Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

“Өөрчлөлт”-ийн туяанд гэрэлтэх “өнгөт” ертөнц

Зурагтаар загварын шоу үзээд сууж байтал ээж маань гэнэт:

- Одоогийн залуучууд их жаргалтай юм. Өмсөх хувцасныхаа загварыг хүртэл өөрсдөө сонгоно. Урьд нь бид сонгохыг битгий хэл мөр бүтэн явах нь аз буян байлаа гэж хэлдэг байна.

- Яагаад тэр вэ, тийм ядуу байсан гэж үү? гэж намайг гайхан асуухад:

- Ядуу нь ч юу байх вэ. Нийгмийн нөхцөл боломж нь тэр. Олон өнгө, материал байхгүй “саарал цаг үе” байсан юм. Одоо ч дуртай өнгөөрөө гоёдог “өнгөт ертөнц” болжээ гэж хэлсэн юм.

Ээж минь тийм ч хөгшин хүн биш л дээ. Бидний залуу нас холдлоо гэхэд 20 гаруй жил л зөрнө. Тэгэхэд ингэтлээ ялгагдаж байна гэж бодохоор улс гүрэн, цаг төр их л хурдан хувирч дээ гэсэн бодол эрхгүй төрлөө.

- Та нар залуу цагтаа мода хөөцөлддөггүй байсан уу? гэж асуухад ээж минь:

- Бага байхад ах эгчийн багадсан хувцсыг л өмсөнө. Шинэ хувцас хийлээ гэхэд тоотой хоёр өнгийн бөс даавуу. Тэгээд ч мөнгөтэй байлаа гээд хувцас зардаг газар байгаагүй. “Бөсний тасалбар” гэж байсан юм. Тасалбараараа бөс сольж авна. Заримдаа нэг айлын бүх хүмүүсийн тасалбарыг нэмээд ч нэг хүний бүтэн хувцас хийх бөс авч чадахгүй тохиолдол байсан. Өмнөх зууны 70-аад оны эцэс гэхэд цэцэгтэй торон капрон материалтай цамц моданд орсон. Гэхдээ хотын хүмүүс, хот явж ирсэн хүмүүс л өмсдөг байлаа гэж ярьсан юм.

Ингээд ээжийн яриа сонирхол татаж “Хотын ганган ах хэн байдаг билээ” гэж бодсоор Ургаа ахтай ярилцаж учрыг нь олохоор шийдлээ.

Бээжин хотын Тянь Ань Мэнь талбайн урьд /1981 он/

- Урлагийн хүн, уран бүтээлч гэхээр шинэ цаг үеийн урсгалыг дагасан, гоёж чимэх дуртай гэж хүмүүс боддог. Үнэндээ манай Улаанмөчирийн жүжигчид тухайн нийгэмд хамгийн эгэл жирийн хүмүүс байсан юм. Учир нь зүрх сэтгэлээрээ ард түмэнд үйлчилж, ард түмний сэтгэлд ойр байх хэрэгтэй гэсэн үзэл баримтлалтай байсан учраас гоёж чимж иргэдээс ялгарахыг хориглодог байсан. Ямар сайндаа л шинэ хувцсан дээрээ нөхөөс тавьж өмсдөг байлаа шүү дээ. Гэхдээ мэдээж 70, 80-аад онд ямар хувцас моданд орж байсныг бол сайн мэднэ гэж Монгол үндэстний алдарт бүжигчин, БНХАУ-ын тэргүүн зэрэглэлийн жүжигчин, найруулагч Ургаа ярьсан бөгөөд үе үеийн загварын чиг хандлагын тухай хуучилсан юм.

Гар нэхмэлийн ноосон цамц нь тухайн үед мода болж байв /1981 он/

Өнгөрсөн зууны 60, 70-аад онд хүмүүс ихэвчлэн хар, хөх, ногоон өнгийн хувцас өмсдөг байжээ. Хувцаслалтын тал дээр хүмүүсийн эрэлт хэрэгцээ бол “хиртдэггүй, бөх материалтай”. Тэгээд л “шинээрээ 3 жил, хуучраад 3 жил, нөхөж сэлбээд бас 3 жил” буюу нэг хувцсыг нийтдээ бараг 10 жил өмсдөг байсан аж.

- Тухайн үед “цэргийн ногоон” дүрэмт хувцас өмссөн хүн бол тансаг. Би Улаанмөчирт элсэхээс өмнөхөн анх дунд сургуульд сурч байхдаа “цэргийн ногоон” өмсөж зургаа даруулж байлаа. Зүгээр л ногоон өнгөтэй бөсөөр дуурайлгаж оёсон хувцас гэхэд л хүмүүсийн хүсэл мөрөөдөл болсон зүйл. Цэргийн ногоон, эсвэл цагдаагийн хөх хослол өмсөж зургаа татуулна гэдэг эр хүний хувьд насны бахархал байсан шүү дээ гэж Ургаа гуай дүрэмт хувцастай зургаа тайлбарлан ярьлаа.

Бариу жийнсэн өмд, костюмаар гоёж Их Цагаан хэрэм дээр зургаа даруулах бол нэр төрийн асуудал /1986 он/

80-аад оны сүүл үеэр “Ди Чюэ Лян” буюу “Дакрон” гэдэг материал моданд оров. Ээжийн маань нөгөө “торгон капрон” гэж ярьдаг энэ төрлийн материал нь хөлс шингээхгүй, салхи нэвтрэхгүй зэрэг дутуу талтай хэдий ч үрчлээтэхгүй, угаахаар хурдан хатдаг, бөх материалтай гэдгээрээ давуу талтай.

- Тухайн үед дакрон цамц өмссөн залуучууд их л харц булаадаг байсан гэх юм?

- Өмсгөл гоёл гэснээс нэгэн хөгжилтэй зүйл санаанд орлоо. Өөрчлөлт нээлтийн бодлого хэрэгжихийн босгон дээр буюу 1979 оны хавар Зуу-Уд аймгийн Улаанмөчирийн “Хариу мэдүүлэлтийн тоглолт” болсон юм. Тэр жилээс өмсөж зүүх, гоёж засах тал дээр шаардлага арай сул болж эхэлсэн. Тоглолтын журмаар хот орсон манай багийн эмэгтэй жүжигчид үсээ тайрч нарийн буржийлгаад, цэцэгтэй шинэ цамцаар ижилсэж буцсан билээ. Түүнийхээ “хор уршиг”-аар дарга удирдлагаар их л шүүмжлүүлсэн. Тэгээд нөгөө сайхан “хурган” үсээ шулуун болгох гэж халуун усаар угааж татдаг байсныг санаж байна хэмээн Ургаа ах хөгжилтэй нь аргагүй хүүрнэсэн билээ. Харин тун удалгүй “Өөрчлөлт нээлтийн бодлого” хэрэгжиж эхэлснээр Улаанмөчирийн жүжигчдийн өмсгөл засал дээр хэт чанга шаардлага тавихаа больсон гэдэг.

Цэцэгтэй цамцаар ижилссэн бүжигчин бүсгүйчүүд /1989 он/

Мода хөөцөлдөнө гэдэг бол нэг ёсондоо нийгэм хөгжиж эхэлсний шинж тэмдэг. “Мөр бүтэн, гэдэс цатгалан” байхын тулд хичээн зүтгэдэг байсан цаг үе өндөрлөж, түүнээс илүү эрэлт хэрэгцээ бий болж байгаа нь иргэдийн амьдралын түвшин дээшилж, үзэл бодол өөрчлөгдсөний гэрч гэж ойлгож болно. Энэ нь мэдээж Хятад улсын “Өөрчлөлт нээлтийн бодлого”-той холбоотой.

Хамгийн анхны өөрийн гэсэн Үзэмчин тэрлэг /1989 он/

БНХАУ-ын “Өөрчлөлт нээлтийн бодлого” 1978 онд мэндэлсэн ба энэ цагаас эхлэн Хятад улсын орчин үеийн бүтээн байгуулалт ид хүчтэй өрнөж эхэлсэн байна. Өөрчлөлт, нээлт эхэлснээр дээшээ төр засаг, доошоо ард иргэдийн амьдрал хүртэл эрчимтэй өөрчлөгдсөн. Энэхүү өөрчлөлт хөгжил нь иргэдийн идэж уух, өмсөх зүүх зэрэг ахуйн хэрэглээнд ч ил тод мэдрэгддэг байв. Хаалгаа нээж, хараагаа тэлсний улмаар Хятад улсын нийгэм өнгөрсөн зууны 1980-аад оноос хойш хурдтай шинэчлэгдэж эхэлсэн.

Шинэ загварын манлайлагч /1993 он, Тайваньд/

Наяад онд хөдөө аж ахуй болон нэхмэлийн үйлдвэрийн хөгжлийг дагаад бөс барааны хангамж нэмэгдэж, төрөл зүйл нь ч олширсон байна. Улмаар хувцас гоёлын тал дээр сонголт ихтэй болжээ. Тухайн үеийн хүмүүсийн сэтгэлд хамгийн тод үлдсэн загвар бол “бүрээн” шурхнагтай өмд, эрэгтэй өсгийтэй гутал, костюм байлаа. Дараа нь “жийнсэн цаг үе” ирсэн байна. Харин 1990-ээд он болоход иргэдийн хувцас гоёлын сонголт маш чөлөөтэй болж, түүнээс хойш жил өнгөрөх тусам иргэдийн хувцас гоёлын  эрэлт хэрэгцээ улам нэмэгдэж, загвар, гоо сайхны салбар нийгэмд чухал байр суурьтай болж хөгжсөн.

Орчин үед ч хоцрогдохооргүй чөлөөт хувцаслалт /1996 он, АНУ-д/

Эдийн засаг хөгжиж, иргэдийн орлого, амьдралын төвшин дээшлэхийг дагаад “хувцас” нь дулаан байх, нүцгэн биеийг нуух үндсэн үүргээ тэлж, байр суурь, дүр төрх, хандлагын илэрхийлэл болж хэвшсэн байна. Мөн амьдралын эрэлт хэрэгцээ, хүсэл шаардлага нэмэгдэж буйн шинж тэмдэг болжээ.

Тухайн үеийн эрэгтэй цамцны мода /1996 он, АНУ-ын Disney паркт/

Шинэ зууны эхэнд урт үс моданд оров /2005 он/

“Өөрчлөлт нээлт” хийхээс өмнө “шинэ хувцас” нь “тансаг” гэдэг үгтэй эн тэнцдэг байж. Иргэдийн хувьд “тансаг" байхын тулд шинэ хувцас өмсөхийг хүсэн эрмэлздэг хэрнээ өмсөж зүрхлэхгүй. “Нөхөөстэй шинэ хувцас” өмсдөг байсан үеийг эргэн төсөөлөхөд ард түмний үзэл бодол хичнээн их хүлээстэй байсан билээ. Үзэл бодлын тэр хүлээсийг чөлөөлж, үнэн бодит зүйлээс зөв ёс учрыг хайн, “Өөрчлөлт нээлт” явуулсан дөчин жилийн хугацаа богинохон хэдий ч ээж охин хоёр эрин зуун тусгаарласан мэт эрс өөр хоёр ертөнцөд залуу насаа үдсэн гэж бодоход нийгэм ямар түргэн хөгжсөний гэрч биз ээ. Энэ бол Хятадын “Өөрчлөлт нээлт”-ийн бодлогын гайхалтай амжилт, хүн төрөлхтний хөгжлийн аян дахь гялалзсан гэрэлт түүх юм.

Орчин үед Монголоороо илүү гоёх болжээ /2015 он/

Зохиогч:Ярилцсан: С.УРЬХАН, Ц.ЦЭЛМҮҮН
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:516
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой