”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ. Хоёр улсын ирээдүйн зам дардан байна. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна. Ши Жиньпиний БНИУ-д хийх төрийн айлчлал эхэллээ. Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны уулзалт зохионо. Хайнань Хайвэн гүүр албан ёсоор ашиглалтад орлоо. Ши Жиньпин Европын гурван улсад төрийн айлчлал хийнэ. Ши Жиньпин дарга захидлын хариу илгээв. Биет бус соёлын өвийн хөгжлийг дэмжиж байна.

Адуутай айлын хаваржаа

Адуутай айлын хаваржаа.

ӨМӨЗО-ы Шилийнгол аймгийн Авга хошуу авга хар адуугаараа нэрд гарсан юм. Авга хар адууг 2006 онд ӨМӨЗО-ы монгол адууны шилдэг үүлдрээр бүртгүүлж, 2009 онд Хятадын хөдөө аж ахуйн товчооноос орон нутгийн шилдэг үүлдрээр үнэлсэн бөгөөд Хятадын шинээр нэмэгдсэн тэжээвэр амьтны генетик нөөцийн үндэсний бүртгэлд бүртгэгдсэн ажээ. Авга нутгийн хүмүүс авга хар адуугаа өсгөн үржүүлж, адуунд холбогдох зан үйл, соёл иргэншлээ хүндлэн дээдэлж, үр хойчдоо өвлүүлж уламжилсаар ирсэн түүхтэй билээ. Ийнхүү Авга хошууны адуутай малчин айлуудын хаврын улиралд үрээ хайрч, даага тамгалах талын ойлголтыг та бүхэндээ хуваалцаж байна.

Саахалт айлын санаа нэг

Авга хошууны Цагааннуур суурингийн Улаан-Од багийн малчин залуу Мөнхбаяр сүүлийн хоёр өдөр завгүй ажиллаж байлаа. Мөнхбаяр өглөөний ажлаа амжуулаад, морио эмээллэн зүүн уулыг чиглэв. Өнөөдөр тэрээр зэргэлдээ хотонд хүрч үрээ хайрч, даага тамгалахад нь тусална гэсэн байна. Энэ хотны малчид цөлд амьдардаг болохоор сүүлийн жилээс байгаль орчны байдал болон нутаг бэлчээрийнхээ даацдаа суурилан хонио цөөлж, гол төлөв үхэр үржүүлдэг болсон байлаа. Гэсэн хэдий ч малчид үхэр малд эдэлж хэрэглэх унааны хэдэн морьдтой байхын тулд бараг айл бүр хорь гучаад адуутай байдаг байв. Ганц хоёр хүн үрээ хайрч даага тамгална гэдэг бас хэцүү ажил. Энэ бүхнээс шалтгаалан малчид жил бүр цөөн хэдэн үрээ хайрах буюу даага тамгалахдаа ойр зэргэлдээ хүмүүстэйгээ хамтран ажлаа дуусгана. Мал аж ахуйн энэхүү заншил нь аль эрт дээдээс уламжилж ирсэн төдийгүй Мөнхбаяр одоог хүртэл мөрдөн дагасаар байна. “Дэм дэмдээ дээс эрчиндээ” гэдэг монгол зүйр цэцэн үг үүнийг л хэлсэн байх.

Адуучин Цэцэнбилэг үрээ хайрах /тамгалах/ тухай ингэж ярилаа

Авга хошууны Билгүүтэй суурингийн Эрдэнэбулаг багийн Цэцэнбилэг адуунд хорхойтой нэгэн ажээ. Тэрээр багаасаа хар бор ажилд суралцаж морь мал эдэлж гаршсан гарамгай малчин. Өнгөрсөн жил цагаан хээр даага уяж хурдлуулан, хэдэн найр наадмын дааганы уралдаанд айрагдсан билээ. Энэ жилийн цагаан сарын арван гурванд цаг агаар дулаахан байсан болохоор Цэцэнбилэг үрээгээ цагийг амжин хайрсан байна. Тухайн үед яг халдвар өвчний дэгдэлтийн үе байсан болохоор гэртээ байсан хэдэн хүүхдүүдтэйгээ үрээгээ хайрчээ. 

- Бид цагаан сарын арван гурванд жилийн өнгийг ажиж байгаад үрээгээ хайрдаг уламжлалтай. Хэрвээ цас зудтай салхи ихтэй жил бол ханш нээлгэж байгаад хайрдаг заншилтай гэлээ.

Адуучин Эрдэнэбилэг үрээ хайрах тухай танилцууллаа

Авга хошууны Хонгоргол суурингийн Баянцэнгэл багийн малчин Эрдэнэбилэг цас хайлж салхи хөдлөхөөс өмнө үрээгээ хайрч даагаа тамгалсан байлаа. Тэрээр хадам аавынхаа савслага дээр өөрөө хайрчээ.

Эрдэнэбилэг хоёр азарга адуутай болохоор жил болгон хэдэн үрээ хайрч уналга эдэлгээндээ ашигладаг. Тэрээр үрээ хайрах тухай:

- Үрээгээ ханшны үеэр тэнгэрийн байдалд суурилж, салхигүй тогтуухан өдрийг сонгож хайрдаг. Тэгэхдээ заавал сондгой өдөр байх ёстой бөгөөд үдээс өмнийг сонгодог. Үүний учир юу гэхээр үд өнгөрвөл хайрлага халах нь мууддагаас үдээс хойш хайрахаас цээрлэдэг. Үрээгээ хайрсны дараа хөөж туухгүйн дээр хорин нэгэн хоног  ногоон өвс өгдөггүй. Халуудахаас хамгаалж байгаа юм. Хорин нэгэн хоног нь дуусвал үрээгээ барьж эмээллээд хөлс чийглүүлэн судас шөрмөсийг нь тэнийлгэдэг гэлээ.

Адуучин Отгонбаатар үрээ хайрах тухай ийнхүү өгүүллээ

Авга хошууны Хонгоргол суурингийн Баянцэнгэл багийн малчин Отгонбаатар гэгч хүдэр эр байлаа. Сүүлийн өдрүүдэд тэрээр Хүйтэн шилд тархан бэлчээрлэх адуун сүргээ хурааж өвөлжөө бараадуулж, тэнгэрийн байдал ажин үрээгээ хайрч даагаа тамгалахаар төлөвлөж байна. Отгонбаатар үрээний хайрлагын тухай ярихдаа:

- Манайхан тэнгэрийн байдлыг ажиглаж байгаад үрээгээ хайрдаг заншилтай. Жилийн өнгө сайн бөгөөд чийг сайтай жил бол цагаан сарын арван гурванд хайрдаг. Хэрэв салхитай тэнгэр муухай жил бол ханш нээлгэж байгаад хайрдаг. Үрээ хайрч барсны дараа савслагаа заавал чанга сайн боож тавьдаг шалтгаан гэвэл дараагийн удаа үрээ хайрахад нь хайрлага нь чанга болдог. Зарим үрээнээс могой мэт хорхой гардаг. Ингээд гарсан могойг нь үрээнийхээ самсаагаар хийж оруулдаг. Ингэснээр энэ үрээ шандастай хурдан сайн хүлэг болдог. Үрээнийхээ өнгө зүсмээр нь могой хээр, могой хүрэн гэх зэргээр нэрлэн дууддаг билээ. Улаан улаагчин буюу тэгш өдөр үрээ хайрдаггүй. Харин сондгой өдрийг сонгодог бөгөөд гар хөнгөн хүнээр хайруулдаг учиртай. Хэрвээ гар хүнд хүнээр хайруулбал хавдаж эдгэрэх нь удаан байдаг гэлээ.

Зохиогч:САРААНА,ЦЭЦЭНТУЯА
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:ШИЛИЙНГОЛЫН СОНИН
Мэдээ үзсэн:1373
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой