“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Харь нутгаас хайрласан аз жаргал

Хүн ер нь зовиур, шаналгаатай өвчнөөр өвдөх, бие махбодын тарчилгаанаас илүү сэтгэлээр зовж унах нь өөрийн эрхгүй хэцүү бэрх гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ.
Хэрэв хүний амьдралыг нэгэн маш хурдтай бичигдэж буй ном гэж үзвэл өвдөж байгаад эдгэрэх тэр л цаг түүний амьдралд нэгэн эргэлтийн цэг болдог болохоор утга учиртай ...

                      Хүн гэгч үнэхээр сэтгэлийн амьтан

   Хүн ер нь зовиур, шаналгаатай өвчнөөр өвдөх, бие махбодын тарчилгаанаас илүү сэтгэлээр зовж унах нь өөрийн эрхгүй хэцүү бэрх гэдэгтэй уншигч та санал нийлэх биз ээ.

  Хэрэв хүний амьдралыг нэгэн маш хурдтай бичигдэж буй ном гэж үзвэл өвдөж байгаад эдгэрэх тэр л цаг түүний амьдралд нэгэн эргэлтийн цэг болдог болохоор утга учиртай ...

  Д.Ганганоров хэмээх сайхан хүнтэй бичсэн номоос нь алдар нэрийг нь таниснаар ярилцлага авах санал тавьж, анх уулзсан юм. Түүнтэй уулзахаар болзсон газарт хүрэхэд биедээ тохирсон энгийн хувцас өмсөж, наснаасаа улам ч залуу харагдсан Гангаа эгчийг хараад "Мөн болов уу, биш ч болов уу" гэж эргэлзэн зогсож байтал инээмсэглэн ирж биднийг дотогш урьсан юм.

Ганганоров эгч Монгол Улсын сэтгэл судлаач, шинжээч, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт мэргэжилтэн, эмнэлгүүдийн магадлан итгэмжлэлийн үндэсний шинжээч зэрэг ажлыг 24 жил хийсэн "Хүний их эмч" хүн. Нэлээд зовиур, шаналгаатай өвчнөөр өвдөн зовж, танил найзынхаа ачаар Хятад улсын "Нисэх хүчний ерөнхий эмнэлэг"-ийн нуруу нугасны эмгэгийн сэргээн засах тасагт сар орчим хэвтэн эмчлүүлж, сайн эмчтэй учирч нэг их удалгүй зовиур шаналгаа нь илт хөнгөрөөд баярлан сэтгэл уужирсан гэх.

   Хүний нутаг хөндлөнгийн газарт үг хэл ойлголцохгүй, эмчлүүлэхээр анх хүрч байхдаа олон зүйлд санаа зовж байсан тэрээр Ван Фэй эмчтэй танилцаж, эмчийн хариуцлагатай эмчилгээ, хайр халамж, урмын үгэнд нь сэтгэл уужирсан гэж ярьсан юм.

“Ер нь эмч болох амархан, эмч байх нь хэцүү” гэж үздэг шигээ эм бол үхмэл, харин эмч бол амьд хүн. Өвчин засах нь зөвхөн эмэнд түшиглэснээр хангалтгүй. Харин өвчтөний бодит байдалд үндэслэн амьд арга барилаар бие сэтгэл, олон талаас нь эмнэвэл эмчилгээний сайн үр дүнд хүрч чадна.

Өндөр боловсролтой, мэргэжлийн өндөр чадвартай, эгэл жирийн монгол хүний төлөө чин үнэн сэтгэл гарган ажиллаж, өөрийн ажлаа зуун хувиар гүйцэтгэж, өвчнийг нь эдгээхээр чармайж яваа Ван Фэй эмч ба сувилагч асрагч нарыг хараад өөрийн эрхгүй сэтгэл уярч, хоромхон зуур ч гэсэн өвчин эмгэг нь сураггүй одсон шиг сэтгэл нэг л тайвширдаг аж.

- Эмч маань хөлийн өвдөлтөнд маш тохитой байрлалыг олж, өвдөг доор хувцас эвхэж хийж өгч байсан. Орон дээр суугаад хоол идэх үед жижигхэн модон сандал дээр өвдөж байгаа хөлийг минь тавьж өгч байсан. Сэтгэлийн минь уйтгарыг тайлах гэж зориуд хүн томилон ярилцуулж, дандаа л анхаарал халамж тавьдаг. Өвчтөнийг хүндэлж, садан төрөл шигээ халамжилдаг. Хүсэл эрмэлзэл өвөрлөн хил алсалж ирсэн надад энэ бүхэн урам зориг өгч, илүү сайхан зөв энерги өгсөн гэж ярьж байлаа. Тийнхүү ярихдаа бие сэтгэлийн хэмжээлшгүй зовнилоо тайлж, тайвширч байх шиг санагдсан юм.  

“Хүн гэгч үнэхээр сэтгэлийн амьтан”, бие нь хэдийгээр мэдрэл ухаан алдтал өвдөж тарчилсан боловч харь орны хятад эмч, сувилагч, асрагч нарын сайхан сэтгэлд Ганганоровын сэтгэл цаанаа тайвширч, хэл нэвтэрхгүй ч гэсэн сэтгэл сэтгэлээрээ ойлголцож байсан бүхэн нь сэтгэлийн тэнхээ өгч эмнээс илүү эм болж байсан нь түүний илааршихад нь үгүйлшгүй их хүч болсон гэлтэй.

               

 Сайхан

 

Хорвоо ертөнцөд сайхан бүхэн хязгааргүй. Мөнх тэнгэр, байгаль дэлхий, наран саран, уул толгодууд, уудам тал, гол мөрөн, ургамал цэцэгс, аав ээж, хань нөхөр, анд найз, үр хүүхэд гээд сайхан бүхнээр дүүрэн. Яг л Гангаа эгчийн ярьсан шиг “сайхан” гэдэг үгийг хэлэхэд ч сайхан байдаг юм. Харь гүрний хятад эмчийн хачин гайхамшигт бариа заслын ачаар бие нь хөнгөрч, өвчин нь илэрхий эдгэрч, биеийн сайхан, сэтгэлийн сайхан, амьдралын сайхан, цаг үеийн сайхныг хэн хэнээс илүү өр зүрхнээсээ мэдэрч, сэтгэлийн сайхнаар амьдралын сайхныг эдэлж яваа нь Ганганоровын амьдралын дадал болсон биз ээ.

 “Орчлон хорвоогоос сайн сайхныг олж мэдэрч... сайн сайхныг бусдад түгээхийг оролдож амьдарвал амьдрал сайхнаас сайхан. Эргэн тойрноо сайн хар, анзаар. Сэтгэл сэргэм, зүрх булгилам гайхамшиг олон бий. Бид чинь гайхамшгийн дунд амьдарч явна. Хүн бүхэн өөрийнхөө тухай ихийг боддог, би ч мөн адил. Өөрөө би буй байгаагаараа, харин тэр өөрийн тухай бодол сэдэл өдөр өдрийн наран доор өөр өөр байдаг" гэж "Сайхан..." хэмээх номондоо бичсэн шигээ Д.Ганганоров үнэхээр өглөө бүрийн нарыг ийнхүү өөдрөг сэтгэлээр утган, амьдралын сайхныг үзэж, бусдад түгээж яваа нэгэн.

  Ганганоров эх нутгаасаа:

- Би яагаад тэдгээр сайхан сэтгэлт хүмүүсийг баярлуулж болохгүй гэж. Би яагаад Хятадад эмчлүүлсэн ба эмчлүүлж байгаа олон мянган монголын хүмүүсийн өмнөөс баярлаж талархсан сэтгэлээ илэрхийлж болохгүй вэ гэсэн шиг халамжит хүмүүсийн хайр сэтгэлд уярсан тэрээр сэтгэлдээ даатгасан “Сайхан” номоороо толгой бөхийн ёсолж байсан юм. Хятад эмч, сувилагч, асрагч нар, тэрчлэн эрүүл хэмгааллын салбарт ажилладаг бүх хүмүүст “баярлалаа” гэж өргөн барьсан сайхан сэтгэл нь  тодхон. Тэрээр эдгээр сайхан сэтгэлт хүмүүсээс сэтгэлийн тайвшрал, биеийн эрүүл энхийг авч, аз жаргалтай амьдралын сайхныг өр зүрхнээсээ мэдэрч, түм мянган монголын үрс, онцгойлон анагаахын салбараар сурч ажиллаж байгаа монголын үрс маань илүү олон жилийн түүхтэй Хятадын улмажлалт эмчилгээний арга барил, анагаах ухааныг төгс сайхан сурч ирвэл гайхамшигтай болох юм байна гэж “Хүний их эмч”-ийн хувьд хэлж байлаа.

“Бусдад тус хүргэвэл өөрийн тус бүтнэ” гэдэгчлэн чадахын хэрээр бусдад тусалж байвал аль нэг цагт бусдын тус бас эргэж ирдэг аж. “Өвдсөн ч, ядарсан ч, жаргасан ч хүн хүнээрээ байх амьдрал сайхан. Хэн нэгийгээ гомдоож болохгүй, ядарсан, шаналсан, өвдсөн хүнд тусалж чадахгүй ч гэсэн баярлуулж явах амьдрал сайхан” гэсэн Ганганоровын жишээн дээр “Амьдрал гэдэг ухааны дээж бол бүсгүй хүнийх, амьдрал гэдэг уудам багтаамж бол бүсгүй хүнийх” гэж шүлгэлсэн шиг монгол бүсгүйн уудам сэтгэл, өрөвчхөн зан, хатуу зоригыг олж харсан юм.

          

Гэнэтийн бэлэг

     

Дэлхий хайраар дутаж болдоггүй. Хувь тавилангийн эрхээр хүний амьдралд олон олон сайхан сэтгэлт хүмүүс тохиож, бие биедээ туслан дэмжиж явдаг учиртай. Хятад оронд очиж өвчин зовлонгоосоо салж, нэг л аз жаргалтай санагдсан Ганганоров эгч олон мянган монгол ахан дүүсийнхээ өмнөөс, мөн түүнийг эмчилж эрүүл саруул хүн болгосон эгэл даруухан, бас агуу тэнгэрлэг Хятад эмч Ван Фэй ба түүнд тусалж дэмжсэн хятад найз нартаа өр зүрхнээсээ маш их баярласан сэтгэлээ илтгэхийн хамт "Сайхан..." хэмээх ном ба “Гэгээн үйлстэн” нэртэй ая дууны үгийг бүтээж өргөн барьсан юм. Яг түүний ярьснаар бол энэ ном бүхлээрээ талархлын ном юм.

Түүний энэхүү сэтгэлийн өргөл болсон ном, ая дуу нь хэзээ нэгэн өдөр Хятад оронд цаашид Ван Фэй эмч нарын алтан мэлмийд хүрэх нь дамжиггүй.

- Сайн байна уу, та намайг санаж байна уу, би Гангаа эгч нь байна. Танд зориулж ном, дуу гаргасан гэж хэлмээр, гэнэтийн бэлэг ч болох юм уу, магадгүй хоёр орны иргэдийн харилцаа итгэлцлийн хувьд өчүүхэн ч гэсэн нэгэн хүчин зүйл ч болох болов уу гэж сэм сэмхэн боддог гэж ярьсан Гангаа эгч маань номынхоо төгсгөлд “Ван Фэй эмчээ, таны сайхан оронд танаар эмчлүүлж сууснаа миний нутгийн тэнгэр доор хамтдаа хөөрөн дурсах цаг мөчийг би хүсч, хүлээн суунам. Танай сайхан эх оронд хөгжил цэцэглэлийн дээдийг хүсэн ерөөе, номын цагаан мөрөөр бидний сэтгэл ахин сүлэлдэхийн ерөөл өргөе” гэж бичжээ. 

Жирийн нэгэн сэтгүүлчийн хувьд миний бие Гангаа эгчийн ярилцлагад үнэхээр сэтгэл догдолж, хил алсалсан боловч хэл нэгтэй монгол эгчийн маань үнэн сэтгэлийн хариуд би ч “баярлалаа” гэж хэлж, түүнд эрүүл энх, амьдралд нь аз жаргал хүснэм...

 

 “Гэгээн үйлстэн” хэмээх ая дууны үгийг Д.Ганганоров, аяыг Д.Энхбазар зохиов.

Гэгээн үйлстэн 

 Мэдрэгдээд ирсэн хагацлын сүүдэр үргээж

Мэрээд ирсэн цөхөрлийн манан сарниаж

Алдхан биеийн минь зовлонг нимгэлж

Амьдралд шунан тэмүүлэх хүсэл нэмсэн

Аврал буянтай энгүй ачтан

Ашид дуурсагдах гэгээн үйлстэн

Дахилт

Сүүгээ өргөдөг нутгийнхаа тэнгэр доор

Сэтгэлд хоногшсон дүрийг чинь санан санан

Цуваад очсон дүү нартайгаа хамтдаа

Цуглаж суугаад таныгаа дурсан хөөрнө

Дахилт

 Нартай сартай хүний энэхэн хорвоод

 Найрсаг сайхан сэтгэл нь тэнүүхэн яваг

Орчлон хорвоогийн гэрэлт наран доор

 Олон түмний зовлонг үргээж жаргаж яваг

         Дахилт

Найруулагч:УЛААНАА
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:2262
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой