”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Эгэл жирийн малчин айл эгдүүтэй эрх амьтдын ертөнц болов

Эгэл жирийн малчин айл эгдүүдэй эрх амьтдын ертөнц болов.

     Цуурай тавцан дээр өөрийн гэх хүрээлэн дэмжигчтэй сүлжээний од болсон нэгэн малчин бүсгүйг Уяхан гэдэг. Сөнид Зүүн хошууны Сайханговь сумын Баян-оргил багаар нутагладаг. 666.66 гаруй га талбай нутагтаа тэмээнээс бусад дөрвөн хошуу малаа малладаг эгэл жирийн малчин айлын бүсгүй Уяхан нөхөр Эрхэмбаяртайгаа айл болоод арав гаруй жил болж байна.

Тэгвэл тэрээр чухам хэрхэн сүлжээний иргэдийн анхаарлыг тэгтлээ их татдаг бол? Асуултын хариулт нь тэдний хотон дахь олон арвин эрх амьтад юм. Хорь гарсан хөгшин үнээ, хайжиг дайжиг болсон хоёр хөгшин ямаа, өнчин хоцорсон тугал, хоёр нохой, хоёр муур… гээд гэрээс холддоггүй, гэдэс алддаггүй эдгээр эрх амьтад өдрийн маргааш эзэнтэйгээ “зууралдаж”, гэр өргөөнд нь орж гаран идэж уух зүйл нэхээд сүйд болдог. Гэсэн хэдий ч Уяхан, Эрхэмбаяр хоёр уурлаж уцаарлалгүй өхөөрдөж, тэдэнтэйгээ үг солилцож ажлаа хийж явдаг.

Уяхан багаасаа амьтанд хайртай. Өрх тусгаар айл болсныхоо дараа мал сүргээ зодохыг битгий хэл, шилбүүрийн шижмийг малынхаа толгойд хүргэж чаддаггүй өр зөөлөн сэтгэлтэй малчин бүсгүй байв. Нөхөр нь хааяа шилбүүрийн идээр малаа захирах нь Уяханд мэтэгдвэл бөөн асуудал болж, “Малынхаа буянаар амьдарч байгаад малаа зодно гэдэг чинь …” гээд уурлана. Ингэж нөхрөө хянаж хэлсээр “буулгаж” аваад одоо нөхөр нь ч мал зодохоо байж, адилхан малаа эрхлүүлдэг болсон гэнэ. Тэр хоёр хэдийгээр мал зоддоггүй, малд ээлтэй хүмүүс ч гэлээ хоттой малаа бүгдийг эрхлүүлдэггүй нь мэдээж. Аль ч малчин айлд хавартаа угжиж өсгөдөг ишиг хурга, тугал гэж бий. Түүнийгээ л гаршуулж өсгөснөөрөө эрх амьтад болгочихоод амьдралынхаа зугаа болгон баясалцдаг. Уяхан эрх өсгөсөн малаа хөгширсөн ч худалддаггүй, нядалж иддэггүй болохоор нутагт нь ясыг нь тавьсан удаа олонтаа гэх.

   Шүд нь бүгд ойчиж, буйлаараа юм зажлан улаан амиа торгоож байгаа хөгшин үнээнийх нь түүхийг сонирхуулъя. Хаврын нэгэн өдөр Уяхан оройн хоолондоо бууз бэлтгэчихээд хонь хургаа ялгахаар гарчээ. Тэр хооронд нь өнөө үнээ нь гэрт нь орж тогоон дээрх буузыг нь бүгдийг зооглочихжээ. Хаврын ажилд сунатал ядарсан тэд хоёул гэртээ орж халуун буузаа тавтай зооглох гэтэл хоосон тогоо хонхойх нь тэр. Тэгээд энэхүү айхавтар “хулгайч”-ыг хайсны эцэст харин хөгшин үнээ нь тос болсон хоншоороо долоочихсон ажиггүй зогсож байв. Хөгшрөөд өвс ч даахаа байсан амьтныг цохиж зодъё гэхэд гар нь зөөлөрч, шүүмжилж загная гэхэд үг мэдэхгүй адгуус болохоор аргагүй  тэр орой тэд их ядарсны улмаас дахин хоол бэлтгэх тэнхээгүй болсон тухай хөгжилтэй түүхээ хуучилсан юм.

    Хоёр жилийн өмнө Хонгор сумын нэгэн малчин малдаа явж байгаад алтан дэлхийд мэндлээд хатаж ч амжаагүй байсан янзагыг олж авчээ. Тэгээд амьтанд хайртайг Уяханд өгч “үрчлүүлсэн” гэнэ. Уяхан нялх янзагандаа Борлон гэдэг нэр өгөв. Борлон нь нэг удаа гэдэс нь өвдөж юм идэж чадахаа байсанд Уяхан сандрахдаа Эрээн хотод аваачин гурван өдөр дусал залгуулж байгаад тэнхрүүлж авсан гэдэг. Харамсалтай нь өнгөрөгч намрын нэг удаагийн хүйтэн бороотой шөнө хэвтээгээрээ болохгүй болчихоод Уяхан Эрхэмбаяр хоёрыг хэдэн өдөр нойр хоолгүй зовоосон гэнэ.

Хоточ нохой хээрийн амьтан голтонтой эе эвтэй дасалцана гэдэг ховор учрал тавилан байх. Уяханы хөгшин шар нохой нь Борлонтой хамт унтчихдаг байв. Муур нохой хоёр хэрэлдэхгүй хамт байж чадна. Муур зээртэй ижилсэн хөдөө газар зугаацна … Тэдэнд хэдийгээр эрх нь хэтэрсэн үе байдаг боловч эзнийхээ аяар суртал сургаалтай номхон байж чаддаг.

    Тийнхүү Уяхан тэднийхээ инээдтэй, хөгтэй явдал дүүрэн амьтдынхаа хөөрхөн ааш ухаан ба хүн амьтны эе зохицлыг харуулсан богино хэмжээний видео бичлэгуүдээ Цуурай тавцанд нийтлэхэд эдгээр эгдүүтэй амьтад нь сүлжээний иргэдийн таашаалд ихэд хүрч, олон олон сонирхолтой сэтгэгдэл үлдээсэн байдаг.  Одоо Уяханы Цуурай тавцангийн бүтээлийг хүрээлэн дэмжигчийн тоо нэгэнт 36 мянгад хүрч, 333 мянган хүрээлэгчдийн сайшаалд байна.

- Цуурай тавцанд нийтэлсэн манай хөөрхөн амьтдын өдөр тутмын амьдралын энгийн бичлэгүүд харин сүлжээний иргэдийн анхаарлыг их татаж, биднийг анхаардаг хүрээлэн дэмжигч хэдэн арван мянганд хүрнэ гэж санаанд байсангүй. Хожим хойшид эдгээр хүрээлэн дэмжигчдээрээ дамжин монгол соёл, мал аж ахуйн амьдралаа гадагш сурталчилж байгальлаг идээ ундаагаа тэдгээр дэмжигчиддээ таниулж ашиг орлого олох ч санаа буй гэж Уяхан хэлж байлаа.

Зохиогч:Сарнаа
Найруулагч:Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж:Шилийн голын өдрийн сонин
Мэдээ үзсэн:2710
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой