”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

​МУ-ын анхны хурдны автозамыг ашиглалтад хүлээлгэн өгөх ёслол боллоо

​Монгол Улсын анхны хурдны автозамыг ашиглалтад хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ боллоо.

    БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Хятадын Төмөр Замын 20-р Товчоо” групп корпораци гүйцэтгэгчээр ажилласан Монгол Улсын Улаанбаатар-Хөшигтийн хөндийн Олон Улсын Шинэ Нисэх Онгоцны Буудал чиглэлийн 32.2 км хурдын автозамыг ашиглалтад хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээ 07-р сарын 05-ны өдөр МУ-ын Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт боллоо. Энэ нь хурдны автозамын “Хятад стандарт”, “Хятад технологи” бүхэл бүтэн байдлаар хилийн чанадад гарч, “Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтын төсөл МУ-д амжилттай хэрэгжсэнийг харуулж байгаа төдийгүй, Хятадын аж ахуйн нэгжээс Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд барьж буй нэг том бэлэг юм.

Ёслолын арга хэмжээнд МУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МУ-ын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам Тээврийн Хөгжлийн Яамны сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин, “Хятадын Төмөр Замын 20-р Товчоо” групп корпорацийн зөвлөлийн дарга Жан Хэчуань, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал зэрэг Хятад, Монгол хоёр орны Засгийн газрын холбогдох албаны хүмүүс, автозамын салбарын байгууллага нэгжүүдийн төлөөлөл, замчид нийт 200 шахам хүн оролцсон байна.

    МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ёслолын арга хэмжээг нээн үг хэлж, тус арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцож буй БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин болон зочид төлөөлөгчдөд юуны өмнө халуун мэнд хүргээд, “МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, аюулгүй, ая тухтай үйлчилгээ үзүүлэх зам тээвэр, ложистикийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх зорилтыг дэвшүүлсэн юм.

- Энэ зорилтын хүрээнд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар-Хөшигтийн хөндийн Олон Улсын Шинэ Нисэх Онгоцны Буудал чиглэлийн хурдны автозамын төслийг амжилттай хэрэгжүүлж, өнөөдөр энэхүү нээлтийг хийж байгаад миний бие сэтгэл хангалуун байна. Тус автозам ашиглалтад орсноор Олон Улсын Шинэ Нисэх Онгоцны Буудал Улаанбаатар хоттой хурдны авто замаар холбогдож, иргэд тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж бүрдэхийн цацуу, аялал жуулчлалын салбарын хөгжилд томоохон түлхэц болно гэж үзэж байна гэж тэмдэглэв.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

- Энэ онд МУ, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Манай хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотын автозамын сүлжээг өргөтгөх, түгжрэлийг бууруулах, аймгуудын төвүүдийг нийслэл хоттой холбох зэрэг дэд бүтцийн олон томоохон бүтээн байгуулалт хийгдэж, МУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэхэд жинтэй хувь нэмэр оруулсаар байгааг энэ сайхан баярын өдөр тэмдэглэхийг би хүсэж байна гэж хэлэв. Улмаар энэхүү төслийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвх чармайлт гарган ажилласан төрийн байгууллагууд, дотоодын болон гадаадын аж ахуйн нэгжүүд, гүйцэтгэгч компаниуд, хамтран ажилласан бүх байгууллага, хүмүүст хандан, МУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, МУ, БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжин бэхжихийг хүсэн ерөөлөө.

БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хаймин үг хэлж, МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Хятад, Монгол хоёр орны зочид төлөөлөгчдөд юуны өмнө мэнд дэвшүүлж, Улаанбаатар- Олон Улсын Шинэ Нисэх Онгоцны Буудал чиглэлийн хурдны автозам ашиглалтад албан ёсоор орсонд БНХАУ-аас МУ-д суугаа Элчин Сайдын Яамныхаа нэрийн өмнөөс халуун баяр хүргэв. Тэрээр:

- 2019 он бол Хятад, Монгол хоёр орны хувьд маш чухал нэг он жил юм. Энэ онд Хятад, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа төдийгүй, ‘Хятад, Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ’-г шинэчлэн байгуулсны 25 жилийн ой тохиож байна. Хоёр орны найрамдал нөхөрлөлийг цаашид гүнзгийрүүлэн, итгэлцлийг бүх талаар бэхжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө энэ онд багтаан эдгээр ойг тэмдэглэх цуврал арга хэмжээнүүдийг зохион явуулахаар хоёр тал зөвшин тохиролцсон юм. Ши Жиньпин дарга саяхан Хятад улсад төрийн айлчлал хийсэн МУ-ын Ерөнхийлөгч Х. Баттулгатай уулзахдаа Хятад, Монгол хоёр орон бол сайн хөрш, сайн найз, сайн түнш. Хятадын тал ‘Дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай’ байх үзэл ойлголтыг баримтлан, МУ-ын эдийн засгийг хөгжүүлэх, ард иргэдийн амьжиргааг сайжруулах үйлсийг үргэлжлэн дэмжиж, МУ-ын талтай хамтдаа улс төрийн зөв чиглэлийг барьж, хамтын ажиллагаагаа бүх талаар төлөвлөн ахиулж, ‘Бүс ба зам’ санаачилга болон ‘Хөгжлийн зам’ хөтөлбөрийн уялдаа холбоонд идэвхтэй тус дөхөм үзүүлэн, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын байгуулалтыг улам олон бодит үр дүнд хүргэж, цаг үеийн шаардлагад нийцсэн Хятад, Монголын харилцааг бий болгон хөгжүүлэхээр хүчин чармайлт гарган ажиллаж, харилцан хүндэтгэж харилцан итгэлцсэн стратегийн түнш, харилцан ашигтай, харилцан хөнгөлөлттэй хамтын ажиллагааны түнш, байнгын харилцаатай найрсаг түнш, харилцан туслалцсан олон талт хамтын ажиллагааны түнш болно хэмээн илэрхийлсэн юм  гэж хэллээ.

- Хоёр орны найрсаг харилцааны үндсэн дээр сүүлийн жилүүдэд хоёр тал зөвшин хэлэлцсэний дүнд МУ-ын дэд бүтцийн барилга байгуулалт болон ард иргэдийн амьжиргааны төсөлд зориулан Хятадын талаас МУ-д их хэмжээний хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламж олгосон. Хоёр талын хамтын ажиллагааны эдгээр чухал том төслүүд хойно хойноосоо амжилттай хэрэгжиж байгаад бид баяртай байна. Өнөөдөр бид энд хуран цуглаж, МУ-ын анхны хурдны автозам болох Улаанбаатар-Олон Улсын Шинэ Нисэх Онгоцны Буудал чиглэлийн хурдны автозам ашиглалтад орсныг хамтдаа тэмдэглэж байна. Энэ хурдны автозам нь Хятад, Монгол хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны салбар дахь нэгэн чухал том баярт үйл явдал болох төдийгүй, мөн Хятад, Монгол хоёр орон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн арга хэмжээний нэг юм. Энэхүү хурдны автозам ашиглалтад орсон нь МУ-ын дүр төрх болон Улаанбаатар хотын өрсөлдөх чадавхыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй, ложистик, зорчигч тээврийн нэвтрэх хүчин чадлыг нэмэгдүүлж, Улаанбаатар хотоос шинэ нисэх онгоцны буудал орох зорчигч тээврийн аяллын цагийг богиносгож, МУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжилд улам их эрч хүч сэлбэх болно гэдэгт итгэж байна гэж илэрхийлэв.

   МУ-ын УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам Тээврийн Хөгжлийн Яамны сайд Б.Энх-Амгалан:

- Сүүлийн жилүүдэд Зам Тээврийн Хөгжлийн Яамнаас автозамын барилга байгуулалтын чанарт анхаарч, ашиглалтын хугацааг уртасгахын тулд олон улсын жишигт ойртхуйц бүтэцтэй автозамыг төлөвлөн барьж байгуулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү зорилтын хүрээнд хэрэгжиж буй томоохон барилга байгуулалтын нэг болох Хөшигтийн хөндийн Олон Улсын Шинэ Нисэх Онгоцны буудлыг Улаанбаатар хоттой холбох 32.2 км-ын хоёр урсгал бүхий зургаан эгнээтэй МУ-ын анхны хурдны автозамын хөдөлгөөнийг нээх хүндэтгэл ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд талархал илэрхийллээ.

- Хятадын Төмөр Замын 20-р Товчоо” групп корпорацийн зөвлөлийн дарга Жан Хэчуань юуны өмнө Улаанбаатар-Хөшигтийн хөндийн Олон Улсын Шинэ Нисэх Онгоцны Буудал чиглэлийн хурдын автозам ашиглалтад орсонд групп корпорацынхаа өмнөөс халуун баяр хүргэж, тус төслийн хэрэгжилтэд анхаарал халамжаа хандуулж заавар зөвлөгөө өгч байсан Хятад, Монгол хоёр орны Засгийн газрын холбогдох албаны хүмүүс, салбар байгууллагууд болон гар сэтгэл нийлэн нягт хамтран ажилласан компаниудад гүн талархал илэрхийлсэн байна.

- Энэ хурдны автозам нь манай групп корпорацын гэрээгээр МУ-д барьж байгуулсан хоёр дахь автозам бөгөөд мөн МУ-ын Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Хөгжлийн Төвийг барьж байгуулах төслийг хэрэгжүүлсний дараа хүлээлгэн өгч буй бас нэгэн чухал том барилга байгуулалт юм. Энэ нь Хятад, Монгол хоёр орны гүн зузаан найрамдал нөхөрлөл, найрсаг хамтын ажиллагааны чухал бэлэг тэмдэг болж байгаагийн хувьд улс төрийн асар их ач холбогдол, нийгмийн алс хэтийн үр нөлөөтэй юм гэж тэрээр тэмдэглэлээ.

Ёслолын арга хэмжээний үеэр МУ-ын Засгийн газрын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид хурдны автозамын хөдөлгөөнийг нээн тууж хайчлав.

Хүмүүс цаасан салют буудуулж, сүүн цацал өргөсөн бөгөөд МУ-ын уран бүтээлчид дуу, хөгжим зэрэг хүндэтгэлийн тоглолт тоглож, баяр дээр баяр нэмэн, хурсан олныг баясгалаа.

Улаанбаатар хот болон Хөшигтийн хөндийн Олон Улсын Шинэ Нисэх Онгоцны Буудлыг холбосон хурдны автозамын барилга байгуулалтын хүрээнд Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигтийн хөндийн чиглэлд автозамын суурь, гадаргуугийн хучилт, гүүр гарц, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хамгаалалт, ногоон бүсийн байгууламж зэргийг хамарсан, нийт урт нь 32.2 км, асфальтбетон хучилттай зорчих хэсгийн өргөн нь 32.5 метр, 2 урсгал 6 эгнээ зорчих хэсэгтэй, олон улсын стандартад нийцсэн иж бүрэн бүтээн байгуулалтын ажил хийгдсэн. Түүний зураг төсөлд замын хөдөлгөөнд оролцогч тээврийн хэрэгслийн хурдыг цагт 80 км-ээс хэтрүүлэхгүй байхаар төлөвлөсөн байдаг.

БНХАУ, МУ-ын Засгийн газар хоорондын тохиролцсоны дагуу, МУ-ын Сангийн Яам болон БНХАУ-ын Экспорт-Импорт Банкны хооронд 2011 оны 6-р сарын 16-ны өдөр тохиролцсон 500 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд, “Хятадын Төмөр Замын 20-р Товчоо” Групп Корпораци 140 сая гаруй ам.долларын гэрээгээр Улаанбаатар-Хөшигтийн хөндийн Олон Улсын Шинэ Нисэх Онгоцны Буудал чиглэлийн хурдын автозам барих төслийг 2016 оны 6-р 6-наас эхлэн хэрэгжүүлж, 2018 оны 10-р сарын 12-нд уг ажлыг үндсэнд нь дуусгасан байна.

Улаанбаатар-Хөшигтийн хөндийн Олон Улсын Шинэ Нисэх Онгоцны Буудал чиглэлийн хурдны автозам бол “Хятадын Төмөр Замын 20-р Товчоо” Групп Корпорацийн 2005 онд МУ-д Налай-Чойр чиглэлийн автозамыг, 2019 оны эхээр Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Улаанбаатар хотод МУ-ын Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Хөгжлийн Төвийг тус тус байгуулж дуусаад ашиглалтад өгснийхөө дараа, МУ-д бас нэгэн чухал том барилга байгуулалтын ажлыг дуусгаж хүлээлгэн өгсөн барилга байгууламж юм.

Хятад улс “Бүс ба зам” санаачилга дэвшүүлснээс хойш МУ үүнд нааштай хандаж, улс орныхоо хөгжлийн хэрэгцээ шаардлага болон Хятад, Монгол хоёр орны хамтын ажиллагааны ирээдүйн төлөв байдалтай уялдуулан, хөгжлийн стратеги төлөвлөлт боловсруулан гаргаж, “Талын зам” хөтөлбөрөө “Хөгжлийн зам” хөтөлбөр болгон шинэчлэн баяжуулж, Хятадын аж ахуйн нэгжийг анхны хурдны автозамын бүтээн байгуулалтын ажилд оролцуулсан. Энэ хурдны автозам ашиглалтад орсноор Улаанбаатар хот болон Олон Улсын Шинэ Нисэх Онгоцны Буудал хоорондын авто аяллын цагийг ихээр богиносгох төдийгүй, ложистикийн болон зорчигч тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлж, эдийн засаг, худалдаа болон холбогдох үйлдвэрлэлийн салбаруудын хөгжилд чухал үр нөлөө үзүүлэх болно.

/Сэтгүүлч О.Дарамбазар мэдээлэв/

Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:mongol.cri.cn
Мэдээ үзсэн:3294
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой