Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт Солонго сэтгүүлийн 25 жилийн ойн баярын уншигчдын наадам болон Солонго хэвлэл мэдээллийн III форум Улаанбаатар хотноо Хятадын кино долоо хоног арга хэмжээний нээлтийн ёслол Улаанбаатар хотод боллоо Мэдэгдэл Мэдэгдэл---通知 “Хятад-Монголын хоёр дахь удаагийн ЭКСПО” нээлтээ хийлээ. Ли Жихэн, Бү Шяолинь УИХ-ын дэд сайд Я.Санжмятав нартай уулзалт хийв. Сайн дурынхны тангараг өргөх ёслол боллоо. “Хятад-Монголын экспо”-д Монгол Улсын 320 гаруй үндэсний үйлдвэрлэгчид оролцоно. НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцийн XIII удаагийн хурал нээлтээ хийлээ. Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэж, дэлхийн гайхамшгийг бүтээв. Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо зохион байгуулах ерөнхий төлөвлөгөө Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо арга хэмжээний хэвлэлийн бага хурал Бээжин хотод зохион байгуулагдав. ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойн баярын нээлтийн ёслол болж байна.

Л.БОЛД: - МОНГОЛ, БНХАУ ХОёР УЛСЫН ТҮҮХЭН ЦАГ үЕ ТОХИОЖ БАЙНА

Монгол Улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна.

    Энэ түүхэн ойг угтан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Л.Болдтой ярилцлаа.

    - Гадаад хэргийн сайд асан, дипломатч хүний хувьд та хоёр улсын харилцааны талаар товчхон дүгнэж хэлнэ үү. Тухайлбал, таныг сайдаар ажиллаж байх хугацаанд хийгдсэн томоохон алхмуудын талаар ярилцлагаа эхэлье?

    - Мэдээж, Монгол Улсын хувьд хоёр хөрштэйгөө харилцах харилцаа гадаад харилцааны бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Тэр дундаа Монгол Улс хөрш БНХАУ-тай сүүлийн 30-аад жил найрамдалт харилцаагаа үсрэнгүй хөгжлийн түвшинд гаргаж ажиллаж байгаа. БНХАУ Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгийн анх хүлээн зөвшөөрсөн улс, өмнөд хөршийн хувьд бид онцгой ач холбогдол өгдөг.   Намайг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх хугацаанд хэд хэдэн түүхэн үйл явдал тохиосонд бэлгэшээдэг. Тухайлбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний Монгол Улсад хийсэн  төрийн айлчлал  Монгол, Хятадын харилцаа бүх  агуулгаараа шинэ шатанд очсон түүхэн айлчлал болсон. Энэ айлчлалын хүрээнд Монгол, Хятадын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ хэлэлцээр байгуулсан. Энэхүү иж бүрэн стратегийн харилцаа хөгжүүлэх гэрээ хэлэлцээр бол Монголын өнөөдрийн гадаад харилцааны  хамгийн өндөр түвшинд хүрсэн улс төрийн харилцааны бичиг. Энэ гэрээ хэлэлцээрийн дагуу бүхий л салбарт харилцааг шинэ шатанд гаргах нөхцөл  бололцоо бүрдсэн. Үүнийг ч  бид амьдрал дээр өдөр тутам харж байна.

Мөн сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд олон түвшний айлчлалууд амжилттай болж, гэрээ хэлэлцээрүүд байгуулагдаж байгааг цохон тэмдэглэх ёстой. Хятад улс манай эдийн засаг, улс төр, нийгэм соёл боловсролын  томоохон түнш улс бөгөөд хоёр улс харилцаандаа улс орны бүхий л салбарыг багтаасан, хоёр орны ард түмний тусын тулд харилцан ашигтай маш өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаад бахархалтай байдаг. Цаашдаа ч Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн газар, УИХ санаачилга гарган дараа дараагийн ажлаа хэрэгжүүлээд явах болно гэдэгт итгэлтэй байна.

- БНХАУ-ын даргын айлчлал, Стратегийн түншлэлийн гэрээ хоёр улсын харилцаанд маш том алхам болсон гэж та дурдлаа. Үүнээс гадна, хоёр улсын харилцааны хамгийн томоохон асуудлууд, төслийн талаар онцгойлох  хэдээс нь нэрлэнэ үү?

- Намайг сайд байх үед эхлүүлсэн Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улсын төрийн тэргүүний уулзалтыг энд онцгойлон дурдах ёстой. Монгол Улсын гадаад харилцааны хувьд хоёр хөрштэйгээ харилцах харилцаа хамгийн чухал. Үүнээс гадна, энэ уулзалтын хувьд гурван улсын хүчин чадлыг нэгтгэж, асуудлыг гурван талаас хэлэлцэх болсноороо чухал юм. Үүний ч үр дүнд бид одоо гурван талын зах зээлийг холбосон “Талын зам” зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж байна. Монголын тал бол жирийн нэг оролцогч, дэмжигч биш идэвхтэй оролцогч байх байр суурийг бид идэвхтэй баримталж буй. Энэ дагуу өнөөдөр гурван талын эрдэмтэд, албаны хүмүүсийн гээд өргөн хүрээнд яриа хэлэлцээр явагдаж байна. Энэ бол Монголын хувьд ирээдүйгээ харсан хоёр хөрштэйгээ хамт хөгжлийн шинэ шатанд гарах чухал арга хэмжээ юм. “Бүс ба зам” хөтөлбөр бол асар алсыг харсан, асар өргөн уудам газар нутаг, олон улс орныг хамарсан томоохон төсөл юм. Дэлхий нийтийг хөдөлгөж байгаа том төслүүдийг уялдуулах, холбож өгөх гүүр нь болох ийм том бололцоо Монгол Улсад бий болж байна. Үүнийг цаашид анхаарч, олон талаас нь дэмжиж ажиллах бүхий л нөөц бололцоог хангах шаардлага үүсч байгаа.

- “Бүс ба зам” нь бүс нутгийн төдийгүй дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлэх маш том хөтөлбөр. Үүнд, газар нутгийн хувьд ч улс төрийн хувьд ч Монгол Улс нөлөө бүхий оролцогчоор хамтран ажиллах боломж байна гэж үзэж байна уу?

- Төв Азийн бүс бол Монголын оршин тогтнох том орон зай. Энэ бүс нутагт Монгол Улс өөрийн байр сууриа эзлэх, хөгжлөө хурдасгуур, түлхүүр болгох боломж бий. Бидний хөгжилд нөлөөлөх бас нэгэн хурдасгуур бол урд хөршийн томоохон төслүүд мөн. Яриа хэлэлцээрийн түвшинд хамтран ажиллах олон арга зам, боломж бололцоог хайж байгаа. УИХ, Засгийн газар тууштай дэмжиж байгааг хэлэх хэрэгтэй. Үүнээс маш том бодитой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

- Монгол Улс БНХАУ-ын харилцаанд Өвөр Монгол оронтой харилцах харилцаа яалт ч үгүй том байр суурьтай байх. Угсаа гарал, хэл соёл нэгтэй ард түмний хувьд бидний харилцаа ч элгэмсэг найрсаг, олон жилийн уламжлалтай, олон ч арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Тухайлбал, та Хөххотод болсон Монгол, Хятадын экспод оролцож байсан. Энэ сэдвээр илүү дэлгэрэнгүй ярилцвал...?

- Бид дэлхийн том, том экспо арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог. Бидний хувьд урд хөрш маань хамгийн ойрхон бүс нутаг. Тэдэнтэйгээ хөгжлийн алхаа гишгээгээ нийлүүлж явах учиртай. Тийм учраас өмнөд хөршид болж байгаа экспонууд маш их ач холбогдолтой. Хөххотын экспоны хувьд бидний хамтын зах зээлийг нээж, ойртуулж өгдөг маш том арга хэмжээ. Экспод Монголын компаниуд идэвхтэй оролцсоноороо зөвхөн урд хөршийн биш дэлхийн зах зээлийг судлах, Монголыг гэж зорьж ирэх зах зээлийг улам тэлэх маш сайхан бололцоог олгодог. Цаашдаа ч энэ арга хэмжээг маш идэвхтэй, өргөн хүрээтэй дэмжиж, Монгол Улсдаа ч хамтран зохион байгуулах арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай. Өвөр Монгол бүс нутгийн хөгжил, байгаль орчноо хамгаалах, эдийн засаг, боловсрол соёл шинжлэх ухаан, спортыг хөгжүүлж байгаа асар их туршлагатай. Тэд бидэнтэй адил олон тулгамдсан асуудлыг бэлээхэн тавиад туулчихсан туршлага байна. Тиймээс бид энэ их туршлагыг тусган авч, суралцах хэрэгтэй. Монгол, Хятадын парламентын бүлэгт холбогдох асуудлыг тавьж тодорхой шийдвэрүүдийг гаргана.

- Монгол Улс, Өвөр Монголын хооронд соёлын харилцаа өндөр төвшинд хөгжиж байгаа. Цаашид соёлын харилцаанд илүү ямар боломжууд байна вэ?

- Бид ялгаагүй Монгол ард түмэн. Хэл соёл, угсаа гарвал нэг, элгэмсэг харилцаатай гээд бидэнд том давуу талууд бий. Тиймээс соёлын төдийгүй олон асуудлаар дотно харилцаатай. Өвөр Монголчууд үндэсний соёл, ахуй уламжлалаа маш сайн сурталчилдаг. Энэ утгаараа Өвөр Монголчуудтайгаа хамтраад олон улсын хэмжээнд Монголынхоо соёлыг дэлхийд таниулах, хөгжүүлэх сайхан боломж байна. Бидэнд асар том зах зээлийн түшиц газар байна. Энэ бололцоог манай соёл урлагийнхан бүрэн дайчилж, олон улсын төвшинд гарах цаг ирсэн гэж бодож байна.

- Өвөр Монгол оронтой бизнесийн харилцаа ямар төвшинд байна гэж та хэлэх вэ?

- Мэдээж бидэнд ололт амжилт бий. Харилцаа улам хөгжиж байна. Гэвч бидний хүссэнээс удаан байна. Бид боломжоо бүрэн ашиглахгүй байна. Төр засаг, худалдаа аж үйлдвэрийн танхимууд, байгууллагууд, худалдаа, аж үйлдвэр, эдийн засгийн холбоонууд, компаниуд улам идэвхтэй, чармайлт гаргах шаардлагатай гэж харж байгаа юм. Өвөр Монголчуудын хувьд Монголын бүтээгдэхүүнийг авъя, дэмжье гэсэн хүсэл эрмэлзлэл байна. Дээр нь Монгол Улс өөрөө дэлхийд хосгүй байгаль, цаг агаартай. Биологийн талаасаа хүний биед хамгийн тохиромжтой эко бүтээгдэхүүн гаргадаг. Энэ бүх давуу талаа олон улсад гаргах цаг болсон. Бидэнд харилцаа хамтын ажиллагааны асар өргөн хүрээ талбар нээгдээд байгаа. Зөвхөн боломжийг маш сайн ашиглаж бодит ажил болгох шаардлагатай.

Тухайлбал, хоёр хөрштэйгээ хамтарснаар бид “Бүс нутгийн хөгжлийн төв” болох боломж байна. Бид аж үйлдвэрийн хөгжлийн төв болж чадахгүй ч шинэ техник технологи, санхүүгийн үйлчилгээ, аялал жуулчлал, эрүүл мэнд биологийн цэвэр бүтээгдэхүүн зэргээрээ бүс нутагтаа төдийгүй дэлхийд өрсөлдөх байр суурийг олж авах хэрэгтэй. Гэхдээ үүнийг бид өөрсдөө дангаараа шийдэхгүй, далайн цаанаас түншүүд ирж туслахгүй. Хөрш орнуудтайгаа хамтран, тэдний хэрэгжиж байгаа асар том төслүүдийн хүрээнд тэр интеграцид багтаж ажиллах орон зайг бий болгож олж авснаараа Монгол Улс хөгжлийнхөө ирээдүйг тодорхойлж шинэ шатанд гарах, шинэ орон зайгаа олж авах боломж бүрдэх юм.

- Хоёр улсын дипломат харилцааны ойн өндөрлөг дээр та юу хэлэхийг хүсч байна?

- Бидний хувьд энэ ой бол үндэсний тусгаар тогтнол, өөрийн байр суурийг авч үлдсэн олон үеийнхний тэмцэл мөрөөдөл, амьдралын зорилт болсон энэ сайхан үйл явдлын том бэлгэ тэмдэг. Монгол, Хятад улс хоорондын хамтын ажиллагааны хувьд аль алиных нь түүхийн нандин цаг үе, түүхэн баяр. Энэ баярыг бид бас ирээдүйгээ харж, өнөөдрөөс илүү бололцоотой өндөрлөгт гарах боломж гэж харах хэрэгтэй. Үүний төлөө улам илүү бүтээлч, залуу үедээ илүү ихийг ойлгуулсан, боломжийг олгосон ийм сайхан баяр болгон тэмдэглэхийн төлөө өнөөдөр хүчин чармайж ажиллаж байна. Энэ бол бидний хувьд маш сайхан түүхэн бэлгэдэлтэй ой. Тиймээс баяраа сайхан тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагаа маань улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

- Баярлалаа.

 

Зохиогч:А. ТУЯА
Найруулагч:УЛААНАА
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:1632
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой