”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хятад улсад гарсан хамгийн том өөрчлөлт

Хятад, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан нээсэн манай сэтгүүлийн “70 жилийн гэрч” булангийн энэ удаагийн дугаарт эртний хятадын их сэтгэгч Күнзийн шүүмжлэл өгүүлэл, Их суртахуй, Хэв дундын ёсон, Сүнзийн дайтахуй ухаан зэргийн олон номууд болон бусад олон бүтээлээрээ уншигч түмний танил болсон, орчуулгын ажилд амьдралынхаа он жилүүдийг зориулж яваа Монгол Улсын Их Сургуулийн профессор, хэл бичгийн ухааны доктор, МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн Монгол талын захирал, Хятад судлаач, МУСГЗ, Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн М.Чимэдцэеэтэй та бүхнийгээ уулзуулахаар зорьлоо.

     Өнгөрсөн хугацаанд тэрээр хятад хэлнээс монгол хэл рүү эртний хятадын сонгодог судар туурвилуудыг орчуулах, орчин үеийн зарим зохиол бүтээлийг орчуулах гэх зэрэг орчуулгын чиглэлийн олон ажил хийж ирснийг уншигчид маань андахгүй биз ээ. Түүний гол ажил бол эртний хятадын сонгодог судар туурвилууд буюу Күнзийн сургаалын ном бичгүүдийг монголд нэлээд их орчуулсан. Жишээлбэл, эртний хятадын их сэтгэгч Күнзийн шүүмжлэл өгүүлэл зэрэг дээр дурдсан номуудаас гална, энэ жилийн хувьд Мэнзийн сургаалыг орчуулж дуусаад байгаа юм. Ингээд энэ онд хятадын эртний “Дөрвөн ном” гэж бидний ярьдаг хятадын алдарт дөрвөн номыг монголдоо гаргахаар бэлтгэж байна. Яагаад гэвэл эдгээр ном өмнө нь монголд иж бүрнээрээ гарч байгаагүй, одоо анх удаа гарч байгаа нь энэ. Одоо Хятадын эртний сонгодог зохиол бүтээлүүдийг орчуулах ажилд сүүлийн 20 гаруй жилээ зарцуулж байгаа хүндэт зочныхоо ярианд анхаарлаа хандуулъя. Тэрээр дээр дурдсанаас гадна, бие даан ажил үйлс бүтээхийн зэрэгцээ мөн хамт олонтойгоо хамтарч нэлээд ажил өрнүүлэн бүтээл туурвиж буй тухайгаа болон бусад олон зүйлийн талаар бидэнтэй хуучилсан юм.

 

М.Чимэдцэеэ:

- Одоогоор Хятадын орчин үеийн зохиолчдын зарим зохиол бүтээл, жишээлбэл, Хятадын эмэгтэй зохиолчдын орчин үеийн өгүүллэгийн түүвэр зэргийн зүйлүүдийг үндсэн ажлынхаа завсар дундуур нь хийж амжуулж байна. Мөн хятад судлалын ажлууд хийж байгаа. Жишээ нь, одоо цувралаар гаргах гэж байгаа “Хятадын сонгодог утга зохиолын дээж” иж бүрнээрээ бий. Үүнээс гадна, хятадын эртний соёл сэтгэлгээг бас сонирхон судалдаг. Өнгөрсөн 2014 онд “Бидний мэдэх хийгээд эс мэдэх хятад орон, сэтгэлгээ, соёл” гэдэг ном бичиж гаргасан. Өөрөөр хэлбэл, бид хятад хүнийг юм уу, хятадын соёлыг, хятад хүний сэтгэлгээ, тэдний ертөнцийг үзэх үзлийг мэддэг гэж боддог боловч мэддэггүй зүйл цаана нь маш их байдаг. Манай хоёр улсын ард түмний хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлэх, ард түмэн хоорондын харилцааг улам сайн болгохын тулд бие биеэ сайн таньж мэдэх ёстой. Соёлыг нь, сэтгэлгээг нь, уламжлалыг нь таних ёстой гэж ярьлаа.

Энэ ч утгаараа түүний уншигчиддаа хятад хүний сэтгэлгээ, хятадын соёлыг таньж мэдэхэд нь тус нэмэр болохсон гэх үүднээс бичиж гаргасан ном нь уншигчдын сонирхлыг ихээхэн татаж байгаа юм. Энэ мэтчилэн судалгааны ажлууд нь нэлээд олон чиглэлээр явдаг байна. Орчуулгууд хийхийн зэрэгцээ “Монголын хятад судлал” нэртэй сэтгүүл эрхлэн гаргаж, нэлээд хэдэн дугаар гаргаад буйгаа бидэнд сонирхуулсан юм. М.Чимэдцэеэ:

- Энэ жилийн хувьд Монгол Улс, БНХАУ-ын харилцааны их чухал нэг жил болж байна. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэ чухал ойд зориулж Монгол Улсад маш олон сайхан ажлууд өрнөж, Монгол, Хятадын Засгийн газар хооронд 70 жилийн ойд зориулсан хамтарсан арга хэмжээний том төлөвлөгөө гарсан. Энэ төлөвлөгөөний дагуу бүтэн оны туршид ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнүүд зохиогдож байгаа бөгөөд олон шинэ сайхан бүтээлүүд, номууд гарч байна. Хятад судлаач хүний хувьд би үүнд их баяртай байгаа. Би болоод миний баг энэ ойд зориулж хэд хэдэн чухал ажил хийхээр төлөвлөж байна. Бас миний сая ярьж өнгөрсөн хоёр орны Засгийн газрын ойг тэмдэглэн өнгөрүүлэх хамтын ажиллагааны хамтарсан төлөвлөгөөнд бас чухал арга хэмжээнүүд дурдагдсан гэж тэрээр ярьсан юм.

Энэ төлөвлөгөөнийхөө дагуу БНХАУ-ын дарга Ши Жиньпиний “Төр улсыг засах тухай” гэдэг номыг орчуулж гарган олны хүртээл болгох, мөн Хятадын алдартай дөрвөн номыг монголчлон орчуулж, хэвлэн гаргаад олны хүртээл болгох. Эдгээрээс гадна, монгол, хятад хоёр орны эрдэмтдийн уулзалт, ярилцлага, Найрамдлын уулзалт зохион байгуулах, найрамдлын төлөөлөгчдийг харилцан солилцох гэх зэргийн ажлуудад зохих хэмжээнд өөрийнхөө түвшинд оролцож буй тухайгаа бидэнтэй хуваалцаж байлаа.

Тэрээр:

- Өнгөрсөн он жилүүдэд хятад улсад маш их өөрчлөлтүүд гарч байна. Үүнийг монгол хүн бүхэн мэдэрч байдаг. Тэр дундаа хятад судлаач хүмүүс илүү мэдэрдэг байх.  Өөрөөр хэлбэл, миний хувьд Хятад улсад Өөрчлөлт шинчлэлт, нээлттэй бодлогыг зарлаад тунхаглаад хэрэгжүүлж эхэлснээс хойш дөнгөж арван жил ч хүрээгүй богино хугацаанд хятадад анх очиж суралцах сайхан боломж тохиосон байдаг. Тэр үе бол монгол, хятад улсын оюутан солилцоо, мэргэжилтэн харилцан солилцох, мэргэжил дээшлүүлэх энэ арга хэмжээ таслалдаад 26 жил болсон үе. Ингээд 26 жилийн дараа анх удаа хятадад очиж суралцаж байсан түүхтэй. Үүнийг яагаад хэлж байна гэхээр өнгөрсөн энэ 33 жилийн дотор буюу 1986 оноос өнөөдрийг хүртэлх энэ хугацаанд хятад улсад танигдашгүй өөрчлөлт гарсан. Энэ өөрчлөлтийг бид өөрийн биеэр мэдэрч байдаг. Хятад улсад албаны, амины ажил хэргээр ч бай очих болгонд л их шинэ сонин өөрчлөлтүүд гарсан байхыг олж хардаг. Хятад хүний ертөнцийг үзэх үзэл, сэтгэлгээнд маш том өөрчлөлт гарч байгаа нь байнга мэдрэгдэж байдаг. Хятад улс өнөөдөр дэлхийн тэргүүлэх том гүрний хэмжээнд хүрсэн. Эдийн засаг нь өнөөдөр дэлхийн хоёр дахь том цогц болж хөгжиж байгаа. Энэ бүхэн бол Өөрчлөлт шинэчлэлтэй, нээлттэй бодлогын жилүүдэд олсон энэ улсын хамгийн том өөрчлөлт шинэчлэл юм гэж ойлгож байна.

- Би хятад судлаач хүний хувьд хятадад гарч байгаа өөрчлөлт шинэчлэлийг байнга ажиглаж, харж, мэдэрч явдаг. Өөрөөр хэлбэл, Хятад улсын сүүлийн жилүүдэд гарч байгаа хамгийн том өөрчлөлт бол хятад улс өнөөдөр дэлхийн түвшинд том санал санаачилга, том төлөвлөлт, бүтээн байгуулалтыг санаачилдаг болсон. Үүний нэг том жишээ бол бидний сайн мэдэх “Бүс ба зам” санаачилга байна. Энэ бүтээн байгуулалт үзэл бодлоос бодит үйл хэрэг болж, хэтийн төлвөөс бодитой үйл ажиллагаа болж хувирч байгаа нь үнэхээр гайхамшигтай байна. Дэлхийн зарим хэвлэлд хятад улсын дэвшүүлсэн “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалт бол энэ дэлхийн зөгнөлт зохиолчдын төсөөллөөс ч хол давж гарлаа гэж бичиж байгаа. Үүний нэгэн чухал оролцогч орон бол яах аргагүй Монгол Улс. “Бүс ба зам” санаачилгын бүтээн байгуулалтад дэлхийн 65 улс орон хамрагдаж байна. Бүс дагуух 65 орон байна гэж үздэг. Тоо баримтаас үзэхэд 65 орон дэлхийн хүн амын 4,4 тэрбум хүнийг хамардаг гэж үздэг. Тэгэхээр энэ ямар их том бүтээн байгуулалт вэ. Ямар өргөн цар хүрээтэй санаачилга вэ гэдэг нь эндээс харагдаж байна. Энэ бүхнээс үзэхэд манай хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцаа бол байнга өөдлөн дэвших, урагшлан хөгжих  сайхан хэтийн төлөв рүү чиглэн явж байна гэж хэлж болох байна. Тэрээр :

 - "Дөрвөн ном”-ыг орчуулах нь миний олон жилийн мөрөөдөл байсан юм. Одоо энэхүү мөрөөдөл маань биелэв. Миний бие тасралтгүй хятад судлал болон орчуулгын ажлын дунд Хятадын соёлыг нэн гүнзгий судлах болсон маань хамгийн баяртай явдал юм. Эдгээр орчуулгын бүтээлээр дамжуулан Монголчууд Хятадыг танин мэдэхийн зэрэгцээ Хятадын ард түмнийг Монголчуудад ойлгуулах нь их амжилттай санагддаг гэж тэрээр ярьсан юм. Хятад судлаач маань 20 жилийн өмнөөс “Сургаал үг”-ийг орчуулж эхэлсэн байна. “Хятадын соёлын олон олон нууцыг судлах нь зүйтэй юм” гэж үзсэн нь түүний хожмын хятад хэл сурах явцад тус дэм болсон гэдэг.

1979 онд их сургууль төгссөний дараа тэрээр хэвлэл мэдээллийн байгууллага, Хятад, Монголын найрамдлын нийгэмлэгт ажиллаж байв. Хоёр орны харилцааны тогтвортой хэвийн хөгжлийн дагуу түүний Хятадад айлчилж солилцоо хийх тоо олширч, тэр хэрээр Хятадын уламжлалт сонгодог зохиолуудтай танилцах нь ч их болжээ.

“Тухайн үед Монголчууд зонхилон Күнзийг мэддэг. Гэсэн хэдий ч түүний юу хэлж өнгөрсөн, түүний үзэл санаа хойч үеийнхэнд ямар нөлөө болсныг тодорхой мэддэггүй байсан гэж М.Чимэлцэеэ ярьсан нь бий. Тиймээс ч ажлын өрөөндөө нэмэлт цагаар ажиллаж, дөрвөн жилийн хугацаагаа зарцуулан байж “Шүүмжлэл өгүүлэл”-ийг орчуулан Монголчуудад таниулав. Орчуулгын олон ном хэвлүүлсний дараа тэрээр Хятадын уламжлалт соёлын “цөм”-ийг эмхэтгэх нь Монголчуудад маш их ашиг тустайг ойлгосон гэх.

Орчуулгаас гадна 2007 оноос эхлэн МУИС-ийн дэргэдэх Күнзийн институтийн Монголын талын захирал болсноос хойш олон бага, дунд, их дээд сургуульд очиж, оюутан сурагчдын хятад хэл сурч байгаа байдлыг судалжээ. Улмаар орон нутгийн багш нарын сургалтыг дэмжиж, Хятад, Монголын соёлын солилцоонд маш их хувь нэмэр оруулсан эрхэм. Ийнхүү Монголд хятад хэл сурах нь түгээмэлжиж, хүмүүс Хятадын соёлыг сонирхох болов. Энэ оны 07 дугаар сард Хятадын Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгээс түүнд “Хятад Монголын найрамдлын зүтгэлтэн шагнал” хүртээсэн юм. 

- Улам олон залуучууд хятад хэл сурч, Хятадын сонгодог зохиолыг үзэж судлах нь Хятад судлаач болон Хятад соёлыг түгээгчдэд маш их зориг тэмүүлэл болж байна гэж “70 жилийн гэрч” булангийн маань зочин хэлж байлаа.                                                                                    

                                                                                                   Э.ҮРЖИНХАНД

Найруулагч:Солонго мэдээллийн төв
Эх сурвалж:Солонго мэдээллийн төв
Мэдээ үзсэн:3477
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой