“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

“Монгол морины зориг”-ийн магтуун

Монгол морь эгэл жирийн, элэгсэг дотно сэтгэлтэй амьтан. Хүн, орчинтойгоо зохицож чаддаг цэцэн сэргэлэн хайрыг татсан амьтан. Гэрийн тэжээвэр, хээрийн араатан хэдий олон төрөл байвч морьтой адил цог жавхлант шинжтэй, сүрлэг төрсөн амьтан хэд байх билээ!

Монгол морины сайхныг алдарт зохиолч А.Очир “Монгол морь” гэдэг найраглалдаа: “Морины бие нь өндөр, хөл нь урт, гэдэс нь нарийн, толгой нь их ч биш бага ч биш, хүзүү нь урт ч биш охор ч биш яг л хэвдээ зохицсон байдаг. Мэлтгэнэсэн хоёр нүд нь хэзээ ч цог бадран гэрэлтэж, түүний сэргэг байдлыг илрүүлж байдаг. Морины чих нь охор шовгор, сарталзан хөдөлж, заримдаа солбицон хайчилж, хурц сэргэлэн дотоод сэтгэлгээгээ илрүүлж байдаг. Морины уруул нь нимгэн, шүд нь хурц тул сийрэг бэлчээр нарийн өвсийг бүр гээгдүүлэлгүй түүж идэж чаддаг. Морины дэл нь заримдаа хоёр тал уруугаа хагарч буугаад хүүхэн хүний самнасан үс шиг хийсэн байдаг. Дэлийг нь хяргаж засвал улам сайхан болж, яг л саяхан үсээ засуулсан идэр залуу шиг цэвэр гоёхон харагддаг. Сүүл нь зузаан бөгөөд урт, яг л хүний хувцасны энгэр хормой адил далдалбал зохих газраа далдалж, ичгүүрийг мэдэх амьтан шиг боловсон ёсорхог байдаг. Морины дуу нь нарийн, цуурай сайтай мөртөө дуучин хүний хоолой шиг өө сэвгүй тул хол гэгч хангинан сонсогдож, харилцан чимээ авалцан хоорондоо нэвтрэлцдэг” гэжээ.

Монгол морь бол монгол хүний сүр сүлд ба хийморийн мөнхийн дээд бэлгэ тэмдэг болно. Монгол хүн болон монгол морь хоорондоо салшгүй нягт харьцаатай. Монгол хүн эрт дээр үеэсээ монгол морьтойгоо зайгүй ханьсаж, мориныхоо гайхалтай ид шидэд мандаж, “Морины нуруун дээрх баатар үндэстэн” хэмээгдсэн. Монгол хүн эрээн алаг бөмбөрцгийн домогт буурал өндөрлөг, дэлгэр уудам талдаа амь насны мөнхийн бэлгэдэл хурайлж, монгол морьтойгоо хувь заяагаа холбож явсан юм.

Монгол хүн мориндоо хайртай байдгийн учир морио хамгийн эрхэм сайхны бэлгэдэл болгож, хувь заяагаа мориндоо даатган “Хийморь” гэж нэрлэв. Монголчууд морио хайрлан шүтэж, мориороо баясдаг. Тиймээс сайн сайхан бүхнийхээ зүг хийморь хийсгэн өлзийтэй явах болтугай гэж өвгөд настнууд маань жил жилийн эхэндээ бэлэгтэй ерөөл хайрладаг.

Морь мөн хүн шиг ухаан мэдэл, сэтгэлтэй гэж дээдэс минь цэцэлсэн байдаг. Тийм ч учраас морьтой холбоотой монгол зүйр цэцэн үг олон байдаг. “Хүн болох багаасаа, Хүлэг болох унаганаасаа”, “Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа”, “Адууны алаг сайхан, аяганы алаг муухай”, “Сүүтэй гүүний унага, сайн хүний үр” гэх мэтээр утга санаа нь маш гүн гүнзгий байдаг.

Монгол дуу бүжгээр монгол морио магтан дуулсан уран бүтээл маш олон байна. Тэдгээр монгол морио магтсан уран гойд, хайр дүрэлзсэн уянгат уран бүтээл нь монгол хүний зориг, хүслийн мөнхийн гал болон асч байдаг.

Ийм сайхан монгол мориныхоо нуруун дээр монгол хүн ялагдашгүй хүчтэй болж, аливаа хүсэл үйлсийнхээ туяат оргил зүг гялалзан дүүлдэг. Тиймээс өвөг дээдэс минь морио ухаан сэтгэлдээ гүн шингээж, морин толгойн хэлбэртэй хөгжим хийж морины дэл сүүлээр хуурын хөвч болгон, монгол морио магтан дуулж хялгасан хоёр чавхдасны монгол аялгуунд хайраа шингээсэн байдаг. Уран бүтээлч, зурагчин, сийлбэрчид монгол мориор сэдэв болгож, зүйл зүйлийн уран бүтээл бүтээснийг нь тоолоод дуусахгүй. Эдгээр уран бүтээл нь одоо ч гэсэн хүмүүсийн сонирхлыг татсаар байхыг юун өгүүлнэм.

Монгол морь, монгол хүний дотно хань, монгол хүний хүслийн жигүүр.

Монгол морь, монгол хүний бат түшиг, монгол хүний энхийн манаа.

Монгол морь, монгол хүн жам журамтай зохицолддог нь нар, сар орчилдон тогтнодогтой адилтгана. Монгол морьгүй бол эсгий гэр минь үзмэргүй харагдана. Монгол морьгүй бол монгол хүн хийморьгүй санагдана. Монгол морьгүй бол Монголын тал нутаг цэцэгсгүй адил бодогдоно.

Монгол морь бол монголчуудын аугаа түүх соёлыг бүтээсэн чухал элементийн нэгэн. Мөн Өвөр Монголын үндэстний соёлын хүчирхэг орныг бүтээн байгуулахын төлөөлөх дүр. Монгол морины зориг бол тал нутгийн соёлын охь сод мөн.

Монгол морины зориг бол монголчуудын нүүдлийн мал аж ахуйн соёлтой салшгүй холбоотой. Монгол морины мохошгүй хүч, шантаршгүй зориг, эрэлхэг баатарлаг омог, чин үнэнч сэтгэл, цэцэн сэргэлэн ааль, эв нэгдэлтэй зан, элбэрэл журам, элгэн нутагсаг халуун хайр нь бүгд монгол морины зориг баялаг агуулгад багтана.

Монгол морины эрэлхэг баатарлаг омог сүр гэж үнэхээр магтууштай. Богд Чингис хааны үеэс манай өвөг дээдэс морьтойгоо амь насаа холбож, алтан дэлхийн түүхэнд алдар нэрээ мандуулж явсан. Манай үндэстний алдарт түүх болон баатарлаг тууль дахь эрэлхэг баатруудын хэн нь ч гээд хүндэт гавьяа байгуулахдаа монгол мориноосоо салсан удаагүй. Бороо мөндөртэй жихүүн шөнө баатар Гэсэр эрдэнийн хүлэгтэйгээ мангасын аюулаас мэнд гарсан. Асга өндөрт Тэмүүжин даарч бээрч явахдаа аргамаг хүлгийнхээ гүрээг ханан бүлээн цусаар нь биеэ дулаацуулан, даяныг нэгтгэхээр дархан илдээ өргөсөн. Гурван настай гунан улаан баатар, хурц самбаалаг ухаантай Сүбээдэй, эрс тасархай эр цэргээс эгэл жирийн малчин ардын амьдрал ахуй, амь насанд нь хүртэл морь холбогдож байдаг. Буун дуу нижгэнэж дарийн утаа тунарсан догшин ширүүн байлдаанд ч, гашуун утаа манарч ганга эргэ нурсан гал усны аюулд ч монгол морь огт айж цочирдолгүй урагшаа шунаглан орж, үхэж амьдрах аюул зовлонг эзэнтэйгээ хамт туулж, гавьяа зүтгэлийг эзэнтэйгээ хамт байгуулж байдаг. Монгол мориороо монгол хүн дэлхийн талыг туулж яруу түүхийг зурж сийлсэн.

Монгол морины мохошгүй хүч, шантаршгүй зориг гэж мөн ч гайхалтай. Монгол морь мэрийн чармайж манлайд нь гарах хатан зоригтой. “Монгол морь” гэсэн дуунд “Монгол хүний зориг \хэмжээлшгүй их байдаг \ монгол морины чадал \ хязгааргүй их байдаг” гэжээ. Монгол морины туурай нь цомбогор битүү, хатуу хурц. Тийм болохоор хад чулуунд халтирахгүй, холын аянд элэгдэхгүй, ялангуяа төмрөөр тахлах юм бол түмэн газрын аян дайнд ч айдаггүй. Монгол морь бэрхийн өмнө бие бөхийхийг мэддэггүй, хүчрийн өмнө хөл нугарахыг мэддэггүй. Түмэн агтны уралдаанд ер зүрхшээдэггүй, мянган газрын аян гэж тэр ер ухардаггүй. Монгол морины мохошгүй хүч, шантаршгүй зоригийг үнэхээр бишрүүштэй юм.

Монгол морь эцэг эхээ таньж, эгч дүүгээ ялгаж чаддаг. Нялх бага үед нь эцэг болсон азарга, эх болсон гүү нь өөрийн үрээ өдөр шөнөгүй хайрлан гамнаж, чоно нохойн аюулаас сэргийлэн хамгаалдаг. Унага даага нь өсч хязаалан нас хүрэх үе эцэг болсон азарга нь үрээ байдас гэж ялгалгүй өөрийн сүргээсээ хөөн гаргана. Энэ үед байдас нь өөр азарганд хураагдаж “Хүргэнд мордоно”, үрээ нь хувиа хөөж “Айл болно”. Аль нэгэн азарга адууны гүү бол үүрд тэр азаргандаа хураагдаж хэзээ ч цуг явна. Хэрвээ өөр нэг азарга ирж түүний гүүг булаахад хүрвэл “Гэрийн эзэн” болсон азарга нь амь тавин тэмцэн ноцолдож байж өөрийн “Эхнэр”-ээ заавал булаан авч ирнэ. Энэ мэт “Эцэг эхээ таньж, элгэн саднаа мэддэг” элбэрэл журам нь гайхалтай. Монгол морины шударга номхон, энгийн хүлцэнгүй зан чанарыг магтахгүй байхын аргагүй. Монгол морь өдөржин шөнөжин уясан ч өлслөө гэж "дуугарахгүй", өөд уруу давхиулсан ч зүдэрлээ гэж “муу царайлахгүй”, өрөөлдөж тушиж бэлчээсэн ч гомдолгүй, хэрээрээ чармайж байтал ташуурдаж хурдлуулахад ч хилэн уур  хүрдэггүй, сүрэгт нь тавихгүй удсан ч гомдол байдаггүй. Юутай шударга номхон хүлцэнгүй даавартай сайн монгол морь аж.

Уургын морь уургын үзүүрийг алдалгүй дагаж, уургалах морийг усан дотрох загас мэт сумдан нэхдэг. Онгон ороо догшин хангалыг ч уургын морины уран нарийн чадалд түшин барьж чаддаг. Монгол морь усны тунгалгийг ууж, өвсний соргогийг иддэг цэвэр ариун зантай. Өөр адгуус амьтантай адил шавар шалчигт орж, баас шээсэн дээр хөрвөдөггүй. Монгол морь жилийн дөрвөн улиралд хэзээ ч гэсэн үс ноос гуужуулж, өвс шороо үүрч явдаггүй бөгөөд үүрд үсэнд нь тос түрхсэн мэт өнгө гаран гялтганаж байдаг. Монгол морь хэзээд эв нэгдэлтэй байдаг нь магтууштай. Сүрэглэн явж бэлчих заншилтай. Бие биетэйгээ эв эетэй амьдардгаас биш, нэг нэгэндээ хор хөнөөл учруулдаггүй. Тэд хязгааргүй баялаг байгалийн бэлчээр ус буюу хүний өгсөн өвс бордоогоор хоол ундаа болгодог бөгөөд улай үздэггүй тул бусад амьтныг барьж идэхийн төлөө амь нас хөнөөдөггүй. Тиймээс монгол морь бол бусдад хор хийдэггүй, таван хошуу малын дотор эв зохистой эв нэгдэлтэй тайван оршин амьдардаг амьтан билээ.

Монгол морины эзэндээ хязгаарлашгүй үнэнч, нутагтаа хэмжээлшгүй хайртай байдаг чин үнэнч сэтгэл, нутагсаг халуун хайртай. “Сайхан монгол морь” хэмээх дуу монгол морины эзэндээ үнэнч нутагтаа хайртай байдгийг сэтгэл зүрх догдолтол яруу сайхан илтгэсэн юм: “Оонын сайхан зоонд нь /нарны туяа солонгорсон/ навчит сайхан талдаа /салхи исгэрүүлэн наадсан/ сайхан монгол морь минь / сайхан монгол морь минь / зээрийг гүйцэм хурдаар / хээр талыг туулсан / унаган багаасаа хол явсан ч / унасан нутагтаа эргэж ирдэг / сайхан монгол морь минь / сайхан монгол морь минь / дайны талбарт алдсан эзнээ / дайсны саварт өртүүлэлгүй / дайчин нөхрийн минь хүүрийг сахиад / нулимс бөмбөрүүлэн зогсч байдаг / сайхан монгол морь минь / сайхан монгол морь минь”.

Монгол морь бол хэдий хол газар явсан ч гэр нутгаа таньж мэддэг газарч амьтан юм. Ялангуяа намрын хонгор салхи хөдлөх үе монгол морь бас хол мордсон хүүхэн шиг төрсөн нутаг, эцэг эх, элгэн саднаа мөрөөдөн санаж, дасаж ядан үүрсдэг. Монгол нутгийн саруул талд төрж, соргог бэлчээрээ идэж, тунгалаг сэрүүн булгийн усаа ууж өссөн монгол морь нь нутагтаа хайртай эзэндээ ээлтэй адгуус аж.

“Монгол морины зориг” тал нутгийн соёл түүхийн уртаас урт урсгал дунд хүмүүсийн сэтгэл зүрхэнд сийлэгдэж, үеийн үед монгол нутгийн ард түмнийг зоригжуулж, эрэлхийлэн тэмцэх хүч зоригийг нь оргилуулж байдаг. “Монгол морины зориг” одоо нэгэнт агуу их үндэстний зориг болж хувираад монгол үндэстний оршин тогтнож урагшлан дэвших аялал дунд үндэстний эрхэм дээд оюуны хөрөнгө болов. Одоо “Монгол морины зориг” өөрчлөлт нээлтийн цаг үеийн зоригтой нягт уялдаж шинэ агуулга болж, үндэстний ард түмэн эв нэгдэлтэй нягтарч, эх улсын умард хилийн үзэсгэлэнт сайхан орноо бүтээн байгуулж, Өвөр Монголын хөгжлийн түүхт чанартай агуу их өөрчлөлтийг биелүүлэхэд оюун санааны их хүч болсон байна.

ӨМӨЗО-ы далан жилийн ойн баяраар “Монгол морины зориг”-ийн магтуугаа дуулахдаа Өвөр Монголын музейн орой дээр улаан нарыг угтан дэл сүүлээ хийсгэн дүүлэн нисч байгаа саарал морио санаж байна. Энэ саарал морь Өвөр Монголчуудын шүтээн байж, энэ монгол морь молор эрдэнэ болохоор барахгүй, “Сахиусан хүлэг” болсон байна. Саарал морь “дээд тэнгэр”-ээс соёрхсон дотно элч, тал нутгийн гоц үзэмжийн амьд дүр болох нь гарцаагүй.

“Монгол морины зориг” шинэ эринд өнгө гялбаа цацарч хүмүүсийг зоригжуулан хөгжөөж байна. Тал нутгийн үндэстний ард түмэн эв нэгдэлтэй нягтарч, хамтдаа чармайж, эх улсын умард хилийн үзэсгэлэнт сайхан орноо бүтээн байгуулж байгаа цаг үед “Шаргуу хатуужилтай тэмцэж, цуцалтгүй урагшлах” монгол морины зориг эрхэм нандин болж байна. Бид “Монгол морины зориг"-ийг үеийн үед уламжлан бадруулж, эх улсын умард хилийн үзэсгэлэнт сайхан орноо улам өнгө гялбаа цацартал цогцлон байгуулсугай!

Зохиогч:Нийтлэл: Ч.Жаргал
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж:Хятад улсын монгол хэлний сайт
Мэдээ үзсэн:3857
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой