“Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна. Өвөр Монголын соёл аялал жуулчлалын долоо хоног арга хэмжээний нээлт

Ц.Батбилэг: - Бэрхшээлийг даван туулж байгаа нь ажил явж буйн илэрхийлэл

Амжилтад хүрэх хамгийн гайхамшигтай чадвар бол өөрийгөө ялах чадвар юм. Өөрийн гэсэн мөрөөдөл, түүндээ хүрэх хүчтэй эрмэлзэл тээн зогсолтгүй урагш тэмүүлбэл өнөөдөр биелээгүй зүйл маргааш биелдэг жамтай. Амжилтад хүрэхэд нэг л зам бий. Тэр зам бол урагш алхах.

Бизнес эрхлэгч хүний гайхалтай шинж чанар, шинэ нөхцөл байдалд үргэлж бэлэн байдаг хөдөлмөрч нэгний төлөөлөл болох Цэрэнжидийн Батбилэгтэй хийсэн ярилцлагаа эрхэм уншиг та бүхэндээ хүргэж байна.

- Сайн байна уу? Намаржаа тарган сайхан байна уу? Юуны өмнө тантай танилцъя?

Сайн, сайн байцгаана уу? Намайг Цэрэнжидийн Батбилэг гэдэг. Миний ээж Доноровлхам гэх сайхан буурал бий. Миний бие Шилийнгол аймгийн Шулуун хөх хошууны Зөөлөнгол сумын уугуул. Эцэг эхийн зургаан хүүхдийн удаах хүү нь болж мэндэлсэн. Миний хувьд нагац эх Жагар болон нагац эцэг Чулууныхаа гар дээр өссөн. Бага насаа Зөөлөнгол сумын Баянжавхлан баг, Олонмод багт өнгөрүүлсэн. 10 жилийн боловсролоо хошуу, аймаг дамжин суралцаж дүүргээд Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийг Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсч, Хөххотын Монгол Үндэстний Сургуульд дөрвөн жил багшилсан. 1997 оноос эхлээд Монголд суурин амьдарч байна. Эхнэр хоёр хүүгийн хамт амьдардаг.

- Монголд анх хэдэн онд ирсэн бэ?

1991 онд анх Монголд ирсэн. Тухайн үеийн нөхцөл байдалд нийцүүлэн хэсэгтээ ганзага хийж явлаа. 2004 онд АНУ ЭНД ТИ хэвлэлийн компани байгуулаад өнөөдрийг болтол үйл ажиллагаагаа явуулж байна. 2006 оноос эхлэн “НЬЮ ВОРМ” дулаалга, дулаан тусгаарлагч ХРS полистрол шахмал хавтангийн үйлдвэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж байна.  

- Компанийнхаа талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай уншигчдад өгөөч?

АНУ ЭНД ТИ ХХК-ийн хувьд 2004 оноос эхлэн хэвлэл, дизайн, реклам сурталчилгааг үйл ажиллагааны гол чиглэл болгон GZ маркийн хулдаасан хэвлэл, Японы МИТОН фото хэвлэл, WIТ-СОLОR DIJIТАL гадна болон дотор фото хэвлэл, DОСАN-ИУ хэвлэл, Офсет хэвлэл, автомат акриль хэвлэл, 3D хэвлэл, өрмийн болон лазер сийлбэр, ухалт, зүсэлтийн тоног төхөөрөмж зэрэг шилдэг техник, технологийг нэвтрүүлэн чанартай гүйцэтгэл, байнгын үйл ажиллагаатай хослуулан баг бүрдүүлэн ажиллаж байна.

Хурдацтай хөгжиж буй техник, технологийн дэвшлийг цаг тухайд нь нэвтрүүлснээр өнгө дүрсний нягтрал сайтай, тогтвортой, гандалт удаан, үнэргүй, хүн байгальд сөрөг нөлөөгүй материал, будаг, тоног төхөөрөмжийг ашиглан хэрэглэгчийн хүссэн хэмжээ, загвараар бусдаас ялгарч чадахуйц хаяг, реклам чимэглэлийн ажлыг түргэн шуурхай гүйцэтгэн үйлчилдэг байгаа.  

2006 онд ХРS полистрол шахмал хавтангийн үйлдвэрийг Монголд анх байгуулж, дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн. 2009 онд Монгол Улсын дулаалга, дулаан тусгаарлах ХРS полистрол шахмал хавтангийн МNS 6053::2009 шинэ стандартыг батлуулж, 2011 онд Монгол Улсын дулаалга, дулаан тусгаарлах ХРS полистрол шахмал хавтангийн МNS ЕN13164:2011 Европ стандартыг батлуулсан. 2013 онд НҮБХХ, ЗТБХБЯ-ны хамтарсан “Барилгын эрчим хүчний хэмнэлтийн МОН/09/301” төслөөр шалгарсан “Эрчим хүчинд хэмнэлттэй бүтээгдэхүүн”, 2013 онд Барилгын материалын үйлдвэрийн салбарын “Бүтээгдэхүүний чанарын шошго”-той анхны бүтээгдэхүүн, 2016 онд НҮБ-ын БОХ-аас баталсан “Монгол Улсад (НСFС) бодисыг бууруулах менежментийн хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлж барилгын материалын салбарын байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй “Эко үйлдвэр” болсон байдаг.

ХРS полистрол шахмал хавтангийн хувьд маш олон давуу талтай. Өндөр нягтралттай, бат бөх, дулаан хадгалах, тусгаарлах өндөр үзүүлэлттэй, дуу чимээ нэвтрүүлэхгүй, ус чийг татахгүй, галд идэвхтэй бус, шавьж үржихгүй, өнгөлгөөний өндөр даацтай, эрчим хүчний хэмнэлттэй, хаягдалгүй ЭКО бүтээгдэхүүн зэргийг дурдаж болно. ХРS полистрол шахмал хавтанг бүх төрлийн барилга, мөнхийн цэвдэгтэй газар, авто зам, төмөр зам, онгоцны гүйлтийн зам, машины зогсоол, хүлэмж, хүйтэн зооринд хэрэглэхэд маш тохиромжтой байдаг.

- Ингэхэд та хэзээнээс бизнест хөл тавьсан бэ?

1992 оноос Өвөр Монголд ахынхаа компанид ажилласнаар бизнест хөл тавьсан гэж болно. Нэг хэсэгтээ тэндээ ажиллаж байгаад 1997 оноос эхлээд хувиараа гарч, Монголд ирж суурин амьдарч эхэлсэн. Тухайн үеийн нийгмийн байдал ажил олж хийх, бизнес эрхлэхэд нэлээд хүнд хэцүү байлаа. Ирсэн хойноо орчуулга гэх мэт маш олон төрлийн ажил хийж байгаад 2004 оноос эхлэн тогтвор суурьшилтай ажиллаж байна.

- Танай компанид Монголоос хэдэн хүн ажиллаж байна?

Хэвлэл дээр дөрвөн хүн ажиллаж байгаа. Барилгын материалын үйлдвэр үйл ажиллагаагаа хэвийн явуулаад ирэхээр 12-18 хүн ажилладаг болно. Өмнө нь Амгаланд үйлдвэрийн байр түрээсэлж байгаад энэ жил өөрөө 600 м2 талбайтай үйлдвэрийн барилга, 400 гаруй м2 талбай бүхий агуулах барьсан байгаа. Тоног төхөөрөмжөө нүүлгээд одоогоор барилгын үйлдвэрийн ажил хэвийн ажиллагаандаа ороогүй байна.

- Аливаа зүйлийг анх хийхэд маш олон хүндрэл, бэрхшээл тулгардаг шүү дээ. Мэдээж та өнөөдрийн энэ өндөрлөгт хүрэхэд багагүй хүндрэл, бэрхшээл тулгарч байсан байх?

Тэгэлгүй яах вэ. Аливаа ажлын талаас илүү хувь нь хүндрэл, бэрхшээл байдаг. Түүнийг давж туулна гэдэг бидний ажил явж байна л гэсэн үг. Бэрхшээл, хүндрэлгүй ажил гэж байдаггүй. Санхүүгийн бэрхшээлээс эхлээд мэдэх мэдэхгүй олон бэрхшээл тулгарна. Жишээлээд хэлэхэд миний хувьд хуучин монгол бичигтэй, кирилл бичиг байхгүй болохоор эхнээс нь эхлээд сурна. Энэ бас нэг төрлийн бэрхшээл байлаа. Ер нь нэг нэг алхмаар олон жилийн турш уйгагүй зүтгэж байж энэ бүхний ард гарсан даа. Хэвлэлийн чиглэлээрээ олон жил дагнан ажилласан болохоор Монгол Улсын Засгийн газар, хувь хүн, компани, албан байгууллагатай нягт хамтран ажилладаг. Олон сайхан хүмүүсийн заавар зөвлөгөө их тус дэм болдог доо. Миний хувьд нийгэмд тустай сайн үйл хийх талд чадлынхаа хэрээр хичээдэг. 2009-2013 оны Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээнийг 6 жил ивээн тэтгэсэн. Одоо энэ ажлыг өөр залуус авч яваа. 2016 онд Биеийн тамир спортын газар “Монгол туургатны хүүхдийн наадам”-ыг зохион байгуулахад хэвлэлийн чиглэлээр ивээн тэтгэсэн зэрэг маш олон байгууллага хамт олонтой хамтран ажиллаж нийгэмд чиглэсэн сайн үйлийг дэмжин хийдэг.

- Таны хоёр хүүг бүжгийн спортоор хичээллэдэг гэж сонссон юм байна?

Бага хүү маань бүжгийн спортын дэлхийн аварга. Монгол Улсын Олон улсын хэмжээний мастерыг 12 насандаа авч байлаа. Том хүү маань Монгол Улсын бүжгийн спортын мастер. Миний хань Намсрайн Отгонцэцэг гэж ажилч хөдөлмөрч сайхан монгол эмэгтэй байгаа. Хань минь хүүхдүүддээ бүжгийн спортыг зургаан наснаас нь эхлэн таниулсан хүн. Хичээлийнхээ хажуугаар орой 20:00 цагаас хойш бэлтгэлдээ яваад шөнийн 23:00, 00:00 цаг хүрнэ. Хүүхдүүд маань олон жил уйгагүй хичээсэн, хань маань ч олон жил тууштай авч явсны хүч юм даа. Энэ спортоор хичээллэсний ач тус маш их бий. Хүүхдэд тэсвэр хатуужил, гоо сайхны мэдрэмжийг бүрдүүлэн өгч, аливаа зүйлд шантралгүй биеэ авч явах, биеэ дааж төлөвшихөд их нөлөө үзүүлдэг юм байна гэдэг нь харагдаж байгаа. Хоёр хүү маань Монгол, Оросын хамтарсан 3-р сургуулийг дүүргэсэн. Том хүү маань ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Москва хотод Оросын Эдийн Засгийн Их Сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсч ирээд одоо төрийн алба хашиж байна. Бага хүү маань мөн энэ жил ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиний нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан Сангт-Петербургийн улсын их сургуульд график, дизайны чиглэлээр суралцахаар явсан.  

- Та Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй хүн. Хэвлэлийн чиглэлээр бизнест хөл тавихад нөлөөлсөн болов уу? Хэвлэлийн чиглэлийг сонгосон нь ямар нэгэн учир утгатай юу?

Илүү ойрхон байсан юм болов уу. Ер нь ном сэтгүүлд их дуртай, залуу байхдаа хэдэн мөр холбочихдог байлаа. Өвөр Монголын сэтгүүлд 20-иод найруулал нийтэлсэн удаатай. Өвөр Монголын Өдрийн Сонинд бас нийтлэлээ өгч нийтлүүлж байлаа. Энэ бүхнээр бодоход их л ойрхон бизнес байсан юм. Яваандаа өргөжүүлэн барилгын материалын үйлдвэрлэлд орсон.

- Энэ их ажлыг амжуулна гэдэг амаргүй. Нас явах тусам хүн нутаг усаа их санадаг. Танд нутаг усандаа очих цаг зав гарч байна уу?

Элэгдэхийн өмнөөс энгэр тохой хоёр, Эрэгдэхийн өмнөөс ээж аав хоёр минь хэмээн дуулдаг “Булган тохой” гэх манай нутгийн ардын сайхан дуу байдаг. Залуу байхад нэг их тоодоггүй байсан санагдаж байна. Ажил ихтэй, цаг зав муутай болоод ч тэр үү. Нас яваад ирэхээр илүү их санагдаж бодогдох юм билээ. Цаг зав гаргаад нутаг усандаа, ээждээ, ах дүү нартаа очдог.

- Залуудаа мөр холбож, нийтлэлүүдээ хэвлүүлж байлаа гэж ярилаа. Ажлынхаа хажуугаар энэ бүхнээ эргэн сэргээх зав зай олдож байна уу?

Сүүлийн үед цаг зав гарвал юм бичиж үлдээхийг ихээр бодож байгаа. Нас бас шаардах болсон байна. Нутаг усныхаа талаар бичиж үлдээх шаардлагатай болжээ. Бизнес хийнэ гэдэг их цаг наргүй ажил байдаг. Байнгын эрэл хайгуул хийж, мэдээлэл цуглуулж байхгүй бол болдоггүй. Энэ жил миний хувьд ажил ихтэй жил байж таарлаа. Ажил жигдрээд ирэхээр өөртөө цаг гаргаад нутаг ус, удам судрынхаа талаар нэг зүйлийг бичиж үлдээхээр төлөвлөөд байгаа.   

- Бидний урилгыг хүлээн авсан танд маш их баярлалаа. Танай гэр бүлд сайн сайхан, амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

Солонго мэдээллийн төвийн хамт олондоо мөн ажлын өндөр амжилтыг хүсч байна.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:www.solongonews.mn
Мэдээ үзсэн:1036
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой