн бүлгэм” нь 2010 оны 03 дугаар сарын 16-нд албан ёсоор үүсгэн байгуулагдаж, анх 30 гаруй гишүүнтэй байжээ. Үндэстний соёл урлаг, хуур хөгжмийг бусад  улс үндэстний дуу хөгжимтэй  уялдуулан, үндэстний соёл, морин хуур зэрэг монгол үндэстний хуур хөгжмөө дэлхийн тавцанд гаргаж, дэлхий нийтэд таниулахын төлөө Үүшин хошууны Соёлын товчооноос морин хуурч, хөгжмийн удирдаач зэргийг урин ажиллуулж, морин хуурын симфони найрал хөгжмийн бүлгэмийг байгуулсан байдаг. “Хятад улсын Үүшин морин хуурын симфони найрал хөгжмийн бүлгэм” нь одоогоор 47 гишүүнтэй. Үүнээс Хятад Улсын нэгдүгээр зэргийн хөгжмийн зохиогч, удирдаач Цагаан бүлгэмийн ерөнхий найруулагч хийгээд удирдаачаар ажиллаж байна.

Мөн бүлгэмийн орлогч дарга бөгөөд ахлах морин хуурч Мөнх Шиньжяны Или жөүгийн Монголхүрээ шяны уугуул 27 настай шир хийсэн залуу байлаа. 2004 оны 07 дугаар сард Өвөр Монголын “Хөх морин хуурын тусгай мэргэжлийн дээд сургууль”-ийн багш Монголхүрээ шяньд оюутан элсүүлэхээр хүрчээ. Тухайн үед 12 настай, тавдугаар ангийн сурагч байсан Мөнх авьяасаараа багшдаа танигдаж, төрсөн нутаг Илийгээсээ гарч, алс холын Хөххотыг зорин ирж, “Хөх морин хуурын тусгай мэргэжлийн дээд сургууль”-д морин хуурч Хайрханы гарын шавиар морин хуур сурчээ. Урлагт төрөлхийн мэдрэмж сайтай Мөнх 2008 онд “Хөх морин хуурын тусгай мэргэжлийн дээд сургууль”-иас морин хуурчаар амжилттай төгсөж, Өвөр Монголын Үндэстний дуу бүжгийн хүрээлэнд морин хуурчаар ажлын гараагаа эхлүүлжээ. Мөн тухайн жил нь Бээжингийн Олимпын наадмын нээлтэд морин хуурын их багш Чи.Булагаар ахлуулсан 88 морин хуурч оролцсоны 16 настай Мөнх хамгийн отгон нь байлаа. Сүүлд Үүшин хошууны морин хуурын симфони найрал хөгжмийн бүлгэм байгуулагдах үед Мөнхийг бүлгэмийн ахлагч морин хуурчаар урин ажиллуулан, “Хятад улсын Үүшин морин хуурын симфони найрал хөгжмийн бүлгэм”-ийн шинэ хуудсыг дэлхийн тавцанд хүртэл бичиглэж яваа нь энэ юм.

- Баг хамт олонтойгоо тоглолт хийж байхдаа хоёр удаагийн тоглолтод өөрийн эрхгүй нулимс унагасан гэж Мөнх дурсав.

Нэг нь 2014 оны 05 дугаар сард Улсын их театрт болсон тоглолт бөгөөд нөгөө нь энэ жилийн Францын Нисе хотод болсон тоглолт байлаа. Тоглолтод Мөнх бүлгэмийнхэнтэйгээ хамт морин хуурын симфони найрал хөгжмөө тоглосноор барахгүй өөрийн хамгийн тоглох дуртай, дэлхийн хийл хөгжмийн ая “Цардас бүжгийн ая”-ыг тийм том хөгжмийн театрт тоглоно гэж зүүдлээ ч үгүй явсандаа баярын нулимс унагасан удаатай.

Мөнхийн морин хуураар ганц “Цардас бүжгийн ая”-ыг тоглосон биш, харин “Кеман оршил ая”, “Ганган хар” зэрэг дэлхийн болон Монгол үндэстний маш олон сонгодог аяыг тайзнаа амилуулсан юм. Морин хуурч болсны хувьд хэрхэн сайн морин хуурч болох тухай Мөнхийн нууц жорыг энд задруулбал өглөө 6-9 цагийн хооронд, орой 7-10 цагийн хооронд морин хуурын дасгал хийх алтан цаг болохыг тэрээр учирлаж хэлсэн бөгөөд өөрийнх нь хэзээд давтагддаг зуршил болсон гэнэ. Одоо тэрээр Улсын гуравдугаар зэрэглэлийн тоглогч, Хятад улсын Морин хуурын эрдэм шинжилгээний нийгэмлэгийн гишүүн, Монгол Улсын Олон Улсын морин хуурын нийгэмлэгийн гишүүн, Үүшин морин хуурын симфони найрал хөгжмийн бүлгэмийн орлогч дарга зэрэг ажил албатай аж.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 120 тоглолт хийсэн “Хятад улсын Үүшин морин хуурын симфони найрал хөгжмийн бүлгэм” нь энэ жилийн хувьд 40 гаруй тоглолтоо үзэгч түмнийхээ хүртээл болгоод байгаа юм. Харин удахгүй Хятад улсын Соёлын яамны зөвшөөрлийг олсноор “Үүшин морин хуурын симфони найрал хөгжмийн бүлгэм” нь олон улсад аялан тоглолтоо хийх боломжтой учир бэлтгэлээ эрчимжүүлж байлаа.

- Бидний хамгийн их мөрөөдөл нь Вианагийн Алтан Театрт морин хуурын симфони найрал хөгжмөө эгшиглүүлэх үйл хэрэг болно гэж бүлгэмийн дарга Ялалт хэллээ.

Үнэхээр тэрхүү баярын мэдээг морин хуурт хайртай түмэн олноороо сэтгэл гэгэлзэн хүлээж буйг нуух юун билээ.

Зохиогч:Нийтлэл: Чийраг, Од
Найруулагч:Bandi
Эх сурвалж:http://www.mgyxw.net
Мэдээ үзсэн:126
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой