”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

П.АЛТАНЦЭЦЭГ: ЭРТНИЙ НҮҮДЭЛЧДИЙН УРЛАГ СОЁЛЫГ СОНИРХДОГ НАДАД ӨВӨР МОНГОЛ ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ ГАЗAР

Амьдрал бол агуу үйл хэргийн төлөөх адал явдалт аялал.

Амьдрал бол агуу үйл хэргийн төлөөх адал явдалт аялал. Энэ аялал амар хялбар байдаггүй ч хүн түүнийг өнгөрсөн цагийн таатай сайхан дурсамжууд,  ирээдүйн тухай хэзээ ч  үл дуусах хүсэл тэмүүллээр туулдаг гэж боддог. Хүний амьдралд үл мартагдах олон сайхан дурсамж байх бөгөөд үүнээс оюутан цаг хамгийн онцгой он жилүүдийн нэг нь байдаг. Оюутан нас гэдэг хүний амьдралын хамгийн гэгээлэг сайхан үе. Энэ л үедээ сурч мэдэж, цаашдын амьдралын сууриа тавьдаг болов уу.

Хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн гаднын улс оронд мэргэжил эзэмшин, салбартаа амжилттай ажиллаж яваа залуусыг манай төвөөс бэлтгэн хүргэдэг “Миний мөрөөдөл” буландаа урьдаг билээ. Энэ удаагийн зочноор Монголын Уран Зургийн Галерейн ажилтан П.Алтанцэцэгийг урилаа.​

- Сайн байна уу? Сайхан намаржиж байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Намайг Алтанцэцэг гэдэг. Говь-Алтай аймгийн уугуул. Би 2007 онд МУБИС-ийг зургийн багш мэргэжлээр төгсөөд, төрөлх сургуульдаа ажиллаж байгаад Өвөр Монголд мэргэжил дээшлүүлэхээр явсан. ӨМБИС-д 2010-2014 онуудад Умардын нүүдэлчин үндэстний уран зураг судлалаар мэргэшиж ирээд, одоо Монголын Уран Зургийн Галерейд бүртгэл мэдээллийн санчаар ажиллаж байна.

- Урд хөршид суралцаж байсан үеийн дурсамжаас тань яриагаа эхлүүлье?

2010-2014 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ы нийслэл Хөххотод амьдарч, ӨМБИС-д Урлаг судлалын чиглэлээр суралцсан. Их давлагаатай, хөдөлгөөнтэй 4 жилийг тэнд үдсэн санагддаг. Олон ч газар явсан, олон ч хүнтэй уулзсан ... Анх гудмаар нь явж байхдаа энэ Өвөр Монгол хэрнээ Монголчууд нь хаана байгаа юм бол? гэж гайхдаг байж билээ. Харин жилийн дараа гэхэд Монголчуудаа хаанаас ч харсан ялгадаг болсон. Харин нутгийн аялгыг төдий л сайн ялгаж сураагүй дээ.

-  Хятад улсыг зорихоосоо өмнө хятад хэлийг үзэж байсан уу?

Би Хятад руу явахаасаа өмнө МУБИС-д тэнхимийн туслах багшаар ажиллаж, бас магистрантурт суралцдаг байлаа. Манай ангид ӨМИС-ийн Урлагийн салбарын хоёр багш хамт суралцаж байсан. Би монгол бичигтэй байсан болохоор нөгөө хоёрын хичээл даалгаварт их тусалдаг. Тэд л намайг Өвөр Монголд очиж суралцахыг зөвлөсөн юм. Хэрхэн материалаа бэлтгэхийг ч зааж зөвлөсөн. Тэгээд л тэтгэлэгт тэнцээд явсан даа. Явахын өмнө сар гаруйн хугацаанд багш хөлсөлж, Хятад хэлийг ганцаарчлан заалгасан. Багш маань дөрвөлжин дэвтрийн нүдэнд ханз багтааж бичихийг шаарддаг байлаа. Тэр дадал хожим надад их хэрэг болсон шүү. Шууд ярьж, бичдэг болоод очоогүй ч гэсэн, их аятайхан суурьтай болоод явсан юм байна гэж хожим бодогдож байсан. Тэр багшдаа их талархаж явдаг.

- Суралцахаар очоод ямар зорилго тавьж байв?

Их л юм сурч мэдэх эрмэлзэлтэй очсон доо. Гэхдээ одоо бодоход нэг их тодорхой объектыг барьж аваагүй явсан санагддаг юм. Тэр нь миний эндэх суурьтай холбоотой л доо. Үнэндээ Монгол хүн болохын хувьд Өвөр Монгол миний харааг их тэлсэн. Тэнд би өөрийгөө, улс үндэстнээ, уг түүхээ өөр өнцгөөс, өөр түвшинд харж ойлгосон. Гэхдээ үүнийгээ төгсч ирсэн хойноо л сая бодитоор ойлгож мэдэрч, хэрэгжүүлж эхэлсэн. Тийм болохоор хэрвээ би тэнд дахиад хоёрхон жил сурсан бол их зүйлийг судалж, суралцах байж дээ гэж бодогддог.

- Суралцаж байх хугацаанд тулгарч байсан хүндрэлтэй тал гэвэл?

Хоол. Бэрхшээл ч юу байх вэ дээ. Хоол таарахгүй л бага зэрэг асуудалтай. Би анхны жилээ хоол хийж цаг үрэхгүй, яг хятад оюутнуудын адил цагийг зөвхөн хичээллэхэд зарцуулна гэж хэнхэглээд... Хятад оюутнууд хичээлийн завсарлагаар оюутны хоолны газар хооллоод, өдөр нэг цаг орчим унтаж амраад 14 цагаас дахин хичээлдээ ордог. Тэр зарчмаар цагаа хэмнэж байгаа нь гээд нэг жил орчим яваад ходоодны асуудалтай болсоор дахин оюутны хоолны газар ороогүй. Гол төлөв найзуудынхаар хоол бууддаг болсон. Өөрөө ер нь их ховорхон хоол хийсэн дээ.

- Одоо таны ажил мэргэжилд хятад хэл хэр зэрэг хэрэглэгдэж байна вэ?

Сургуулиа төгсч ирээд ажил олох амаргүй байсан. Найм, есөн сар энд тэнд анкет өгч гүйлээ. Тэгж байтал МУБИС-ийн докторант, ӨМБИС-ийн багш, мэргэжил нэгт нөхөр маань болон урд хөршид хэлний бэлтгэлд хамт суралцаж байсан найз нар маань хамтран БНХАУ, түүний дотор ӨМӨЗО-оос манай улсад ирж суралцаж буй оюутан залуусын бичиг баримтыг орчуулж бүрдүүлэх, бичгийн ажилд нь зөвлөгөө өгөх, амралт аяллын зохион байгуулалт гээд олон талаар дэмжин ажиллах зорилготой холбоо байгуулаад, түүндээ хамтран ажиллахыг урьсан юм. Би дуртайяа хүлээн авсан. Энэ ажлынхаа хүчээр бас их олон хүнтэй танилцсан. Үүний зэрэгцээ бид зундаа жуулчдад аяллын хөтөч хийж, намар, өвөл, хавартаа бичгийн орчуулга их хийсэн. Орчуулга хийснээр их зүйлийг сурсан. Цаашид ч ажлынхаа зэрэгцээ боломжоороо орчуулгаа хийсээр л байх болно.

- Таныг “ханз” Алтанцэцэг “амьд толь” гэх мэтээр үеийнхэн чинь дууддаг байсан гэж дуулсан юм байна? Энэ талаар? Ханз үсгийг цээжилж тогтооход таны мэргэжил нөлөөлсөн болов уу?

Хэхэ. Би зургийн багш мэргэжилтэй. Тэгэхээр харааны ой тогтоолт гайгүй байсан хэрэг байх л даа. Дээр нь багш нэг ханзыг 3 мөр бичиж цээжил гэхэд нь би нэг нүүр биччихдэг байсан юм. Энэ чинь надад анх хятад хэл заасан багшийн маань сургасан зүйл.

Манай хэлний бэлтгэлд Tobey гэдэг залуухан, их хөдөлгөөнтэй, сэргэлэн багш хятад хэл заадаг байлаа. Тэр багш миний ханз давгүй цээжилдгийг анзаараад шинэ ханз самбар дээр бичих болгондоо л “Алтаа, энэ ямар ханз вэ?” гээд асуухаар нь урамшаад л байдаг байж билээ.

“Ханз” гэдэг нэрийн тухайд хамт сурч байсан залуу маань ангийнхныхаа тухай дөрвөн мөрт бичихдээ “Ханз Алтаа” гээд бичсэнээс л үүсэлтэй. Ангийн бусад нөхдөд бас хөөрхөн хөөрхөн нэр өгсөн байдаг л даа. Гэхдээ би энэ нэрэндээ их дуртай шүү, оюутан цагийн сайхан дурсамж...

- Сургуулиа төгссөнөөс хойш Хятад улсыг зорьсон уу?

Хэд хэд очсон. Очихдоо Мэйхуа дэлгэрэх цагийг тааруулж очих дуртай. Сургуулийнхаа ойр орчмоор явах их сайхан байдаг юм. Хамгийн сүүлд 2019 оны 05-р сард очсон. Мэргэжил нэгт нөхдийн хамт ӨМӨЗО, Ниншя мужуудаар хадны зургийн экскурс хийгээд ирсэн. Энэ газар БНХАУ-даа хадны зургийн нягтаршил хамгийн өндөртэй бүс нутаг шүү дээ. Бидний нүүдэлчин өвөг дээдсийн түүхтэй нягт холбоотой соёл тэнд бий.

- Анх очиж байсан үеийг бодвол аль талаараа илүү хөгжсөн байна вэ?

Би ер нь хот суурин газраас хөдөө нутгаар аялж зугаалахыг илүүд үздэг. Хотууд маш хурдтай хүрээгээ тэлж байна. Өнгөрсөн жил ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойгоор Хөххот маань шинэ галерейтай болсон байсан. Техник технологи ч маш хурдтай хөгжиж, хүмүүсийн өдөр тутмын амьдралд хүч түрж байна. Хүмүүс бэлэн мөнгө хэрэглэхээ больсон байна билээ.

2013 онд оюутан байхдаа хэсэг зураачдын хамт Баяннуур аймгийн нутгаар хадны зургийн экскурсээр явах боломж тохиож байсан юм. Сая тэр газраа дахиж очиход зураг бүхий бүх хадыг төмөр тороор хашсан байна лээ. Хамгаалж буй хэлбэр л дээ. Гэхдээ л би төмөр хашлагагүй үед нь очиж амжсандаа дотроо их олзуурхсан шүү.

- Бид яриагаа таны бага насны мөрөөдлөөр үргэлжлүүлье гэж бодож байна?

Бага насны мөрөөдөл бусдын л адил байсан байх аа. Дуучин, бүжигчин, ер нь их гоё ганган л зүйл мөрөөддөг байсан санагддаг юм. Одон орон судлаач болохыг мөрөөддөг байлаа. Нэртэй хувцасны дизайнер болохыг мөрөөддөг байлаа. Одоо бол мөрөөдөл гэхээс илүү зорилго намайг хөтөлдөг болсон. Тэр зорилгоо биелүүлэхээр л хичээж явна даа.

- Таны одоо хийж байгаа ажил мэргэжил мөрөөдөлтэй тань холбоотой юу?

Шууд холбоотой. Өмнөө тавьсан зорилгоо биелүүлэхийн тулд хүрэхийг хүссэн, гүйцэлдүүлэхийг хүссэн олон зүйл бий. БНХАУ-ын нутаг дэвсгэрт байдаг бидэнд төдий л танил болоогүй Монголын түүх, соёлтой холбоотой олон дурсгал байдаг. Тэдгээрийг Монголчууддаа танилцуулмаар байна. Түүнд маань энэ байгууллага, энэ ажил маань их тус болно гэдэгт би эргэлздэггүй. Тийм ч учраас би Монголын Уран Зургийн Галерейд ажилладагтаа баяртай байдаг.

- Мөрөөдөлдөө хүрэхэд тань Хятад улс ямар боломж олгосон бэ?

Ярианы эхэнд би хэлсэн дээ. Өвөр Монгол миний харааг тэлсэн. Судлаачийн замд маань ч их боломжийг олгосон байх. Харин тэр боломжийг хэрхэн шүүрч, хэрхэн өнгөлөх нь миний хожмын замыг зохих хэмжээгээр тодорхойлох болов уу.

- Уран зургийн галерейн талаар манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулга өгөөч?

Манай галерей бол Монголын төрийн өмчийн цорын ганц галерей. Энд манай улсын орчин үеийн дүрслэх урлагийн үе үеийн сор бүтээлүүд хадгалагддаг. Эндээс Монголын түүх, урлаг соёлын олон үеийн гэрч баримтыг тольдох боломжтой. Энд та бүхэн дэлхийн өөр хаана ч олж харахгүй хүн төрөлхтний соёлын хосгүй өвийг олж харна. Тийм ч учраас дотоод, гадаадын үзэгчдийн мөр тасардаггүй юм.

- Хятад улстай хамтын ажиллагаатай ажилладаг уу? Жишээлбэл?

Улсын галерей гэдэг утгаараа гадаад улс орнуудтай өргөн харилцаатай ажилладаг л даа. Монголд зохион байгуулагддаг гадаадын ихэнх үзэсгэлэн манай галерейд гардаг гэхэд хилсдэхгүй байх. Түүний дотор БНХАУ-ын соёлын байгууллагууд манайхтай тогтмол хамтран ажилладаг. Саяхан Зүүн хойд Азийн улс орнуудын уран бүтээлчдийн хамтарсан томоохон үзэсгэлэн зохион байгуулагдлаа. Түүнд, БНХАУ, БНСУ, ОХУ, Япон, Монголын 70 гаруй уран бүтээлчид оролцсон.

Энэ онд БНХАУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа. Энэ өдрүүдэд дипломат харилцааны ойд зориулсан соёлын өдрүүдийн хүрээний томоохон арга хэмжээ манай галерейд зохион байгуулагдаж, уран бүтээлийн үзэсгэлэн гарч байна. Өвөр Монголын уран бүтээлчдийн сайхан сайхан бүтээлүүд үзэсгэлэнд дэлгэгдэж байна. Энэ мэтчилэн БНХАУ-тай бид идэвхтэй хамтран ажилласаар ирсэн.

- Хятад улс гадаад оюутан тэтгэлгээр суралцуулах бодлогоо өргөжүүлсээр байгаа. Монгол Улсаас урд хөршид суралцах оюутны тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Тэдэнд өгөх таны зөвлөгөө?

Хоёр орны харилцан суралцагсдын тоо маш их өсч байгаа. Гэвч БНХАУ-аас Монгол Улсад суралцаж байгаа оюутны тоог Монгол Улсаас БНХАУ-д суралцаж буй оюутны тоонд харьцуулбал маш бага байна. Тэгэхээр өрсөлдөөн ширүүсч байна л гэсэн үг. Мэргэжлийн сонголт их чухал санагддаг. Ямар мэргэжлээр сурч байгаагаас хамааран суралцах хот газраа сонгох нь зүйтэй. Жишээлбэл, эртний нүүдэлчдийн урлаг соёлыг сонирхон судалдаг миний хувьд Өвөр Монгол хамгийн тохиромжтой газруудын нэг байсан. Харин эдийн засгийн чиглэлээр мэргэшиж буй бол Бээжин, Шанхай, Тяньжин зэрэг газрууд зүгээр. Бас Хятад дахь англи хэлээр сургалтаа явуулдаг сургуулиудыг сонгон суралцвал зүгээр санагддаг. Хичээлийн танхимд англи хэлийг, амьдралын орчинд хятад хэлийг сурч чадвал дэлхийн хамгийн түгээмэл хоёр хэлийг зэрэг эзэмших боломжтой гэсэн үг.  Гол нь аль мэргэжлээр хаана ч сурсан тууштай байдал хамгийн чухал шүү дээ. Бас аялахаа битгий мартаарай гэж хэлье.

- Цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Мөрөөдөлдөө хүрэх зам тань гэгээн саруул байх болтугай.

Баярлалаа, танай хамт олонд ажлын өдөр амжилт хүсч байна.

Зохиогч:Б.ТУЯА, ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:2864
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой