”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Малчин түмнээ баясгасан мянган адууны наадам

Малчин түмнээ баясгасан мянган адууны наадам

     Зуун бараанаас дуниартсан монгол нутгийн зуны дэлгэр цагаар найрын чимээ наадмын салхи сэвэлзэж, малчин түмний баярын магнайг тэнийлгэнэ. Уул ус овоо толгодоо тахих, сум сургууль байгуулагдсан ойн баяраа тэмдэглэх урилгууд хавраас эхлэн зуны дунд сарыг хүртэл дэмжигдэж байсны хажуугаар “Малчин Алтанбагана мянган адууны найр хийх гэж байна” гэсэн халуун мэдээ амтай бүхнийг ангайлгаж, чихтэй бүхнийг дэлдийлгэмээр гайхшралд оруулан, энэ мэдээ хот хөдөөгүй тархжээ. Мянган адууны мялаалгын найр товлосон цаг, тогтсон өдөртөө буюу 07 дугаар сарын 3, 4-ний өдөр Шилийнгол аймгийн Авга хошууны Ихгол сумын Их-Ус багийн Хөөврийн булаг хэмээх газарт мянган адууны туурай, мялаалгад оролцсон наадамчин түмний хөлд дэнж хотойтол нижгэр наадав. Малчин Алтанбагана мянган адууны мялаалгын наадамд малчин түмний ур авхаалж, хүч чадлыг сорин шалгасан эрийн гурван наадам, адуу уургалах, морин дээрээс шагай шүүрэх, намнаа, эмнэг зайдлах зэрэг уралдаан тэмцээн зохион байгуулж, монгол түмэн маань хүлэг морьтойгоо ханилж, моринд гавшгай хэвээрээ байгааг тод харуулан өргөн их наадам болсон юм.

Хишиг буян, хийморь сүлдийн даллага мянган адууны эзэн Алтанбагана бол Өвөр Монголын Шилийнгол аймгийн Авга хошууны Ихгол сумын Их-Ус багийн эгэл малчин хүн. 1987 онд анх дунд сургуулиа дүүргэн хөдөө нутагтаа харьж малчин заяагаа өвлөснөөр 1994 онд гэргий Уранчимэгтэйгээ ханийн заяа холбож, тулгаа тулж туургаа болгожээ. “Мал сүргээ өнөр өсгөнө” хэмээн малчин хүний нэгэн үзүүрт сэтгэлийг барьж Алтанбагана өвгөдийн заяасан Авгийн уудам нутагтаа адуу малаа жилийн жилд мэнд сайн онд оруулан өнөр өсгөсөөр өнгөрсөн жил адууных нь тоо мянгыг давж, магнай тэнийснээр мал сүргээ мялааж, буянт малын хишиг буяныг хурайлан даллах маянган адууны мялаалгын наадмаа зохиож байгаа нь энэ билээ.

Эгэл нэгэн малчин айл адуугаа мянгаар тоолтол өсгөж үржүүлнэ гэдэг үнэхээр адуу их хөдөлмөр юм. Эрт үед мянган адуу гэдэг ганц хошуу ван, баяд ноёд өмчилдөг том хөрөнгө байсан. Өнөөдөр эгэл айл, энгийн малчин мянган адуутай болсон нь нийгмийн хөгжил дэвшил, эрин цагийн сайн сайхантай эрхгүй холбоотой. Мянган адуугаа өвлөнө гэж ховор заяа ч мянган адууг өсгөнө гэж нөр их хөдөлмөр. Алтанбагана 1990-ээд онд 20 гаруй адуутай байсан бол 2000 он гарахад 100 гаруй адуутай болжээ. Өвлийн зуд шуурга, хаврын гачиг хавсаргаанаас болж түүний 100 гаруй адуунаас нь ердөө 10 гаруй л үлдэж цөөрчээ. Харин адуу гэдэг малчин хүний хайрыг ногтолсон аргагүй сайхан амьтан болохоор Алтанбагана адуугаа жилээс жилд хайрлаж өсгөсөөр өнөөдөр мянган адууны эзэн, манлай баян малчин болсон түүх энэ.

Алтанбагана ажилсаг хоёр гар, арвич борогжуун зангаараа мянган адууны далай их наадам хийж, малчин түмэн, хотол олноо баясгая хэмээн дүү Алтангэрэлтэйгээ зөвлөж ярилцсан нь өнгөрсөн жилийн явдал юм. Тэгтэл хорвоо гэдэг хатуудаа хатуу, заримдаа амьдралаар ч их хатуу тоглохыг юу гэхэв? Хайртай дүү Алтангэрэл нь өнгөрсөн жилийн сүүлчээр өвчний улмаас хорвоог орхижээ. Ийм нэгэн азгүй тохиолоос шалтгаалж тэрээр “Мянган адууны наадам хийх үү, болих уу? гэж эргэлзэн байсан ч хайртай дүү нь амьд сэрүүн байхдаа мөрөөдөж байсан ганц мөрөөдөл нь тэр болохоор Алтанбагана зориг шулуудаж, ийнхүү мянган адууны мялаалгын наадмаа дэнж хотойтол хийсэн юм. Хөөврийн булгийн дэнжид мянган адуу яг л үерийн ус давалгаалах мэт хуйлран давхихад эрчит дөрвөн туурайнаас нь боссон тоос үүлэн хөх огторгуйд бутран мандаж, дүүгээ санасан Алтанбаганы хайрыг ачаалан, алс тэнгэрийн хаяаг зорин замхрах шиг санагдана.

Мянган адууны мялаалгын наадам хийж, буянт сүргээсээ хишиг хийморио даллан дуудсан Алтанбаганы магнайн үрчлээс тэнийх шиг болно. Малчин заяагаа өвлөж, хайртай адууныхаа буянд жаргаж явах гэгч хорвоогийн ховор заяа. “Монгол адуугаа л өсгөж үрзүүлье” гэсэн түүний бодол ийн биеллээ олж байгаа билээ. Мал сүргээ бэлчээр усандаа тохируулан маллана гэдэг малчин хүний мянган жилийн турш өвлөсөөр ирсэн ухаан. Наадмын дараа адуугаа багасгаж, үүлдэр угсааг нь сайжруулан, монгол адууны бааз, монгол адууны үрийн малын талбай байгуулах бодолтой буйгаа бидэнд цухуйлгасан юм.

Мянган адууны эзэн, малчин Алтанбаганы хийморь заяа өөдөө байх болтугай.

Зохиогч:Од
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:2183
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой