Хулан Шарга Даагын элс өнгөө засан номин ногооноор чимсэн нь үзэсгэлэнтэй. Энэ их цөлд нутагладаг Сөнид зүүн хошууны Баяннуур суурингийн Цайдам багийн малчин Бөхчлуу 2017 оны 07-р сарын 10-ы өдөр бэлчээр нутгаасаа хоёр нялх янзага олж гэртээ авч ирсэн байна. Өнөө хаврыг болтол угжиж өсгөөд байгальд нь буцааж тавиад гурван сар гаруй болсон байлаа. Энэ малчин хүн-хээрийн амьтан-байгаль гурвын эв зохистой байдлыг харуулсан үйл үлгэртэй танилцъя.
Хаврын тэр нэгэн өглөө Бөхчулуу уламжлалт ёсоороо бэлчээр дэх малаа эргээд явж байтал тэртээ бутны энгэрт хоёр жаахан юм бөртөлзөх шиг болохоор нэлээд ойртоод үзэхэд сая төрөөд хатаж ч амжаагүй хоёр янзага эхгүй зогсож байжээ. Бөхчлуу нааш цааш ажигласан боловч ойр хавиар нь зээрийн бараа харагдсангүй. Тэгээд хүний бараагаар үргээд явчихсан магад гээд бор мөрөөрөө буцав. Гэртээ харьсан Бөхчлуу сэтгэл тавгүй нэг өдрийг өнгөрүүлэн, орой нь дахин үзэхээр шийджээ. Очоод холоос сэмхэн ажиглахад хоёр хөөрхөн амьтан мөн байрандаа, эх нь ойр хавьд нь харагдсангүй. Үүнийг хараад Бөхчлуу хажууд нь очин ажиглахад янзагандаа ойртсон ямар ч мөр алга байлаа. Одоо яадаг билээ? Өдөр ойртоогүй бол шөнө ойртож магадгүй гэж бодсон Бөхчлуу хоёр дахь удаагаа бор мөрөөрөө буцаж харив.
Маргааш өглөө нь болоход Бөхчлуу өнөө хоёр янзага яасан бол хэмээн сэтгэл тайван байж чадсангүй эргэж үзэхээр шийдэж, урьд шөнө эх нь хэрвээ ирээгүй бол хурдан сүү өгөхгүй бол харангадах аюултай гээд угж сав аваад үнээний зэлэн дээрээс шинэхэн саасан халуун сүү савлаж аваад янзага байх зүг явлаа. Очиход хөлийн чимээгээр бутны нөмрөөс босож ирсэн хоёр хөөрхөн амьтан юу ч олж хөхсөн шинжгүй, тамирдан зогсоно. Одоо эх нь ирэхээсээ өнгөрсөн, хурдан сүү өгч амь золгуулах хэрэгтэй гэдгийг Бөхчлуу андахгүй мэдэх билээ. Сүүнээсээ угжиндаа хийж янзаганд өглөө. Халуун сүү хүсээд дэндүү удсан хөөрхөн хоёр амьтан хүнээс айлгүй ховдоглон хөхөж цадаад цааш явж бутны энгэртээ хэвтчихэв. Юу ч гэсэн гэдсийг нь дүүргэж амжсан Бөхчлууны сэтгэл нь амарч, гэр рүүгээ буцлаа. Бөхчлуу ингэж гурван өдөр дараалан сүү зөөж угжихад хоёр янзаганы хөл нь чангарч, нүд нь тормойн, тоглож эхлэв. Тэд Бөхчулууг өөрийнхөө эх гэж боджээ. Бараагаар нь тосож ирээд угжаа булаалдан хөхөж, сүүлдээ бүр хүнээс салахаа байхаар нь Бөхчлуу хоёр янзагаа гэртээ аваачиж тэжээхээр болжээ.
Хоёр охин янзаганд малчин айлын сууринд ирээд юм бүхэн нь сонин санагдаж, энэ тэрүүгээр нь хэсэж, гэр бүлийн гишүүн бүхэнтэй сайн найз болж, айж цочилгүй амгалан тайван өсөх болов. Бөхчлууны үхэр эхэндээ үргэж зугтааж байснаа сүүлдээ тоохоо байжээ. Сүүгээ уугаад дураараа тоглон наадна. Хоёр янзага ингэж л үнээний сүүний шим, хүний ач, хайраар өсөж торнижээ.
Тун удалгүй намар өнгөрч өвөл ирлээ. Энэ хүйтэнд хоёр янзага маань яадаг бол гэж Бөхчлуу санаа зовж байсан нь харин ч асуудалгүй өвөлжив. Үхэр сүргийн дундуур гүйж, өвс тэжээлээс нь хувааж идээд л хотны захаар явж нөмөр хайн хононо.
Хавар гарч тэнгэр дулааран, хотны зах, манхны нөмрөөр ногоо цухуйж эхлэхэд хоёр янзага шинэ ногооны үнэрээр бага бага цаашилж эхлээд орой болохоор буцаж ирнэ. Тэр цагаас Бөхчлуунд нэг зүйл бодогдож, хоёр янзага минь аль нэг өдөр явах нь гарцаагүй гэдгийг мэдэж байлаа. Нэгэн өглөө Бөхчлуу босоход янзага нь хотондоо буцаж ирээгүй байлаа. Хэдэн манх давж харсан ч бараагүй. Арай хүн харын хулгай саварт өртчихсөнгүй биз хэмээн санаа зовж, хоёр өдөр тогтвор алтан, босон суун байлаа. Гурав хоногийн дараа өнөө хоёр янзага харин гаднаа ирчихсэн сүүгээ нэхэн эргэлдэж байлаа. Тэрхэн хором харьд мордуулсан хүүхэн нь төрхмөө эргэж байгаа юм шиг баяр хөөр болж, хоёр янзагандаа сүүг нь ханатал уулгажээ. Хоёр янзага сүүгээ ууж дуусаад төд удалгүй хотны захаас эргэн эргэн харсаар холдоод явлаа. Үүнийг харсан Бөхчлууны санаа нь амарч, хөөрхөн хоёр минь байгальдаа буцах цаг нь болчихсон юм байна гэдгийг мэдэж байсан ч салж ядсан сэтгэлээ дарж ядан, янзагаа хол гартал үдэн мордуулахаар манхны оройг чиглэн алхав. Үүнээс хойш хагас сарынх нь дараа бас нэг удаа буцаж ирсэн боловч юм бүхнээ сониучхан харж, зайдуухан болсон байлаа. Ингээд хоёр дахь удаагаа ирж буцсанаас хойш одоо болтол ирээгүй гурван сар болсон байв.
Сүүлийн жилүүдэд Сөнид нутгийн экологи сайжирч, хээрийн амьтан олшрон, байгалийн уянгат аялгуу байнга хөглөгддөг болсноор тэнд оршин суугчдыг цэнгэлийн дууны найралд жаргуулдаг аж.