Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Сөнид нутгийн Амарцана аварга цол хүртлээ

Сөнид нутгийн Амарцана аварга цол хүртлээ.

       Уудам тэнэгэр Тамчын талын өрцөнд орших Сөнид Зүүн хошуу алдарт бөх, хурдан хүлэг удам дамжин төрдөг байгалийн хишигтэй нутаг ус юм.

        Таван ханатай монгол гэрээ баглаж үүрээд, настай ээжээ дээр нь суулган нүүдэллэж байсан бяр чадал оюун ухаан хосолсон домогт бөх Тавдайгаас эхлэн ээжийнхээ хэвлийд байхаасаа суран тэлийг нь тасартал хөдөлж, хүүхэд насандаа хонинд унадаг даагаа өргөн тоглож, 1907 онд явагдсан Өвөр Монголын Шилийн гол чуулганы их наадмын 512 бөхийн барилдаанд тэргүүлж, Өвөр Монгол орон даяар Сөнидийн Арванзургаат хэмээн алдаршсан домогт их аварга Чойжамц гэхчлэн Сөнид Зүүн хошуунаас үе дамжин алдарт бөхчид мэндэлсээр …

Домогт хоёр аваргын нутгаас удам залгаж төрсөн залуу бөх Амарцана Шилийнгол аймгийн арван тав дахь удаагийн монгол бөхийн цол олгох наадамд тэргүүлж, Сөнид нутгаас аймгийн аварга гараагүй байсан түүхийг эцэслүүлсэн. Даян аварга Цагаанзаан, Арслан Батжаргал, Гарди Гэгээрэх, Заан Алтантулга, Мөнхдүүрэн … гэж цол олгох найрын том том нэрт бөхчүүдийг уран эрэмгий барилдаанаараа давж, Шилийнгол аймгийн аварга цолонд хүрсэн түүхтэй.

Хүн, нутаг хоёр ер нь салшгүй мөнхийн хувь барилдалгатай байдаг болохоор нутгийн нэрийг өргөнө гэгч хүний дархан үүрэг хариуцлага нь биз ээ. Мөн монгол нутагт бөх хүн болж төрсөн ховорхон хувь заяаны эрхээр нутгийн нэрээ алдаршуулах гэгч өнгө гэрэл байх ёстой. “Амарцана аварга боллоо” гэсэн чимээ Тамчын талд цуурайтан Сөнид нутгийн ард түмэн сүрхий их баярласан билээ. Хошуу засаг, төрөл төрөгсөд, нутгийн олон нь аймгийн аваргаа алс холоос угтан авлаа.

Тэгшхэн сайхан биетэй, уран хурц барилдаанаараа үзэгч түмнээ уухайлуулдаг Шилийнгол аймгийн Сөнид Зүүн хошууны Баяннуур суурингийн Цагаанбулаг баг нутагтай залуу содон бөх Амарцанаг ард олон сайн мэддэг. Түүний аав  Төмөрголт гэж 1996 онд хошуу зангиа хүртэж байсан орон нутагтаа цуутай сайн бөх билээ. Тэрээр тухайн үед амьдрал ахуй зэрэг нөхцөл шалтгаанаас болж олон наадамд зодоглож чадаагүйдээ ихэд харамсдаг байлаа. Өвөг нь их чадал хүчтэй хүн байсан бөгөөд тайлаг тэмээ дайраад ирэхэд зугтаахыг мэдэхгүй өөдөөс нь очин тулж зогсдог, эмнэг сайн унадаг хүн байлаа гэж нутгийнхан хуучилдаг.

1992 онд Амарцана Төмөрголт, Наранхуар хоёрын хоёрдугаар хөвгүүн болон заяасан. “Миний хүү ч хожим ааваасаа ахадсан сайн бөх болно"  гэж Төмөрголт жаал хүүгээ нааш цааш гуйвуулан өхөөрдөнө. Анх хөлд орж байгаа жаал хүү барилдах гэж хөл улаа олохгүй хааш хөдөлгөвөл тийшээ унаж байлаа. Гэвч энэ нь түүнд маш таатай санагдаж үргэлжлэн аавтайгаа ноцолдосоор байв. Үүнийг мэдсэнээс хойш аав нь хүүгээ, Амарцана ч аавтайгаа "зууралддаг" болжээ. Тав, зургаан нас хүрч, мэдээ орж эхлэхээр ах болон хот усныхаа ах нартай бөх барилдаж эхлэв. Ах нар нь болохоор аргагүй түүнийг хаях нь мэдээж. Гэвч тэр ч ойчихоосоо айсан эр биш, дахин босож очоод зуурдаг.

— Амарцана багаасаа маш сэргэлэн мөртөө нэрэлхүү хүүхэд байсан, ах нартайгаа барилдаж ойчвол уйлж босож ирээд л ноцолддог айхавтар хүүхэд байсан гэж Төмөрголт гуай ярьж байлаа.

Ардын сургуульд алхан орсон өдрөөс хойш Амарцана ангийн нөхөд, дээд оны ах нартайгаа хичээлийн завсарлага, сургууль тарсны дараа ханатлаа барилддаг байв. Ах нартаа чадлаараа дарагдан ойчдог байсан ч үеийн хүүхэддээ дайсангүй байсан гэж хэлэхэд илүүдэхгүй. Зуны амралт эхлэхэд аавыгаа дагаж найр наадмаар тойрох нь түүнд маш жаргалтай санагдана. Хүүхдийн бөхөд зодоглон шагнуулахаас гадна аавынхаа барилдахыг харан бахархаж суудаг. Энэ үеэс л эхэлж “Би ч гэсэн ирээдүйд нэгэн өдөр аав шигээ зангиа согсолзуулан, зангиат бөхийн тоонд багтах болно!” гэсэн бодол түүний ой бодлоос гарахаа болив.

Хүүхэд ахуй наснаасаа бөх болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн явсаар 2008 онд Өвөр Монголын спортын сургуульд суралцаж, 2010 оноос эхлэн Өвөр Монгол орны жүдо бөхийн ангид жүдо бөхөөр хичээл бэлтгэл хийж, 2014 онд бүх Хятад улсын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний 81 килограммд хүрэл медаль гардаж, улсын аварга цол хамгаалав. Мэргэжлийн бөх болно гэгч монгол бөхтэй харьцуулбал өөр ухагдахуун байлаа. Хэрвээ мэргэжлийн бөх болвол аливаа хөлс хөдөлмөрөө үүндээ зарцуулж, олноос сайн амжилт олохийн төлөө үргэлжид хичээн зүтгэж, ар гэр, аж амьдралаа ч гэсэн ардаа орхидог. Харин монгол бөхөө барилдвал найр наадамтай бол очиж барилдан, чөлөө заваараа сорио бэлтгэлд оролцох нөхцөл боломж олддог юм. Ийм болохоор түүний аав Төмөрголт ч голомт сахих бага хүүгээ дэргэдээ авчрах санаатай байлаа. 2014 оны намар Амарцана хөдөө нутагтаа малаа маллавал зохино гэсэн аавийнхаа хүсэл найдлагаар ар гэртээ харьж амьдралдаа хүч тэнхээгээ зориулсан байна. Үүгээр ч барахгүй ажлын сэлүү цагаар Сөнид Зүүн хошууны бөхийн бэлтгэлийн ангид бэлтгэл дасгал хийж, Одсод багшаасаа монгол бөх барилдах ур дэмийг цаашид суралцаж эхэлсэн байв. Үүнээс л эхэлж овоо булаг, хошуу сумын найр наадмуудаар зодоглож эхэлсэн байна. “Бөх удам хойч үедээ” гэгч ёстой л үнэн үг. Уг нь мэргэжлийн бөхийн бэлтгэл хийж хааяа зарим найр наадам таарвал монгол бөхөө барилддаг. 2014 оноос эхэлж Зүүн Сөнидийн Амарцана гэж монгол түмнийхээ дунд байнга яригдах болж, “Амарцана ч сайхан барилдаж байна, ааваа дууриасан алдартай бөх болох юм байна”, “Манай Сөнид нутгаас бас нэг сайн бөх гарах юм байна” гэж нутгийн ахмад буурлууд, бөхийн хорхойтнууд нь үргэлж ярьж, түүний зодоглосон найр болгоныг тэсч ядан хүлээдэг байна, Мөн амжилт гаргахыг нь аюулхай зүрхэндээ даатгаж явдаг аж. Амарцана ч ард олноо төдий удаан хүлээлгэсэнгүй, ер нь барилдсан жилээсээ эхлэн овоо, ус, сум багийнхаа найр наадмуудаар тэргүүн дэдэд шалгарч ард олноо баясгаж явлаа.

2016 онд Амарцанагийн бага насных нь хүсэл мөрөөдөл биелж, аав шигээ хошуу зангиа хүртэж ард олноо баясгав. Мөн Сөнид Зүүн хошууны алдарт ахмад бөх Амгалангийн зангиаг уламжлан залгамжилж, зангиат бөхийн тоонд тоологдож эхлэв. Тухайн жилдээ Бугат хотын Дархан Муумянган Холбоот хошуунд явагдсан 256 бөхтэй наадамд тэргүүлж, 512 бөхтэй наадамд шөвгийн дөрөвт оров. Сөнид Зүүн хошууны арав дахь удаагийн ардын их наадмын 1024 бөхтэй том наадамд ч дээд дөрөвт орсон байна. Өнөөг хүртэл Амарцана их бага найр наадамд 70 шахам удаа тэргүүлэн, нутгийнхаа алдрыг өргөн явна.

Амарцана аав ээжээсээ ах дүү гурвуул. Ах Амарбаясгалан нь одоо Сөнид Зүүн хошууныхаа монгол эмнэлэгт ажиллаж, охин дүү Цэлгэрмаа нь Зүүн Үзэмчин хошууны монгол эмнэлэгт ажиллаж буй. Амарцанагийн хувьд гэрлэлтээ батлуулчихсан, энэ жилийн 10-р сард хуримаа хийхээр бэлтгэж байгаа юм.

— Бид хоёул хоёр эмч, нэг аварга хүмүүжүүлсэндээ ёстой баярлаад барахгүй. Хүүгээ аварга болоход ёстой нулимс минь өөрийн эрхгүй бөмбөрч байсан. Миний залуу зандан насандаа, галтай цогтой үед найр наадам тойрон барилдаж явах сайхан нөхцөл боломж бүрдэж байгаагүй юм. Хүүгээ харин сайн барилдаж явахыг хүсдэг. Ар гэрт нь аав ээж нь байгаа болохоор санаа зовох учиргүй. Өөрийн харамсадаг зүйлээ хүүдээ давтуулахгүй байхсан гэж санаж зүтгэж явдаг гэж Амарцанагийн аав Төмөрголт сэтгэл догдлон ярьж билээ.

Амарцанад аав ээж, ард түмнийхээ итгэл найдлагыг хөсөрдүүлэлгүй улам өндөр амжилтанд хүрэхийг нь хүсэн ерөөе.

 

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Амьдрал гарагийн сонин
Мэдээ үзсэн:2425
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой