“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Н.НАРАНБААТАР: - Хүний дотоод мэдрэмж гэдэг хамгийн үнэтэй зүйл

Дэлхийн хөгжим хэмээгдэх жазз хөгжмийг Монгол Улс төдийгүй бүх монгол түмэндээ хүртээл болгох, түгээн дэлгэрүүлэхээр хичээн зүтгэж яваа Монгол Улсын Улсын Филармоний уран бүтээлч, гоцлол дуучин Н.Наранбаатар буюу Наагийг залуус андахгүй сайн танина. Түүнтэй 2018 оны шинэ жилээр ярилцаж, “Солонго” сэтгүүлийн уншигчиддаа толилуулж байсан бол энэ удаад мөн сүүлийн үеийн шинэ уран бүтээлүүдийнх нь талаар дахин ярилцаж, та бүхэндээ хүргэж байна.

- Сайн байна уу, танд энэ өдрийн сайхан мэнд хүргэе.

Сайн байна уу, ирэх болгонд гайхамшигтай халуун дулаан уур амьсгал, сэтгэлээр хүлээж авдаг Өвөр Монголчууддаа энэ үеийн, энэ цаг мөчийн халуун мэндийг хүргэе.

- Энэ удаад Нарсын уран бүтээлийн тайлан тоглолтод оролцохоор ирсэн байна. Нарстай хамгийн анх яаж уран бүтээлээрээ холбогдож байсан бэ?

Улсын филармони, Баянмонгол чуулгатай би 2-3 удаа энэ тайзан дээр ирж тоглож байхдаа анх Нарстай танилцаж байсан. Мөн миний найз энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа “Нармай” компаний захирал Давшилт гүүр болж, бид хоёрыг уран бүтээлээр маань холбосон. Насантогтох багшийн маань шавь гэдгээр нь мэддэг байсан. Авьяастай, сайн уран бүтээлч гэж боддог. Одоогоос хоёр сарын өмнө Нарсын тоглолтод оролцож, Нарстай хамт дуу дуулах урилга ирсэн. Миний хувьд Өвөр Монгол гэдэг ирэх дуртай газрын маань нэг. Энд миний олон сайхан найзууд байдаг болохоор ойр ойрхон ирэхийг хүсдэг. Ийнхүү урилгын дагуу тоглолтод оролцон, “Улаанбаатарын үдэш” дууг дуучин Нарстай хамтран дууллаа. Мөн Монголд өнгөрсөн зуныг байлдан дагуулж байсан хамгийн хит дуу, гурван сарын турш Монголын Үндэсний шилдэг 21 дууны нэгт бичигдэж байсан “Итгэл” хэмээх гайхалтай уран бүтээлээ Өвөр Монголчууддаа хүргэсэндээ баяртай байна.

- “Итгэл” дууныхаа мэндэлсэн түүхээс ярьж сонирхуулах уу?

Бадараагийн Бадар-Ууганы хүү Наранзун гэдэг маш авьяастай, үе үеийн залуучуудад хит уран бүтээлүүдийг гаргаж өгдөг гайхалтай уран бүтээлч бид хоёр ах дүүгийн харьцаатай хүмүүс. Уран бүтээлээсээ нэлээн холдчихсон байснаа дахин уран бүтээлийн замдаа орсон хамгийн эхний дуу нь “Итгэл” дуу. Бид хоёр энэ дуугаа бас нэлээн нухацтай хандаж байж хийсэн. Ард түмнээсээ маш их өндөр сэтгэгдэл авсан тийм сайхан уран бүтээл болсон. Тэгээд клипний зураг авалтыг Монголын үзэсгэлэнт байгалиудаар явж хийсэн. Дундговь, Цагаан суварга, Сэлэнгэ, Тужийн нарс гэх зэрэг ерөнхийдөө Монголын гоё байгалийн дүрсүүдийг оруулж авсан.

- 2018 оны 01 дүгээр сард тантай ярилцаж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэлх уран бүтээлийн олз омгоосоо хуваалцаач?

Бие даасан хоёр дахь CD буюу “Итгэл” нэртэй CD маань зургаадугаар сард гарна. Ерөнхийдөө поп жанарын CD. Миний өөрийн хэв маяг, жанарын хувьд бол жазз тал руугаа байдаг. Тийм уран бүтээлүүд маань бас давхар хийгдээд явж байгаа.

Энэ удаагийн CD-нд Наранзун ахтай хамтраад бараг 8 дуутай поп цомог гарч байгаа. Эхний гарсан 3 дуу гурвуулаа хит болсон. “Чамайг хүлээнэ” гэдэг “Single ladies 3” киноны дуу, мөн “Саран” гэдэг гоё уянгын дуу байсан.

Уран бүтээлийн сонин содон гэвэл хөгжмийн зохиолч, “Хайрын бурхан” дууг зохиосон Өөжгий /Никитон хамтлагийн/ ах бид хоёр хамтран ажиллаж нэг дуу хийсэн байгаа. Сая бас хип хоп дуучин Gee нартай хамтарч “Сахиусан тэнгэр” нэртэй маш гоё уран бүтээлийг хийсэн. Улаан Загалмайн Нийгэмлэгийн залуучуудад хандсан хөдөлгөөний нэг. Дууныхаа агуулга болон хүнд өгч буй мэдрэмжээр залуучуудыг илүү хөглөх байх гэж бодож байгаа.

- Өмнө нь уулзахад Өвөр Монголд ирж дуучин Уянгатай хамтарч дуу хийх гэж байгаа гэсэн. Тэр ажил ямар хэмжээнд яваа бол. Түүнээс хойш Өвөр Монголын өөр уран бүтээлчидтэй хамтарч ажилласан уу?

Уянга бид хоёр “Эмээ минь” нэртэй уран бүтээл дээр хамтарч ажилласан. Эмээгийн тухай маш гоё аялгуутай, үнэхээр гоё дуу хийгдсэн. Дэлхийн бүх эмээ нарт зориулсан дуу юм шиг санагдсан. Тэрнээс хойш Нарстай энэ удаад хамтарч ажиллаж байна. Одоогоор нэг шинэ студиэс жазз дууны санал ирсэн байгаа. Энэ удаад уулзаж ярилцана.

- Жазз дуу хийгээд танаар дуулуулах санал ирж байгаа гэдэг нь Өвөр Монголд жазз дуу хийгдэж эхэлсэн гэдгийн бэлгэ тэмдэг гэж болох уу. Өвөр Монголын жазз дууны зах зээл таны нүдээр?

Ерөөсөө цаг хугацааны л асуудал. Одоо ингээд эхнээсээ аваад сонсоод, мэдрээд эхэлж байна гэдэг бол энэ хөгжим нийгэм дээр хөгжиж байна, хөгжмийн боловсрол дээшилж байна гэсэн үг. Монгол Улсад сүүлийн гурав дөрвөн жил маш хурдацтай хөгжсөн. Хүн болгон энэ урсгал чиглэлийг сонсохыг хүсдэг болсон. Тийм учраас Өвөр Монголын хувьд цаг хугацааны л асуудал гэж хэлж байна.

- Уран бүтээлчийнхээ талаас өөрийгөө үнэлж болох болов уу?

Би энгийн, байдаг л хэв маягаас байнга зугтааж явдаг, аль болох өвөрмөц, шинэлэг байх ёстой гэж боддог. Даган дуурайх байдлыг хүлээн зөвшөөрдөггүй тийм л уран бүтээлч байна даа.

- Өнгөрсөн зун таны бүх дуунууд Монголчуудыг байлдан дагууллаа. Ингэхэд Монголд яг ямар жанарын дуунууд илүү хит болж байна. Таны бодлоор Өвөр Монголын уран бүтээлчид ямар түвшинд явж байна?

2018 онд Өвөр Монголд ирээд ерөнхийдөө дүгнэлт хийсэн. Маш өөр болж, их хурдацтай хөгжсөн байна. Өөрийн гэсэн хэв маягтай, тэрэндээ үнэнч байгаа тийм зүйлүүд анзаарагдсан. Монгол Улс ерөнхийдөө нэлээн түрүүлж явж байсан бол одоо буцаад бараг зэрэгцээд ирэх хэмжээнд болсон байна гэж би ойлгож байна.

Дэлхийн хэмжээнд хэлбэр хөөсөн, цаанаа том агууламж байхгүй, өнгө үзэмж гоё, бүжгийн хэмнэлтэй ч юм уу тийм уран бүтээлүүд нэг хэсэг ноёлсон. Хүн болгон гоё, ганган, хээнцэр гарах гээд, хамгийн үнэтэй машиныг унаж клип хийгээд, үнэтэй харагдах чиглэлтэй байсан бол одоо өөр болсон. Эхлээд дууны агуулга бүтдэг. Амьдралтай ойрхон зүйлүүд эхлээд үнэлэгдэж байна. Дэлхий даяар сүүлийн үед хит болоод байгаа кино, уран бүтээлүүдийг харахад хүн төрөлхтөн буцаад байгаль руугаа чиглэж байна. Тэгэхээр уран бүтээлүүд нь ч гэсэн үнэн байх ёстой.

-  “Авьяас нэг хувь, хичээл зүтгэл 99 хувь” гэж хүмүүс ярьдаг. Та энэ үгтэй санал нэгдэх үү?

Нэг хувийн авьяастай хүн бол ер нь явахгүй дээ. Тэр бол зүгээр л “Их хөдөлмөрлө” гэсэн үг. Авьяас гэдэг цаанаасаа, байгалиасаа өгөгдсөн өгөгдөл. Дэлхий дээр сурах шаардлагагүй 10 мэргэжил гэж бүр дараалаад гарсан байгаа. Тэр мэргэжлүүд нь дандаа хүний дотоод мэдрэмжтэй холбоотой мэргэжлүүд багтсан. Хүний дотоод мэдрэмж, хүний өөрийн бодол, оюуны бүтээл гэдэг чинь хамгийн үнэтэй зүйл. Миний бодлоор авьяас 25 хувь, хөдөлмөр 25 хувь, тэгээд 50 хувь нь аз. Монголд маш их авьяастай залуучууд байгаа. Хийгээд л байдаг, хийгээд л байдаг, нэг л юм нь болж өгөхгүй. Би бол тэрийг цэвэр аз гэж боддог. Азтай, өөрөө тодорхой хэмжээний хөдөлмөртэй, авьяастай, дээр нь өөрөө тийм ассан зүйлтэй байх юм бол тэгээд л болно.

- Одоо бол та мэдээж ид залуу насандаа уран бүтээл хийгээд явж байгаа. Нас намба суугаад ирэхээрээ боловсролын салбарт хөл тавьж, шавь хүмүүжүүлэх төлөвлөгөө бий болов уу?

Ер нь хамгийн амжилттай яваа уран бүтээлчид өөрийнхөө өрсөлдөгчдийг бэлддэг. Энэ бол том ухаан. Жишээ нь, би одоо доороо маш олон шавь аваад бэлдэнэ гэж бодъё, дандаа Наагийгийн шавь. Гэхдээ дэлхийд гарсан ч, Бөмбөрцгийн оройг цөм цохиод дээшээ гарсан ч тэр бол Наагийгийн л шавь. Тэгэхээр би өөрөө мэдээж сурсан мэдсэн зүйлээ хүмүүст түгээхийг хүсдэг. Өнгөрсөн үеэ хэзээ ч мартахгүй, ирээдүй үеэ үргэлж дэмжих ёстой гэдэг том зүйлийг бид дандаа урдаа барьж явах ёстой гэж боддог.

- Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье.

Зохиогч:Ярилцсан: С.УРЬХАН, Б.ТУЯА
Найруулагч:С.УРЬХАН
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:7824
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой