Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Ч.Насантогтох 30 жилийн дараа Өвөр Монголчуудыг дахин байлдан дагууллаа

Өвөр Монголын орчин үеийн урлагийн замыг нээсэн “Алтан үеийн амьд домог”-уудын нэг, МУГЖ Ч.Насантогтох 30 жилийн дараа Өвөр Монголчуудыг дахин байлдан дагууллаа.

“Соёл Эрдэнэ” хамтлаг 30 жилийн өмнө Өвөр Монголд

Монгол түмний урлаг, соёлын боловсролд 40 шахам жил чин үнэнчээр зүтгэж ирсэн Монголын урлагийн нэгэн том төлөөлөл, СУИС-ийн хүндэт профессор, Зууны манлай “Соёл Эрдэнэ” хамтлагийн гоцлол дуучин, МУГЖ, дуучин Чулуунбаатарын Насантогтох Өвөр Монголд хүрэлцэн ирж, шавь Нарсынхаа уран бүтээлийн тайлан тоглолтод оролцох үеэр буюу тоглолтын өмнөхөн түүнтэй ярилцах алтан боломж олдсон юм.

Ч.Насантогтох шавь Нарсын хамт

Өнгөрсөн зууны эцэс буюу 1989 онд БНХАУ-ын “Өөрчлөлт нээлтийн хаалга”-аар анхлан алхаж, Өвөр Монгол түмнийхээ сонорын ертөнцийг гэрэлтүүлж байсан Монголын уран бүтээлчдийн нэг яахын аргагүй Чулуунбаатарын Насантогтох байсан.

- Улаан алчууртай Насантогтох гэхээр Өвөр Монголд мэдэхгүй хүн бараг үгүй байсан байх. Жинхэнэ сайн дуучин. Жаргалсайхан, Ганхуяг, Баяраа гээд Монголын нэгэн үеийн сайн, шилдэг дуучид Өвөр Монголчуудыг байлдан дагуулж байсан юм. Ч.Насантогтохыг одоо харахад ч, дууг нь сонсоход ч яг л хэвээрээ байна. Үнэхээр сайхан байлаа хэмээн Өвөр Монголын Шилийнгол аймгаас тоглолтыг үзэхээр хүрэлцэн ирсэн үзэгч Отгонбаатар сэтгэгдлээ хуваалцаж байсан билээ.

Хүний сэтгэлд дурдатгал хөврүүлэхээр олон сайхан уран бүтээлийг урлагийн тайзнаа амилуулж явсан тэрээр энэ удаад “Последний раз” дуугаа шавьтайгаа хамтран дуулсан бөгөөд үе үеийн сонсогчдын сэтгэлд хоногшсон “Итгэл сэтгэл” дуугаа шавийнхаа тоглолтод бэлэг болгон дуулж, Өвөр Монгол түмнийхээ сонорыг баясгалаа.

Тоглолтын үеэр

- Сайн байна уу? Танд энэ үдшийн сайхан мэндийг дэвшүүлж байна. Та Өвөр Монголчууддаа мэндчилгээ дэвшүүлээч?

Юуны өмнө ӨМӨЗО-ы Солонго мэдээллийн төвийн хамт олон, энэ сайхан мэдээллийн төвийн идэвхтэй уншигч та бүхнийгээ энэ өдрийн түмэн амар амгаланг айлтгая. Миний бие Улаанбаатар хотоос ирсэн. Монгол Улсын СУИС-ийн хүндэт профессор, Орчин үеийн хөгжмийн урлагийн танхимын эрхлэгч, МУГЖ, дуучин Чулуунбаатарын Насантогтох байна. Энэ удаад шавь Нарсын уран бүтээлийн тайлан тоглолтод оролцохоор ирээд байна.

- Өвөр Монгол шавь Нарстайгаа анх яаж багш шавийн барилдлагатай болсон бэ?

Одоогоос гурван жилийн өмнө буюу 2016 онд Монгол Улсын СУИС-д магистрт суралцахаар Өвөр Монголын Урлаг Жүжгийн Хүрээлэнгээс 11 шижигнэсэн сайхан залуу очиход тэдний дунд орчин үеийн дууны чиглэлээр өөрийнхөө ахисан түвшний сургалт буюу магистрт суралцахаар чин сэтгэлээ өвөрлөж, миний шавь болохоор зорьж ирсэн дуучин бол Нарс байсан. Ингээд 2 жилийн хугацаанд маш амжилттай сайн суралцаж, магистрын зэрэглэлээ маш өндөр хамгаалсан. Нарс маань магистрын зэргээ хамгаалаад удаагүй ч гэсэн Үндэстний Урлаг Жүжгийн Хүрээлэндээ нэр хүндтэй, сайн ажиллаж, сайн уран бүтээл туурвиж, тэргүүний шилдэг залуу уран бүтээлч болж чадсан байна. Улмаар өнөөдөр үзэгч түмэндээ, тэр дундаа Өвөр Монголчууддаа зориулан, өөрийнхөө сор болсон сайхан бүтээлүүдээс сонгож энэхүү гайхалтай тоглолтоо хийж байгаа нь багш миний хувьд баярлууштай үйл явдал болж байгаа.

 “Последний раз” дуугаа шавьтайгаа хамтран дууллаа

- Тоглолтын бэлтгэл ажил бүрэн хангагдсан харагдаж байна. Таны хувьд тоглолтыг хэрхэн үнэлж байна?

Энэхүү тоглолтод олон сайхан алдартай хамтлагуудаас төрөн гарсан, маш олон шилдэг хөгжимчид ирсэн байна. мөн гэрэлтүүлгийн хувьд гэхэд Солонгосын нэртэй техникч гэрэлтүүлгийн инженерээр ажилласан, хөгжмийн тохиргооны хувьд ч гэсэн Нарс маань маш их сэтгэл гаргасан нь илэрхий харагдаж байсан. Ер нь уран бүтээлийнхээ бүхий л талд Нарс болон Нарсын аав ээж, хань ижил, байгууллага хамт олон гээд бүгд сайхан дэмжиж, тусалж байгаа нь их сайшаалтай харагдаж байна. Хамгийн гол нь тоглолт чанарын өндөр түвшинд бэлтэгдэж, хийгдэж байгаагаараа их онцлог. Мөн саунд /sound/ инженер буюу хөгжмийн тохиргоог олон сайхан уран бүтээлчдийг алдарт хүргэхэд зам мөр нь болж явдаг алдартай Болд гэгч саунд инженер өөрөө биечлэн ажиллаж байгаа. Мөн “Нармай” компанийн Давшилт захирал маань энэ тоглолтын найруулагчаар ажиллаж, бүх талын ажлыг өндөр түвшинд зохион байгуулж байна. Тоглолтын хийх загвар, хөгжим дээр гэхэд бараг 40 гаруй уран бүтээлчид тайзан дээр оролцож байна. Арын албанд гээд ирвэл нэлээдгүй их тоо гарах байдал харагдаж байна. Монгол Улсаас миний бие, Улсын филармоны залуу дуучин Н.Наранбаатарын хамт хүрэлцэн ирсэн.

- Та энэ удаад ямар уран бүтээлтэйгээ ирсэн бэ?

Шавийнхаа хүсэлтийн дагуу “Последний раз” дуугаа хамтран дуулж байгаа. Мөн Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн Гончигийн Жаргалсайханы хөгжим, яруу найрагч Ш.Оюунчимэгийн үг “Итгэл сэтгэл” дуугаа шавийнхаа тоглолтод бэлэг болгон дуулна. “Итгэл сэтгэл” дуунд шавь Нарс маань их дуртай, сонсох, дуулах дуртай байдаг.

“Соёл Эрдэнэ” хамтлаг 30 жилийн өмнө Өвөр Монголд

- Нарс ер нь хэр сайн шавь байсан бэ? Таны шавь нарын хувьд өөр өөрийн онцлог, давуу тал гэж байдаг байх?

Дуучин хүн гэдэг мэргэжлийн түвшинд өөрийгөө тодорхойлж чадах маш олон уран бүтээлтэй байж бие даасан тайлан тоглолт хийх ёстой. Манай Нарсын хувьд маш богино хугацаанд энэхүү тоглолтоо хийж байгаагийн дээр тоглолттойгоо холбоотойгоор Ордос ардын дуунаас бүрдсэн CD цомгоо гаргасан байгаа. Цомогт орсон дуунуудыг сонсоод үзэгчид уйдахгүй гэдэгт итгэлтэй байна. Тийм ч учир Нарс маань үзэгчдийн хайртай дуучны нэг болж чадсан гэдэг нь батлагдсан гэж бодож байна.

- Та өөрөө урлаг, соёлын боловсролд маш олон жил зүтгэсэн хүн. Олон ч шавь хүмүүжүүлсэн байх. Урлагийн салбарт ганзага сайтай яваа Өвөр Монгол шавь нараасаа ярьвал?

Бээжинд амьдардаг, Монголоор төдийлөн сайн ярьж чадахгүй ч сайн дуулдаг Улаантуяа гэж охин байгаа. Надаас хувиараа хичээл аваад хоёр жил хэртэй явсан. Одоо маш сайн, өндөр амжилт гаргаад явж байгаа. Мөн Бээжин хотод ажиллаж, уран бүтээлээ туурвиж яваа Солонго гээд охин бий. Төмсөнхуар, Хүсэл гээд л яриад байвал бас нэлээдгүй олон магиструуд байгаа. Энэ дундаас тодорхой хэмжээнд ер нь өөрсдийнхөө уран бүтээлээр танигдсан нь бол Нарс, Улаантуяа нар юм. Жавхлан гэдэг шавь маань Хөлөнбуйрт өөрийн гэсэн хамтлагтай болж, хажуугаар нь багшилж байгаа. Ер нь олон шавьтай. Монголд ч гэсэн маш олон шавь, олонд танигдсан уран бүтээлчид бий.

- Сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар бидэнтэй хуваалцаач? Цомог, тайлан тоглолт гэх мэт?

Одоогоос гурван жилийн өмнө багш шавийн барилдлага, эргэн холбоотойгоор шавь нартайгаа хамтарсан “Үерхэл чамайгаа нандигнана” нэртэй CD гаргасан байгаа. Тухайн жил тэр дуу маань дуулагдсаны 30 жилийн ой тохиож байсан учир ийнхүү нэрлэсэн. Миний дуулж үзэгчдэд хүргэсэн олон сайхан дуунуудаас олонд танигдсан хайртай шавь нар маань сонгож дуулсан дуунууд CD цомогт орсон. Нарсын хувьд миний өнөөдөр дуулах “Итгэл сэтгэл” дууг өөрийнхөөрөө коверлон дуулсан. Тиймээс өвөрмөц ковер дууны цомог болсон. Түүний дараа буюу 2018 онд би “The Best” нэртэйгээр өөрийнхөө дан хөгжимд зориулсан тоглолтоо хийгээд, мөн цомог гаргасан.

Би өөрөө дуучин, багш, хөгжимчин, тэнхимын эрхлэгч гээд олон цол гуншинтай хүн. Армен улсын Ереван хотноо 1976-1985 онуудад Хөгжмийн багшийн дунд сургууль, эстрадын чиглэлээр тусгай сургуулийг давхар дүүргээд, дээр нь Ереван хотын Урлагийн их сургуулийг төгсгөөд, 1985 онд Монгол Улсад хамгийн анх дээд боловсролтой мэргэжлийн дуучин, хөгжмийн багш мэргэжлээр төгсөж ирсэн. 1998 оноос өнөөдрийг хүртэл өөрийнхөө сургуульд 21 дэх жилдээ тасралтгүй багшлаад, хажуугаар нь уран бүтээлээ туурвиад, CD гаргаад, тоглолтоо хийгээд олон ажлыг амжуулаад явж байна. Мөн “Яг түүн шиг” шоу төсөл дээр зөвлөх багшаар хамтран ажиллаж байна. “Гэгээн алсын одод” гээд хүүхэд багачуудад зориулсан олон улсын сайхан наадмын шүүгчээр энэ жил 5 дахь жилдээ бас ажиллаж байгаа. Хоёр том ажлаа түр орхиод шавийнхаа тоглолтыг зорин ирсэн. Буцаж очоод шууд ажилдаа орно.

- Өвөр Монголд хамгийн анх хэзээ ирж байсан бэ?

Хамгийн анх 1989 онд ирсэн. Өвөр Монголд эстрадын урлагийн үнэр ч байхгүй тухайн үед Монгол, Хятадын харилцаа дахин сэргэж, их сайхан найрамдаж эхэлж байсан цаг үед бидний хэдэн Монголчууд албан ёсны гэрээгээр, хоёр улсын хоорондын солилцооны урлагийн шугамаар ирж байсан. 1989 онд “Соёл Эрдэнэ” хамтлаг маань Өвөр Монголд “Инээмсэглэл” хамтлагийн хамт маш өргөн бүрэлдэхүүнтэй ирж байсан. “Инээмсэглэл” хамтлагт гэхэд Монгол Улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, дуучин Н.Ганхуяг, Л.Балхжав бөмбөрчнөөр, “Улаанбаатарын үдэш”-ийн хөгжмийг зохиосон Пүүжээ хөгжимчнөөр ажиллаж байсан. Б.Сарантуяа маань тухайн үед дөнгөж уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан цаг. Манай “Соёл Эрдэнэ” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээр ирсэн. Дуучнаар нэрт дуучин агсан Баяраа ах маань байлаа. Мөн Б.Нандинцэцэг эгч, “Чингис хаан” хамтлагаа байгуулаагүй, манай хамтлагт дуучнаар ажиллаж байсан Жагаа, надтай нийт 4 дуучинтай ирж байсан. Ард нь манай залуучууд, талийгаач Дамдинсүрэн, даралтат хөгжимчин Батболд, анхны гавьяат Галсанбат ах, манай отгон гавьяат Цолмон гэх мэтчилэн алтан үеийн амьд домгууд анх 1989 онд Өвөр Монголдоо ирж тоглосон. Тэр цагаас эхэлж орчин үеийн урлаг хөгжих зам гүүр нь нээгдсэн түүхтэй.

- Таныг харахад залуугийн үеэсээ нэг их өөрчлөгдөөгүй үзэсгэлэнтэй сайхан хэвээрээ байх юм. Уран бүтээлч хүн гэдэг гадаад төрхдөө хэр зэрэг анхаарах ёстой гэж боддог бэ?

Олны өмнө гардаг хүмүүс мэдээж тодорхой хэмжээгээр өөртөө анхаарал хандуулах ёстой байх. Миний хувьд тийм зав байдаггүй. Долоо хоногтоо 2-3 удаа гоо сайханд орох, зориулалтын аппратад ороод, фитнесээр хичээллэх гэх мэтээр өөртөө цаг зав хэзээ ч гаргаж үзээгүй. Гаргах юмсан гэж боддог боловч надад тийм цаг зав байдаггүй. Яагаад гэхээр тэнхимын эрхлэгч хүн, дээр нь маш олон ажлууд амжуулж, хэдэн тийшээ явж байгаа хүн болохоор гоо сайхандаа цаг зав гаргаад байж чаддаггүй. Сүүлийн үеийн залуучууд өөртөө маш их анхаарал хандуулдаг болж, биеэ эмх цэгцтэй сайхан авч явдаг болсон байна. Цаг зав гарахгүй, өглөөний 08:00 цагаас эхлээд оройн 20:00 цаг хүртэл ер нь тогтмол ажилладаг. 1985 онд төгсөж ирээд л өнөөдрийг хүртэл яг тасралтгүй улсад хөдөлмөрлөж байна.

- Мэдээж таныг уран бүтээлдээ илүү анхаарлаа хандуул гэж ятгаж, санал болгож хэлэх хүн олон байсан байх? Та яаж хүлээж авч байсан бэ?

Олон хүн санал болгодог байсан. Ээж аавын хүмүүжил, социализмын үеийн “гандан буурахгүй” зан, эсвэл ямар нэгэн зүйлийг чин сэтгэлээрээ үүрээд, хандаад тэр зүйлийнхээ төлөө төрчихсөн юм шиг үнэнчээр зүтгээд сурчихсан хандлага нөлөөлдөг байх. Тэгээд нэг л мэдэхэд өдий хүрсэн. Гэхдээ би огт харамсдаггүй. Яагаад гэхээр би нүүр бардам байдаг. Ажил амьдрал маань тэгшхэн. Тэгээд ч Монгол Улсын иргэн бол Монгол Улсдаа ямар нэгэн хувь нэмэр заавал оруулах ёстой гэсэн зарчмыг л тодроо заавал бодож явах ёстой гэж боддог.

Энэ талаар та нарыг ч би адилхан үнэлж байна. Вэбсайт, сонин, сэтгүүл гээд гайхалтай олон зүйлийг амжуулж, олон сайхан уншигчидтай болсон, Ар, Өвөр Монголын залуучууд хаана, хэн юу хийж байгааг маш түргэн хугацаанд мэдээлж байна гэдэг чухал асуудал, зөв алхам. Энэ ажлыг тэгж системтэйгээр зохион байгуулж, зөв голдиролд оруулж, уншигч түмэнд таниулж явна гэдэг мэдээж маш их ачаалалтай ажил байх. Ийм нийгэмд ийм ажлыг өөрсдийнхөө чин сэтгэлээр нэгдээд хийнэ гэдэг та бүхнийг миний хувьд маш их үнэлж, баярлаж, маш их талархалтай хүлээж авч байна. Мөн олон сайхан уран бүтээлчидтэй уулзаж, Ар, Өвөр Монголын мэдээллийн солилцоо, энэ сошиал ертөнцөөр мэдээлэх гол үүргийг гүйцэтгэж байдаг учраас та бүхний үйлс үргэлж нар шиг цацарч, гэрэл шиг гэгээрч явна гэдэгт итгэл төгс байна.

- Цаг гарган бидэнтэй ярилцсанд баярлалаа. Хамт олныхоо зүгээс танд мөн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.

Зохиогч:Ярилцсан: С.УРЬХАН, Б.ТУЯА
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:445
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой