”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Уран бүжиг дэх урсам жороо

Уран бүжиг дэх урсам жороо

       “Адуу” гэдэг ганц үгэнд эрт язгуур, ойр дотно, хурд хүчний утга агуулагддаг. “Морьтой монгол” гэдэг хоёр үгэнд морь нь тодотгол болон оршиж, монголчуудын унаатайг илэрхийлдэг. "Монгол хүн морьтойгоо” гэдэг гурван үгэнд хайр сэтгэл, итгэл шүтлэг, амьдрал, амь холбоослогдож байдаг.

Дуучин, бүжигчин ард түмэн гэгддэг монголчууд уртын дуугаа дуулж, уран бүжгээ бүжиглэн он зуунийг туулахдаа цаглашгүй нэр алдраа үлдээсэн юм. Монголчууд морио дуунд шингээж, бүжигт амилуулан, урлагийн дүрийг бүтээж, ухааны баялгийг гайхуулж ирсэн. Түүнчлэн морь хийгээд монгол бүжгийн эчнээ далд уялдаа холбоог өгүүлэхэд үнэндээ бэхсийн өнгө шингэрч, бийрийн үзэг хурцлагдана.

Дэлхийн зайд мөрөө тамгалан орчиж элээхдээ нүүдэлчид их зүйлийг үлдээж, өв соёлоо тээж явсны илрэл нь хадны сүг зураг. Шинэ чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үед талын нүүдэлчид одоогийн Муни уул, Улаанцав аймгийн уул толгодоор догшин араатны байдал төрхийг хүнчлэн дууриасан цагаан шонхорын бүжиг, баавгайн бүжиг, арслангийн бүжиг зэрэг эртний бүжгийн хөдөлгөөнийг дүрслэн сийлэн үлдээсэн нь хойч үеийн хүмүүсийн анхааралд өртөхийг хичээсэн хүсэл мөрөөдлийнх нь тод жишээ байсан ч гэмээр. Урьдын хүмүүс юу бодож сэтгэж явсан, юу хийж өнгөрсөн, ямар соёл түгээсэн, ямар урлаг судалж явсныг он цагийн салхи бороонд дасан хатуужсан олдошгүй ховор нандин археологийн олдвор, урлаг судлалын маш гүн ач холбогдол бүхий тэдгээр хадны сүг зураг орчин цагийн хүмүүсийг ихэд гайхшруулж, бишрэл төрүүлнэ.

Монголчууд ингэж "Аль эртнээс өдөр тутмын үйлдвэрлэл амьдрал дундаа амьтан ургамал, уул гол зэрэг байгалийн байдал төрхийг дууриаж, биеийн хөдөлгөөнөөрөө байгалийг шүтэн дээдлэх ухамсар, баатарлаг зан араншингаа уран илэрхийлдэг байсан нь монгол бүжгийн анхны хэлбэр болжээ. Агаар тэнгэрээр халин нисэх харцага, бүргэдийг харан баясахдаа үндэстний сэтгэлгээ, зан араншин болон тал нутгийн уудам тэнэгэр байдал төрхийг бүргэдийн бүжигт уусган амилуулан тоглодог. Хун шувуу ба тогорууг ч харан бахдахдаа “Эрэгтэй бүжигт хун шувуу өндөрт хөөрч байгаа бүжгийн хөдөлгөөнийг онцлон тодруулан илрүүлдэг. Эмэгтэй бүжигт харин тогоруу шувууны тухай дүрслэл олон харагддаг”. Мал маллагаа ба ав агналын амьдрал дундаа давтан боловсорсон хатан чийрэг бие махбод, эргэж цуцашгүй зан чанараа бүжгийн хэв намбандаа амилуулж, мөн энэхүү хэв намбаа хадны зурагтаа найдан “хадгалж” иржээ.

Малчин монголчууд түүхийн урт аянд өөрийн гэсэн бүжгийн өвөрмөц онцлогоо бүрдүүлж чадсан нь бүгд л хэдэн мянган жилийн турших тал нутгийн соёлын үндсээс эхтэй. Хаана нүүнэ тэнд гэрээ босгодог, тулгаа бадраадаг талын нүүдэлчид гэр бүл, аймаг бүлгээр нэгж болгож, усны тунгалаг өвсний соргогийг даган, малаа маллаж явахдаа хуран цугларсан газартаа "Бүжгийн тайз” бэлдэн бүжиглэж байдаг. Зүлэг ногоон дэнж, алтан шаргал хангай, балар гүн тайга, улаан шаргал говьдоо хурим найр хийх, аймгийн холбоо байгуулах, уул ус тахих, хэрэг учир зөвшилдөн хуралдах, дайн байлдаанд ялалт олох, бөө бөөлөх зэрэг үйл ажиллагааны үеэр хамтдаа цугларч найрлалдан баярын бүжиг бүждэг байжээ.

 Бүжиг гэж чухам юуг хэлдэг вэ? “Гараа царван хөлөө дэвслэхийлэн хөгжимд нийлүүлэн хөдлөхүйг бүжиг гэж хэлмүй” хэмээн “Хорин нэгт тайлбар толь”-д тайлсан байдаг. Нөгөө талаар бүжиг бол урлагийн нэгэн төрөл, мөн гоо сайхны сонирхол таашаал. Ганц хүн буюу олуулаа нийлж бүжиглэж болох биеийн уран хөдлөл, сэтгэлгээний цаад илэрхийлэл, хараа мэлмийний баясгалан юм. Бүжигчин бол энэхүү гоо сайхны түгээн дэлгэрүүлэгч, дэвжээ хөгжөөгч билээ. Бүжиг нь ихэнх байдалд хөгжмийн хавсарлагатай явагддаг нь арга билгийн зохицол ч гэмээр. Монгол бүжиг морин хуур, ятга, хувис, лимбэ, хэнгэрэг … зэрэг олон төрлийн хөгжмийн зэмсэгтэй айзам хэмнэлд нь нийцүүлэн бүжиглэдэг нь олон харагддаг. Ингэж үсрэх, эргэлдэх, нугарах зэрэг үндсэн хөдөлгөөнөөр араатан жигүүртэн, амьтан голтныг дууриах зэргээр тухайн бүжиглэж буй хүний санаа сэтгэл бүрэн илэрдэг. Өдгөө дэлхий дахинаа эртний бүжиг, хааны ордны бүжиг, үндэстний бүжиг, ойр үеийн бүжиг, орчин үеийн бүжиг, балет, рэп бүжиг, латин бүжиг … гэх зэрэг маш олон төрөл хэлбэрээр хуваагдан хөгжиж ирэв. Бүжиг сайн бүжиглэх нь хүний биеийн булчин шөрмөсийг хөгжүүлэн, гоо сайхныг хадгалах төдийгүй сэтгэл санааг ариусгаж, цог жавхаатай, өвчин тахалд өртүүлэхгүй, урт наслуулах зэрэг онцгой сайн талуудтай гэдгийг бүжигчин хүний гаднах байдлаас ч гэсэн мэдэрч ойлгож болох юм.

Тэр тусмаа монгол бүжиг маш өвөрмөц. Монгол эрийн сүр ихэмсэг, монгол бүсгүйн уян зөөлнөөр, уудам тал шиг элбэг тэрлэгтэйгээ бүжиглэхэд дэнж хотойм бөгөөд далай цалгим байдаг билээ. “Монгол бүжгийн айзам хурдан, оргилом халгим, уяхан намуун, бүжгийн алхаа хөнгөн гавшгай, өвөрмөц хэв намбатай. Эмэгтэй бүжиг нь мөрний чичиргээ, алганы дэлгэлтээр охидуудын баясгалантай бөгөөд хөөрхөн, өөдрөг, халуун дотно зан чанарыг илтгэдэг бол эрэгтэй бүжиг намбалаг, монгол эрчүүдийн эрэмгий баатарлаг, дайчин хүчний гоо сайхныг харуулна. Монгол сонгодог бүжигт ‘Эмнэгчин’, ‘Саальчин’, ‘Аяган бүжиг’, ‘Савхан бүжиг’, ‘Хундаган бүжиг’, ‘Энх мэндийн ерөөл’, ‘Малчдын баясал’, ‘Бүргэд’ зэрэг буй. Эдгээр бүжиг нь дүр бүтээлт, хэв намба, бүжгийн хөдлөл, ая айзмын тал дээр эмх цэгцтэй болж төгөлдөржсөн байдаг” гэж эрдэмтэд нэгэнт судалсан нь бий. Тэр сайхан бүжгүүдийг Сэцэнтархи, Цагаанчулуу, Заана, Мээдэгмаа, Бат нарын алдарт уран бүтээлчид дэлхийн тайзнаа гайхуулж, түгээн дэлгэрүүлж явсныг та бүхэн юу андах билээ.

 “Монголчуудын дуу бүжиг мөн арз сархадтай уялдаатай, арз сархдаа уувал дуулж бүжиглэхгүй гэж үгүй”. Монгол бүжиг тэр чигээрээ нүүдэлчин монголчуудын уугуул соёлын үзүүлбэр, үндэстний зан араншингийн тодотгол, тал нутгийн амьдралын тусгал, малчин ардын хөдөлмөр зүтгэлийн цэгээн толь гэлтэй. Түүхийн урт аянд монгол бүжиг нь бага багаар нээлттэй, халуун элгэмсэг, эрс шийдэмгий бөгөөд уян хатан онцлогийг буй болгосныг он цаг гэрчилж байдаг.

Мэдээж, морь хийгээд монгол бүжиг бас л яс шөрмөс шиг нягт уялдаа холбоотой. Монгол бүжигт морины тухай дүрслэл зонхилж харагддаг. Монгол бүжигт бүжигчид мөрний хөдөлгөөн болон цээжин биеийн хөдөлгөөнөөр морь унаж байгаа хүний дүрийг дүрслэн үзүүлдэг. Жишээлбэл, хоёр мөрний чичиргээ буюу хоёр хөлийн солбицлоор бат бэх бөгөөд айзам хэмнэлтэй жороо морины явдлыг дүрслэн уран илэрхийлдэг нь морин бүжгийн нийт онцлог билээ.

Улсын нэгдүгээр зэрэглэлийн уран сайханч, монгол үндэстний нэрт бүжигчин Ургаа:

- Мэргэжлийн бүжигчин болоод удаж байна. Ажил үйслдээ хариуцлагатай, дуртай байдаг шиг монгол бүжигтээ ч би зүрх сэтгэлээсээ хайртай. Бүжиглэж байж уужирдаг, бүжиглэж байж тайтгардаг болсон. Монгол бүжиг, онцгойлон морин бүжгийн тухайд анх хөлд орж буй цагаасаа аяндаа эв дүйг нь олж эхэлсэн минь үнэн. Өмд өмсөж, бургасан морь унаад морины алхаа гишгээг дуурайж явдаг тэр цагаас бүжиг гэдгийг сурсан юм. Морин бүжгийн эх үүсэл ч үүнтэй холбоотой. Монгол бүжиг буюу морин бүжигт л жороо, сайвар, хатираа, алхаа, довтлоо (давхиа) гэх таван нэрийдэл байдаг. Хүний хөлөөр морины алхааг илэрхийлдэг болоод тэгж нэрлэсэн байх. Довтолгон бүжигт хүний цээжин бие урагшаа шунгаж, гар нь ар тийш хийсэх буюу гараа өргөн халин дүүлж тоглодог бол жороо, сайвар, хатирааг цээж нуруугаа гэдийлгэн, ташааны хэсгээ доош дарж сууж тоглодог. Тэгэхээр бөмбөлзөж өндөлзөж үзэгддэг юм” гэж ярьсан юм. Тийм ээ, уухайлан байж ташуур хурайлан бүжиглэх тоолонд монгол хүний эгэл энгүүн, цайлган, халуун дотно сэтгэл, эрэлхэг баатарлаг, эрс бат зан байдал нь амилан харагдаж эхэлдэг. Энэ нь монголчууд морийг бусдаас илүүтэй мэдэрч чадсантай, мөн морь нь монголчуудтай ижилсэн дассантай ч салшгүй уялдаатай.

Ер нь урлагийн төрөл хэлбэр болгон өөрийн үндэстний дотоод мөн чанар буюу харилцаж буй хүн, байгаль, адгуус малтай нь холбоотой. Монгол үндэстний нүүдэл мал аж ахуй, үйлдвэрлэл, хөдөлмөр, адуу мал, амьдрал тэмцлийг тусгасан ардын дуу бүжигт “Морь сойх бүжиг” , “Тэмээн бүжиг”, “Орог тахь”, “Сариг тахь” зэрэг олон төрлийн хөдөлгөөнтэй уран сайхан бүжгүүд байдаг. Эдгээр бүжиг түүхэн явцад аажмаар эртний хуучинсаг өнгө аясаа өөрчлөн, ардын урлаг болон бүрэлдэж, тэрчлэн илтгэх хэлбэр нь ч шинэ зүйлсээр орлогдон, олон нийтэд зугаа цэнгэлийн үйл ажиллагааны нэг болсон байна. Савардан бүжгийн доторх “Орог тахь” бүжгийн үүслийн домгийг ярихад:

Эрт урьд цагт өргөн дэлгэр нутагтай, өнөр олон сүрэгтэй нэгэн хаан зун цагт сэрүүн, өвлийн цагт дулаахан тарган тавтай сайхан амьдарч байж гэнэ. Нэгэн өдөр хаан түшмэдээ дагуулан ан гөрөө хийж явтал сүрэг зэрлэг гөрөөс тааралджээ. Хаан мэргэн анчинтайгаа орог тахийг сумаа чивчиртэл харвасан боловч нэгийг ч харваж оноож чадсангүй. Тахь ч үргэж зугтаалгүй, хадан дээр үсрэн тоглож байж гэнэ. Ингээд тэр хаан харьж буцаад ордны бүжигчиддээ зарлиг буулгаж: - Та нар тэр тахийг дууриан биелэх (биелгээ бүжиг) хэрэгтэй. Хэн биелж чадахгүй бол толгойг нь цавчина. Хэн дууриаж чадвал адуу мал, алт мөнгө, хоргой торгоор шагнана гэжээ. Ордны бүжигчид тахийг дууриасан боловч хааны уур хилэнг намдааж чадсангүй, биелж чадаагүйнх нь толгойг цавчсан байв. Хааны уур хилэнг тайлахаар түшмэд нь зар тавьж, шилдэг сайн дуучид, бүжигчид авчирч бүжиглүүлсэн боловч бас л болсонгүй амиа алджээ. Харин нэгэн өнчин хөвгүүн модоор урласан сийлмэл тахь, мөн товшуураа үүрч ирээд утсаар сийлбэр тахийн хаа гуянаас уяж, нөгөө үзүүрийг нь гарын хуруунаасаа уяж товшуурдахад модон сийлбэр тахь нь товшуурын аяс хөгийг дагаад үсрэн тоглох аж. Ордон доторх хүмүүс инээлдэнэ. Хааны харваж харваад онож чадаагүй ан гөрөө нь нүднийх нь өмнө тэр хэвээрээ харагдах шиг болж, хааны уур хилэн ч тайтгарчээ. Тэгээд хаан хэлсэн үгэндээ хүрч, өнчин хөвгүүнийг адуу мал, алт мөнгөөр шагнасан гэнэ. Үүнээс хойш малчин ардын дунд “Орог тахь” гэдэг савардан бүжиг буй болсон гэдэг. Бас “Агсал” хэмээх торгууд ардын дуут бүжигт торгуудын ард түмний дундаас Агсал хэмээх зоригт баатар эр тодорч, тулалдаанд байнга тогтмол ялдаг байсан тул Агсал болон түүний хүлэг морийг алдаршуулан энэ дуут бүжгийг бүтээж гэнэ. Бүжигт Агсалын чин зориг, саруул ухаан, сайхан сэтгэлийг магтан бүжиглэдэг бол харин дуунд эзнийх нь нэрээр морийг нэрлэсэн байдаг.

Морины нуруунд хийморь хийсгэн давхихад салхи исгэрдэг, эмээл дээр өндийж явахад уулс дагаад нүүдэг, морин бүжгээ талдаа өргөн барихад газар дэлхий баясдаг, морьтон бүжигчин хамтдаа хөгжилдөн хөөрөхөд дэлхий атаархдаг. Анхдугаар удаагийн Өвөр Монголын Олон улсын адуун соёлын наадмаар хүмүүсийн сэтгэл ханагар, догдлол дүүрэн. Адуундаа хайртай ард түмэн минь адуун соёлоороо бахархаж, авьяаслаг уран сайханч, бүжигчид маань тус наадмын агуулга болох “Морьт цэрэг” бужгийг тоглохоор боллоо. Юутай баяр, юутай аз тохиол вэ. Ийнхүү уран жавхлант бүжиг хийгээд ухаант монгол ажнай зуун зууныг дөрөө чангалан довтолно.

Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:3293
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой