Нар тунарсан наймдугаар сарын 04-ний өдөр БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тэмдэглэн 2019 “Ханагар тал Шилийн магтаал” наадмын хурал, “Жаргалтай тал нутаг • Шилийн гол” наадмын эрэгтэй сур харваан уралдаан наадмын талбайд явагдлаа. Энэ удаагийн эрэгтэй сур харваан уралдаанд 220 харваач оролцсоныг харахад олон оролцогчтой, ур мэргэжил нь дээшилсэн, идэвх санаачилга нэмэгдсэн зэрэг онцлогууд ажиглагдаж байлаа.
Наадмын өдөр халуун өдөр байсан ч харваачид монгол хувцас дээлээ өмсч, өөр өөрийн эвэр нум хулсан сумаа үүрч, бүрэн бэлтгэлтэй ирцгээлээ. Тэд сур харваан талбайн дэргэд бага хэлбэрийн майхан босгож, туршлага солилцон яриа хөөр дэлгэж суухын зэрэгцээ хянагч нэрийг нь дуудахыг хүлээнэ.
Хүн бүр гурван нугалаа уралдаанд оролцож, нэг удаад 5 сум харваж нийлбэр хувиараа өрсөлдөх болно. Харваачид уралдаандаа маш сайн бэлтгэлтэй ирсэн нь илхэн байна. Тэд өөрсдийнхөө биеийн өндөр, хүч чадлынхаа байдалд зохицуулан хийсэн эвэр нумаа авчирсан болохоор ур чадвараа харуулж чадвал амжилт гаргах нь асуудалгүй байв. Энэ удаагийн уралдааныг ажиглахад харваачдын ур мэргэжил илт дээшилж, тусгай мэргэжлийн сургалтад хамрагдах болон энгийн үедээ дасгал сургуулилт сайн харагдаж байв. Өнгөрсөн хэдэн жилтэй харьцуулбал хүн бүр өөрийн нум сумтай, харвах хувь өндөр болжээ. Мөн гэр бүлээрээ оролцох хүн олширсон бөгөөд бөхчүүд их идэвхтэй оролцох болсон зэрэг нь харагдаж, монгол үндэстний эрийн гурван наадмын нэг болсон сур харвааг хүмүүс хүндэтгэн үзэх болсныг харуулна.
Харваачид харвааны цэгт зогсч, биеэ тэнцүүлэн амьсгаагаа дарж, сэтгэлээ төвлөрүүлэн нумаа тэлэхэд харвасан сум исгэрч шуугин 30 метрийн хол дахь өлгүүр байг унатал харваж байв. Энэ удаагийн эрэгтэй сур харваан уралдаан маш эмх цэгцтэй болж, бүтэн нэг өдөр болох байсан уралдаан хагас өдөр хэртэй болж маш амжилттай өндөрлөв.
Авга нутагтай Гийгүүнаран 37 хувь харваж 19-рт орсон бол эхнэр Чимгээ нь 32 хувь харваж, долоодугаарт орсон байна. "Тусгай мэргэжлийн сургалт хүртээгүй боловч зав чөлөө л гарвал гэрийн гадаа бай харваж дадлага хийдэг. Энгийн үед хийх дасгал сургуулилт чухал байдаг. Эвэр нум 6000 төгрөгийн үнэтэй байдаг ч бид өөр өөрийн эвэр нум бэлтгэж авсан” хэмээн Гийгүүнаран сур харваанд дуртай сонирхолтой явдгаа илэрхийлж билээ.
Сүүлийн жилүүдэд бүхий л хошуунд сур харваан нийгэмлэг байгуулагдаж, тусгай сургалтын анги нээх болсноор харваачдыг мэргэжлээ дээшлүүлэхэд ихээхэн тус болж байна Мөн хүмүүсийн үзэл бодолд өөрчлөлт гарч, эрийн гурван наадмаа зэрэг хөгжүүлэх ухамсар өндөр болжээ.
Уралдаанд Авга хошууны Рэнцэндорж 47 хувь, Орчлон 46 хувь, журамт 45 хувиар тус тус нэг, хоёр, гуравдугаар байранд шалгарч, Авга нутгийн харваачид шилдэг үр дүнгээр нутгийнхаа алдрыг өргөлөө.