”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Амар мэндийн уулзалт

Айлчлан ирж буй XVII жарны “Урвуулагч” хэмээх Шороон Гахай жилийн Сар шинийн баярын мэндийг уншигч түмэндээ хүргэж байна.

Монгол зон олон өвлийг өнөтэй давж, хаврын урь орж буйг угтан сар шинийн баярыг хотол олноороо өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Мөн ард түмний эв нэгдэл, үндэсний өв уламжлал, соёл, ёс заншлаараа бахархах, аав, ээж, ихэс дээдэс, бие биесээ хүндэтгэх, ураг садны хэлхээ холбоо батжих, овог удам судраа мэдэх, залуу үедээ сургаалаа хайрлах, хийморь лундаагаа сэргээж, жилийнхээ заслыг хийлгэн ард олноороо буян хурааж шинэлдэг олон олон ёс заншлыг хадгалсан баяр бол яахын аргагүй сар шинийн баяр юм.

Ийнхүү Монголчууд бид эрт дээр үеэс азай буурлууддаа хүндэтгэл үзүүлж, ахан дүүстэйгээ уулзан золгож, ардын сайхан үгээ хэлэлцэж, аз жаргал, амжилт бүтээлийг бэлгэдэн ерөөдөг Сарын шинийн баяртайгаа золголоо. Энэхүү баяраар хүмүүс нутаг усандаа буцаж аав, ээж, ихэс дээдэстээ золгодог сайхан уламжлал тогтсон билээ.

Энэ жилийн Монгол, Хятадын сар шинийн баяр нэг өдөр тохиож, ажил амьдралын шалтгаанаас дөрвөн жилийн сар шинийн баярыг Хөххотод өнгөрөөсөн надад сар шинээр нутагтаа очин аав, ээждээ золгох хэд хоногийн чөлөө олдсонд битүүхэн баярлаж, бас олзуурхаж байлаа. Хүний газар сургуулиа дүүргэж, ажлын захад хүрч, амжилт үр бүтээлтэй ажиллахаар мэрийж, хичээж явсаар аав, ээждээ очиж золголгүй дөрвөн жил болсон байх юм. Аав ээж маань үр хүүхдэдээ сургууль соёлын мөр хөөлгөхөөр хот газрыг бараадсан Увс нутгийн хоёр буурал. Ахмад настнаа хүндэтгэн золгох ёс аль ч нутагт адилхан байдаг. Настай аавынд минь айлчин гийчид их цугладаг болохоор шинийн нэгний өглөө үүртэй уралдан босч, айлчин гийчдээ угтах бэлтгэлээ хийцгээнэ. Хоёр буурал минь хот газрын орчин нөхцөлтэй цохицон идээ будаа, ууц шүүсээ уламжлал ёсоороо бэлдсэн байлаа.

Дөрвөн жил сар шинээр очоогүй надад хэд хэдэн зүйл ажиглагдаж байсан юм.

Сар шинээр идээ будааг элбэг дэлбэг байлган, ирсэн гийчид нь сэтгэлийн хиргүй золгож, билэг дэмбэрэлтэй үгс хэлэхийг аль болох эрхэмлэдэг болохоор бараг л хэдэн сарын өмнөөс идээ унаа, ууц шүүсээ бэлддэг билээ.

Сар шинийн баяраар тавгийн идээ, ууц шүүс, бууз, гар цайлгах бэлэг сэлтээ бэлдэхийн зэрэгцээ баярын гоёлоо бэлдэх том ажил бас гарч ирдэг.

Монгол дээл, гутлыг зөвхөн хөдөөнийхөн болон хөгшин настай хүмүүс л өмсдөг гэсэн ойлголтыг жилээс жилд ардаа орхих болжээ. Залуус маань үндэснийхээ дээл хувцсаар гоёж, гангарах нь ихэссэн харагдаж байв. Цагаан сар зэрэг үндэсний хэмжээний томоохон баяр наадмуудаар  монгол дээл, гутлаа өмсч гангардаг болсон нь манай залуусын үндэсний өв уламжлалаа хайрлаж, хамгаалах сэтгэхүй нь сэргэж эхэлснийг харуулж байх шиг. Сар шинийн баярын гоёлыг манай залуус үндэсний хувцсаараа сонгож байгаа нь сайшаалтай бахархууштай боловч тэрхүү гоёлоо өөрийн гараар урлаж, уламжлан авч үлдэж байгаа нь хэр олон байгаа бол гэж бодогдож байлаа. Сар шинийн гоёлын дээлийн бөс даавуу торго дурдангийн хувьд хэдэн жилийн өмнө хамгийн хямд өнгийг л авдаг байсан бол одоо илүү үнэтэйг нь авахыг эрхэмлэдэг болсон тухай яриа өрнөж байгаагаас өөр улс орноос орж ирсэн хямд, чанартай чанаргүй барааг хэрэглэхээсээ илүүтэй өөрийн эх орны чанартай бүтээгдэхүүн хэрэглэхийг илүүд үздэг болсон юм шиг санагдаж байв.  

Сар шинээр ирсэн зочдынхоо гарыг цайлгаж, бэлэг сэлт өгдөг уламжлал бий. Энэ жилийн хувьд сар шинийн бэлгийг элдэв янзын хэрэгтэй хэрэггүй чанар муутай бараа бэлэглэдгээ больж, үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжиж, монгол бэлэг өгөхийг эрхэмлэдэг болсон харагдаж байв. Сар шинийн бэлгийн хувьд ураг удмынхан, гэр угсааныхны доторх энэ жилийн олз олбороосоо үр хүүхэд, ахан дүүс, эцэг эхдээ “хувь хүртээж” буй уламжлалт ёс, үүний удаагаар худ ургийн юм уу, андын, төр шашны харилцаагаа баталж өгч авч байгаа “бэлэг солилцох” ёс, нутаг усны олон түмэн, орсон гарсан хэн бүхний алга тэнийлгэн “гар цайлгаж” байгаа монгол түмний ёс болж баяжин хөгжсөөр ирсэн бэлгэдлийнх болохоос биш хэрэгцээ хангах зүйл биш юм гэж үзэх зүйтэй мэт санагдана.  

Мөн сар шинийн баярыг өөрөөр тэмдэглэх оролдлогуудыг зарим хүмүүс хийдэг болжээ. Зоогийн газарт ах дүү, хамаатан саднаараа цуглан бэлгээ солилцож, ахмад настнуудаа хүндлэн, гэр бүлийн шинэ гишүүдтэй танилцдаг хэлбэр бас нэлээд бий болжээ. Энэ байдал сар шинийн ёс заншил шинэчлэгдэж байгаа нэг хэлбэр гэлтэй. Энэ нь олон талын шалтгаан үндэслэлтэй байх талтай. Очин үе, хот газарт цаг хэмнэж, машин унааны боломж нөхцөл, замын түгжрэл, тохиромжтой орчин, үйлчилгээг сонгож байгаа тал байж болох юм.

Тэгвэл энэ жилийн сар шинийн баяр сархадгүй сар шинэ болж, ёс болгон барьж, ерөөлийн үгээ хэлэлцэн ёслоод тавьдаг болсон харагдаж байх юм. Сар шинийн өдрүүдэд согтуу хөлчүү хүн гудамж талбайгаар нэг ч харагдаагүй нь сайшаах зүйлийн нэг байв. Yндэсний гэсэн нэгээхэн бахархал бол идээ ундааны дээж хэмээн нэрлэгдэж ирсэн сархад юм. Архи дарсыг идээний дээж гэж үздэг тул бэлгэдэл цээр нь ч нарийн тогтсон ёс дэгтэй байдаг. Архи зоргоороо шунан уух, ухаан санаагаа баларттал хэрэглэхийг илүү цээрлэнэ. “Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж зоогло, жар хүрээд жаргаж хүрт” гэх буюу “Архи хэтэрвэл амьдын тамд унана” гэх мэтээр сургаж, найр хуримд гурван хундаганы хувь тогтоодог байжээ. Архи дарсыг амсаад “гашуун нясуун, хатуу догшин” гэж хэлэхийг цээрлэдэг. Ёс төрийг эрхэмлэн архи сархдыг заавал сууж амсах буюу уудаг ба лонх саваар нь уухыг цээрлэдэг гэх мэт нарийн ёс дэг бий. Монголчууд архи дарсыг үеийн үед хэрэглэж ирэхдээ хатуу охийг үл таашаан хэдэн зуун жилийн турш зөөлөн шимийн архиар ёс жудагтайхан нанчид хүртэж ирсэн түүхтэй. Зочлон ирсэн зочид гийчдэд идээний дээжээ барьж, өнгөрсөн жилээ дүгнэж, ирж буй жилээ бэлгэдэн ерөөлөө өргөдөг ёс мөн бий. Ийнхүү манай ард түмэн сар шинийн баяраа өв уламжлалаа дагасан, ёс журамтай, хүндэтгэлтэй сайхан тэмдэглэдэг болжээ.  

Аливаа улс үндэстний түүх соёл, ёс заншлын маш том илэрхийлэл болдог зүйл нь тухайн улс үндэстний уламжлалт баяр наадам байдаг билээ. Сар шинийн баяр бол өвөг дээдсээс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр. Хэдийгээр сар шинийн ёс заншил цаг үе, хотжилтыг дагаад шинэчлэгдэн өөрчлөгдөж байгаа ч үеэс үед уламжлагдан үл тасрах нь гарцаагүй юм хэмээн нэгэн буурлын ярьсан үг санаанд орж байна.

Ах дүү, хамаатан садан бужигнасан сар шинийн өдрүүд нүд ирмэхийн зуурт өнгөрч чөлөөний хоног ч дуулаа.  Их хотын шуугиант амьдралаас хөндийрч, аав ээждээ эрхэлсэн өдрүүд ард хоцорсон ч их хотын амьдрал өрнөж, бидний ажил ундарч байгаа. Ирэх жилийн сар шинийн баяраар эргээд уулзана аав, ээж, ахан дүүстэйгээ.

Учран золгож буй Гахай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, өрнүүн их үйлийг бүтээхийн өлзийтэй сайхан ерөөлийг уншигч та бүхэндээ өргөн дэвшүүлж байна.

Найруулагч:Б.ТУЯА
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:26404
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой