Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна. “Хятад, Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” 9 дүгээр сарын 26-30-нд Хөххотод болно. Ши Жиньпиний хэлсэн үгийг олон улсын хамтын нийгэмлэг нааштай үнэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт Бээжин хотноо нээгдэж, Хятад улсын дарга Ши Жиньпин нээлтийн ёслолд оролцон гол сэдвээр чухал үг хэлэв. ”Нэг бүс нэг зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд уулзалт нээлтээ хийлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат БНХАУ-Д айлчилна. Бээжин хот бэлэн байна.

Сөнид нутгийн уламжлалт цагаан идээний тухай

Сөнид нутгийн ард түмэн эрт дээдээсээ таван хошуу малынхаа төгөлдөр шимт сүү саалийг олон төрлөөр боловсруулан, хэрэглэсээр ирсэн билээ. Тэдний цагаан идээний боловсруулалт, ашиглалт нь нийт монголчуудынхтай үндсэндээ ялгарах зүйлгүй боловч нутаг орны онцлог, уур амьсгал, өвс ургамлаас болоод зарим цагаан идээний бүтээгдэхүүний амт шим, нэрийдэл, хийх арга нь бага зэрэг ялгаатай байдаг.

Сөнид Баруун хошууны Сайхан-Өлзий сумын Ногоонтал багийн малчин бүсгүй Оюутай сааль сүүний ажилд гаршсан ажилч нэгэн билээ. Тийнхүү өнөө цагийн Сөнид бүсгүйчүүдийн төлөөлөл болсон Оюутайн сааль сүүний ажил болон түүний боловсруулсан олон төрлийн цагаан идээг төрөл ангилан танилцуулъя. Түүний хөдөлмөр ухаан шингэсэн цагаан идээний бүтээгдэхүүн хэрхэн хийгдэж байгааг энэхүү нийтлэлээс сонирхоорой.

Сааль авах

Сөнид нутгийн малчид өнө эртнээс таван хошуу малынхаа саалийг авч амьдарсаар ирсэн билээ. Хонь ямаагаа холбон, араас нь нэг гараараа дэлэндэж саана. Ерөнхийдөө бол дэлэнг нь ташин байж ивлэнэ. Үнээ саахад урьдаар тугалыг нь хөхүүлж, эх нь гүйцэд ивлэвэл тугалаа татаад баруун талд нь сууж саана. Суухдаа баруун өвдгөөрөө цомцойж, нугалсан хөл дээрээ суулгаа тавьж, хоёр гараараа саана. Ингэ саахдаа ботгыг нь хөхүүлж ивлэгэх буюу ботгыг нь үнэрлүүлж ивлэдэг. Зөв талд нь зогсож саана. Баруун өвдөг дээрээ зүүн хөлөө унуулаад дээр нь суулгаа тавьж саадаг. Гүү саахад мөн зөв талд нь зогсох буюу дутуу сууж гуяыг нь давирч саахдаа зүүн гартаа суулгаа тохойдоо зүүж, хоёр гараараа саана.

Сүү

Сүүг мөн олон төрөл ангилдаг. Уураг, түүхий сүү, болсон сүү, ээдсэн сүү, шар сүү гэхчлэн ялгадаг. Сая төллөсөн малын шаравтар өнгийн өтгөн сүүг уураг гэдэг. Уураг нь залгаж жилэв сүү болж, гурав дөрвөн хоногийн дараа ердийн сүү болдог. Шууд саасан сүүгээ түүхий сүү гэдэг. Түүнийгээ буцалгах, исгэж ээдүүлж олон төрлийн цагаан идээ боловсруулдаг. Түүхий сүүгээ халааж хөөрүүлбэл өрөм суудаг, өрөмний доорх сүүг болсон сүү гэдэг. Харин Тэнгэрт цацал өргөхөд саяхан саасан сүүг өргөдөг.

Сүүн ундаа

Тараг, айраг, хоормог, цагаа, цэгээ зэрэг нь сүү саалиар хийсэн ундаа болно. Бага ваар саванд сүү хийж, тусгай модоор хутгаж исгэдэг. Түүхий буюу болсон сүүгээр тараг хийж болдог. Айргийг хөрөнгөлөхдөө өөрөө исгэж эхлүүлэх буюу айлаас эх залж исгэдэг. Тараг, айраг буюу цагааны дээр болсон сүү хийж хутгавал хоормог болдог. Хоормогийг голдуу ингэний сүүгээр хийдэг. Түүхий сүү, болсон сүү, хуруудны шар ус зэргээ ган сав буюу модон домбонд хурааж хүч орвол цагаа болдог. Цэгээ гэдэг нь гүүний сүүгээр исгэж хийснийг хэлдэг.

Идээний төрөл

Сөнөдчүүд таван хошуу малынхаа сүү саалийг ааруул, аарц, хурууд, ээдэм, ээзгий, бяслаг, сүүн хурууд гэхчлэн олон төрлөөр боловсруулдаг. Ааруул ба аарцан хурууд хийхэд цагаагаа бөс уутанд хийж, модон хавтсан дээр чулуугаар дарж, шар усыг нь шахаж өтгөрвөл аарц болдог. Үүнд модон шахуурт хийж шахаад хатааж авсныг ааруул гэдэг. Аарцаа хэрчих буюу гараараа бөмбөглөж хатаасныг аарцан хурууд гэдэг. Түүхий сүү, болсон сүү аяндаа исэж ээдсэний дараа тогоонд хийж хөшөөгөөд шар усыг нь авч үлдсэнийг нь ээдэм гэдэг. Ээдсэн сүү буюу болсон сүүг тогоонд хийж халаагаад дээр нь цагаа буюу айраг бага зэрэг хийж ээдүүлээд шар уснаас нь ялгаруулж шүүж аваад хэсэглэн жижиглэж хатаасан ээдмийг ээзгий гэдэг. Бяслагт болсон сүүний бяслаг, түүхий сүүний бяслаг гэж байдаг. Ээдсэн сүүгээ тогоонд хийж хөшөөгөөд шар усыг нь шахаж авсны дараа бөс уутанд хийж хавтгай чулуугаар дарж хэвшүүлэн авсныг бяслаг гэдэг. Ээдсэн сүүгээ тогоонд хийж хөшөөгөөд шар усыг нь шахаж авсны дараа нухаад хэвэнд хийж гаргасныг сүүн хурууд гэдэг.

Тослог идээ

Сүүнээс боловсруулан гаргасан тослог идээ мөн олон төрөл байдаг. Үүнд: Зөөхий, өрөм, цагаан тос, шар тос, цөцгий орно. Ээдсэн сүүний дээр суусан хуруу зузаан зүйлийг зөөхий гэдэг. Түүхий сүүг ширмэн тогоонд буцалгаж, олонтаа самран хөөсрүүлж, тогоотой сүүний дээр нэлээд зузаан эд цоохортон суухыг өрөм гэдэг. Зөөхий болон өрмийг шарлуулж ялгаруулан шар тос гаргаж авдаг. Шар тосны доорх үлдэгдлийг цагаан тос гэдэг. Зөөхийн шар тосыг ялгаруулан авсны дараа үлдсэн шарангуй өнгөтэйг нь цөцгий гэдэг.

Саалийн архи

Сөнидчүүд гол төлөв үнээний сүүний айргаар тогоо нэрдэг. Саалийн архийг бас нэрмэл, айргийн архи, монгол архи гэдэг. Тогоо нэрэхэд бүрхүүл, жалавч, тосуур, ороолт, айргийн тогоо зэргийн тусгай хэрэгсэл байдаг. Тогоо нэрэхэд тогоондоо айргийн хөрөнгөө ихээхэн хийж, бүрхүүлээ тогоондоо суулгана. Бүрхүүлийн дотор тосуурын ваараа хийж, бүрхүүлийн чагтнаас өлгөж, жалавчаа бүрхүүл дээрээ тавиад ороолтоороо хий сүв гаргахгүй сайн ороож уяна. Жалавчандаа хүйтэн ус хийгээд зууханд гал түлж айргаа буцалгана. Галаа сайхан тохируулж, жалавчны усыг гурваас дөрвөн удаа солиход архины гарц болон чанар зохимжтой. Жалавчны ус уур гарах үед сольдог. Буцалсан айргийн уур дээш дэгдэж жалавчны ёроолд хүрвэл дахин усан тусал болж архи болон бүрэлдэнэ.

Зохиогч:Цэцэг
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Шилийнгол сонин
Мэдээ үзсэн:223
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой