”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Шинэлэг сар шинэ

Шинэлэг сар шинэ

          Цагаан сарын амралтыг тохиолдуулан ээж аавын санаачилгаар бид Хөхнуур мужийн Шинин хотыг зорьж, бурхны орны ариун дагшин газар болох Гүмбүм хийдийг зорилоо.

Галт тэрэг төмөр замаар өндөрлөг газрыг зорин хөдөлж, сэтгэлд таатай мэдрэмж төрүүлж байв. Ховор тохиодог ийм урт хугацааны амралтыг ашиглан ээж, аав, садан төрөлдөө “орчуулагч” хийх хүнд үүргийг хүлээж, Хөхнуур мужийн Гүмбүм хийдийг зорьж байгаа нь энэ юм.

Замын турш Гансү муж, Хөхнуур мужийн нутаг дэвсгэрээр галт тэрэг, автобусаар аялахад цас нэг их унаагүй харагдаж байсан. Харин Хөхнуур мужийн төв Шинин хотоос Гүмбүм хийд рүү аялах замд тэртээ алсад цаст уулсууд харагдаж эхэллээ. Сүсэгтэн олны мөргөл хийж, буян үйлддэг, үе үеийн гэгээн хувилгаад, хутагт мэргэдийн ариун энерги шингэсэн газар болохоор дээд тэнгэрээс цас борооны хишгээ үргэлж хайрладаг болохоор ийм байх гэж бодлоо.

Тун удалгүй Гүмбүм хийдэд хүрлээ. Хийдийн хүрээний том хаалгаар ороход Төвд дээлтэй хүмүүс арц, хүж, зул зэргийг худалдаалж байгаа харагдана. Мөн Төвд, Хятад, Хотон, Хөхнуурын дээд монголчууд, Өвөр Монголчууд гээд газар газрын хүмүүс цугласан нь хэл аялгуу, дээл хувцсаараа танигдаж байлаа. Мөргөл хийж, алд мөргөх, суварга тойрон мөргөх сүсэгтэн олон мөргөлчид, жуулчид харагдана.

Сүм хийдийн барилгын өнгө будаг нь гайхалтай сайхан. Сүмийн дээвэр, саравчаар зурагласан зургууд нь олон сайхан бурхны соёлын болон уран зураг, урлагийн үнэт эрдэнэс мэт үзэгдэнэ.

Сүмд ороход зулын гэрлүүд сүүмэлзэн бадарч, хүж арцны анхилам үнэр үнэртэж, эерэг таатай, ариун цагаан мэдрэмж зүрх сэтгэлийг яахын аргагүй нөмрөн авдаг. Сүмээс гарахад зон олон мөргөлчид, сүсэгтэн олон, жуулчид гар утас, зургийн аппаратаараа зураг даран дурсгал үлдээж байх юм. Энэ бүхнээс харахад сүсэгтэн олон бурхан буддааг сэтгэлийн угаасаа хүндэтгэн шүтдэг нь хүн бүхэнд мэдрэгдэнэ.

Битүүний өдөртэй золголоо. Бид ч хүний газар хөндлөнгийн нутагт хүрсэн ч вичатаар садан төрөлдөө битүүний мэнд хүргэж, нутгийн минь заншил ёсоор битүүний гурван хоол хэмээгдсэн мах, шөлтэй хоол, бууз гурваа идэн битүүлсэн юм.

Шинийн нэгэнд бид эртлэн босч овоондоо мөргөж, уламжлал ёсоор мөр гаргах зэрэг олон ёсыг гүйцэтгэлээ. Аав, ээжтэйгээ шинэлсний дараа элгэн садан, найз нөхөдтэйгөө вичатаар шинэллээ.

Монгол дээл хувцсаараа гангарч, сүм хийдээр мөргөлөө хийлээ. Монгол дээлтэй, монгол хэлээр ярилцах хүмүүс олон олноороо хажуугаар зөрөн өнгөрч байсан юм. Сүсэгтэн олон ч сүмийн үүдээр орж гарч, зарим нь зураг дарж, дурсгал үлдээнэ. Сар шинээр тэнд нэг их шинэлж золголгүй, харин аялж зугаалж, мөргөл хийдэг юм байна. Гэхдээ хүмүүсийн сэтгэл зүйн талд шинэхэн, сэтгэл ариуссан, таатай, мэдрэмж төрж байгаа нь учирсан бүхний нүднээс тодхон харагдана.

Нутгийн садан төрөл, хамаатан садан ч үргэлж утас, вичатаар аавтай минь холбогдож, ном уншуулах зэрэг олон зүйлийг захиж хэлж байлаа.  Энэ ач, тэр зээ, хүү охиноо гээд сайн сайхнаа даатгуулан, зул өргүүлэх, ном уншуулах зэргээр захих юм. Нутгийн буурлууд маань хөгжил сайтай их хотыг үзэхийг хүсээгүй, харин бурханд мөргөж буян заяагаа даатгаж, үр хойчсынхоо сайн сайхныг даатгахыг эрхэмд үздэг нь сэтгэл зүрхийг догдлуулж байлаа.

Шинийн хоёрын өдөр бид Хийморийн овоонд гарсан юм. Харин санамсаргүйгээр манай нэг садан ах гар утсаа гээж, утсаа олохоос өнгөрсөн гэж бодож явлаа. Гэвч горьдлого тасралгүй залгаж үзэхэд нэг төвд хүн утсыг авч, тэд газар товлон очиж уулзлаа. Гар утсыг нь олсон хүн нь амгалан төрхтэй лам багш байв. Баярлаж талархсан сэтгэлээ яаж илэрхийлэхээ олохгүй болсон садан ах маань бэлэн мөнгө 200 юанийг бэлэг болгон барилаа. Харин лам багш, “Авахгүй, авахгүй. Талархах зүйлгүй, олсон зүйлийг эзэнд нь буцаах нь зүй ёс билээ” гэж инээмсэглэчхээд явлаа. Тэр агшинд энэхүү нинжин сэтгэлтэй лам багшийн арын бараа бидний сэтгэлд удаан үргэлжиллээ. Садан ах маань удтал харж зогсон үдсэн боловч хэрхэн юу хийхээ мэдэхгүй бахархсан байдалтай ширтсээр байлаа. Төвд лам багшийн сайхан сэтгэлийг дагаад энэ хэдэн өдөр, тухайн газрууд маш таатай санагдсан юм. Сэтгүүлч хүний хувьд энэхүү эерэг сайхан сэтгэл шингэсэн үйл явдлыг уншигч түмэн, нийгэм нийтэд хуваалцах, түгээн дэлгэрүүлэх ёстой гэж бодлоо. Нинжин сайхан сэтгэлтэй хүмүүс улам улам олшрох болтугай.

Ийнхүү сар шинийн баяраар аав, ээжийн хамт гадагш гарч, олон сайхан шинэлэг, буянтай үйл хэргийг бие сэтгэлээрээ ухаарч мэдэрч, ариусч явсан юм.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:27018
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой