”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Хүслэн: - Залуу хүн өөрийгөө боловсруулах нь хамгийн чухал

Хүслэн: - Залуу хүн өөрийгөө боловсруулах нь хамгийн чухал

Мөрөөдөл зорилго болдог. Мөрөөдөл гэрэл гэгээ, аз жаргал, хүсэл тэмүүлэлд хөтөлж бас хүргэдэг. Хүсэл мөрөөдөл зорилгодоо хөтлөгдөн энэ бүхэндээ хэрэгжүүлэхийн тулд аливаа бэрхшээлтэй нүүр тулан, өөрийгөө хурцалж, хөгжүүлж яваа залуусыг манай төвөөс бэлтгэн хүргэдэг “Миний мөрөөдөл” буландаа урьдаг билээ. Энэ удаагийн зочноор Ар тал худалдааны компанийн захирал Хүслэн уригдлаа.

Хүслэн 

- Сайн байна уу? Сайхан өвөлжиж байна уу? Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

Сайн, сайн байна уу? Намайг Хүслэн гэдэг. Тунляо хотын Жарууд хошууны уугуул. 2010 онд Өвөр Монголын Үндэсний Их Сургуулийг зураг, арьсан урлалын чиглэлээр төгссөн. Төгссөн цагаасаа буюу 2009 оноос эхлээд арьсан урлал хийгээд өнөөдрийг болтол 10 жилийн нүүрийг үзэж байна.

- Та багадаа ямар мэргэжилтэй хүн болно гэж мөрөөддөг байсан бэ? Одоогийн хийж байгаа ажил мэргэжилтэй тань холбоотой юу?

Миний одоо эрхэлж байгаа ажил мэргэжилтэй шууд холбоотой. Бага байхад ээж маань хатгамал их хатгадаг байсан. Эгч дүү тавуулаа хатгамал хатгаж сууна. Ээжийнхээ хатгасан хатгамлыг их сонирхдог байлаа. Би багадаа зураг зурах их дуртай хүүхэд байсан. Тиймээс бага сургуульд байхдаа зургийн дугуйланд явж байв. Тэр цагаас хойш их сургуулиа дүүргэтэл зургаас холдоогүй гэж ойлгож болно. Ер нь миний сонгосон мэргэжил ээжтэй маань их холбоотой байх гэж боддог. Гарын ур дүй, урлах авьяас ээжийн талаас надад өвлөгдсөн болов уу.

- Зөвхөн арьсан урлалаар дагнасан гар урлалын бүтээгдэхүүн хийдэг үү? Төрлийн хувьд?

Анх эхэлж байхдаа арьсан бүтээгдэхүүний захиалга авч түүнийхээ дагуу хийж байсан. Одоо бол бүх талыг хамарч байгаа гэж болно. Энгийн хэрэглэгчдэд зориулсан болон албан байгууллагад зориулагдсан гэж ангилж болох юм. Албан байгууллагын хувьд арьсан том зураг гэх мэт том хэмжээний зүйлс, үсэг бичгийн соёлын талын зүйлсийг захиалан хийлгэдэг. Энгийн хэрэглэгчдийн хувьд зураг, арьсан зураг, арьсаар хийсэн бэлэг дурсгалын зүйл, цүнх, хэтэвч, бүс, машины түлхүүрийн гэр гээд олон төрөл бий. Хэрэглэгчид өөрийн хэв загвараа өгөөд захиалгаа өгдөг. Сүүлийн үед гар утсаараа төлбөр тооцоогоо хийдэг болсноор хэтэвчний хэрэглээ үгүй болсон. Үүнтэй холбоотой хэтэвч захиалга бараг байхгүй болжээ.

- Захиалагчдын хамгийн их сонирхон захиалдаг зүйл нь юу вэ? Захиалга их байдаг уу?

Арьсан дээр сийлсэн зургийг хамгийн их сонирхож, захиалга их өгч байгаа. Мөн өөрийн хүссэн загвараа өгөөд цүнх хийлгэх нь их байдаг. Захиалга ер нь тасардаггүй. Хэрэглэгчийн хүссэн загвар захиалгын дагуу бүтээгдэхүүнээ хийж гаргадаг. Хэдэн зуугаар захиалга орж ирнэ. Яаралтай байгаа захиалгаа хийж дуусгаад дараа дараагийн ажилдаа ордог. Энэ их ажлынхаа дундуур хувь хүний ганц нэг захиалгыг бас амжуулж хийдэг байгаа.

- Бизнесийн санаа яаж орж ирсэн бэ? Анх эхэлж байхад хүндрэлтэй бэрхшээлтэй зүйл их байв уу?

2010 онд сургуулиа төгссөн гэж дээр ярьсан. Сургуулиа төгсөөд Далан хар уулын хажуугийн тосгонд нэг сарын 100 юанийн үнэтэй маш жижиг байр түрээсэлж суудаг байлаа. Дөнгөж сургуулиа төгсөөд ямар ч орлогогүй байсан болохоор их хэмжээгээр арьс авах мөнгө байдаггүй байсан. Жижигхэн арьс аваад цүнх хийж хүмүүст үзүүлэн үнэ хаялцана. Анхны хийсэн цүнхээ 300 юаниар үнэлэхэд авахаар сонирхсон хүн үнэ буулгаж 150 юаниар өгөөч гэж гуйхад нь мөнгөгүй байсан болоод аргагүй өгч байлаа. Тухайн үед би бас нохой тэжээж байсан. Нохой хүнд их хань болдог. Нохойдоо хоол авахад 70 юань нь байхгүй болно. Үлдсэн хэдээрээ өөрөө амьдарна. Энэ мэтээр ганц нэг арьсан юм хийж явсаар бараг нэг жил өнгөрсөн. Нэг хэсэг хугацааг нэлээд хэцүүхэн өнгөрөөсөн. Сүүлдээ аргагүй нутаг буцаад хагас жил гэртээ зүгээр шахам суусан. Энэ хоорондоо юу хийх талаар их бодсон. Ингэж байтал арьсаар 50 ширхэг бүс хийх ажил орж ирсэн. Нэгийг нь 100 юаниар хийхээр ярилцаж тохироод нэг сарын дотор хийж дуусгаад цалингаа аваад ээж, аавдаа 3000 юанийг нь өгөөд 2000 юаниа аваад Бээжин хотыг зорьж байлаа. Бээжинд очоод арьсны үйлдвэрийн газарт 3 жил ажиллахын зэрэгцээ суралцсан. Сүүлийн 2 жилд нь мэргэжилтэн багш гэсэн албан тушаалтай явсан. Ингээд 2015 онд Хөххотод буцаж ирээд бизнесээ үргэлжлүүлсэн.

- Танай компани хэдэн ажилтантай вэ?

Найзтайгаа хамтраад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоо дөрвөн ажилтантай. Анх ганцаараа ажлаа эхлүүлж байсан. Жил ирэх тусам захиалга их болж найзтайгаа хамтран ажиллах болсон. Учир нь манай найз бас тусдаа ганцаараа үйл ажиллагаа явуулдаг байлаа. Иймээс нэг л зорилготой зорьж, зүтгэж яваа болохоор хамтраад хийх нь зүйтэй гэсэн үүднээс бид хамтран ажиллах болсон. Олон жил энэ чиглэлээр дагнан ажилласан болохоор компани маань жилээс жилд өргөжин тэлж, манайхаар үйлчлүүлдэг хүн, хамтран ажилладаг байгууллага нэгж олон болсон. Энэ жилээс байраа томруулан шинэ байрандаа нүүж ирээд удаагүй байна. 

- Залуу хүнд хүрэхээр зорьж, зүтгэж яваа том хүсэл мөрөөдөл байгаа нь мэдээжийн хэрэг. Та ойрын үеийн төлөвлөгөөнөөсөө бидэнтэй хуваалцаач?

Тийм шүү, байгаа. Монгол үндэстнийхээ соёл уламжлалыг барьж аваад үүнийгээ дэлгэрүүлэн хөгжүүлж, авч явах нь залуус бидэнд хамгийн чухал асуудал болоод байгаа гэж боддог. Сүүлийн үед ажиглаад байхад аялал жуулчлалын зориулалтаар жуулчдад зориулан хийгдэж байгаа монгол үндэстний онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйлсэд монгол үндэстний соёл уламжлалыг орхигдуулж, гажуудуулж байгаа харагддаг. Энэ бүхнийг өөрчилж өөрийн монгол соёлыг товойлгож гаргасан зүйлсийг хийж бүтээж гаргахыг зорин ажиллаж байна. Хот газрын хүүхэд залуус өөрийн монгол соёлоо мартаж байгаа явдал их болж. Бид ч залуу хүмүүс болохоор зарим зүйлд эргэлзэх тохиолдол гарна. Буруу ташаа хийж алдаа гаргах эрх бидэнд байхгүй. Тиймээс аливаа зүйлийг хийхдээ эргэлзээтэй зүйл гарвал ном судар эргүүлэх, багш болон соёл уламжлалаа мэддэг ахмад настай хүнээс асууж лавлан зөвлөгөө авсны үндсэн дээр хийж бүтээдэг. Өөрсдийн дураараа огт хийдэггүй. Бидний бас нэг бодож төлөвлөж байгаа зүйл нь зөвхөн арьсан урлалаар дагaнахгүйгээр төрөл зүйлээ өргөжүүлэн монгол үндэстнийхээ эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг хийж бүтээх явдал болно. Жишээлбэл эмээл гээд ярихад эмээлийг урлахад эмээлийн бүх тоног хэрэглэлийг мэддэг байх хэрэгтэй. Залуу хүн мөнгөний хойноос явах бус юун түрүүнд өөрийгөө боловсруулж, чадварлаг болгож үнэ цэнэтэй болсон байхад санхүүгийн асуудал өөрөө шийдэгддэг гэж ойлгодог.

- Их ажлынхаа хажуугаар цаг зав гарган бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Таны ирээдүйн их үйлсэд өндрөөс өндөр амжилт хүсч байна.

Та бүхэнд маш их баярлалаа. Танай хамт олонд мөн ажлын өндөр амжилт, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Зохиогч: Ярилцсан: Б.ТУЯА
Найруулагч:С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:solongonews.mn
Мэдээ үзсэн:1256
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой